Д.Догсом 1926-1927 онд БНМАУ-аас Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсад суух бүрэн эрхт элчингийн нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж, монгол зөвлөлтийн ард түмний найрамдлыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулсан төдийгүй БНМАУ-ын гадаад байдлыг бэхжүүлэхэд зохих хувь хандив оруулсан туршлагатай дипломатч байв...
1928-1930 онд Алтанбулагийн сайд, 1930-1931 онд Эдийн засгийн зөвлөлд хэлтсийн эрхлэгч, 1931 онд Хувьсгалын музейн дарга, 1932-1933 онд Улаанбаатар хотын захиргааны даргаар ажиллаж байв.
Д.Догсом ЗХУ-д суух БНМАУ-ын бүрэн эрхт элчингийн нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж, монгол зөвлөлтийн ард түмний найрамдлыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулсан төдийгүй БНМАУ-ын гадаад байдлыг бэхжүүлэхэд зохих хувь хандив оруулсан туршлагатай дипломатч байв. Тиймээс 1933 оны 9 дүгээр сард БНМАУ-ын Бага Хурлын тэргүүлэгчид, Ардын сайд нарын Зөвлөлийн шийдвэрээр Д.Догсомыг БНМАУ-аас Тагна Тува улсад суух бүрэн эрхт элчингээр томилжээ. 1933 оны 11 дүгээр сараас 1934 оны 11 дүгээр сар хүртэл БНМАУ-аас Тагна Тува улсад суух бүрэн эрхт элчин төлөөлөгчөөр ажиллахаар явахдаа Улаанбаатараас машинаар гарч Увс аймгийн төвийг дайрч, машин явах боломжгүй газраар мориор явсаар 1933 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Тувагийн нийслэл Кизил хотод очжээ. Д.Догсом ийнхүү явахдаа орон нутгийн байдалтай танилцаж зарим арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзжээ... Үүнд:
1.Увс, Хөвсгөл аймгийн Туватай хил нийлдэг нутгийн малчид Тувагийн хулгайчид мал хулгайлан амар тайван байлгахгүй бухимдуулж байна хэмээн санал годмол их тавьж байсныг Тувагийн төр, засгийн удирдлагад мэдэгдэж, таслан зогсоох арга хэмжээ авахыг анхааруулжээ.
2.Монгол, Тувагийн хооронд шуудан харилцаа нэвтрүүлэх боломжийг судалж арга хэмжээ авах тухай асуудлыг тавьж уламжилжээ. Д.Догсом 1933 оны 10 дугаар сарын 22-нд болсон Тувагийн Ардын Хувьсгалт Намын II бүгд хуралд оролцсон тухай бичихдээ манай Монголын шинэ эргэлтийг тунхагласан МАХН-ын Онц Ш бүгд хурлын жишээгээр болж... байгаа юм байна гэдэг сэтгэгдэл төрсөн хэмээн бичсэн байна.
Д.Догсом Тувад сууж байхдаа 1921 оны хувьсгалын партизан нөхдөдөө хандаж баяр хүргэсэн сонирхолтой захидал ирүүлснийг “Хуучин партизан нөхөр Догсомын захидал” гэдэг нэрээр “Ардын үндэсний эрх” сонины 1934 оны 9 дүгээр сарын 29-ний дугаарт нийтлэгджээ. Захидлаас дурдвал: “Тус Монгол орон нь алдарт Октябрийн их хувьсгалын халуун долгионыг угтан авч Зөвлөлийн засагт Орос улсын олон түмэн үйлдвэрчин, тариачин ардыг өөрийн хагацашгүй халуун хань нөхөр мөн хэмээн таньж, тэдний халуун гараас нь барилцан, бат гүнээ холбоо байгуулсны илэрхий ач гавьяагаар дотоод гадаадын эзэрхэг харгис нарын гар савраас өөрийн ардын эрх чөлөөг тэмцэж, нийтийн соёл боловсролгүй, харанхуй бүдүүлэг орны дотор анх хувьсгалыг үүсгэх үед нэн ялангуяа гадаадын эзэрхэг хятадын аюулт зэвсгийн ир хурцдан хүчирхэх, түрэмгийлэх байдал сүрхий догширсон туйлын түгшүүртэй... болсон ба дотоодын харгис нарын дарлал мөлжигдөл гал мэт бадарч, нутаг үндсээ гадаадын шунахай ховдог хятадад худалдаж, олон түмэн ардууд нь өөрийн газар шороон дээр хөл зогсох газрыг олохгүй догдолзон хурц мэсний хүрээний дотор агуулагдсанаас зовлонгийн салхи аль зүгээс таарах цагийг хүлээж агсан тийм үед анх хувьсгал буй болж, хүчийг олсон нь үнэн баатар зорилгот үндэсний хувьсгалч партизан нөхдийн журамт холбоогоор хүчийг нэгтгэж бат сахилгыг төмөр мэт зангидан эрэлхэг сүр хүчээр гадаад дотоодын эзэрхэг харгис нарыг байлдаж дийлэн, өөрийн эрх чөлөөг гартаа авсны ачтай гавьяа мөн хэмээн тэмдэглэвээс зохих болой... хэмээн үндэсний эрх чөлөөний хувьсгалыг дурсан өгүүлжээ.
Мөн тэрээр хамтран зүтгэж байсан нөхөр Д.Сүхбаатарыг ертөнцийн мөнх бусыг үзүүлсэнд харуусан “Монголын хувьсгалын эхний манлай удирдагч үнэн хувьсгалч баатар зориг төгөлдөр нөхөр Д.Сүхбаатарын бие санамсаргүй орчлонгийн эндүүрлээр ургасан цэцэг адил хайран идэр залуу насандаа ертөнцөөс чөлөөлснийг санах тутам харамсан гашуудаж барахгүй болоод түүний үүрдийн мартагдашгүй гавьяаг олон нөхдийн өмнө дурдаж сэргээж”... бүх дэлхийн хувьсгалын зүг өнгөлзөгч нохой адил тэдний эзэрхэг түрэмгий нарын өмнөөс хатуу нударгыг өгөн няцааж өөрийн газар орон нутаг үндсээ бүрэн бүтнээр хамгаалан тусгаар тогтносон эрх чөлөөт хувьсгалт улс төрөө бататгах явдал монголын үндэсний улаан партизан нарын санал хүчээр өндөрлөж, ардын тулгуур багана болох их үүргийн дор оршиж буй тул тэдний мөхөх ертөнцийн өмнөөс хүчлэн тэмцэх нь ердийн зорилго болохыг тэмдэглэхийн хамт БНМАУ-ын үндэсний хувьсгалын улаан партизан нөхдөдөө”... баяр хүргэж зоригжуулсан захиа ирүүлснийг журмын олон партизан нөхөд нь гүн талархалтай хүлээн авчээ...
1934 оны 11 дүгээр сараас 1936 оны 3 дугаар сар хүртэл Засгийн газрын аппаратад ажиллаж байхдаа 1935 оны 6 дугаар сараас 1936 оны 3 дугаар сард Манжуурын хэлэлцээрт оролцох БНМАУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж байв. Уг Манжуурын хэлэлцээрт Манж го Гадаад Монголын хоорондын хил тодорхой бус байгаагаас хил тогтоох ажилд БНМАУ-ын 8 төлөөлөгчдийг 1935 оны 5 дугаар сарын 30-нд Манж-гогийн нутагт орших Манжуур төмөр замын өртөөнд очсон төлөөлөгчдийн тэргүүн нь Бүх цэргийн жанжны 2 дугаар орлогч Гончигийн Самбуу, гишүүдэд нь Дорнодын 2 дугаар морьт корпусын дарга Гомбожавын Дамба, засгийн газрын түшмэл Дансранбилэгийн Догсом, нарийн бичгийн дарга Догьсүрэн, Дипломат курьер Чимэддорж, ажилтан Жавган, Лувсандэндэв, орчуулагч Жүрмэд нар оролцов.
Козловскийн цахилгаанд өгүүлснээр Самбуу тэргүүтэй БНМАУ-ын төлөөлөгчид зөвхөн Халхын сүм районд 1935 оны 1 дүгээр сарын 24-нд болсон мөргөлдөөн, түүнчлэн Халхын сүм хэний нутагт харъяалагдах талаар хэлэлцээ хийх эрх засгийн газраас авсан болохыг мэдэгджээ. Мөн Япон-Манж-го улсын төлөөлөгч тал заавал ч Халхын сүмээс өөр өргөн хүрээтэй асуудлаар буюу бүх хилийн шугамыг тогтоох, эсвэл дипломат харилцаа тогтоох хэлэлцээ хийхийг оролдох аваас эрхгүй гэдгээ мэдэгдэх ёстой.
Түүнчлэн Манжгогийн тал Монголын төлөөлөгчдийг энд байгаа Зөвлөлтийн консултай харьцахад ихэд эмзэглэн хардаж байгаа тул төлөөлөгчдийн нарийн бичгийн дарга болох Догьсүрэнг Откорт байнга байлгаж хуралдааны бүх протоколыг Зөвлөлтийн консул Смирновт дамжуулж байгаа болохыг Самбуу илтгэлдээ дурджээ.Монголын төлөөлөгчид бүх хуралдааны протоколыг 3 хувь үйлдэж БНМАУ-ын ерөнхий сайдын орлогч, бүх цэргийн жанжин, Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга нарт илгээж байжээ.
934 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн хуралдааны дараа Самбуу, Догсом нарын толгой өвдөн, хоолонд дургүй болж, Самбуугийн бие хэд хоноод сайжирсан боловч хамгийн ахмад нь болох 50 настай Догсомын бие улам дордон нэг хэсэгтээ хэвтэрт орсон байна. Мөн Японы талаас элдэв шаардлага нот бичиг өгөх болсон тул хэрхэх тухайд Смирнов консулаас асуулгасанд тэрээр Москва руу холбоо барьсны дагуу Японы нот бичгийг авч өөрийн засгийн газартаа дамжуулж байхыг зөвлөсөн тул 7 дугаар сарын 4-нд Канки-гаас өгсөн нотыг хүлээн авч засгийн газартаа явуулсан болохыг Самбуу илтгэлдээ тайлбарлаж тэргүүн Самбуу, Дамба, Догсом, нарийн бичгийн дарга Догьсүрэн, Лувсандорж хэмээн гарын үсгээ зуржээ.
Манжуурын бага хурлын хоёр дахь хэлэлцээр нь 1935 оны 10 дугаар сарын эхээр төлөөлөгч нар өмнөх хуралдааны асуудлыг хэлэлцэж, хоёр талын хооронд хилийн төлөөлөгч солилцох тэдний эрх үүрэг, байрлах газар, мөн хилийн будлианыг зохицуулах холимог комиссыг байгуулах асуудлууд багтжээ. 10 дугаар сарын эхээр төлөөлөгч нар өмнөх хуралдааны асуудлыг хэлэлцэлж, хоёр талын хооронд хилийн төлөөлөгч солилцох тэдний эрх үүрэг, байрлах газар, мөн хилийн будлианыг зохицуулах холимог комиссыг байгуулах асуудлууд багтжээ. 10 дугаар сарын 16-ны өдөр Канки орчуулагч Инокүчитэй хамт Самбуутай уулзахаар Монголын төлөөлөгчдийн байранд ирэхэд нь эзэнгүй байсанд Дамба, Догсом нартай түр ярилцжээ. Үүнд Канчи бидний өмнө асуудлыг шийдэх хоёр зам байна.
Нэгд: тайван замаар,
Xоёрт: хүч хэрэглэх аргаар.
Хэрвээ танай улс манай саналыг хүлээж авахгүй бол бид хүчээр танай нийслэлд хүрч, асуудлыг хүчээр шийдэхээс өөр аргагүй болно гэжээ. Догсом нь Халхын голын хил хязгаарыг тогтооход оролцож байжээ.
МАХН-ын Төв хороо 1936 оны 3 дугаар сарын 11-нээс 20-нд Улсын бага хурлыг зарлан хуралдуулсны дараахан ерөнхий сайд П.Гэндэнг албан тушаалаас нь халж А.Амарыг ерөнхий сайдаар, Д.Догсомыг БНМАУ-ын Бага хурлын тэргүүлүэгчдийн даргаар тус тус томилжээ.
1936 оны 7 дугаар сарын 11-нд БНМАУ-ын 15 жилийн ойг тохиолдуулан ЗСБНХУ-ын төвийн гүйцэтгэх Хорооны дарга М.И.Калининаас БНМАУ-ын бага хурлын дарга Догсомд илгээсэн цахилгаанд “...Монголын хөдөлмөрчин ард түмэн БНМАУ-ын Засгийн газрын удирдлагаар төр улсаа бэхжүүлэх ардын аж ахуйгаа шинэтгэн байгуулах, үндэснийхээ соёлыг сэргээн хөгжүүлэхэд амжилттай хөдөлмөрлөн байгааг ЗСБНХУ-ын ард түмэн талархан ямагт анхааралтай ширтэн харж байдаг юм. БНМАУ цаашид улам амжилт олж манай хоёр орныг эрт дээр үеэс холбосон найрамдлын барилдлагаа ард түмнүүдийн маань ашиг тус, бүх нийтийн энх тайвны сонирхолд нийцэж хөгжихийн ерөөл дэвшүүлье”... хэмээн мэндчилгээ явуулж байсан байна.
Д.Догсом 1937 онд намын 17 жилийн ойн илтгэлдээ:
„Манай Монгол ард түмэн нь 16 жилийн өмнө гадаад дотоодын эзэрхэг харгисууд ба феодалын дарлагдал мөлжигдлийн доор гэсгээгдэж бэрх зовлонг эдэлж байх үед нам нь ард түмний хувьсгалын хүчин зоригийг нэгтгэн манайлан дэлхийн хувьсгалын эх оронтой холбоог байгуулж тэдний зохистой халуун тусламжийг хэрэглэж өөрийн ард түмнийг дарлагдлалын зовлонгоос салгаж улс орондоо тусгаар тогтносон бүрэн эрх чөлөөг олгож... ард түмний аж амьдрал, соёл боловсролын хийгээд улсын эдийн засаг болон улс орныг батлан хамгаалах хүчин чанар чинээ нөхөд нь ихээр давшин хөгжиж шинэ хөгжлийн байдалд явж буй“
хэмээн өгүүлсэн байна.