БНМАУ-ын Ардын Зураач, УГЗ, Маршал Чойбалсангийн нэрэмжит шагналт Монголын театрын анхны мэргэжлийн зураач Лувсангийн Гаваа нь Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Шар тойром гэдэг газар 1920 онд төрсөн.
Тэрээр ах Борынхоо гар дээр 8 нас хүртлээ бойжиж, эхээсээ ахтайгаа хоёул өнчирч сайн санаат хүмүүсийн дэмжлэгээр Улаанбаатар хотод иржээ. Хотод ирээд 1928 онд Цэргийн бага сургуульд орж нас бага учир 1929 онд Үлгэр жишээ дунд сургуульд шилжин сурчээ. Тэрээр Д.Сүхбаатарын хөшөөг бүтээхээр ирсэн Оросын мэргэжилтэн И.Померанцев багшаар зураг зурахыг заалгажээ. И.Померанцев нь Гавааг Хэвлэх үйлдвэрт Марзан Шаравын туслахаар ажиллаж байхад нь өөрийн дагалдангаар 13 настайд нь авсан гэдэг.
Л.Гаваа 1934 онд Багшийн сургуулийн үүдэнд төмөр утасны модон дээр наасан зарлалын дагуу Багшийн сургуулийн сурагчдын “Зургийн үзэсгэлэн”-г үзэх гэж гол хаалгаар сэм орж олон сонирхолтой зураг үзэж явтал танил Д.Чойдогийн хөргийг хүрэн ягаан бэхээр сүүдэрлүүлэн зурсныг харж маш гайхан улмаар өөрийнхөө зургуудыг хар, хөх бэхээр сүүдэрлүүлэн дуурайж зурдаг байжээ.
1943 онд Зураг урлалын газрын дарга Д. Чойдог Гавааг Намхайцэрэнтэй хамт томилолтоор Хөвсгөл аймагт явуулжээ. Ингээд Гаваа Хөвсгөл далайг хойд талаас нь харж салхилсан байдалтай зурсан “Хөвсгөл” хэмээх судалбарыг нь Д. Чойдог сайн болж хэмээн дүгнээд “Цаатан” гэдэг тосон будгийн зургийг нь засваргүйгээр үзэсгэлэнд тавьж байжээ. 1944 онд Б. Ринчен, Ю.В Тарич нарын зохиосон “Цогт тайж” хэмээх түүхийн том кинонд Л.Гаваа мэргэжлийн дагуу тайз чимэглэл болон бусад зүйлийг зурсан юм.
1950 онд Л. Гаваа Ленинград хотын Репиний нэрэмжит Уран зургийн академид суралцаж байхдаа К.И.Померанцев багшийнхаа зурсан зураг, түүний гэргий барималч В.И Шаршуны баримлуудыг ар гэрийнхнээс нь худалдан авах тухай жагсаалт гаргаж, Москва дахь манай ЭСЯ-аар дамжуулан тавьсан хүсэлтийг нь Д.Чойдог дэмжиж дээрх бүтээлүүдийг авсан нь манай архивт хадгалагдаж байдаг юм. Д. Чойдог улмаар багш К.И Померанцевын уран бүтээлийн томоохон үзэсгэлэнг 1955 оны 12-р сард Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд гарахад нээлтэнд нь Л.Гаваагийн хэлэх үгийг Д.Чойдог өөрийн биеэр хянаж зөвлөж байжээ. Д. Чойдог уран зургийн ур чадварын талаар хэлэхдээ “Бийрээр зурсан мөр тэмдэг буюу будалт бичлэгийн аясыг хэн ч мэдэхийн аргагүй болтол нарийн чадварлаг зурахыг хичээж бай” гэж ярьдаг байсан байна. “Орчин тойрноо үргэлж судалж, их ажигч бай. Харсан мэдсэнээ яг тогтоож, цээжтэй зураач бол, цаг үргэлжийн оролдлогоор хөдөлмөр бүтээлийн дээдэд хүрэх хэрэгтэй” гэж захьдаг байв.
Амьдралынхаа сүүлийн жилүүдэд Л.Гаваа Театрын музейг байгуулах ажилд Д.Гүрдорж, эрдэмтэн Э. Оюун нарын хамт хичээн зүтгэж ажилласан байна. Өөрийн хүсч мөрөөдөж явсан Театрын музейнхээ нээлтийг үзэж чадаагүй ч түүний үйлсийг үргэлжлүүлэн хамтрагчид нь 1991 оны гуравдугаар сарын 28-нд Олон улсын театрын өдрөөр нээсэн юм. Л.Гаваагийн Монголын урлагт оруулсан нөр их хөдөлмөрийг үнэлж Соёл урлагийн хөгжлийн хорооны шийдвэрээр “Гаваагийн өвийг хамгаалах комисс”-ыг Ардын зураач Н.Цүлтэмээр удирдуулан байгуулж, энэ комиссын цаашдын үйл ажиллагааг охин Туул нь хариуцан, Театрын музейн дэргэд ажиллаж байжээ.
1940 оноос Улсын Төв Театрт Н.Н.Бельскийн дагалдан зураачаар орж, 1952 онд Ленинград хотын И.Е.Репиний нэрэмжит уран зургийн академийг театрын тайз заслын зураач мэргэжлээр төгссөн. 1938 оноос 1991 он хүртэл УТТ, ХДТ, ДБЭТ-т зураач, ерөнхий зураачаар ажиллаж олон бүтээл туурвисан.
АЖИЛЛАСАН УРАН БҮТЭЭЛҮҮД
Дуурь:
- Б.Дамдинсүрэн "Учиртай гурван толгой" 1941,1953 онд
- А.Даргомыжский "Лусын дагина" 1964 онд
- Дж.Пуччини "Чио Чио Сан" 1967 онд
- Б.Дамдинсүрэн "Мартагдашгүй 42 хоног" 1974 онд
- Л.Мөрдорж "Жаргал" 1978 онд
- Дж.Верди “Отелло” 1978 онд
- Б.Асафьев "Бахчисарайн оргилолт булаг" 1956, 1976 онд
- Л.Мөрдорж “Хөхөө Намжил” 1960 он зэрэг дууриуд,
Балет:
- Г.Жамъян “Манай нэгдлийнхэн" 1953 онд
- Н.Римский Корсаков "Шехерезада" 1963 онд
- Э.Чойдог "Шарилжин дундах цэцэг" 1963, 1975 онд
- Б.Дамдинсүрэн "Нуурын домог" 1968 онд
- Ж.Мэнд-Амар “Үйлийн гурван толгой” 1987 зэрэг балетын ерөнхий зураачаар,
Кино:
- "Аймшиггүй эх оронч" (1942)
- "Сүхбаатар" (1942)
- "Хил дээр болсон хэрэг" (1942)
- "Цогт тайж" (1945)
- "Бидэнд юу саад болж байна" (1956)
- "Морьтой ч болоосой" (1959)
- Уран зураг:
- Цаатан (зотон тос, 1939 он)
- Цэцэг нуур
Гавьяа шагнал:
- 1946 онд БНМАУ-ын Маршал Чойбалсангийн нэрэмжит шагнал /Төрийн шагнал/
- 1956 онд БНМАУ-ын УГЗ
- 1975 онд БНМАУ-ын Ардын Зураач цол хүртсэн.
1991 оны 7 сарын 23-нд 71 насандаа тэнгэрт дэвшжээ.