1919 оны 11-р сарын 15-нд болсон Богдын засгийн газрын доод хуралд Д.Сүхбаатар, М. Дугаржав нарын хамт бичгийн түшмэлээр оролцож Монгол улсын тусгаар тогтнолыг устгаж Хятадад дагаж орох тухай асуудал хэлэлцүүлэхэд Догсом эсэргүүцэж “Манай Монгол Хятадын дарлалаас ангижирч газар орноо бүрэн бүтэн болгон авахын тулд Хятадтай удаа дараа дайн байлдаан хийсний учир нэгэнт өшөөтөн дайсан бололцон хятадын гарт дахин орох болбол урьдаас хувь илүү дарлагдах гашуун зовлонг үзэх тул хятадыг дагаж захирагдахыг манай доод хурлаас зөвшөөрөн баталж хэрхэвч чадахгүй, хэрэв энэхүү хятад цэргийн эрхтэн Сюй Шү Жан цэргийн сүрээр айлган дагуулах байдал гаргавал манай монгол цэргүүд цэргийн зэвсэг гарт бүхий цагт даруй зэвсэг хөдөлгөн... улс орноо батлан хамгаалж чадна... гэснээс үзэхэд улс орноо харийн дарлал мөлжлөгөөс тууштай эсэргүүцэж хамгаалж байсны нэг жишээ юм.

1920 оны 3, 4-р сарын үед Хувьсгалт нууц бүлгийнхнээс “эрх баригчид ба угсаатан ноёд” Сюй Шү Жаны хашааны хаалганд нууц ухуулах бичиг наажээ. Тэр бичгийг түүхийн ухааны доктор асан Д.Гонгор нягтлан судалж, урьд нийтлэгдсэн хувилбарт ташаарч байсныг залруулан тайлбар хийж, уг бичгийг Догсом бичиж Хүрээний бүлгээс гаргажээ гэсэн судалгааны дүгнэлт хийсэнтэй судлаачид санал нэгтэй байдаг...Уг бичигт “Мөнөөхөн Дундад Иргэн Улс угсааг халж, эрдэмтнийг сонгож хэрэглэн, зуун овгийг нэгтгэж, таван гишүүнийг бүртгэн, дөрвөн далайг төвшитгөсөн нь үнэхээрийн мөчид монголын болхи ардуудын санаа зүүдэнд ч эрмэлзэн гүйцэтгэхгүй цөм цагийн улирал, тэнгэрийн зохиолд нийлүүлсэн нь болай.

Гагцхүү Монгоп улс эртнээс засгийг байгуулахад сонгож хэрэглэсэнгүй. Халхын дөрвөн аймаг, наян зургаан хошууг тус тус захируулахад цөм урьд үеийн Чингис хааны угсаа төрлийн тайж хэмээх ясыг дагаж бие эрхтэн бүрэн төдий хүнээр засаг хэргэмийг залгамжлуулсаар хэв идээшил мэт болсон ажгуу. Одоо Монгол улс язгуураас эрдэм соёлд шалгарч, боловсорсонгуйн дээр ялангуяа ойр нөхөд олон засаг ноёдууд эрдмийг судалж, улсыг засахыг эрхэмлэх байтугай харин нэгэн биеийн угсаа өндөр, эрх тушаал ихэд эрдэм, энгийн аж төрөх шударга номхон ардыг хилс дарлаж, албан гувчуурыг ёсны гадна авах ба ёсыг тэрслэн журмыг умартаж, эрдэмтнийг аглаг, зусар бялдуучийг ойр болгон үзэж, гурван хэлхээ, таван үүрдийг огоот гээгдүүлж, дан биеийн гэдэс цатгалангаар санаанд нийлүүлэн жаргахыг хичээхээс өөр үгүйд хүрсэн нь одоо цагт нийлэлцэхгүйд хүрчээ... Угсааг дагаж хошууны засаг залгамжлуулахыг нэг мөсөн устгаж, одоогийн эрдэм ухаангүй засгийг халж, дэлхий дахины олон гадаад улсын адилаар сонгож байгуулах засгийг явуулж...” гэснээс үзэхэд ардчилсан үзэлтэй байсан төдийгүй ард олныг дарлан зовоож байгаа талаар дэлгэрэнгүй тусган өгүүлсэн байна...

Мөн Д.Догсом “Одоо цагийн байдлыг яахин олж мэдэх буй. Гагцхүү бодвоос Монгол улс Манж-Хятадын харгис эзэрхэг дарлалтаас саяхан ангижирч тусгай улс болсноос энэ завсраа Хятадтай байлдаж өшөө занал бололцон зангидсан нь туйл болохын дээр дахин Хятадын эрх мэдэлд орох нь болбаас улмаар боолын боол болж урьдаас нэн үлэмж дарлагдах төдийгүй харъяат зовлон болох нь магад ажгуу. Иймд манай Монгол улсад нөхөр болох хэнийг хэмээн санах буй. Гагцхүү хамгаалсан их Орос улс л дуугүй дагаж бидний улсыг Хятадад дагуулах, эсэхийг юу бол хэмээн горилохоос өөр юун” хэмээн өгүүлснээс... үзэхэд тэрээр Хятадын засаглалыг эсэргүүцэж Орос улсын тусламжаар төр улсаа сэргээх гэсэн бодолтой байсан нь харагдаж байна. Мөн тэрээр ...“автономитыг устгах нь манай засгийн эрх баригчдын дотроос гарсан хэрэг болох буй за”... хэмээжээ.

Оросын хувьсгалчид Дорно дахины ард түмэн, түүний дотор монголын ард түмний эрх чөлөөний тэмцэлтэй нягт холбоотой ажиллах зорилготой тусгай байгууллага байгуулах саналыг 1920 оны 3 дугаар сард Оросын коммунист Намын Сибирь мужийн товчоонд тавьсны үндсэн дээр Эрхүү хотноо “Азийн товчоо” гэдгийг байгуулжээ. Хувьсгалт нууц бүлгүүдээс Зөвлөлт Орос, Сибирь, Алс Дорнодтой холбоо тогтоох ба... тэдгээрийн талаар чухал мэдээ олж авахад М.И.Кучеринко, Я.В.Гембаржевский нар онцгой их тус хүргэжээ.Бүлгийн гишүүд М.И.Кучеринко, Я.В.Гембаржевский нартай уулзах үед Х.Чойбалсан орчуулдаг байсан байна.

Богдоор толгойлуулсан автономит засгийг дахин сэргээхийг гол зорилго болгосон Д.Догсом, Д.Бодоо, Жамъян гүн зэрэг нийслэл хүрээний жижиг түшмэлүүд, бас автономийг сэргээж, хөрөнгөтний ардчилсан зарим шинэчлэл хийх замаар түүний хүрээг өргөтгөх гэсэн үндэсний хөрөнгөтний элементийн санааг илэрхийлсэн Данзан зэрэг хүмүүс оролцож байв... 1920 оны 6 дугаар сарын 25-нд хоёр бүлэг хамтран Догсомын гэрт хуралджээ. Мөн хурлаас Орос улсад төлөөлөгчид нэмэн явуулах асуудал хэлэлцжээ. Хуралдагсад шодож Д.Сүхбаатар, Лосол, Догсом, Д.Бодоо, Чагдаржав нарыг явуулах болж тэдний замын зардал, хэрэглэх хүнс, уналга морь зэргийг хувьсгалт байгууллагын гишүүдээс хуваарилан гаргуулах, харилцааны нууц түлхүүр үгсийг зохион бичгээр харилцахдаа Д.Сүхбаатарыг “ээж”, Лосолыг “аав”, Догсомыг “Георгий” гэх мэт хүн тус бүр дээр нэр буруулан бичиж байхаар тогтоожээ. 1920 оны 6 дугаар сарын 25-нд бүлгэмүүд хамтран хуралдаж Монгол ардын нам байгуулж “Намын хүмүүсийн дагаж явах тангарагийн бичиг”-ийг хэлэлцэн баталж ЗОУ-аас тусламж гуйх асуудлыг хэлэлцэв. 1920 оны 7 дугаар сард Данзан, Чойбалсан нарыг Хүрээнээс явсны дараагаар ЗОУ-д МАН-ын төлөөлөгчдийг нэмж явуулахаар шийдвэрлэж, Д.Бодоо, Д.Чагдаржав нарыг явуулж, дараа нь Д.Сүхбаатар (Төмөр) Д.Лосол (Дагва), Д.Догсом (Дэмбэрэл) гэдэг нууц нэрээр худалдаачдын дүрээр явсан байна. Ф.И.Гапоны шаардлагын улмаас Богдын тамгатай бичиг ба Намын бичиг хоёрын аль нь чухал болох талаар төлөөлөгчдийн дунд маргаан үүсч, 1920 оны 8 дугаар сарын 29-нд “Дорно зүгийн олон улс ард лугаа холбогдох хорооны Монгол Төвдийн хэлтэст” хэмээн хаяглаж Д.Бодоо, Д.Догсом нар бичиж өргөн барьжээ.

Уг бичигт: Орос улсын их тусыг Ардын намын нэрээр хүлээн авч, нийгмийн бусад хүчинд тулгуурлан автономитыг сэргээн, Богд Жавзандамба хутагтыг хэмжээт эзэн хаанд өргөмжлөн ардын этгээдийн Ардын намтай холбоо тогтоох гэсэн хоёр утга зүйлийг гол болгон илэрхийлж, “Орос улсын Зөвлөлт засгийн газраас алин болох түргэн цагийн дотор МАН-д үзүүлэх ил далдын их хүч ба автономийг босгоход яаравчлахыг хүснэ” гэжээ. Мөн “Монголын ард түмний тэсэхүйеэ бэрх байдлыг илтгэсэн бичиг” уг бичгийн талаар Г.Дашням томоохон өгүүлэл нийтлүүлсэн. Түүнд Монгол газарт тохиолдсон зовлон зүдгүүрийг товчлон боловч өмнөд, умард хөршүүдийн бодлого түлхэлтийн улмаас өөртөө засах эрхтэй улс болж, улмаар автономит засгийг алдсаны улмаас Гадаад Монголын ард олонд учирсан хүнд байдлыг боловсруулсан нь тэдний үзэл бодлын төлөвшил, нийгмийн өмнө тулгарсан зорилтын ойлгож томъёолох чадвар, бичиг үсгийн өндөр боловсрол, төлөөлөгчдийн дундах нэр хүнд зэрэг нилээд олон зүйлтэй холбоотой.. хэмээн Н.Хишигт багш дүгнэн өгүүлсэн байна.

Буцах