Эх сурвалж: Mongoliin uran zurag sonirhogchid page
Алтайн мөнх цаст сүрлэг уулс манан татаад дүнхийх ч зун цаг ирж хүн малын нуруу тэнийж байгаа харагдана. Энэ бол Ардын зураач Л.Гаваа гуайн “Алтайн уулс” хэмээх бүтээл. Монголын орчин үеийн уран зурагт байгаль дэлхийг зурсан мэт буулгасан бүтээлүүдийн эхийг Л.Гаваа хэмээх эрхэм тавьсан гэж үздэг. Бодит сэтгэлгээний байгалийн зургийн томоохон төлөөлөл, бас үнэт дурсгал болсон зураг бол Алтайн уулс гэдгийг урлаг судлаачид нэгэн дуугаар хүлээн зөвшөөрдөг.
Цөн түржээ. Голын эрэг дэх шугуйн бургаснууд нар өөд тэмүүлэн хавар ирснийг илтгэнэ. Ай даа, миний нутгийн хавар хэмээн аргагүй л дуу алдам энэ бүтээлийг “Орхоны хавар” гэж нэрлэжээ. Зураач Ц.Жамсрангийн энэ мэт олон сайхан бүтээл галерейн алтан сан хөмрөгт хадгалагддаг юм билээ.Түүний бүтээл нь зохиомж, өнгө будгийн хувьд ч тэр орчин үеийн Монголын гэрэл зургийн хөгжилд нөлөөлсөн хэмээн мэргэжлийнхэн үнэлдэг билээ.
1950-1960-аад оны үед Монголын уран зураг нэг өнгө хэвэнд баригдлаа гэх шүүмжлэл ширүүсч байх үед орж ирсэн Ардын зураач Б.Чогсом хурц тод өнгө бичилтээрээ өөрийн эрхгүй ялгарчээ. Байгалийн болоод аж байдлын сэдэвт уран зурагт шинэчлэл хийж гарч ирсэн хэмээн түүнийг үнэлдэг. 1968 онд бүтээсэн “Говийн дуун” бол түүний хамгийн алдартай бүтээлийн нэг юм. Тэрээр тухайн үедээ бодит сэтгэлгээнээс ангижирч хийсвэр сэтгэлгээ буюу хөрөнгөтний нийгмийн бүтээл туурвиж байна хэмээн хэлмэгдсэн байдаг. “Говийн дуун” зургийг харахаар говьд байдаг бил үү гэж өөрийн эрхгүй бодмоор тийм хурц тод өнгөнүүд, хөнхөр зохиомжоор говийн байгалийн үзэмжийг харуулснаараа үнэхээр гайхалтай юм. Говьд бүх зүйл байгаа гэдгийг өгүүлэхийн ялдамд дүрүүд үйл явдлыг бий болгосон аж. Түүний өөр нэг зураг. Бидний танил “Тайхар чулуу” намын үзэл суртлыг гаргаж, анхны ниссэн онгоцны утаат замыг дүрсэлсэн ч бас л хурц тод өнгөнүүд өвөрмөц өнцөгтүүд байгаа юм. Энэ бол тухайн үедээ байгалийн зурагт жинхэнэ шинэчлэл болсон гэдэг.
Эх сурвалжийн холбоос: ҮЗЭХ