Шог зохиолч, сэтгүүлч, орчуулагч Жаргалын Барамсай 1950 онд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бичигт хайрхан уулын өвөрт Ембүү толгойн өвөлжөөнд Жаргалын ууган хүү болон мэндэлсэн. Хүүхэд ахуйдаа мал хариулж, таван дүүгээ харж өссөн. Архангай аймгийн Өндөр-Улаан суманд бага сургуулиа төгсөж, Цэцэрлэг суманд аравдугаар ангиа онц дүнтэй төгссөн.
1970 оноос уран бүтээлээ эхэлж, "Хэцүү урилга", "Хөшиг нээвэл нууц задарна", "Санал гомдлын дэвтэр", "Цүнхтэй инээд", "Биегүй сүүдэр" зэрэг ном хэвлүүлсэн байна.
1997 онд буюу ид хийж бүтээх 47 насандаа зуурдаар таалал төгсжээ. Тухайн үед охин Б.Хонгорзул нь аавтайгаа цуг байжээ.
Тэрээр: "Тухайн үед аав минь “Улаанбаатар” сонинд ажилладаг байсан. Хууль хяналтын байгууллагын завхарсан тогтолцоо, системийн талаар нийгмийн бусармаг зүйлийн талаар бичдэг байсан үе л дээ. Аавд минь өс санасан хүмүүс тухайн үед олон байсан. Миний оюун санаанд хамгийн тод үлдсэн зүйл бол аав минь бурхан болох үе. Тэр өдөр би гэртээ ганцаараа байсан. Гэтэл аавтай минь эртний танил Нийгмийн аюулаас хамгаалах яаманд ажилладаг гэх хүн хамт орж ирсэн. Би нэрийг нь огт санадаггүй юм. Тэр хүн аавын ажлын өрөөнд хэсэг сууж байгаад гарахдаа “Ах нь чиний алгыг харъя” гэсэн тэгээд харчихаад “Чи яг энэ насандаа маш том зовлон хагацал үзэх юм байна. Ах нь үүдний дэлгүүр орчихоод ирье” гэж хэлээд гараад явсан. Тухайн үед би хүүхэд байсан болохоор юу хэлж байгааг нь ойлгоогүй, “Ямар сонин хүн бэ” л гэж бодоод өнгөрсөн. “Үүдний дэлгүүр орчихоод ирье” гэж хэлж гарч яваад 2-3 цагийн дараа жижиг шилтэй архи барьчихсан орж ирсэн. Тэгээд аавтай өрөөнд нь ярьж, хэсэг байж байгаад явсан. Удалгүй аавын минь бие тавгүйрхэж, тэр шөнөдөө бурхан болсон. Тэгээд тэр хүний барааг өнөөдрийг хүртэл хараагүй. Бид аавынхаа үхлийг энгийн үхэл биш гэж бодож, харамсдаг." хэмээн ярьсан байдаг.