Эх сурвалж: Baabar.mn сайтын 2020.09.24 өдрийн нийтлэл


Барамсайн авъяас, уран чадвар, тийм ийм гэж би цэцэрхээд яахав. Уншигч та уншаад өөрийн таашаалаар дүгнэх юм чинь! Харин Барамсай гэгч хорь гаруй настай авъяастан шог зохиолч болох гэж хичнээн их тэмүүлж явсныг би анхнаас нь сайн мэднэ.

Мэндэлсний 70 жилийн ойд

Чавхны чулуу шиг Жаргалын Барамсай Главлитийнх бус Тоншуулынх байлаа. 47-хон насандаа зуурдаар жаргасан зул. Туурвилынхаа талыг ч хийж амжаагүй авъяас. Би өөрөөрөө зүйрлэхэд 47-гоос хойш гол зохиолоо бичдэг юм билээ. Өөрийн бие болоод хажуу дахь найз нөхдөөс “үхэл” гэдгийг маш хол, бараг нөгөө ертөнцийн үзэгдэл мэт тэнэгтэж явсан сан би. Гэтэл үй зайгүй явсан дүүгээ гэнэт өөд болсныг сонсуут тэр “үхэл” гэдэг чинь яг хажууд минь ямагт отоод байна уу гэх хачин сэрэл нуруунаас хүйт оргиулж билээ.

Бурхантай үед ч, Ленинтэй үед ч, ардчилал чөлөөт зах зээлийн үед ч луйвар хулгай, нүд хуурах, албан тушаалаа урвуулан ашиглах сэдвүүд зохиол зураг шүлэг болговол байж л байх шив. Ямар ч нийгэмд арилдаггүй сэдэв болтой. Тиймээс “Тоншуул” сэтгүүл байсан нь буруугүй ч юм шиг. Гачлантай нь шүүмжиллээ гээд дутагдлаа монголчууд засдаггүй болохоор “Тоншуул”-ын ашиг гараагүй. Хүний мууг арилгах амаргүй. Хүнийхийг бүү хэл өөрийнхөө гэмийг ч би нимгэлж баралгүй насыг элээв. 

Харин зохиолчдын сэтгэлд уугьж асан дургүйцэл бачимдал ардчиллын хөрс Монголд бүрэлдэхэд нимгэн ч атугай дэвсгэр болсон гэж би бахархдаг. Зохиолч сэтгүүлчид бараг бүгд одон медальтай агаад алдар цолтой нь ч цөөнгүй. Харин шоронд орсон нь ганц Р.Чойном. Тоталитар дарангуйлалд тэрс үг бичих зохиолч сэтгүүлч төрөөгүй нь бахархал уу гутамшиг уу. Тэдний нэг нь би. Тийм томоотой нийгэмд Хэвлэл утга зохиол хянах газар үлийнийхээ эсэргүүнийг илрүүлэх билээ. 

УБДС-ийн монгол хэл уран зохиолын анги төгссөн Ж.Барамсай Хэвлэл утга зохиол хянах газарт (ХУЗХГ) хуваарилагджээ. Главлитийн төлөөлөгч манай сэтгүүлийг хянаж жижиг дөрвөлжин тамгаа дарна. Барамсайд ч тийм үүрэг тохиох нь бий. Хэвлэхийг зөвшөөрч буй нь тэр. Бид ХУЗХГ-ын цензүрийг тэгтлээ нэг их тоохгүй. Нам Засгийн төв хэвлэл “Үнэн” сонины газраас эрхлэн гаргадаг “Тоншуул” гэж бид аминдаа томорно. Бидний тоомжиргүй сэхүүн занд ХУЗХГ-ын дарга нар эгдүүцэж хэрүүл үүсгэж заргалдана. Төв Хороогүй шийдэх асуудал байх биш. Төв Хороо өөрийн төв хэвлэлээ хаацайлдаг тул бид сүүлээ сэрвээн дээрээ тавина. Бусад сонин сэтгүүлийг хуга жижигрүүлдэг Главлит бидэнд ялагдаад хорсоно. 

Уг нь Главлитийн үүрэг хариугүй. Хэвлэхийг хориглосон зүйлийн жагсаалт главлитийн бүх төлөөлөгчдөд байдаг байв. Тэр жагсаалтад буй зүйлийг сонин сэтгүүлийн хэвлэхээр бэлдсэн материалд байна уу гэж шүүрдэнэ. Цензүр гэдэг нь ердөө энэ. ХУЗХГ өндөр цалинтай том газар. Барамсай “төлөөлөгч” гэх албан ёсны гуншиндаа дургүй. Зохиолч гэвэл нүд нь гялалзадаг залуу байв. Барамсай өгүүллэгээ “Тоншуул”-д хэвлүүлэхээр надад хандана. Арван насны зөрүүтэй болохоор тэр надаас зөвлөгөө хүснэ. Түүний өгүүллэг “Тоншуул”-д хэвлэгдэх болов. Бид хоёрын ах дүү багш шавийн ёсоор эхэлсэн нөхөрлөл нэг мэдэхнээ үе тэнгийн найзууд болж хувирав.

Шог зохиолч Жаргалын Барамсай ёстой л чавхны чулуу шиг эрчтэй залуу-авъяас билэгтээ тэгсгээд цалгилаа. Нэг нам, нэг хүний олон жилийн дарангуйлал аяндаа өгөршиж, шалгарсан манлай коммунист жолоодогч өвгөд маань тэртээ дээр “тэнгэр”-т зөнөөд, тэднийг тойрон хүрээлэгч (одоогийн цүнх баригчид) зальжин дарга-армийн давхар давхар хүрээ-бэхлэлтийг нэвтлэх шүүмжийн ир халирсан баргар үед Барамсайн охор амьдрал өнгөрчээ. Нийгмийн ялзарлыг ангуучилах албатай болохоор “Тоншуул”-ынхныг газар дээрх ганц шүүмжлэгчид гэх урмын үг магтаалд бялуурсан нийгмээс бид сонсож хөөрнө.

Ц.Доржготов, Ж.Барамсай нар


Гэвч томчуудын өлмийд тоншуулын бид ичгүүртэй сөхөрнө. Төв орон нутгийн нам, захиргааны дээд дунд шатны албан тушаалыг голдуу нэг нутгийн хүмүүс эзэлж, аймгархах үзлээр ил задгай бардамнаж, сүр бадруулж, бүр дархлаатай гайхуулж, үг хэлэх, шүүмжлэх эрхгүй доодсоо дураар дээрэлхэнэ. Доодсыг өмөөрч өвчигнөвөл хатуу донго, цаашилбал ажлаас хөөгдөнө. Өөрийн гэххямгадах эзэнгүй социалист өмч нилдээ шамшигдана. Гэхдээ тэр үеийн идэж уусан гэмтнүүд одоогийн олигархиудтай адилгүй “Тоншуул”-аас гилбэлзэж байсан юм шүү. “Чавх” гэдэг булантай. “Чавх нүдэнд” гэж дальдардаг байсан нь хууль ёс унтарчихаагүйг харуулж байжээ.

Хууль дээгүүрээ унтарчихаад, доогуураа нурам төдий уугиж байсан юм. Уг нь хууль ямагт дүрэлзэж, хуйхалчих гэж байвал эрх баригчдын борви бохир явах сан. Тийм нийгмийг бид үзэхгүй байх. Барамсайн үед томчууд сонин сэтгүүлийг ил тод няц лантуудна. Хурган дарга нар жаахан эмээнэ. Тэднээс доошоо нэгдлийн гишүүд, бухан бяруу, хурган хуц бол гарын дор. Энэ байдлыг бид сайн мэдэрч лантуунд няц цохиулахаас бултаж, бухан бяруу хурган хуц “тонших” далимандаа томчуудын бунгууг далд утгаар битүү төнхөх санаа өвөрлөнө. Бидний нууц санааг тантсан томчууд ямагт сэрдэж, маний дээр итгэлтэй коммунист “хянагч”-аа тавина. Өндөр цалинтай тэр харуул урдуураа улаан хөлтэй юм гаргахгүй. Одоогийн хэвлэл мэдээллийн боссууд яадгийг мэдэхгүй.

Дүүгүүрийн чулуу шиг эрчтэй Барамсайн шүүмжлэлд доодос алга ташдаг ч дээдсийн дунд далдуур араандаа зуугчид үүссэн юм. Пентэй, мөн дайсантай явахыг үлбэгэр зулгуй зохиолч хүсээд хүсээд эдлэхгүй. Энэ бол жинхэнэ зохиолчид олддог хувь заяа. Уран бүтээлийн чансаа, олны талархал татах тэнхээ нэр төр авчирдаг. Нэр төр их тунирхуу. Барамсай түвэггүй нэр төрд хүрсэн. 

Тэртэй тэргүй нурж эхэлсэн тогтолцоог хазайсан тийш нь түлхэж түргэнд нь оруулах гэж шог зохиолчид санаархаж явахад, нурж буй тогтолцоогоо түших гэж Барамсай мэтийн хөлд нууц урхи тавьж явсан хүмүүс цөөнгүй. Өнөө маргаашаа бодсон тэд авдаг цалингаа алдах вий гэж айхаас улс орон тэдэнд бол юу ч биш, тийм амьтад. Хөөрхий олонх нь бурхан болж дээ. Өдгөө ардчилалд бидний амнаас дан муу үг урсах нь эгдүүцэм ч социализмд бидний амнаас дан магтаал цацарч байсныг талархах аргагүй. 

“Тоншуул” сэтгүүлд ажиллахыг Барамсай олон жил мөрөөдсөн. Дарга нар түүнийг “Тоншуул”-д авч ажиллуулахыг нэг их шимтдэггүй байсан нь нэгийг хэлнэ. Байды бид хоёр зүтгэж байгаад сэтгүүлдээ авч дөнгөлөө. Барамсай телевизээсээ гарч тойрох хуудсаа зуруучихаад ирэв. Тэгтэл урьд нь “зээ” “зүй” болсон “Тоншуул” нь авахгүй гэдэг байгаа. Юу болчихов оо гэвэл Төв Хороо дургүйцсэн байдаг юм. “Тоншуул”-д чухам таарах хүн хэн бэ гэхэд Барамсай л гэх байв. Тэгээд яагаад хошин шогийн бөөн авъяасыг авахгүй гэдэг билээ? Тэгж тэгж авсан л даа. Авахаас ч яахав. “Авна” гэж ажлаас нь гаргачихаад гудамжинд хаях зохимжгүй. Барамсай буцаад телевиздээ очиход нөхөд нь дуртайяа хүлээж авна л даа. Гэвч нэр төрд нь ямар сайн байхав.

Барамсайн авъяас, уран чадвар, тийм ийм гэж би цэцэрхээд яахав. Уншигч та уншаад өөрийн таашаалаар дүгнэх юм чинь! Харин Барамсай гэгч хорь гаруй настай авъяастан шог зохиолч болох гэж хичнээн их тэмүүлж явсныг би анхнаас нь сайн мэднэ. Харамсалтай нь түүний мөрөөдлийн замд саад тавьж, оргилон буцалсан дур хүслийг унтраасан гашуун тохиолдлууд богинохон настай түүнийг минь амьдрах бяцхан хугацаанд чамгүй гомдоосныг дурсах ёстой хүн нь би билээ. Хэлмэгдэгч олширсон эдүгээ үед би түүнийг хэлмэгдэж явсан гэж хэлэхээс зайлсхийе. Номыг нь олон жил хэвлэлээс хассан. Энэ бол зохиолч хүнд сэтгэл зүйн урхагтай цохилт болдог. Үе тэнгийн уран бүтээлч найз залуусаас зориуд ганцааранг ялгаж, Зохиолчдын эвлэлд элсүүлэхгүй сэтгэлээр унагаж асан. Доод талдаа авъяас чадварт нь атаархсан дарга сэтэртэй зохиолчид, дээд талдаа Төв хорооны “үзэл суртлын соргог манаачид” гэгч тусгай хангамжинд амжиж шургасан амьтас энэ хорыг найруулж байсан юм.

Улс болгонд шог зохиолч гэх гажиг этгээд түүхэнд тасраагүй бөгөөд тэр бээр дээдэст ад үзэгдэж амь зуудаг. Монголд ч тийм байна. Шог зохиолч-нийгмийнбохирын слесарь юм. Даажинтай хувь заяандаа шог зохиолч гомдох илүү зан. Хорвоод тийм азгүйчүүд төрөх ёстой агаад тэр тавилан бидэнд оногджээ. Хувийн өмч устаж нийгмийн өмч ноёлмогц угийн залхуу монголчууд биеэ дайчилж чармайхаа цэглээд, лазганах залиар намынхаа онолоос илүүрхсэн. Өөрийн гэх өмчгүй, амины гэх үзэлгүй зэвэрсэн монголчууд тархиа унтраагаад, зөвлөлтөөр хөтлүүлэн коммунизм байгуулж эхлэв дээ. Тэмүүлэл өрсөлдөөнгүй нийгэмд бид цөм шүдтэй тулмууд болсон бөгөөд тулманд гар хөл толгой байдаггүй. Ганц том амтай. Тэр том амаар нь дүүрэн шүд. Ичихгүй болох тэнэгрэл. Адгуус ичдэггүй. Хүн ичдэг. Ичих мэдрэмжийг бөхөөхгүйн төлөө Барамсай хошигнож явжээ хөөрхий. Коммунизмын өөдөөс тэрс үг бичиж баларснаас мөрөөрөө өчүүхэн өт мэт шороо хөдөлгөж хорвоог барах минь гэх сонголт маниуст яалт ч үгүй тулгарсан юм. Тийм нийгэмд насаараа юм бичээд няслуулаа ч үгүй сэтгүүлчдийг өнөөдрийн өнцгөөс “сайн” гэх үү, “муу” гэх үү?

Түүний “Үхэр бол амьд амьтан”, “Шүүмжийн загвар” өгүүллэгүүд дайснуудын нь хорслыг сэдрээж тоог нэмсэн. Барамсайн зохиолын хурц үзүүр дээшээ чигтэй, социализмыг төнхсөн далд санаа агуулсанд эрсдэл учирч байв. Тэр бээр шог зохиолоос өөр, ялангуяа карьер, бизнес хөөсөн бол чинээлэг амьдарч өлхөн чадах овсгоотой залуу байсныг нөхөд нь мэднэ. Тэгсэн бол урт насалсан ч байж мэднэ. Шог зохиол хөөсний учир гэвэл тэр үеийн эрх чөлөөгүй ард түмэн, дарангуйллын тогтолцоо гэх мэт Монголын эмгэнэлийг хурцаар мэдэрч бас шаналж, өөрөөсөө ахадсан тэмцэлд биеэ үрэх халхын нэг эх оронч хүү болж төрсөнд гол учир оршив. Түүний эх оронч унаган үзлийг, уран бүүтээл туурвиж, том зохиолч болох гэж буцалсан их дур хүсэл чухамхүү ноцоож өгсөн дөө.

Дөрвөн сарын нэгний инээдмийн баяр гэж нэг үлбийсэн юм зохиолчдын хорооноос зохиох. Даржаа гуай тэргүүлнэ. Бид цэргүүд нь. Тэнд унших зохиолоо өчнөөн даргын дамжлагаар уншуулж хянуулна. Арай л Цэдэнбал даргад уншуулдаггүй байсан байх. Намын үзэл сурталд таарч байна уу, үгүй юү. Хэн нэг удирдагчийг минь тойруу утгаар шоглочихоогүй биз гэж хардахаас өөр бодолтэдний толгойд орохгүй. Хошин шогийн мэдрэмжгүй дарга хянаж уншихдаа юуны өмнө өөрийгөө “үг хэлэнд уначих эсэргүү зохиол анзааралгүй баталчих вий” гэж хий банатаад, гайгүй шиг болсныг нь “энийг хасъя” гэх нь түүнд эрсдэлгүй бөгөөд амар. Хамгийн муу зохиолууд тунасаар батлагдана. Гэсэн хэдий ч хошин шогийн тааруу үзвэрийг үзэх гэсэн олон түмэн дуурь, драмын театрууд, улсын циркийн цонхыг хагалж, хаалга үүдийг эвддэг гээч. Худал магтаалаас өөр юм сонсдоггүй ард түмэн шүүмжлэл хүрдэггүй захиргаадагч дарга нарыг тоншсон хошин шогоор цангаж байсны ул мөр энэ буй зээ. 

Дөрвөн сарын нэгний инээдмийн тоглолтыг Барамсайн “Алтан загасны үлгэр” анх инээдээр цальгуулав. Барамсайн хэтрүүлэг ихтэй, хөнгөн, хөгжилтэй өгүүллэгүүд тайзан дээр анх байлдан дагуулсныг дурсах учиртай. Олон жилийн дараа өдгөө залууст таалагдах эсэхийг мэдэхгүй. Тухайн үедээ үзэгчдийг догдлуулж асан тэр их реакцийг үгүйсгэх нүгэл. Хүн төрөлхтөний урлагт цаддаггүй мангас шиг ходоод харгис шүү дээ.

“Тоншуул”-д ирж ажиллаад Барамсай айхтар хурц нийтлэлүүдээрээ цууд гарсан. Өөрчлөн байгуулалт зөвлөлт монголын сэтгүүл зүйд эерэг нөлөө үзүүлсэн цаг. Шөвхдүү хамартай, гялалзсан хурц нүдтэй Барамсайг бид “яс мөлждөг тонгорог” гэдэг сэн. Хошин шогчдын цуглардаг газар нь “Тоншуул”. Жамцын Шагдар, Жаргалын Барамсай, Самбуугийн Ламбаа, С.Идэрхангай, Д.Оросоо, С.Шамбий, миний бие гээд бүгд Архангайхан. Зохиолч, яруу найрагч, зураач нөхөд “Тоншуул”-д албан тушаал эрх мэдлийн төлөө аймгархан булагнаж байсангүй. Гагцхүү нийгмээ шинэчлэх зорилготой хошин ёгт шог өгүүллэг шүлэг зургаараа холбогдож асныг дурсахад бахархам.

Барамсайгаас болж би хоёр удаа загнуулж билээ. Нэг нь Барамсай миний нэрийг өгүүллэгийн маань дээд талд залсан нь тэр чигтээ хэвлэгдчихэж. Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн мэтийн том хүмүүсийн нэрийг бичсэн юмных нь дээд талд тавьдаг жишигтэй. Зэмлүүлэв ээ чиминь. Нөгөө нь “Ц.Доржготов” гэснийг “Цэндийн Доржготов” болгочихож. Барамсай л тэгэхгүй юү. Том хүмүүсийн овог нэрийг бүтэн бичдэг атал тэдэнтэй ичихгүй зиндаархлаа гэж бангадуулав. 1970-аад оны үед шог зураг өгүүллэг дэлхийд моодонд орж, олон улсын уралдаан-биеннал зохиогдож, бидэндээ гурав дахь хөрш боллоо. Бид ч зураг өгүүллэгээрээ оролцож байр эзэлж хүртэл явав. Шагдайн Цэнд-Аюуш Жаргалын Барамсай нар олны танил болтлоо нэрд гарлаа. Ц.Байды, М.Цэдэв, Л.Өлзийбат, Ц.Цогтбаяр, Ж.Саруулбуян. А.Бат-Эрдэнэ, Л.Баянзул, Н.Чулуун, Ц.Намжилдорж гээд зураачид олон улсын уралдааны өрсөлдөгчид болцгоов. 

Нүд хуурах бол “Тоншуул”-ын мөнхийн сэдвүүдийн нэг. Хүн гэдэг амьтан өөрийнхөө юмыг чанартай хийдэг. Хүн өөрийгөө хуурдаггүй. Нам засаг, үйлдвэр, нэгдэл, ард түмэн, даргаа бол хуурна. Энэ гэмийг шүүмжлээд дийлээгүй. “Улсын эрх ашгийг өөрийн эрх ашгийн дээр тавих” хэзээ ч үл биелэх онолтой. Хувийн өмчгүй социализмыг бүгд хуурдаг юм билээ. Барамсай нам засгийнхаа нүдийг хариулж байгаад бөгсийг нь сэм ухах санаа нууж явсан зохиолч. 

Өөрийн юмыг чанартай хийдэг, хувийнхаа хөрөнгөнд хайртай төрмөл зангийн чармайлтаар иргэн, өрх баяждаг аж. Өнгөрөгч 30 жилд эзэн хүний зүтгэлээр хувийн өмч өсдөгийг иргэн бүр ухаарч тууштай зүтгэсэн аваас Монгол баяжаад, бидний сонгосон ардчилал өдгөө зүхлийн бай болоогүй гэж санадаг. Ардчилал Америкт таарахаас Монголд таарахгүй гэж “Улаан бал”-ын хөтлөгч айлдлаа. Тэгснээ монгол залуус тэгж буй хэмээн бултаж сэргэлэнтэв. Баян хоосноороо ялгарсан нь ардчиллын согог гэнэ. Монгол хүн буруудахгүй ээ, холоо хэвтэнэ. Барамсай амьд бол надтай энэ санааг хуваацана гэдэгт итгэнэм.

“Тоншуул” шүүмжилснээр социализмын гажуудлууд ор мөргүй засраад явсан бол хошин шог жанрын төрөлд зүтгэсэн мануус мандах байсан биз. Хошин шогоор нийгэм цэвэршинэ гэх үзэл бидэнд байсныг нуух юун. Бузар булайг зад шүүмжлээд, хоцрогдож ядуурсан олондоо буян үйлдье гэх романтик үзэл залуу зандан уран бүтээлчдэд бадарч байв. Монгол хүний ёс зүй, зан чанарт болон дарангуйлагч нийгэмд бугласан бусармаг явдлын тухай олон жил бичихэд “энэ бүгдээс салах сан” гэх мөрөөдөл сүүлдээ шаналал болдог юм билээ. Огт дутагдалгүй улс болохыг гэнэн цагаанаар мөрөөдсөн гээч. Хошин мэдрэмжээ хөгжүүлбэл гэгээрдэг гэх үүднээс бол ухаалаг юмор оюуны соёлтой хэрэглээ л юм. Дутагдалгүй журамлаг баян тансаг нийгэмд бол хошин шог мэдэрч баясах зугаа төдий амралт болохоос өрсөлдөөнт нийгэмд дутагдал засдаг хэрэгсэл биш авай. “Тоншуул”-ыг хэн нэг боломжтой эрхэм гаргавал юутай ч нүгэлгүй, тэр ч бүү хэл, буянлаг үйлс шүү гэж захиад нүд анья даа. 

2020-09-23

Эх сурвалжийн холбоос: http://www.baabar.mn/article/jargaliin-baramsai

Буцах