Д.Догсом Цэргийн яаманд эх зохиох түшмэлээр ажиллаж байхдаа үндсэн ажлынхаа зэрэгцээ Монголын тусгаар тогтнолын асуудлаар 1915 онд Хиагт хотноо болсон Монгол, Орос, Хятад гурван этгээдийн бага хуралд монголын төлөөлөгчдийн эх зохиох түшмэлээр, 1915-1916 онд Засгийн газраас томилсон газар дэлхийн баялагийг шинжлэх комисст тус тус ажиллаж байв. 1919 онд Богд хааны зарлигаар …Монгол Орос хоёр улсын найрамдлын гэрээ бичиг хэлэлцэн тогтоохуйд үнэн санаагаар хүчин зүтгэсэнд… Цэргийн яамны эх зохиох түшмэл хурц Догсомыг нэгэн зэрэг тэмдэглэсэн дэд зэрэг тогосын отгоор нэхэн шагнасан ажээ. Монголын Автономит засгийг устгах, харийн дарлалыг эсэргүүцэж Цэргийн яамнаа эх зохиох түшмэлийн алба хаах гутгаар зэрэг Д.Догсом 1917 оны үед Улсын Дээд, доод хуралд чухал нэгэн саналыг бичгээр өргөжээ. Түүнд:

„Манай Монгол тусгаар улс болж улсын эрхийг олж тогтсон нь үнэхээр тэнгэр тэтгэж, эрдэмтэн жолоодсон ажээ. Эдүгээ дундад иргэн улсын цэрэг хязгаарыг давж манай улсын ихээхэн сайдыг шууд барьж, зүйл зүйлээр доромжлон сүм хийдийг эвдэн, бурхан шашныг буртаглан, шавь нарыг алан бүрэлгэх зэргийг үзвээс тэдний улс нэгэнт тогтоосон гэрээг (1915 оны 3 этгээдийн гэрээг хэлжээ) эрмэлзэх байтугай харин хүчирхэг нь буурайгаа дарлах хэмээсэн нь төлөв илэрхийн дээр газар газарт үлэмжхэн тооны цэрэг анги цөмрөн оруулсан нь тус улсын байдлыг үнэхээр түгшүүртэй болгов гэжээ. Үнэхээр Хятадын цэрэг тус улсын өмнөд хил хязгаараар цөмрөн орж өдөөн хатгах явдал үлэмжхэн гарч байсан учир хил хязгаарын харуул хамгаалалтыг тогтоон төлөвшүүлэх нь нэн чухал шаардлагатай“

хэмээн тавьжээ. Мөн уг саналд:

„Манай Засгийн газраас гадаадыг сэргийлэн, мууг арилгаж, хязгаарыг тохинуулахаар сайдыг томилж, цэрэг дайчлан гаргасан боловч нийслэлд зуун овогтон цугласан чухал боомт, орох гарах хаалга, уужим задгайг сэргийлэх, цагдан сүлбээлэх зальхай ард үлэмжхэнээр дотно, гадна газруудад оршин манай газрын эрхийг баригчид элдэв байдал төлөвийг ероолоос нь үзэж мэдсэн даанч нэвтэрхий“

гэжээ.

Д.Догсомын эл санал Монгол орны тусгаар тогтнол газар нутгийн бүрэн бүтэн байдлыг сэргийлэн хамгаалах ажлыг тогтоож төлөвшүүлэх, мөн Монгол улсын төр, засгийн төв Нийслэл хүрээний дотоодын хамгаалалтыг буй болгож ажиллуулах хэмээсэн маш чухал санал байснаас олны талархлыг онцгой татжээ. Д.Догсом феодалын нийгмийн төрийн байгууллагад ажиллаж байсан боловч эзэд ноёдын шударга биш байдалтай санаа нийлэхгүй болсноос эрх баригчдад элдвээр дарлагдаж байсныг өгүүлсэн байдаг. Тухайлбал: Эзэрхэг засаг ноёд түүний биеийг зүйл зүйлээр ёсны гадна хэтэрхий дарлан зовоож, мөлжин тохируулсан учир хилс бэрхийг тэсвэрлэн хүлээж чадахгүйд хүрч харьяат засаг ван Навааннэрэнтэй заалдан тэмцэлдсэн учир өөр хошуунд гэр цуцлах зовлонг хүлээж явсан учир хэзээ ямагт харъяат эзэрхэг харгис засгийн ёсонгүй дарлалтаас бэрхшээн жигшиж, аль нэгэн цагт тэдний гар савраас ангижрах хэмээн өгүүлжээ. Тэр бүхэн нь Д.Догсомд нийгмийн тэгш биш байдлыг эсэргүүцэж байсан дэвшилт эх оронч үзэл бүрэлдэн төлөвшсөн нь харагдаж байна.

Д.Догсомын “Ардын намыг байгуулах явдлыг анхан хэрхэн үүсгэн оролдсон тухай” гэдэг томоохон өгүүлэл нь МАХН-ын түүхэнд холбогдол бүхий зүйлүүд номд 1928 онд хэвлэгдсэн. Уг бүтээл нь Нийслэл хүрээнд нууц хоёр бүлгэм үүсч, тэр дундаа Хүрээний бүлгэм хэрхэн үүссэн талаар судалгааны сурвалжид байдаггүй зүйлсийг өгүүлсэн. Мөн хоёр бүлгэм үйл ажиллагаагаа гүнзгийрүүлэн өргөжүүлж, ЗОУ-тай холбоо тогтоолгохоор төлөөлөгчдөө илгээн явуулж хэрхэн олон түмнийг харийн дарлалаас ангижруулахаар зүтгэснийг өгүүлсэн үнэ цэнэтэй түүхэн бүтээл юм. Японы эрдэмтэн Футаки Хироши ... ”Ардын намыг байгуулах явдлыг анхан хэрхэн үүсгэн оролдсон тухай” дурдатгалыг задлан“... С.Данзан, Д.Бодоо, Д.Догсом, Ө.Дэндэв, Д.Сүхбаатар нарын талаар хувьсгалчид хэмээн үзсэн бол О.Батсайхан... хувьсгалчид гэсэн нэр томъёог хэрэглэсэн нь бодит байдалд үл нийцсэн байна гэж үзэж хувьсгалчид бус үндэсний тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө тэмцэгчид байсан болов уу. Мөн 1921 оны Монголын үндэсний ардчилсан хувьсгалын удирдагчдын нэг Д.Догсомын дурдатгал нь МАН-ын үүсэл хөгжлийн талаар үнэ цэнэтэй эх сурвалж агуулж, орчин үеийн Монголын түүхийн хуудсыг баяжуулахад өөрийн хувь нэмрээ оруулсан бүтээл хэмээн онцлон тэмдэглэсэн байна.Мөн тухайн үеийн “Ардын үндэсний эрх”, ”Үнэн”, ”Улаан од” зэрэг хэвлэлүүдэд цаг үеийн томоохон нийтлэлүүдийг бичиж байсан байна.

Гадаад Монголын автономит засгийн асуудлаар Бадамждорж, Чен И нар хэлэлцэж эхэлсэн нь ил болсон 1919 оны 8 дугаар сарын сүүлээс хойш өөрсдийгөө “Тангарагт нөхөд” гэж нэрлэсэн Данзан, Догсом, Дэндэв нар “Санаа нийлэх үнэнч нөхдийг олж элсээх” тухай ярилцах болж, өөрсдийн тухайд “Намын нөхөд” гэсэн үгийг анх хэрэглэжээ. Итгэлт нөхдийг олохыг ихэд хичээснээр Дугаржав, Сүхбаатар нар эхлэн элсч, Жамъян, Балсанов, Юмтаролд, Галсан, Тогтох, Даш, Цэнд нарыг элсүүлэн 10 гаруй хүн болжээ. Ийнхүү Хүрээний бүлгэмийн эх суурийг С.Данзан, бичгийн түшмэл Д.Догсом, Цэргийн яамны зэвсгийн дарга Ө.Дэндэв нар тавьсан бөгөөд Данзангийн гэрт цуглардаг, бас Оросын консулын газрын хэлмэрч Кондаков (Хондаков) харилцдаг байв... Нууц бүлгэм байгуулахад Догсомын гүйцэтгэсэн үүрэг их байсан бөгөөд өмнөх түүх бичлэгт Догсомыг огт дурьдаагүй байна. Тухайлбал: Сүхбаатарыг 1918 оны эцсээр цэргээс халагдан Хүрээнд хэвлэлийн газар үсэг өрөгчийн ажил хийж байхдаа нэгэн санаа нийлсэн нөхөдтэйгөө нийлж хувьсгалын анхдугаар бүлгэмийг байгуулсан гэжээ.

Буцах