Эх сурвалж: Ergelt.mn сайтын 2023-03-05 өдрийн нийтлэл
Жаргалын Барамсай хэмээх нэрт сэтгүүлчийг Монголын сэтгүүл зүй, тэр дундаа эрэн сурвалжлах сэтгүүл зүйд тэсрэлт хийсэн гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Нийтээрээ нэг намын эрхшээлд автаж, хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь намын дарга нарын эрх ашигт нийцүүлсэн мэдээ, сурвалжилга нийтэлдэг байсан, унтаа, сульдаатай, хаагдмал нийгэмд тэр эрэн сурвалжлах нийтлэлүүдээрээ гэрэл гэгээ болж, бас өөрийгөө эрсдэлд оруулж, нийгэмд дуулиан шуугиан тарьж байлаа.
Монголын хошин шог зохиолчдын ноён оргил, Монголын зохиолчдын холбооны эвлэл, Сэтгүүлчдийн холбооны эвлэлийн нэрэмжит шагналт, Ган үзэгтэн, Монголын эрэн сурвалжлах сэтгүүл зүйн суурийг тавьсан нэрт сэтгүүлч бол Жаргалын Барамсай. Тэрээр Монгол Улсын хэвлэл хянах газар, “Тоншуул” сэтгүүл, Монгол телевиз, “Үнэн” сонин, “Улаанбаатар” сонинд ажиллаж байхдаа “Дэглэгчдэд дэг хэрэгтэй”, “Шорон дотор өшөө авагч байдаг юм биш биз”, “Үхэр бол мал мөн” зэрэг нийтэл, бүтээлээрээ нийгэмдээ өөрчлөлт авчирч, олныг гайхшруулж, нэрд гарч байсан түүхтэй. Тийм ч учраас Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр энэхүү эрхэм хүмүүнийг дурсахгүй байхын аргагүй биз ээ. Түүний охин Б.Хонгорзултай аавынх нь тухай дурсамж дэлгэн хуучиллаа.
- Сайн байна уу, та. Танд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэнд хүргэе. Та аавынхаа үргэлжлэл болж, хэвлэл мэдээллийн салбарт ажилладаг шүү дээ. Энэ өдөр аавынх нь тухай дурсахгүй өнгөрч болохгүй учраас таныг зориод ирлээ?
- Баярлалаа. Танай ажлын хамт олон Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэнд хүргэе. Би богино долгионы Фм 102.1 радиогийн гүйцэтгэх захирлаар ажилладаг.
- “Сайн сэтгүүлч бүтээлээрээ мөнхөрдөг. Сайн бүтээл гарчгаараа мөнхөрдөг” гэх үгний эзэн нь таны аав яах аргагүй мөн. Аав нь зохиол, нийтлэлийнхээ сэдэв, санааг хэрхэн олж, нийтлэл, бүтээлээ туурвидаг байсан тухай ярьж өгөөч?
- Аав минь аливаа нэгэн нийтлэл, зохиол бичихдээ хэн нэгнээр заалгаж, үүрэг чиглэл авдаггүй байсан. Өөрөө бодож, нийгмийн бусармаг зүйлсийг өөрийнхөөрөө егөөдөж бичдэг байлаа. Аавын минь бичсэн нийтлэлийг хэн нэгэн редакторладаг байсныг би л лав мэддэггүй. Харин бичсэн номоо найз нөхөдтэйгөө зөвлөлдөж, ярилцаж байсан үе бий шүү. Аав минь олон найз, нөхөдтэй, тэд нь ч манайхаар байнга ирдэг байлаа. Тэдэнд бүтээлийнхээ тухай хуучлах үе бишгүй байсан даа.
- Ухамсарт амьдралынхаа бүхий л цаг хугацааг зохиол, нийтлэл бичихэд зориулсан хүн шүү дээ. Таны аав сэтгүүл зүйн салбарт ажилласнаараа юу алдсан нөгөө талаар юу хожсон гэж та боддог вэ?
- Аав минь эрэн сурвалжлах сэтгүүлчээр ажиллаад биднээс эрт хагацсан. Үнэндээ хожсон зүйл нэг ч алга. Бид эцэст нь аавыгаа л алдсан шүү дээ. Магадгүй энэ ажлыг хийгээгүй бол миний аав өдийд амьд сэрүүн, Ардын уран зохиолч болчихсон, улс нийгэмдээ ямар их зүйл хийсэн байхыг бид үгүйсгэж чадахгүй. Аав минь зарчимч, шударга, хурдтай хүн байсан.
Тийм учраас бидэнд шударга байх тухай үргэлж захиж “Хүнд битгий худлаа хэл, хүнтэй эвтэй бай, хүний өөдөөс илүү үг битгий хэлж бай, хүний үг сайн сонсож сур” гэж сургадаг байлаа. Бид ч тэр хүмүүжлээр өссөн.
Харамсалтай нь, аав минь 47-хон насандаа бурхан болсон. Гэхдээ энэ хугацаанд маш их зүйл хийж амжуулсан гэж би боддог. Наад зах нь гэхэд “Цүнхтэй инээд”, “Хөшиг нээвэл нууц задарна”, “Цагаан сүүдэр”, “Биегүй сүүдэр” зэрэг 10 гаруй ном мөн тооны кино, телевизийн бүрэн хэмжээний жүжгүүд бичсэн байгаа юм. Аав минь шөнө барагтай л унтдаггүй. Тийм атгаа өглөө 04:00, 05:00 цагт босчихсон бичгийнхээ машиныг тачигнуулаад сууж байдаг хүн байлаа. Өглөө эрт ажил руугаа явган явдаг хөнгөн, хурдан хөдөлгөөнтэй бүхнийг амжуулдаг хүн байлаа даа.
- Таны аавын хошин шог зохиол, эрэн сурвалжлах нийтлэл бол бүх цаг үеийн уншигч, сэтгүүлчдийн уншиж, сонирхох бүтээлийнх нь дээж шүү дээ. Гэтэл аавыг нь ид бичиж байх үед “Эсэргүү бүтээл битгий хэвлэ” хэмээн хэвлэлүүд эсэргүүцэж байсан юм билээ. Ер нь байнга дарамтад байсан гэж дуулддаг. Энэ талаар та мэдэх үү?
- Монголын эрэн сурвалжлах сэтгүүл зүйн анхдагч нь миний аав яах аргагүй мөн. Тухайн үед манай гэр бүлийнхэн айдас түгшүүртэй байсан нь үнэн.
Аавыг минь “Цагаан морин жил цагаан даавуунд ороож ална шүү. Эхнэрийг чинь цааш нь харуулна. Хүн хаалга тогшоод танай хүү чинь “Өргөө” кино театрын хажууд үхчихлээ” гэх мэтээр дарамталдаг, дагаж мөрддөг байсан. Автобусанд аав, ээж хоёрыг хамт явж байхад нь араас нь хоёр залуу ирж боож унагаад өөрөөр нь өөрийг нь алуулах гэж хүртэл оролдож, сэтгэл зүйгээр дарамталж байсан.Тэглээ гээд манай аав бууж өгөөгүй, шантраагүй. Мэдээж, дотроо “Хүүхдүүдийг минь алчих вий дээ, тэгчих вий, ингэчих вий” гэж айдаг л байсан байж таараа.
Манайх гуравдугаар хороололд хоёр давхарт амьдардаг байсан. Цонх руу чулуу шидээд л хагалчихдаг байв. Аав минь тэр бүх зовлонгоо бидэнд ярьдаггүй, сэтгэлийн хаттай хүн байсан даа.
- Ийм төрлийн дарамт, шахалт хэр удаан үргэлжилсэн бэ?
- Би хүүхэд байсан болохоор зарим зүйлийг нь төдийлөн сайн мэдэхгүй байна. Гэхдээ энэ төрлийн дарамт, шахалт 2-3 жил үргэлжилсэн.
- 1982 онд болсон Л.Отгонбаярын хэргийг 1989 онд ил болгож, “Үнэн” сонинд “Шорон дотроос өшөө авагч байдаг юм биш биз” гэх дуулиант нийтлэлээ бичсэнээр тухайн хэрэг задарч, 25 мянган хуудас, 120 гаруй хавтас хэргийг шалгаж, хэргийн учрыг олсон гэдэг. Үүнтэй адил аавынх нь нийтлэлийн үр дүн тухай бүрдээ гардаг байсан болов уу?
- Манай аав хамгийн хүнд хэцүү цаг үед Л.Отгонбаярын хэргийг ил болгож, “Шорон дотор өшөө авагч байдаг юм биш биз” нэртэй нийтлэл бичиж, “Үнэний эрэлд” хэмээх киногоор шорон дотор юу болдог, олон хүнийг амь нас, амьдралаар нь хохироож, хилс хэрэгт гүтгэх, шүүх, прокурорын байгууллагын идээ буглаатай бүхнийг айхгүйгээр ил гаргасан. Энэ нь тухайн үеийн хүмүүсийн сэтгэл зүйд асар их өөрчлөлт, юмыг өөрөөр харах салхи сэвэлзүүлсэн гэж болно. Тийм болохоор аавын минь бүтээлүүд өнөөдрийг хүртэл мөнх хэвээрээ байна. Цаашид ч мөнхөрнө. Миний аавын бүтээл үеийн үед мөнх байх болохоор би ааваараа бахархдаг. Аавынхаа олон сайхан ном, зохиолыг дахин дахин хэвлүүлж хойч үедээ үлдээнэ. Энэ л миний үүрэг шүү дээ.
- Таны аав, бидний хувьд эрхэм сэтгүүлч, зохиолч 1997 онд зуурдаар нас барсан. Тухайн үед чухам юу болсон талаар та ярьж өгч болох уу?
- Тухайн үед аав минь “Улаанбаатар” сонинд ажилладаг байсан. Хууль хяналтын байгууллагын завхарсан тогтолцоо, системийн талаар нийгмийн бусармаг зүйлийн талаар бичдэг байсан үе л дээ. Аавд минь өс санасан хүмүүс тухайн үед олон байсан. Миний оюун санаанд хамгийн тод үлдсэн зүйл бол аав минь бурхан болох үе. Тэр өдөр би гэртээ ганцаараа байсан.
Гэтэл аавтай минь эртний танил Нийгмийн аюулаас хамгаалах яаманд ажилладаг гэх хүн хамт орж ирсэн. Би нэрийг нь огт санадаггүй юм. Тэр хүн аавын ажлын өрөөнд хэсэг сууж байгаад гарахдаа “Ах нь чиний алгыг харъя” гэсэн тэгээд харчихаад “Чи яг энэ насандаа маш том зовлон хагацал үзэх юм байна. Ах нь үүдний дэлгүүр орчихоод ирье” гэж хэлээд гараад явсан. Тухайн үед би хүүхэд байсан болохоор юу хэлж байгааг нь ойлгоогүй, “Ямар сонин хүн бэ” л гэж бодоод өнгөрсөн. “Үүдний дэлгүүр орчихоод ирье” гэж хэлж гарч яваад 2-3 цагийн дараа жижиг шилтэй архи барьчихсан орж ирсэн. Тэгээд аавтай өрөөнд нь ярьж, хэсэг байж байгаад явсан. Удалгүй аавын минь бие тавгүйрхэж, тэр шөнөдөө бурхан болсон. Тэгээд тэр хүний барааг өнөөдрийг хүртэл хараагүй. Бид аавынхаа үхлийг энгийн үхэл биш гэж бодож, харамсдаг.
- Тухайн хэрэг гарснаас хойш цагдаагийн байгууллагад хандаж, шалгуулсан уу?
- Бид цагдаагийн байгууллагад хандаж үзээгүй. Одоо 20 гаруй жил өнгөрчихлөө. Гэхдээ энэ хэргийг ил гаргаж, шалгах ёстой юм билээ. Тиймээс хожимдсон гэхгүй хэргийг шалгуулж үзье гэсэн бодол байгаа. Тухайн үед задлан шинжилгээ хийлгэе гэхэд эмээ минь зөвшөөрөөгүй. Бидэнд ч цагдаагийн байгууллагад хандах ухаан байгаагүй, тэгээд л өнгөрсөн.
- Таны аав өдгөө амьд сэрүүн байсан бол Монголын сэтгүүл зүйд ямар өөрчлөлт бий болгож, юу хийх байсан гэж боддог вэ, та?
- Аав минь арай удаан ажилласан бол Монголын сэтгүүл зүйд шударга тогтолцоо бий болгох байсан юм. Хэзээ ч миний аав мөнгөнд худалдагдахгүй байсан. Бүр түүний эсрэг ажилладаг, үсээ цайтал шударга, үнэний төлөө зүтгэсэн хүн шүү дээ.
- Таны аавын бага, залуу нас хаана, хэрхэн өнгөрсөн бол. Ямар хүүхэд байсан гэж өөрийгөө ярьдаг байсан бэ. Та энэ талаар дурсамж ярьж өгөх үү?
- Аав минь 1950 онд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бичигт хайрхан уулын өвөрт Ембүү толгойн өвөлжөөнд Жаргалын ууган хүү болон мэндэлсэн. Аав минь хүүхэд ахуйдаа мал хариулж, таван дүүгээ харж өссөн. Архангай аймгийн Өндөр-Улаан суманд бага сургуулиа төгсөж, Цэцэрлэг суманд аравдугаар ангиа онц дүнтэй төгссөн юм билээ. Аав минь их хөдөлгөөнтэй хүүхэд байсан гэдэг.
Аавынхаа бага, залуу насныхаа тухай ярьж байсныг сайн санахгүй байна. Ерөнхийлөгчийн зөвлөх, нийгмийн бодлогын зөвлөл С.Ламбаа гуай аавын минь талаар “Дүү нартаа элэгтэй, аав, ээждээ тустай, хөдөлмөрч, хурдан морь сайн унадаг, онц сурлагатай хүүхэд байсан” гэж дурдсан байдаг.
Аав минь багадаа найз нөхөд, хамаатны хүүхдүүдтэйгээ тоглохдоо их шоглодог, тэдэнд хоч их өгдөг байсан гэж ярьдаг юм.
- Аавтайгаа өнгөрүүлсэн хамгийн сайхан мөч хэзээ байсан гэж боддог вэ?
- Би их сургуулийн нэгдүгээр дамжаанд байхдаа аавыгаа алдсан. Тэгэхээр миний аавтайгаа өнгөрүүлсэн хамгийн дурсамжтай, нандин, сэтгэлээс гардаггүй үе бол хүүхэд нас минь шүү дээ. Миний аав үр хүүхдүүдээ загнаж, хатуу гараар хүмүүжүүлээгүй. Биднийг ёстой энхрийлж өсгөсөн. Аливааг хэлэхдээ егөөдөж, ухааруулж, хүнийг ичээж, буруу зүйл хийсэн гэдгийг нь ойлгуулдаг хүн байсан даа.
- Таны аав ямар орчин бүрдүүлж зохиол, нийтлэлээ бичдэг байсан бэ. Хүүхдэдээ юу захиж, сургадаг байв?
- Өөрийнхөө орчныг сайн бүрдүүлж, ганцаараа чимээгүй орчинд суух дуртай. Ганцаараа өрөөнийхөө хаалгыг хаачихаад, тамхиа татаад, юм бичээд суудаг. Тэр үед нь бид аавдаа огт саад болдоггүй байсан. Заримдаа гэнэт санаанд нь зохиолын сэдэв, санаа, үг орж ирдэг байсан шиг байгаа юм. Түүнийгээ мартчих вий гэсэндээ бидэнд хэлж тэмдэглүүлдэг байлаа. Тэр нь дараа нь зохиол, нийтлэл болж гарах жишээтэй.
Ер нь аав минь байнга юм бодож, эргэцүүлж, толгойгоо ажиллуулдаг хүн байсан даа. Гэхдээ хэдэн сар, жилээр бодож, удаан сууж бичдэггүй, маш хурдтай бичдэг байсан.
Тэмцээн уралдаанд орохдоо өглөө нь эрт босож биччихээд л тэргүүн байрт шалгарчихаад л ирдэг хүн байлаа. Ийм хүн ховор байх гэж би боддог.
- Аав, ээж хоёр тань Багшийн дээд сургуульд элсэж, намрын тариа хураалтад явж байхдаа танилцсан гэдэг. Таны аав үр хүүхэд, ханьдаа хэр халамжтай хүн байсан бэ?
- Манай аав, ээж хоёр аравдугаар ангиа төгсөөд Улсын багшийн их сургуулийн Монгол хэл, уран зохиолын ангид орсон юм билээ. Намрын ургац хураалтаар явахдаа илүү дотно танилцаж, ээжтэй гэр бүл болж, гурван хүүхдийн эцэг, эх болсон. Би хоёр ахтай, айлын бага охин. Аав минь үр хүүхэд, ханьдаа маш их халамжтай, гэрийн ажилд сайн, аж ахуйч хүн байсан. Ширхэг хадаас байсан ч хадгалаад далд хийчихдэг. Ажил, амьдралаа тэгш сайхан зохицуулж чаддаг хүн байсан даа.
- Цаг гарган ярилцсан танд баярлалаа.
- Баярлалаа. Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр аавын минь тухай дурсамж яриа авахаар ирсэн чамд баярлалаа.
Б.Гүнжид
Эх сурвалжийн холбоос: https://ergelt.mn/news_full/2/single/8690