Үндэсний ардын хувьсгалын анхны долоогийн нэг, Улаанбаатар хотын Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх (АДТГ) Захиргааны дарга, Худалдааны, Хүнсний, Аж үйлдвэрийн сайд, БНМАУ-ын Бага Хурлын дарга буюу Монгол улсын Төрийн тэргүүнээр ажиллаж байсан төр нийгмийн зүтгэлтэн Дансранбилэгийн Догсом нь 1884 оны 7 дугаар сарын хорьдоор Халхын Сэцэн хан аймгийн Эрдэнэдалай вангийн хошууны нутаг Шинэ булаг хэмээх газар харц ард Дансранбилэгийн хүү болон төрсөн. Шинэбулаг хэмээх газар нь одоогийн Хэнтий аймгийн Баян-Овоо сумын баруун урдхан Багабулаг, Шинэбулаг хэмээх газар байдаг бөгөөд энэ нь Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нутагтай зах нийлэн оршдог ажээ.
Д. Догсом гэрийн сургалтаар бичгийн боловсрол олж, 12 наснаасаа хошуу тамгын газар бичээчийн алба хийж 15 настай өөрийн хошуу Далай вангийн хошууны тамгын газар түшмэл, Сэцэн хан аймгийн Хэрлэн барс хотын чуулган буюу Хан Хэнтий уулын чуулганд бичээчийн алба хашиж байгаад Богд хаант Монгол улсын үед Сангийн яаманд бичээч, Цэргийн яаманд эх зохиох түшмэлээр ажиллахдаа уул албыг эндэгдүүлэлгүй хаасны учир бичгийн гавьяаны дөтгөөр зэргээс дэд зэрэгт шагнагдан, бичиг эрдмийн чадлаараа нэрд гарч хурц билэгт цол шагнагджээ.
1915-1916 онд Монгол улсын Засгийн газрын Газар дэлхийн баялгийг шинжлэх комисст ажиллаж, Улсын хуралд сууж байв. С.Данзангийн хамтаар Хүрээний бүлгийг үүсгэн байгуулсан. Зөвлөлт Орос Улсаас тусламж олохоор одсон Монголын төлөөлөгчдийн нэг. 1921 оны хувьсгалын үйл хэргийг зохион байгуулах, МАН-ын онол, үзэл суртлын үндсийг боловсруулах үйл хэрэгт биечлэн оролцсон бичгийн том сэхээтэн. 1921 оны 10 сард МАН-д элссэн. Ардын засгийн газрын Дотоод яам, Цэргийн яаманд эрхэлсэн түшмэл, Сэцэн хан аймаг, Ховдод төлөөний түшмэл, 1928-1933 онд Алтанбулагийн сайд, Эдийн засгийн Зөвлөлд хэлтсийн эрхлэгч, Хувьсгалын музейн ажилтан, нарийн бичгийн дарга, Улаанбаатар хотын захиргааны даргын тушаалд ажиллаж Намын Хянан Байцаах Төв Комиссын гишүүн, Төв Хороо, Улсын Бага хурлын тэргүүлэгч гишүүнээр сонгогдож байв.
1926-1927 онд ЗХУ дахь Монголын Элчин төлөөлөгчдийн газрын 1-р нарийн бичгийн дарга, 1932-1933 онд Улаанбаатар хотын 7 дахь даргаар, 1933-1934 онд Тагна Тува улсад суух Бүрэн эрх барих төлөөлөгчөөр ажиллав.
1935 онд Монгол, Манж го-гийн бага хуралд оролцсон. 1936 оны 3 сараас 1939 оны 7 сарын эх хүртэл БНМАУ-ын Бага Хурлын дарга буюу Монгол улсын Төрийн тэргүүнээр (Анандын Амарын дараа) ажиллаж хууль ёсыг сахих, нийгмийн амьдралыг тогтворжуулахын төлөө хичээнгүйлэн зүтгэсэн төрийн зүтгэлтэн. МАН, хувьсгал, тусгаар тогтнол, ардын төрийн түүхийн өгүүлэл, нийтлэл бичиж, олон алдаршсан дуу шүлэг зэрэг 40-өөд бүтээл туурвисан.
1926 онд Бичгийн гавъяаны, 1934 онд Цэргийн гавъяаны одон, 1936 онд “Алтан гадас”, Тува улсын Байлдааны гавъяаны одонгоор шагнагдсан.
Д.Догсом 1939 оны 7 дугаар сарын 9-нд улс төрийн хэргээр баривчлагдан ЗХУ-д хүргэгдсэн. 1941 оны 7 дугаар сарын 8-нд ЗСБНХУ-ын Дээд шүүхийн Цэргийн Коллегийн хаалттай шүүх хуралдаанаас Д.Догсомд ялын дээд хэмжээ оноож мөн сарын 27-нд гүйцэтгэсэн.
ЗХУ-ын Ерөнхий прокурор Д.Догсомд холбогдуулсан “хувьсгалын эсэргүү хэрэг” нь зохиомол зүйл байсныг тогтоож, ЗСБНХУ-ын Дээд Шүүхийн Цэргийн коллегийн 1956 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн магадлагаагаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дэргэдэх Цагаатгах ажил эрхлэх комиссын 1962 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 78 дугаар тогтоолоор Д.Догсомыг цагаатгаж, МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны комиссын 1989 оны 9 сарын 18-ны хурлаар намын гишүүний эрхийг сэргээжээ.