Эх сурвалж: Mongolcom.mn сайтын 2020.09.17 өдрийн нийтлэл


Ж. Барамсай агсны мэндэлсний 70 жилийн ойд

(Увсын нэг айл 2 нохойдоо Барамсай, Байды гэж нэр өгсөн байдаг)

Одоогоос яг хорин жилийн өмнө би “Миний танил таван Барамсай” гээд бичиж байж билээ. Армийн улстөрийн газрын дарга хурандаа Барамсай, Эрүүл ийг хамгаалах яамны намын хорооны дарга байснаа хилс хэргээр цөлөгдсөн Барамсай, НАХ-ын ажилтан яруу найрагч Барамсай, нэрт орчуулагч Барамсай, шог зохиолч Барамсай тавыг бичиж байсан юм. Одоо тэднээс хилс хэргээр Дорноговь аймгийн хамгийн бөглүү хязгаарт цөлөгдөж байсан Барамсай л амьд сэрүүн байна.

Шог зохиолч Ж.Барамсай маань амьд сэрүүн байсан бол өнөө намар 70 нас хүрэх байлаа. Хамтран зүтгэгч хайрт дүүгийнхээ мэндэлсний 70 жилийн ойд зориулан энэ бяцхан дурсамжийг тэрлэж байгаа юм. Тухайн үеийн нийгмийг ариусган шүүгч “Тоншуул” сэтгүүлд манай нэрд гарсан олон зохиолч ажиллаж байсны нэг нь Жаргалын Барамсай. Үнэний төлөө хурц дайчин зохиол бүтээлээрээ ид алдаршиж байх үед нь би танилцсан юм. Ж.Барамсайн зохиол бүтээл зөвхөн “Тоншуул” сэтгүүлд хэвлэгдээд зогсоогүй төв хөдөөгийн бүх сонин сэтгүүл, гадаад орны нэр хүндтэй  хэвлэлүүдэд гардаг байсан. Миний танилцаж байсан үе бол Ж.Барамсай маань “Хэцүү урилга”-аа биччихээд ид хууль  хяналтынхны хараанд орж байсан үе л дээ.

1978 оны өнөөх “Гавъяа найрууллын хэрэг” гэгч 20 сэтгүүлчийг хоморголон шийтгэсэн аймшигт хэлмэгдүүлэлт дунд Барамсай бид хоёр “толгойлогч” нь болоод “ял” үүрдэг байгаа. “Гавъяа” найрууллыг би бичсэн. “Улаанбаатарын мэдээ” сониндоо “Амиараа аварсан амь” (болсон явдал) , “Залуучуудын үнэн” сонинд “Гавъяа” найруулал, Монголын радиод М.Шийрэвтэй хамт “Дуусаагүй хөрөг” радио найруулал хэвлэгдэсний бүгдэд нь Ж.Барамсай маань  “зөвшөөрсөн” тамга дарчихсан. Тэгээд л хам хэрэгтэн болсон доо. Монгол –Зөвлөлтийн найрамдлын эсрэг харш үзэлтэн, эсэргүү гэж шийтгэгдлээ. Намайг намаас хөөж, нутаг заан модны үйлдвэрт 10 жил 6 сар хүнд хүчир хөдөлмөрт зүтгүүлсэн. Ж.Барамсайг ажлаас халж олон сар ажилгүй суулгалаа. “Залуучуудын үнэн” сонины эрхлэгч, хүүхдийн зохиолч Ж.Дашдондогийг Эвлэлийн төв хорооны гараашид диспетчер, “Улаанбаатарын мэдээ” сонины эрхлэгч нэрт орчуулагч Г.Дугарыг СОТ-3-ын автобаазад хэсгийн ахлагч, ХНХ-ны хэлтсийн дарга Д.Мандширыг дэд станцад слесарь, МОНЦАМЭ-гийн ажилтан Б.Шагдар, М. Шийрэв нарыг ажлаас халж туслах ажилтан гэх мэтээр 20 сэтгүүлчийг хилсээр хоморголон шийтгэж амь амьдралаар нь тоглосныг 1990 оны ардчилсан хувьсгалын ач буянаар цагаатгасан юм. Харин Ж.Барамсай маань цагаатгагдаж амжилгүй таалал төгссөн ч саяхан цагаатгагдсан.

1990-ээд оны их сэргэлтийн үед буюу Ардчилсан хувьсгалын гол дуу хоолойн нэг нь Ж.Барамсайнх байсан. Хуучин нийгмийн бурангуй бодлогыг шог утгаар шүүмжлэгч нь Ж.Барамсай, шог зурагаар илэрхийлэгч нь Ц.Байды хоёр байсансан. Тэр хоёрын  бичлэг, зураггүй сонин хэвлэл бараг гарч байгаагүй дээ. Ж.Барамсай, Ц.Байды хоёр Ю.Цэдэнбал болон түүний тойрон хүрээлэгчдийн их хэлмэгдүүлэлтийг тодорхой баримтаар шүүмжилдэг байсан учраас нэг хэсэг нь, тэр дундаа баруун нутгийнхан их эсэргүүцэж зураач, зохиолч хоёрыг зүйл бүрээр харааж зүхдэг байсан л даа. Тэгээд ч зогсохгүй Увс аймгийн нэг айл хоёр нохойндоо Барамсай, Байды гэж нэр өгөн тухайн үедээ шуугиулж байсан. Уг мэдээлэл гарсны дараа Ж.Барамсай маань тэр айлынханд: “Нохой чинь шог зураг зурдаг,бичдэг бол бүтээлээс нь манай сонинд ирүүлнэ үү” хэмээн хариу захидал явуулж байсансан.

Хатуу чанга дэглэмийг халсны дараа Ж.Барамсай маань шудрага үнэний замыг нээж, хилсээр арга хэмжээ авагдсан 20 сэтгүүлчийнхээ тухай цуврал материал нийтэлж, олны хүртээл болгож байсан. Түүний хамгийн эхнийх нь “Хөдөлмөр” сонинд миний тухай нийтэлсэн “Гавъяанаас гайтсан сэтгүүлч” гэдэг том хэмжээний өгүүлэл байлаа. Энэ өгүүлэлдээ бидний 20 сэтгүүлчийг тухайн үеийн нам төрийн удирдлага, Цэдэнбал-Филатова тэргүүтэй хэсэг бүлэг хүн яаж хэлмэгдүүлж хохироосныг тод томруун гаргаж тавьсан юм. Ж.Барамсай 1990-ээд оноос , үнэний төлөө эр зоригийн гайхамшгийг харуулсан цөөн хэдэн сэтгүүлчийн нэг байсан л даа. Ардчилсан хувьсгалыг магтан дуулж, шинэ нийгэм рүү уриалан дуудагч “Салхич шувуу” нь Ж.Барамсай байсан гэхэд нэг их хэтрүүлсэн болохгүй байх. Тухайн үеийн сонин хэвлэлийн шарласан хуудаснуудад Ж.Барамсайн маань “Ардчиллаа! Чиний төлөө амиа өгөхөд бэлэн байна” гэсэн цогт дайчин уриа дэлгээтэй байгаа!  Тухайн үед “Дугархорлоо нарын хэрэг” гэж ямар том хэрэг босч ирлээ?! Түүний мөрөөр мөшгиж, гэмгүй хүмүүсийг хилсээр хэлмэгдүүлж шоронд тамлан зовоож байгаа тухай “Шоронгоос өшөө авагч байдаг юм биш биз?! гэсэн том өгүүлэл бичсэнээрээ хууль хяналтын байгууллагад бугшсан ноцтой дутагдал байсныг илрүүлж гавъяа байгуулсан юм. Тухайн баримтат кино одоо хүртэл гарч байдаг. Тэрээр ардчилсан хувьсгалын салхич шувуу болон зүтгэж байснаараа, үнэний төлөө үйл хэргийн үнэнч байлдагч байснаараа Эрдэнэтээс Ц.Элбэгдоржийн хамт Улсын Бага хуралд сонгогдон түмний хайр хүндлэлийг хүлээж байсансан. Тэрээр Монголын анхны ардчилсан үндсэн хуулийг  батлалцаж билээ.

1990-ээд оны сүүлчээр Ж.Барамсай бид хоёр нэрт сэтгүүлч Ү.Хүрэлбаатар эрхлэгчтэй “Улаанбаатар”сонинд хамт ажиллан, нэг өрөөнд өөд өөдөөсөө харан суух болсонсон. Энэ үедээ бол шог хошин зохиол, шүүмжлэлийн материалуудаа чөлөөтэй нийтэлж байсан. Их ч юм хийсэндээ. Хориотой байсан бүтээлүүдээрээ “Хэцүү урилга” “Санал гомдлын дэвтэр” “Тоглоом шоглоом” “Хар гар” гэх мэт хэд хэдэн ном гаргасан.

Ж.Барамсай минь ид бүтээж туурвих насандаа даанч залуугаараа хорвоогоос буцчихсан. Өглөө нь инээж хөхрөөд явж байсан хүн орой нь таалал төгсчихлөө   гэсэн хар мэдээ дуулгаж, харууслын аянга дэлдэж билээ. Би бол өнөө хүртэл  Барамсайнхаа үхлийг зохион байгуулалттай аллага болсон гэж бодож явдаг юм. Даанч тухайн үед нарийвчлан шалгалгүй хав дарж өнгөрөөсөн. Барамсайг маань 1980-аад оны сүүлчээс л заналхийлдэг байсан. “Цагаан морин жилд, цагаан даавуунд ороогоод, цагаан даваанд аваачиж хаяна шүү” гэж хүртэл заналхийлдэг, ажил дээр нь ирж “Чи яасан их юм бичдэг хүн бэ!” гээд хуруугий нь цавчсан зэрэг, үргэлж дарамтан дунд байсан. Тийм заналхийллийн нэг сэжүүр л  Барамсайгий минь амийг аваад явчихсан гэж би дотроо бодож явдаг юм.

1997 оны 5 дугаар сарын 14-нд охин Хонгорзул нь гэртээ ганцаараа байтал аав нь нэг танихгүй хүнтэй хамт ирсэн гэж байгаа. Тэр  хүнийг Барамсай охиндоо: “Миний танил” гэж танилцуулж байсан гэдэг. Тэр хүн халааснаасаа нэг жижигхэн шилтэй хятад архи гаргаж задалсан. Түүнээс Барамсай маань нэг л хундага уугаад үлдээсэн байсан юм. Нөгөө хүн ч явсан. Тэр хүнийг явснаас хойш цагийн дараа л Барамсай маань бие нь муудаж, орой гэр бүлийнхээ хүнийг ирэхэд ухаантай ухаангүйн хооронд байсан. Латиф, Цэвээнравдан хоёрыг л дуудаад байсан гэдэг. Цэргийн төв эмнэлэгт хүргэгдээд шөнө 01 цагт таалал төгссөн. Ингэж л өнгөрсөн юм даа. Тухайн үед Ж.Барамсайн үхлийн талаар олон янзын сэжиг таамаг явсан боловч түүнийг хэн ч нарийвчлан шалгаагүй гэсэн. Гэв гэнэтхэн нэг таньдаг хүн нь яагаад архитай ирэх болсон? Хэн түүнийг явуулсан? Архины үлдэгдэл болон шилнээс нь дээж авч лабораторийн шинжилгээ хийсэн үү, үгүй юу?  Ж.Барамсай маань наргиж дарвих үедээ хааяа балгачихдаг боловч тэгтлээ биеэ муудтал согтдог, ухаан алдатлаа уудаг хүн байгаагүй. Гэтэл тэр бяцхан архи яагаад тэгэж үйлчлэв? Архи авчрсан хүн болон сэжиглэж байсан хүмүүс, байгууллагыг шалгасан уу, үгүй юу? гэх мэт олон асуулт хариу нэхэж хоцорсон юм.

Монголын шог хошин зохиолын түүхэнд нэрээ мөнхөлж үлдээсэн Жаргалын Барамсай гэж хүнд хэдэн сайхан чанар байсан. Тэр маань цагаахан сэтгэлтэй, хүнтэй амархан танилцдаг, хүнд итгэмтгий хүн байлаа.

Бүтээлийнх нь хувьд бол Монгол байтугай гадаадын олон орны ард түмэн мэднэ. Ёстой л”босон сууж” бичдэг хүн байв. Санаагаа дотроо ямагт бясалгаж явна. Тэгээд нэг л суувал тэр доороо дуусгана. Эрхлэгч нэг үүрэг өгөхөд маргаашийнх нь сонинд  тэр сэдэв амилсан л байна. Цаг хугацаатай уралдаж хийдэг, үнэхээр бүтээлч хүн байсан даа.

Ж.Барамсай зөвхөн шог зохиолч байгаагүй яруу найрагч, авъяаслаг сэтгүүлч, төр нийгмийн зүтгэлтэн байсан. Монголын ардчилсан хувьсгалд анхнаасаа үзэг бэхээрээ, үйлс явдлаараа, үнэлж баршгүй тус хүргэсэн олон хүн мартагдсаны нэг нь Жаргалын Барамсай яалтгүй мөн. Тохироо нь бүрдэж, ард түмний хүсэн хүлээж байсан 1990 оны ардчилсан хувьсгалын тугийг өргөлцөж, тулгыг нь түшэлцэж явсан олон хүн мартагдаад байхад энэ хувьсгалын “замын хань” , “дотоод яамны мэдээллэгчид” “хувийн ашиг хонжоо хайгчид” өнөөдөр Монголын ардчиллын үнэт зүйлсийг яаж шороотой хутгачихаад байгаа билээ, дэндүү харамсмаар. Ж.Барамсай агсныхаа мэндэлсэний 70 жилийн ойг тохиолдуулан түүний буурал хань Р.Оюун, охин Б.Хонгорзул нар болон бусад төрөл төрөгсөд найз нөхөдөд нь чин сэтгэлийн мэнд дэвшүүлж сайн сайхныг хүсэн ерөөе.

Ж.Барамсайнхаа тэмдэглэлийн дэвтэртээ үлдээсэн шүлэгээр нь энэ бяцхан дурсамжаа өндөрлөе.

...   Хэрээнүүд минь намайг дар

      Хэдүүлээ ч хамаагүй намайг дар

     Хэтэвчинд минь мөнгө байхгүй

     Хэнхдэгт минь харин зүрх л шатаж байгаа

            Өлөгчингүүд минь намайг дар

            Өс хорслоор буцлаж дар

            Өвөрт минь мөнгө байхгүй

            Өрцөнд минь уяатай зүрх л харин шатаж байгаа

    Харгисууд минь намайг дар

    Хар хилэнгээр намайг дар

    Халаасанд минь мөнгө байхгүй ээ

    Харин цээжинд минь зүрх л шатаж байгаа!... 

СГЗ, сэтгүүлч Г.Жамьян 

Эх сурвалжийн холбоос: http://mongolcom.mn/read/15042

Буцах