1921 оны Үндэсний ардчилсан хувьсгал ялсны дараа 7 дугаар сараас 12 дугаар сар хүртэл Ардын засгийн газрын дотоод Яамны (засаг захиргаа, соёлын асуудал эрхэлж байсан) эрхэлсэн түшмэл, 1922-1924 онд Цэргийн яамны дайчлан бүртгэх хэлтсийн эрхлэгч, 1924 оны 6-10-р сард Сэцэн хан аймгийн Далай ван, Эрх гүн, Бишрэлт ван, Ахай гүн, Үйзэн гүний хошуудад орон нутгийн захиргаадыг өөрчлөн байгуулах, хүн малын тоо бүртгэлийг үнэн бүрэн гаргуулах үүрэг бүхий төлөөний түшмэлээр... томилогдон ажиллаж байсан байна.
Д.Догсомыг 1924 оны 10 дугаар сараас Монгол улслын засгийн газраас Ховдын хязгаарт суух төлөөний түшмэлээр ажиллуулжээ. Д.Догсом Ховдын хязгаарын ард түмэнд ардын засаг төрийн бодлогыг ухуулан таниулах, нутгийн захиргаадыг ардчилсан үндсэн дээр өөрчлөн байгуулах нам, засгийн бодлогыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулж байв. 1925 оны 5 дугаар сард дөрвөдийн үнэн зоригт хошуунд Д.Догсомыг нутгийн захиргаа байгуулахаар очоод байхад нь хүмүүс элдэв цуу үг тарааж түүнийг эсэргүүцэж байсныг 1925 оны 5 дугаар сарын 10-нд засгийн газарт илтгэн “Төлөөний түшмэл Догсом... бүдүүлэг, ард түмнийг ухуулж шүүмжлэн бүх зүйлийг тайлбарлан бичиг гаргаж... арван гэр, баг, сум хошуудын олон төлөөлөгч нартай амаараа илтгэн аливаа удирдан жолоодох хэргийг тусгай дүрэмтэй нийцүүлэн хянаж, оролцон эдүгээ энэ 5 сарын 6-ны үдэш дөрвөдийн баруун аймгийн үнэн зоригт хошууны харчуудаа нийлүүлж нилээн хүмүүс тус хүрээний газар хуралдан бүлэглэж огт худал цуу үг зохиож газар газарт хүн илгээж олны итгэлийг хутган явуулсаар одоо төлөөний түшмэл Догсомын миний биеийг энэ нэгэн хошуу олон хуралдсанаар илүү шүүмжилсэн элдэв хэргийг засгийн зааврын ёсоор дагаж явсугай гэх зэргээр одоо энэ хэргийн гэнэн ардын хэрэгт аливаа хошуудын шар хар олон ард нэгдэн дуурайж дээдэд улс гэр, доодод ард олонд харшлал хорлолтой зүйлийг явуулжээ”... гэсэн нэгэн архивын баримтаас үзэхэд хязгаар нутгийг тохинуулах ажилд идэвхийлэн оролцож нутгийн ардын эсэргүүцэлтэй тулгаран улс орны хөгжлийг ухуулан ойлгуулах ажлыг хийж байснаа илтгэн мэдүүлсэн байна.
Ховдын хязгаарт Засгийн газрын төлөөний сайдаар ажиллаж байхдаа жинжий хэмээх Бадамтай ханилан суусан.