Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Дансранбилэгийн Догсом буюу Догсом хурц амраг хайрт Жинжий Бадамдаа зориулан Монгол ардын дуу "Хөх торгон дээл"-г зохиосон.
Энэ хоёрын хайр дурлалын явдал кино мэт яаж өрнөв , энэ дууг зохиогдсон түүх Магсарын Чойжил гуайн "Азтай адтай хорвоо минь" номонд тодорхой гардаг.
Ардын засаг ялж Ховдын хязгаарыг төвхнүүлэхээр засгийн төлөөний түшмэл Догсомыг томилов. Орон нутгийн захиргааг ноёдын гараас салгаж ардын эрхийг олгоно гэдэг санаан зоргоор бүтдэг ажил биш байлаа. Баруун хязгаар бол алслагдсан бөглүү нутаг агаад олон ястантай отоглог суух учир их ээдрээтэй, өөр хооронд үл ойлголцох юм гарах нь цөөнгүй ажээ. Тийм учир Ардын засаг аль ухаан самбаатай шилдэг хүмүүсээ томилон явуулж байлаа. Төрийн зар хошууны олонд тарахын өмнө ноёны хиа, аягачин нарын амаар ёс шиг дагадаг жамтай.
Ноёны хиа Батын эхнэр Бадам арван зургаан насандаа богтлогдон ирж хижээл эрийн царайг харж, гарын чилээг гаргасаар өдий хүрчээ. Эр хүн бол эр хүн. Тэр тусмаа түшмэл бол түшмэд гэдгийг гоо бүсгүй хэнээс ч илүү мэдэх билээ. Сүр болж ирээд, сүж болж буцдаг ноёд түшмэл нарын л нэг өрөөсөн биз ээ гэж дотроо бүсгүй төвөгшөөн бодсон ч басхүү эелдэг төвшин залуу түшмэлийн нүдэнд өртөхсөн гэсэн хүсэл сэтгэлд нь нууцхан төржээ. "Хүрээний лам нарыг цөмийг нь асман болгож цэрэгт татах гэнэ. Энэ мухар толгойтой хар хүн ч нэлээд юм дуулгах вий" гэсэн цуу яриа лам нарын амнаас ам дамжин тархав.
Бадамын ах "Шар толгой" хэмээх хүрээний лам Тогмид: манай хүрээний лам нар үймээд нэг л биш боллоо. Өнөө шөнө ардын засгийн төлөөний түшмэл Догсом түүний туслах нарын амийг хорооно гэсэн гэж. Энэ тухай Догсомыг ирэхийг хүлээж байгаад хэлээд түүнийг хөл нүцгэн усан ду ндуур дагуулж явсаар ноёны хэрэмний нууц хаалгаар гаргаж гаалийн хоёр гэрийн нэгэнд нуужээ. Энэ хооронд Догсом Ховдруу туслахаа товтолгож цэрэг ирүүлсэнээр үймээн гаргасан долоон ламыг баривчилсан байна. Ингэж л энэ хоёр нэг нэгэндээ сэтгэлтэй болж. Ирсэн гийчин буцах болж Бадам сэтгэлт залуу Догсомыгоо явахад нь Хөх торгон дээл хийж өгдөг.
Жинжий Бадам буюу Баяндалайн Бадам. /Хүрээний сайхан хүүхнүүд дотор Жинжий Бадамын нэр олонтоо бичигдсэн байдаг/
Дууны эзний тухай ам дамжин яригддаг түүхийн хэсгээс сонирхуулахад: Дөрвөдийн Үнэн Зоригт ханы дүү Харлаг бэйс Аюурзана угсаа залгамжилжээ. Тэгээд нутагтаа гоо үзэсгэлэнгээрээ алдаршсан эгч дүүс Жинжийбадам, Дэжид, Заяа гурвын Дэжидийг хатан болгон авч эгч Жинжий Бадамыг аягачин болгожээ. Энэхүү Жинжий Бадам бол олон түмний дунд ардын дуу болтлоо алдаршсан “Хөх торгон дээл” дууны эзэн билээ. Харлаг бэйс Аюурзана-ын хүү Махвал нь Чингис хааны анхны хөшөөг Хэнтий аймгийн Дадал суманд Ононы Дэлүүн болдогт босгожээ.