Эх сурвалж: Sonin.mn сайтын 2016-03-11 өдрийн нийтлэл


1973.04.01-ны өдөр Спортын төв ордон Монголд анх удаага Инээдмийн баяры өргөн тэмдэглэсэ юм. Тангадын Галсан үсчин хүүхэнд дурлаад халимаг үсээ хусуулсан тухай хошин үгүүллэгээ уншсаны дараа “Багшийн дээдийн Барамсай гэдэг би байна” гэсээр шөвгөр улаан залуу үсрэн гарч ирээд “Орчин үеийн алтан загасны үлгэр” үгүүллэгээ уншиж үзэгчдийн элгийг хөшөөгөөд, дараа нь Шүүмжлэлийн загвар” гэдэг хошин зохиолоо уншиж олны танил болсон юм.
 
Азаар ч гэх үү, тэр тоглолтыг би үзсэндээ одоо ч баярладаг юм. Түүний гэргий Рагчаагийн Оюун “1968 оны намар Багшийн дээд сургуулийн монгол хэлний ангид оюутнууд бүртгүүлээд бужигнаж байтал хар сатинан дээл хөөргөж бүслээд, час улаан зангиа зүүчихсэн, бакиал гутал, хар шляпан малгайтай нэг сүр сархийсэн шөвөлзсөн улаан хүүхэд орж ирээд Барамсай гэж нэрээ бичүүлэхэд нь хачин нэртэй, хачин хувцастай хаашаа янзын хүүхэд вэ гэж жийрхэн бодоод л өнгөрлөө. Одоо бодоход Нацагдорж зохиолчийг л дуурайсан юм билээ. 
 
Тэгээд нөгөө сүр сархийсэн Барамсайтай нэг анги, бүр нэг под группт орж хичээллэж танилцсан. Тэр үед би хоёр салаа гэзэгтэй, түүний минь хочилсноор хомоол шиг бор охин байж билээ” хэмээн дурссан байдаг. Даага унаж, даахины ширэлдээг задалсан шатрын хүү шиг хэвлүүхэн банди далаад оны дундуур Монголын хошин шог зохиолын цогны илч татарсан голомт руу өөрийн өнгө аястай амьсгалаар шуугитал нь үлээсэн хүн бол Жаргалын Барамсай байлаа.
 
Дунд сургуульд байхдаа хайрьн захидал олшруулан банди нарт тарааж байснаа түүний эх зохиогчоор нь сурагч Барамсай тодорч охидын доог тохуу болон манаргаж байсан гэдэг Удалгүй УБДС-ийн хэл уран зохиолын ангид ормогц богино хэлбэрийн шог үгүүллэг бичиж эхэлмэгцээ өөрийнх нь ярьснаар дүрдээ хэт итгээд Гоголь зохиолчийн дүр бүхий тэмдэг олоод зүүчихжээ. 
 
Бас эхнэр Оюунтайгаа Архангай аймгийн Өндөр- Улаан сумын нутаг дахь Бичигт хангайн орой дээр гарчихаад сэтгэл нь ихэд хөдлөн шилийн сайн эр Шилийн богдод тангараг өргөж байгаа юм шиг “Бичигт хангай сонсож бай. Жаргалын Барамсай Монголын утга зохиолд заавал гарна” гэж хашгирсан түүхтэй. Багшийн дээд сургуулийн АСК тэмцээний багийн ахлагч, жүжгийн дугуйлангийн гишүүн, “Учиртай гурван толгой” дуурийн Балганы дүрд хүртэл тоглож байжээ. Дууны секцэнд хүртэл бүртгэлтэй явжээ. 
 
Нэг удаа сургууль дээр нь чөлөөт бөхийн тэмцээн болж, сайн барилдсан оюутныг цэрэгт явуулахгүй гэсэн сургаар мань эр харайгаад орчихжээ. Гэтэл “Монгол хэлний Барамсай болиоч ээ” гэж оюутнууд хашгиралдав гэнэ. Харсан чинь түүний толгойг нэг оюутан сугандаа хавчуулчихсан мань хүн паарнаас зуурчихсан байсан ажээ. Тэгээд яаж ялаад, яаж цэргээс мултарсан нь тодорхойгүй. Эрэгтэй оюутны захиаг Барамсай л бичнэ. Охид хайрын захидлаа бие биедээ уншуулахаар үг үсгийн зөрөөгүй байсан гэдэг.
 
Барамсай зохиолч гал голомтоо асаагаад төвхнөх гэж Улаанбаатарыг бараг бүтэн тойрчихсон юм билээ. Дэнжийн 1000-д гэр бариад анхныхаа үгүүллэгийг улаан тамхины фанеран хайрцаг дээр цаас тавиад бичсэн гэдэг. Тэр нь УГЖ Д.Цэрэндарьзавын уншсан “Гурван охины яриа” гэдэг хошин үгүүллэг юм. Уг нь тэрбээр орчуулагч болно, их мөнгө олно гээд толь бичиг хараад орчуулга хийж байснаа “Ерөөсөө больё оо. Хүн могойнуудын тухай бичнэ. Шог зохиолч болно” гээд уурлачихсан суусан гэж хань Оюун нь дурсдаг.
 
Би 1980 оны дундуур танилцаж, багш шавь боллоо. Хоёр хэвлэлийн хуудас хүрэхгүй шахуу хэдэн шог үгүүллэгийг минь ном болгон хэвлүүлж, Балжирын Догмидтой хамт намайг батлан дааж, сэтгэл зовмоор худлаа магтсаар байгаад 1987 оны аравдугаар сард Зохиолчдын эвлэлд элсүүлж, 371 тоот үнэмлэхийн эзэн болгосон билээ. Багш маань анх зэрвэсхэн харсан хүнд уцаарлангуй, бухимдангуй дүртэй харагдавч өрөвч, нинжин сэтгэлтэй, нийгэмд болж буй буруу, бохир, үл бүтэх, бэртэгчин үзэгдлүүдийг яг өөрт нь тохиолдсон юм шиг хүндээр хүлээж авдаг, дотоод шаталтын хөдөлгүүр нь байнга ажилладаг, бас орчин тойрондоо хөөр хөгжөөн, инээд наргиан түргэн зуур бий болгож чадна. 
 
Гуниг, баяр хоёрт амархан хувирдаг сонин араншинтай нэгэн байж билээ. Тэр нь түүний зохиол бүтээлд нь илт ажиглагдана. Яг л уул тайгын улангассан улаан түймэрт хөөгдөж яваа гал улаан үнэг шиг санагддаг сан. Нэг хэсэг бүтээл нь цаг үеийн гажуудал, алдаа завхрал, бузар булайг үзэн ядаж, илчлэн шоолсон байхад зонхилох бүтээлдээ хүний амьдралын элдэв явдал, авир араншинг хөгжөөнтэйгөөр маажин шоглож, элэг хөшөөм үнэхээр инээдэмтэигээр хошигносон нь зөндөө бий.
 
“Миний хэдэн халтар үгүүллэгүүд уншигчдын таашаалд нийцэж, овоо цэгцэрч байтал үзэл суртал номлогчид хэл амаа таталж, ад шоо үзэж, зохиол бүтээлээс маань өөрсдийгөө эрж мунгинаж эхэлсэн. Тэр үед үзэг нэгт нөхөд маань сэтгэл санааны дэм, бүтээх урам хайрласны хүчинд би өдий дайны зохиолч болсон” гэдэг. Тухайлбал Балжирын Догмид Дорноговиос зориуд ирж уулзаж “Чамайг буудахгүй бол дийлэхгүй нь” гэж хошигносон байхад Цэвэгийн Байды зураач дурсахдаа “Барамсай амьдрал, уран бүтээл дээр аливааг гүйцээх гэж адгаж, яаран гялалзсан хаа ч гэсэн шуугиж шаагиж явдаг ассан галын улаан дөл шиг харагддаг юм.
 
Түүний "Үхэр бол амьд амьтан мөн”, “Алтан загасны үлгэр” зэрэг үгүүллэгийг уншсан академич хүртэл эгдүүцэн дургүйцэж дээш нь матсан байдаг. Намайг ажлаас нь халагдсаных нь даруйд очиход “Михайлд нэг бодол бий дээ” гээд сууж байв. Би залуу байсан болохоор цус хөөрч “Барамсай бол миний нөхөр Бардамналгүй та түүний өмнө сөхөр” гэж шүлгэрхүү юм бичиж өгч байлаа” гэжээ. Одоо Бодоход Барамсай багш бахархмаар, сөхөрмөөр, биширмээр олон сайхан зохиол бичсэн дээ. Түүний зохиолууд ямагт халуун цочмог хөдөлгөөнтэй, хурц яруу хэллэгтэй, аливааг шууд оноосон шүүмжлэлтэй, олон талт санааг базаж нэгтгэснээрээ онцлогтой. 
 
Зарим нь бүр уйлах багадах, үхэх ихдэх, улайснаа уурламаар, уурласнаа багтармаар, багтарснаа бөглөрмөөр үнэмшилтэй хорон, хоржоонтой байдаг нь олзуурхмаар байдаг сан. Барамсай багшийн уран бүтээлийн өв санд 1000 гаруй зохиол бүтээл буюу хошин шогийн 12 ном, хэдэн арван кино, жүжиг байгаагийн зэрэгцээ олон зуун тэмдэглэл нийтлэл буй. Төрийн хошой шагналт Донровын Намдаг гуай “Энэ хүү л жүжиг бичих байх” гэж Соёлын гавьяат зүтгэлтэн Х.Зандраабайдий гуайд хэлж байсан гэдэг. 
 
1970 оны үест хошин шог зохиолын төрөлд Цэндийн Доржготов манлайлж, Шагдайн Цэнд-Аюуш, Ишдоржийн Цэрэнжамц нарын цөөн зохиолч тодорсны нэг нь Жаргалын Барамсай юм. Тэд одоо бүгд төрийн шагналтан, Соёлын гавьяат зүтгэлтэн болцгоожээ. Магадгүй уран бүтээлээрээ ард түмэндээ дэндүү танил дотно байснаараа тэрбээр XX зууны шилдэг шог зохиолч байхад гайхах зүйлгүй биз ээ. 
 
 
Барамсай нь цаг үеийн алдаа гажуудал, элдэв солиорол балайрал, худал хуурмагийг зоригтой илчилж, бас шоглосныхоо шанг чамгүй хүртэж, намаасаа шийтгэл хүлээж, хэвлэн нийтлэх эрхээ олон жилээр хасуулж явсан ч мохож цуцаж, халширч халиралгүй бичиж туурвисаар яваад үзгээ амраасан эр зоригтон билээ. Авьяасаас гадна сэтгүүлч хүнд эр зориг гэж лут чухал үнэт зүйл байдаг. 
 
Чухам тэр чанарууд нь хосолсон Монголын цөөхөн сэтгүүлчдийн нэг нь шог зохиолч Жаргалын Барамсай байсан юм. Тэрбээр нэгэнтээ “Үнэний төлөө үрэгдэх биетийг хүн гэнэ” хэмээн бичсэн байдаг.Үнэхээр ч үнэний төлөө өөрийгөө үрсэн дээ гэх уншигчид, үзэг нэгтнүүд нь олон тааралддаг юм шүү. Барамсай ардчилсан шударга ёсны төлөө тэмцэж, нийгмийн ялзрал, цаг үеийн бузар булайг илчилж, дээдсийг чичрээн, олон түмнийг шуугиулсан гайхалтай нийтлэлүүд бичиж, зовж зүдэрч хэлмэгдэж хэмлүүлсэн үй олон хүний төлөө тэмцэж явсныг түүх мартах учиргүй юм сан. 
 
Түүний “Шорон дотроос өшөө авагчид байдаг юм биш биз”, “Далд бухимдлаа ил хэлэхэд” хэмээх алдарт нийтлэлүүд нь нийгмийг сэрээж, “Үнэн” сонин авах гэсэн уншигчдын дараалал Төв шуудангийн гадаа гудамжинд гарч байлаа. Монголын хэвлэлийн түүхэнд ийм урт дараалал хэзээ ч гарч байгаагүй юм. Энэ бүхэнд сониныхоо нүүрий харамгүй, зоригтой зориулсан Л.Түдэв гуайн гавьяа, оролцоог бас мартаж боломгүй санагддаг. Энэхүү нийтлэлийн дараа Цэндсүрэн, Чимэдбалдирмаа, Буджав гээд олон хүн нарснаас наранд гарч эрх чөлөөтэй болсон. Түүнд ирсэн 1000 гаруй талархпын захидлыг шавь хэмээгчийн хувьд би эмхпэн цэгцэлж өгсөн билээ. Энэ үй олон талархлын зэрэгцээ Барамсай зохиолч энэхүү шударга нийтлэлийнхээ золиосонд байрныхаа цонхыг хагалуулж, үл таних этгээд утас шөрмөсөөр занаж, гудамжинд заамдуулж, арга буюу “Өргөө” кинотеатрын баруун талын байрнаас нүүж Соёл урлагийнхны байр гэгдэх Бөхийн өргөөний зүүн талын гурван өндрийн дундахад нь нүүж буйраа сэлгэж байсан юм. 
 
Сэтгүүлч, бас тэгээд шог зохиолч хүнд эвлэрэх нийгэм гэж байх ёсгүй гэсэн зарчмыг зохиолч Барамсай тууштай хамгаалж, амьдралын үзэл санааны туг гэж ойлгодог байв. Тэрбээр хүмүүсийг ялгаварлан үздэггүй, хүн чанарыг олж харж чаддаг, зөвхөн хүний төлөө явж аливааг зөв тунгаадаг хүн байсны нэг жишээ нь өөрийнхөө бичиж, бас илчилсэн олон арван хүнийг хэлмэгдүүлсэн Мягмар тэргүүтэй хүмүүсийг шүүсэн шүүх хурал дээр, тэр дундаа цаг үеийн золиос болсон нэгэн эмэгтэйг яллах гээгүй юм шүү, зөвхөн үнэнийг л олох гэсэн юм хэмээн мэдэгдэж байснаар тайлбарлагдана.
 
Монголын нэр цуутай бүх уран бүтээлч түүний найз нөхөд байв. “Намайг Монголын гурван хүн тутмын нэг нь танина” хэмээн онгирох тэрээр гудамжинд явахдаа сумын наадам дээр яваа юм шиг алдартнаас авахуулаад архичин хүртэл янз бүрийн хүмүүстэй уулзаад удтал яриад зогсчихдог сон. Өвөл цагт бол осгоож мэдэхээр аяг зан гаргана. Тэр олон хүнтэй ихэвчлэн уран бүтээл, ажил амьдрал, жаргал зовлон ярина. Тэр бүхэн хэд хоногийн дараа уран бүтээл болоод амилчихна. Зохиол бүтээлээ голдуу шууд бичгийн машинаар тачигнуулна. 
 
“Та ийм муухай бичигтэй болохоор энэ ч зөв байх” гэхэд “Маркс, Ленин хоёрын бичгийг зөвхөн эхнэрүүд нь л арай ядан уншдаг байсан юм” гэж томрох энүүхэнд. Барамсай зохиолчийн тархины лабораторт олон шинэ санаа, зохиол бүрэлдэж байв. Онц сонирхолтой олон ангит адал явдлын кино, түүхт хэд хэдэн кино цаасан дээр буухад бэлэн болж, “Хүний хорвоо” гэсэн уянгын атлаа ялимгүй эмгэнэлт зохиолын төлөвлөгөө хэдийнээ бэлэн болчихсон байв. 
 
Бурхан болсхынхоо өмнө бүх шог зохиолч, зураачийн бүтээлийг нэгтгэсэн “Улаанбаатар инээмсэглэж байна” гэсэн 16 нүүр сонинг Соёлын гавьяат зүтгэлтэн Ү.Хүрэлбаатартай хамтран гаргасан юм. Тэр Монголын хошин зохиолын хойч үед ихээхэн анхаарч байв. “Намын дээд сургуулийн төмрийн хог дотроос нэг алт олж ирлээ" гэж Бавуугийн Лхагвасүрэн найрагчид олзуурхан ярьсан нь шог зохиолч Мажаагийн Дэмчиг байсан юм. М.Дэмчигсайн шог зохиолч төдийгүй хүн чанарын дээд байсан юм. Зохиолчдын хороо тарж бутраад, хөндий хүйтэн хонгил болоход Дэмчиг маань тэр айлын галыг манаж, дулаанаар тасралтгүй хангасан юм. 
 
Энэ бол Барамсайн хүний чанар, авьяасыг таних билгийн нүдний нотолгоо юм. Тийм ч учраас Загдын Түмэнжаргалын санаачлагаар Дэмчигт МЗЭ-ийн шагнал хүртээсэн юм. Барамсай багш маань “Цус шиг ч юм аа даа. Үгүүллэгийнхээ хамаг сайхан санаа, оновчтой үгийг торгон мэдрэмжтэйгээ М.Дэмчиг, Ш.Г алсанбаатар, Б.Мушка /Баасанжав/, М.Чимэдцэрэн нарт мөлжүүлчих юм” гэдэг сэн. Үнэн байсан. Эхлэн бичиж эхлэхдээ бид Барамсай зохиолчийг даган дуурайж гарч ирсэн нь маргашгүй.
 
1997.05.10-ны хагас сайн өдөр буюу таалал болохынхоо өмнөх өдөр нь Барамсай багш маань надтай тааралдаад“Хөөш, нөхөр минь, Баянтунгалаг та хоёр улсын заануудад зориулсан элэглэл хийнэ шүү” гэж тушаалаа. Бид сүүлчийн даалгаврыг ёсоор нь гүйцэтгэсэн билээ. Одоо бодоход ганц нэг лонхны ёроол хамт харсныг эс тооцвол бас ч чамлалттай юм их байх юм. Хошин, шог гэдэг хоёр үгний утга ялгааг асууж чадаагүй л юм даа. Тэр үед 49-хөн настай байлаа. Амьд сэрүүн байсан бол өнөөдөр 65-хан настай байх байж дээ. Тэр хүний эгэл даруухан хөшөө 1000 ламыг жанчилсан дагшин орон Самбалхүндэвт бий. Баруун зүгийн хүн болохоороо хөх усан Сэлбийг гаталгаад тэнд нутаглуулбал сайн гэж зурхайн судар, шооны нүдэнд буусан юм билээ. Хорвоогийн нарыг өдөржингөө дагаж цайвалзан харагдах цагаан гантиг хөшөөн дээр “Энэ орчлонд би эхийн цагаан сүүнээс бусдыг шоолно” гэсэн зохиолчийн алдарт онч мэргэн үг дурайж байгаа даа.
 
2015.12.12.
Улаанбаатар хот
 
Шог зохиолч
Ш.Галсанбаатар
 
Эх сурвалжийн холбоос: https://sonin.mn/news/peconomy/58573
 
Буцах