Эх сурвалж: Sonin.mn сайтын 2021-05-18 өдрийн нийтлэл
Төрийн шагналт, Ардын зураач Лувсангийн Гаваагийн 100 жилийд ойд зориулав.
ГАВАА БАГШИЙН ХИЧЭЭЛ, ДААЛГАВАР
Бид УБДС-ийн (одоогийн МУБИС) Театр киноны зураачийн анги. Анги ангидаа бүр энэ чиглэлээр Монголд төгсгөсөн цор ганц. Манай анги голдуу Дуурь бүжгийн театрын дээд давхрын том танхимд хичээллэнэ. Тэгээд шинэ тавих болоод дахин тавигдах дуурь балетын задник /арын том фон зураг/-аас эхлээд тайзны урлалын бүх зүйлс явагдана. Бусад хичээл УБДС дээр орно. Театр киноны энэхүү тусгай ангийн багш нар гэвэл тэр үеийн алтан үеийн алдар цуутнууд. Ардын зураач Г.Одон, Л.Гаваа, Ц.Доржпалам, Д.Гүрдорж, Л.Шийтэр, С.Дашдондог, Г.Баяр гээд л нэр цуутай сүрхий эрдэмтэн багш нар. Бид задник энээ тэрээ зураг дэлгээгүй үед мольберт (зургийн тавиураа) тавьж хичээлдээ орно. Гаваа багш, нэг задник зурах ажил давхардаж байгаа болтой, биднээр асар том даавуу зотонгоо дэлгүүлээд янз бүрийн өнгийн анилин /будаг/ том хувинд хийгээд багс бийрээ дүрж зургаа зурангаа хичээл хийх нь ч бий. Энгийн хичээлээ мэдээж сургууль дээрээ явуулна. Гаваа багш Монголын хуучин, шинэ үеийн театрын түүх, хувцасны түүхийн хичээл орж байв.
1979 оны 12 дугаар сарын 1-ний нэг хичээлийн тэмдэглэлийг сөхвөл: Гаваа багш "Монголд хээрийн театр байсан. Монголын анхны жүжиг уул усандаа шууд зохицуулагдаж жүжиг дуугаа дуулж байсан. Ямар ч том бүтээлийг ямар ч жижиг тайзан дээр тавьж болдог" гэнэ. Театр гэхээр л Померанцев багшаа ярина. “Би 13 настайгаасаа энэ багшийг даган театрын хүн болж бийр будаг нийлүүлсэн хүн. Театрын урлаг гэдэг бол нэг талдаа богино настай. Энэ нь тухайн зураачийн ур чадпаас шалтгаална. Померанцев багш маань “Монгол хүү” / Монголын хүү/ кино, Лопе девегийн Хонины булаг жүжиг, (найруулагч В.А.Борейшо) “Скапений дамшиглал”, Хоёр эзний нэг зарц” жүжгүүдийн тайз заслыг хийсэн. Би эдгээр жүжиг киноны туслах зураачаар ажилласан. Туслах гэдэг маань багшийн хэлснийг л зурна гэсэн үг. Би театраар өсч хүмүүжсэн. Театр гэвэл миний эх эцэг л болсон. Уран сайхныг өөрсдийн биеэр үүсгэн бий болгосон. Энэ үйл ажиллагааны дунд л би өсч хүмүүжсэн. Цэнгэлдэх хүрээлэнгийн барилга. Энд хувьсгалт уран сайхны үйл ажиллагаа явуулж байсан. Байсан ч юу байхав эхэлсэн. 1931 онд Улсын төв театрыг зохион байгуулж мэргэжлийн театр бий болсон. Мэргэжилтэн багш Ефримов гуай ирсэн. Энэ хүн театр бүрэлдэн тогтох суурь үндсийг тавилцсан. 1931 онд “Үнэн” жүжгээр баярын хөшгөө нээсэн. Театр гэдэг том нэрээрээ илтгэн гаргасан. “Үнэн” жүжиг бүх талаараа мэргэжпийн талаар тавигдсан. Зураач Померанцев багш зургийг хийсэн. Заслыг нь сайн санаж байна. Тайзны нэг дээд талд Очирваань гэдэг догшин дүрт бурхны наана Гамингийн генерал суучихсан, ардуудын нүдийг шар даавуугаар боочихсон. Энэ нь ард олны оюун билгийг шарын шашны бурангуй үзлээр хааж байна гэснийг харуулж байна. Үүнийг мэднэ. Хожим бодоход энэ нь амьд фантамимо харагдана. Зөвлөлт орос, монгол цэргүүд гарч ирээд шар, хар, феодалуудыг зайлуулж байгаа нөгөө ардуудын нүдийг боосон шар даавууг авч Савилов гэдэг хүн тайзан дээр байгаа өндөр шатыг тэгш бариад булан руу гүйчихнэ. Тэр ч гэсэн мэргэжил юм. Энэ бол манай анхны реалист чиглэлийн жүжиг болно” хэмээн өгүүлнэ.
Нэг удаа хичээл дээр Гаваа багш дээл хувцасны тухай ярив. Эхлээд нэн эртний дээлээс эхлээд хар хүний, охид эмэгтэйчүүд, лам хүний дээлийн тухай ярьсан санагдана. Нөхөрт гарсан эмэгтэй хүн уужтай байна, түнтгэр мөртэй дээл өмсөж үсээ хоёр салаалан сүлжинэ. Нөхөрт гараагүй охид бүсгүйчүүд дээл хантааз өмсөн тоорцог тавина. Эдүгээ бүгд үгүй болсон.
Хуучин угсаатны зүй, ёсыг театрын зураач хүн их судалсан байх ёстой. Та нар сургуулиа төгсөөд аймаг аймаггаа очоод театрын зураач хийнэ. Тэнд чинь хэлээд өгөх багш ховор. Хуучин зан заншил ёс зүй, хувцас хунараа мэддэг ахмад хүмүүс та нарын багш болно.
Малгайн нугалаа ширээ гэхэд гучин хоёр байх ёстой. Малгайн ар талын задгай омог бол манжийн эзэрхийллийг зад татна гэсэн учир бэлгэдэлтэй. Монгол хүн дээл, хувцас, малгай, гутал бүхэндээ өнгө зохицлоороо дамжуулж бэлгэдэл шингээсэн нь их. Тэр бүх зан үйлийг Монголын бүх ястан үндэстний зан үйлийг хувцсандаа хэрхэн шингээхийг нэгд нэгэнгүй мэдэж авахгүй бол чи амьдрал дээр гараад дандаа орчин үеийн энэ цагийн жүжиг тавиад байхгүй байх. Төгсөөд очих аймаг аймгийнхаа ястан үндэстний түүхийг судлах ёстой. Ховдын Амгалан гэж сайн зураач байна. Яг түүн шиг. Хичээл тарах үед Гаваа багш чи байж бай гэж намайг суулгав. Оюутнууд ч гараад явчихав. Гаваа багш миний урд ирж суугаад “Чи чинь Хэнтийнх байх аа", -Тийм ээ багш аа. “Дараа амралтаараа харих уу”, -харина. “Чи голдуу юу зурах вэ” -Морь л зурдаг даа, “Танай Өндөрхааны гудамж бүүр хуучин байшин барилгаа хараахан буулгаагүй байгаа. Одоогийнхоор бол төв гудамж нь юм даа. Тэнд ямар ямар байшин байгааг мэдэх үү”. -Хүмүүсийн ярьдгаар одоо гэрэл зургийн газар байгаа нэг давхар дүнзэн байшин бий. Түүний цаана ч бас л тийм хуучин байшин байх шиг гэлээ. -За багш нь чамд нэг даалгавар өгнө. Энэ бол чамайг ямархуу засал зураач болохыг хэлээд өгнө. Хүмүүс заслал чимэглэл гэж буруу яриад байгаа юм. (заслал биш засал юм шүү гэж сануулав) Чи этюдникээ (зургийн хайрцаг) үүрч яваад Өндөрхааныхаа гудамжийг хэд хэд зураад ирээрэй гэлээ. За ойлголоо багш аа гэв.
Би амралтаараа Өндөрхаандаа очоод этюдникээ үүрээд аймгийн гудамжаар алхлаа нэг газар очоод этюдникээ буулгаж хуучин гудамжаа зурж эхэлтэл манай нэг найз тааралдаад: Чи чинь юу хийж байгаа юм. Энэ муусайн хуучны хэрэггүй хэзээ мөдгүй нурах гэж байгаа байшин зураад суудаг ёстой зураач зураач гэхлээр сахлаа будав гэгч болж байна уу. Чи чинь хөдөө гарч ажаагийнхаа морьдыг зурж суух нь хийморьтой биш үү гэж миний сэтгэлийг тэрүүхэн тэнд урвуулчихав. Амралт дуусаад хичээл эхлэв. Гаваа багшийн хичээл эхлэх үед Саруулбуян чамд би ямар даалгавар өглөө, багш аа би! гэж толгойгоо маажив. Гаваа багш: -Чи театрын зураач болохгүй хүн шиг байна. Морио л зур гээд хичээлээ зааж эхэлсэн. Би тэр өдрөөс хойш Гаваа багшийнхаа даалгаврыг биелүүлж амжаагүйдээ үргэлжид санаа зовж явдаг байлаа.
Сургууль төгссөнийхөө дараахан Өндөрхаандаа мөнөөх гудамжийг зурж Гаваа багшийн даалгаврыг биелүүлж сэтгэлээ амраая гээд зургийн хэрэгслээ аваад очлоо. Хуучин гудамж тэр чигээрээ үгүй болж шинэ барилгууд барьчихжээ. МРТУХороо гэдэг том газар сэтгүүлч болчихсон данхалзаж явахад тэртээ тавиад онд Ванганы “Эмч нар” жүжгийн гол дүр Бүрнээ эмчид анх тоглосон нэвтрүүлэгч Балжир эгч нэгэнтээ: Би Гаваа гуайгаас “Эмч нар” жүжгийн нэг либретто /зохиолын үг танилцуулга/ гуйж авахаар ярьсан юмсан хожим дурсгалтай байх гэж бодоод. Би ямар олон жүжигт тоглосон биш. Тэр жүжгийн танилцуулга их өвөрмөц Гаваа гуайн зурсан Өндөрхааны гудамж байх шиг байдаг юм. Танай Өндөрхааных байхдаа гэж билээ. Өндөрхааны алин цагийн хуучин гудамжийг Гаваа гуай хэзээ ч юм бэ? зурчихсан түүнээсээ мөнөөх “Эмч нар” жүжигтээ оруулснаа хожим сүүлд тэр гудамжийг нэхэн санаж надад даалгавар өгсөн нь тэр байж. Миний багш нарынхаа даалгаврыг биелүүлж чадаагүй нэг биш даалгаврын нэг нь тэр байжээ хөөрхий.
ӨНДӨР АЛТАЙН ТУУЛЬС ХИЙГЭЭД ЦАСАН ДУУЛГАТ ТОРГУУД
Алтайг оюунт хүмүүн Алтай гэж хэдэн зуунаар алдаршуулан дуулаагүй бол эгэл уулсаас юуны өөр билээ. Өвдөг сөгдөм гуа үзэсгэлэнг нь магтаагүй бол хэн “гоёхон буурал Алтай" гэж шагшихсан билээ. Хэдэн жилийн өмнө нэгэн өвөл Алтай дээгүүр нисч явахдаа иймэрхүү л зүйл бодож явсансан. Цасан хуягт Алтайн сүр жавхаа Л.Гаваагийн “Алтайн уулс”-ын өмсгөл сольсон дүрээр сэтгэлд бууснаас тэр. Л.Гаваа гэхлээр орчин үеийн Монголын дүрслэх урлагт өндөр Алтайн дайтай зураач. Алтай сайхан, Алтай өндөр гэхээс илүүгээр Гаваа, Алтайн уулсын яруу сайхныг өнгө зохируулан давтагдашгүй үзэсгэлэнг нь нээж гоо сайхны илүү сүрлэг яруу, илүү өндөр оргил босгожээ гэмээр. Алтайн их уулсад оргил нь олон, жалга судаг, анаг хавцал, ян сарьдаг олон, тэр бүгд нэр устай ч Гаваагийн гоо сайхны өндөр оргил тусдаа буй мэт. Хэрвээ гоо сайхныгхүн байгаль хүлцэж зөвшөөрөх болбол “Алтай" даяараа Гаваад “сөгдөхөөс” аргагүй. Ховд, Баян-Өлгий аймагт ажиллахдаа “Алтайн” дууг сэтгэлээсээ сонсож мэдрэн, “Сайн байна уу. Гоёхон буурал Алтай минь” гэж гүнзгий мэхийн сөгдсөн билээ. Ховд, Баян-Өлгий аймгуудаар шинэ тутам байгуулагдсан соёлын орднуудад ажиллаж шинэ концерт, жүжгийн тайз чимэглэл зурах үед, Баян-Өлгийн Соёлын ордны тайз чимэглэлд зориулан Алтайн тухай томруухан зураг зурах захиалга авсан нь, хэзээ нэгэн цагт Алтайгаа зурахсан, бараа дүрийг нь харж бараалхахсан гэдэг дотоод сэтгэл бодолд нь гэрэл асаах шиг болжээ. Алтайдаа золгон очив. Дахиад ч очив. Алтайгаа ч өчнөөн өчнөөнөөр зурав.
Л.Гаваа “Алтайн уулсаа” зурсан түүхээ ярихдаа: -Би Алтайгаа зурж байхдаа
Алтай Хянганы завсар нутаг даяар
Ариун Хэрлэн Сэлэнгийн саваар... гээд л амандаа үргэлжид үглэн дуулж байлаа. Сүүлд “Алтай”-гаа харах бүртээ нөгөө дуугаа санадаг юм. Ч.Чимидийн бичсэн энэ сайхан дэлгэр их цараалаг дуу миний Алтайн эх нь аргагүй мөн шүү. “Алтайн уулс” зургийн минь хөг хөгжим өнгө зохирол аандаа буй болж байсан. Гаваа, сэтгэлийн минь Алтай ийн өндөрт хүрсний нууц юунд байна вэ? гэж өөрийн дотоод сэтгэлгээний Алтайгаа жинхэнэ Алтайтай жишиж үзнэ. Би Алтайгаа сэтгэлдээ бол аль эрт зуржээ. Алтайд зорчсон тэр завшаант үед Алтай зураачийн элэнц хуланцын танил дүрээр “дүүрэн дүнхийн” угтав. Өөрийн эрхгүй сөгдөн мөргөж залбирсан. Алсаас машинаар очоод, даваа гүвээ, жалга судгаар нь мориор явж хавцал хад асганд нь мөлхөн авирч мацан бүр нэг аавынхаа өвөр дээр эрхлэн тарвалзах шиг жаргаж явахад Чимэд шүлгээ уншиж зураг зурахыг минь зааж өгч байгаа юм шиг санагдана гэж зураач өгүүлж билээ. “Алтайн уулс” туульсын тэрхүү том бүтээл тэр нэгэн жил оюун эрчлэн хөглөгдөж бууж зураачийн сэтгэлийг эзэмдэн онгодын од гялалзан бадарч билээ. “Алтайн уулс” бүтээл Монголдоо ихэд үнэлэгдээд зогсоогүй 1958 онд Москва хотноо зохиогдсон социалист орнуудын анхны үзэсгэлэнд залагдсан юм. Баруун Монголчууд, Алтай Урианхайн түмний тууль хайлахынхаа өмнө Алтай дэлхийгээ магтдаг Алтайн магтаал нүд сэтгэлийг дүүрэн баясгаж эхэлсэн нь тэр билээ. Гаваа Ховд, Баян- Өлгийгөөр аялан Алтайн уулсыг туурвин явахдаа Торгуудын их бийч Пүрэвжал гуайтай уулзаж дотносон танилцаж, түүний эгэлгүй соньхон дүр, түүний хойч үед өвлүүлсэн торгууд бий цацлагыг судлан зурсан нь бий. Пүрэвжал гуайн хөргийг зурж “Цасан дуулгат торгууд" гэсэн сүрлэг нэр өгсөн байдаг. Эргэцүүлэн бодох нь ээ хошуу ноёны дэргэд байж баруун монголын туульч, бий биелэг аман зохиолоо нэвтэрхий мэддэг болсон домогт хүмүүн Пүрэвжал гуай Алтайн их уулсын олон зуун оргилын нэг “Цасан дуулгат торгууд” яах аргагүй мөн билээ.
МАЛЧИН ЦЭНД, ЦОГЗОЛМАА, ГАВАА, ЧИМЭД-ОСОР
“1942 оны намар циркийн урлагийн томоохон хэсэг ЗХУ-д явж тоглох шийдвэр гарлаа. Энэ нь эх орны дайны ид хүнд үед Зөвлөлтийн ард түмэнд дайны ар тал өрнөж байсан их ажилд нь сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх чухал үүрэг байсан юм. Энэ үед миний эгч уушгины өвчнөөр жил шахам өвдөөд хэвтэрт байлаа. Би нэгдүгээр саксофон тоглож байсан учир зайлшгүй явах шаардлагатай байлаа. Уран сайхны хүрээлэн улсын циркээс надад эгчийг минь харж байх нэг хүн, морин тэрэг, 300 төгрөгөөр тусалж билээ. Манайх Чингэлтэйн амны эхэнд ганц гэр. Улан-Үд хот орохоор циркийн хашаанаас машинаар гарч билээ. Бүх хүн машиндаа суучихсан хойно би Чингэлтэйн амнаас морин тэргээр хожигдож ирж билээ. Тэнд гаргаж өгөхөөр олон хүн цугларсан байлаа. Намайг гаргаж өгөх хүн ч байсангүй. Олны дунд циркийн хойшоо явах тоглолтын чимэглэлийг хийсэн зураач Л.Гаваа зогсож: байхыг би хараад: -Чи эгчийн минь биеийг асууж намайг иртэл хойноос мэдэгдээд байхгүй юу гэж гуйхад Гаваа зөвшөөрөв. Гаваа тэр үед Дамбадаржаагийн амралтад амарч байсан юм. Ажил тараад хааяадаа зам нийлж хамт явахдаа: -Манай гэр тэр захын ганц гэр гэж зааж өгч байсан юм. Ингээд л бид 8 дугаар сарын эцсээс 9 дүгээр сарын эцэс хүртэл Улан-Үд хотод улаан армийн дайчид болон хөдөлмөрчдөд олон удаа тоглолт хийж эх орныхоо үүрэг даалгаврыг биелүүлсэн. Энэ хооронд Гаваагаас өдөр бүр шахам эгчийн тухай утас цахилгаан ирж байлаа. Гэтэл сүүлийн арваад хоногт огт чимээгүй болсноо “эгч чинь нас барлаа” гэсэн мэдээ ирж билээ. Улаан-Үдээс ирээд хаа очихоо мэдэхгүй байтал Гаваа гэрийг минь айлын хашаанд барьчихсан намайг угтан авч билээ. Тэр ач тусыг нь би хэзээ ч мартахгүй” гэж Ардын жүжигчин Л.Цогзолмаа “Олон гэдэг оломгүй далай” номдоо халуунаар дурссан нь бий.
1984 онд БНМАУ тунхагласан 60 жилийн ойг угтаж радиогоор олон цуврал нэвтрүүлэг явуулж байлаа. Бид урлагийнхны алтан үеийн төлөөлөл болсон хүмүүсээ байн байн дуудаж яриа хөөрөө авна. Гаваа гуай байн байн ирж дурсамж яриа өгнө. Нэг удаа Гаваа гуай: -Би малчин Цэндэд л хайртай. (“Малчин бүсгүй" дуу. Х.Доёддоржийн хөгжим, Д.Чимэд-Осорын шүлэг) Малчин Цэнд богино үзэгдлийн дуу. Хойно сурч байхдаа үргэлж л түүнийг боддог байлаа. Би дуулж чаддаггүй Ванганаа л гуйна. -За чи нөгөө Малчин Цэндийг нэг тоглоод өгөөч гэнэ. Ванган нэг муу мулцгар богино хуруугаараа төгөлдөр хуурыг тоглохчоон болно доо. Мөн ч сайхан санагддаг сан. Хүний сэтгэлд гүн хүрдэг дуу даа гэж нулимстай нүдээр юуг ч юм бодон чимээгүй болж билээ. Үгүй энэ дууг чинь Чимэд-Осор гуай би “Малчин бүсгүй” дууг Цогзолмаад зориулж зохиосон юм гэж ярьдаг байсан нь санагдана. Эх орны дайны үед малчид хөдөлмөрчдийг уриалан хөгжөөх бадрангуй сэдэвтэй жижиг үзэгдлийн уралдаан зарлаж байсан гэдэг. Түүнд Д.Чимэд-Осор \1943\ “Малчин охин” хэмээх жижиг үзэгдэл дээр Цэнд бүсгүйг шилбүүр бариулаад дуулуулжээ. Тэр үед Зохиолчдын хороог ахалж байсан Д.Сэнгээ хянаж судпаад: -Зохиол нь гайгүй юм, Чимэд-Осорын энэ нялуун дууг ардын дуу гээд явуулчих гэснээр хожим болтол ардын дуу гэгдэж явжээ. Энэ дууг Л.Цогзолмаа тун ч сайхан дуулсан. Дуу ч дорхноо түгсэн гэдэг. “Малчин охин” Малчин бүсгүй”\ үзэгдэл дотор дурлалт хоёр залуу бэлчээрт ярилцан суухад залуу чи хуучны нэг дууг мэдэх үү гэдэг. Цэнд: Өвгөн шувуу юу гэж асууна Залуу: Үгүй шинэ дуу. Тэгвэл би чамд үгийг хэлж өгье гээд Зуны найртай өглөө Зуслан дэнжийн зүлгэн дээр
Ус авахаар очиход минь
Уулзаж сууснаа санана уу
Эхний яриа яасан бэ?
Үүрд намайгаа мартаа юу? гэж дуулдаг. Энэхүү уянгын нарийн шижимт дууны эзэд нь малчин Цэнд, дуучин Цогзолмаа, зураач Гаваа, жүжигчин Чимэд-Осор нар болох ажээ.
Гаваа, Цогзолмаа нар идэр залуу исгэлэн халуун насандаа биесээ хайрлан өмгөөлж дотнолон явахын учир нь хоёул өнчрөл хагацлын их ганцаардал, гашууныг туулсан улс болно. Тэр үед тэдэнд хэн туслахсан билээ. Чимэд-Осор ч мөн л хагацал зовлонг ханатлаа туулж хал үзэж халуун чулуу долоож явсан. Малчин Цэндийн цаана Цогзолмаа, Гаваа, Чимэд-Осор гэсэн гурамсан сэтгэлийн хайлан явж байж. Тэд биесдээ их дотно явсан. 1988 оны өвөл Чимэд-Осор гуайг бурхан болохоос хэдхэн хоногийн өмнө Л.Гаваа эргэн ирсэн юм. Тамхины цаас шиг нимгэн цаасан дээр хуучин монгол бичгээр машиндсан олон хуудас зүйл авчирч түүнд өгсөн юм. Эхний хуудсан дээр “Чимэд-Осор гуай олон жил гуйсан “Хатанбаатар Магсаржав" жүжгийн зохиолыг тань уншуулахын учир бариулав 1988-1-23" гэжээ. Аав маань жүжгийнхээ зохиолынхоо эх хувийг хүлээж авсан тэр өдөр гойд сэргэж ирсэнсэн. Эх хүн олон жил бараагий нь хараагүй үр хүүхдээ үзээд л тэгж баярладаг байх гэмээр. Өвчинд шаналан хоногоо хүлээж байгаа өвгөн Шукарыг өөр юугаар баярлуулахсан билээ дээ. Гаваа гуай үнэхээр ухаантай хүн шүү гэж Чимэд-Осорын хүү Болд дурсдаг юм. Гаваа гуай хэзээ хэнд юу барьж баярлуулахаа мэднэ. Тэр үед ЗХУ-д сурч байхдаа “Малчин бүсгүй"-г Л.Ванганаар тоглуулж явсан сэтгэлийн их тайтгарлаа л хамтатган дурссан хэрэг бизээ. Гаваа, Монголын урлаг соёл тайз дэлгэцийн урлагт баруун Монголын олон ястны зан үйл, хувцас хунар, үлгэр тууль, бий бийлэг, зураг дүрийг урлагийн тайзнаа гайхуулан гаргаж ирсэн их билэгтэн хүн байв. Гаваа гуай нэгэнтээ: Ардын урлагийг бид \соёл урлагийнхан\ урлагийн тайзнаа үлдээн хадгалж, орчин цагт тайзнаасаа ард түмэн эгүүлэн суралцаж байна гэж хэлсэн билээ.
“ЗУРААЧ ХҮНИЙ НЭГЭН БАЯР БОЛ УРАН ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН ҮЗЭХ ЯВДАЛ ЮМ”
1984 онд Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд Ардын зураач Н.Цүлтэмийн уран бүтээлийн томоохон үзэсгэлэн дэлгэгдэв. Энэхүү үзэсгэлэнгийн тухай урлаг судлаач Д.Дашбалдан, зураач П.Цогзол, Ардын зураач Л.Гаваа, Л.Намхайцэрэн, До.Болд нар санал сэтгэгдлээ илэн далангүй ярьжээ. Л.Гаваа: Бид Монгол зургийн судалгааг хөгжүүлэх хэрэгтэй. Үүнийг Н.Цүлтэмийн хувьд сайн мэдэж байгаа. Цүлтэм чимэх чимэглэх урлагийг авч явж байгаа нь сайн. Сүүлийн үед нарийн ширийн уялдааны хувьд жаахан хатуу тийм болж байгааг нөхөр ёсны дохио өгье. Цүлтэм дарга олон сайхан ном бичсэн. Бид уншиж байгаа. Цаашдаа ч энэ аясаар зоригтой аялаад явах, сэдэвт зургаа ч зурах хэрэгтэй. Хөргүүдээ сэдвийн уялдаа утга санаатай сайхан зурахыг даалгаж байна. Н.Цүлтэм: Манай шинэ үеийн өмнө, та нөхдийн хэлж байгаа үгсургамж, амин тэжээл рашаан болж байна гэж би бахархан хүлээж авлаа. Ер нь бид өөрсдөө өөрсдөдөө тавих зарчмыг өндөр болгох хэрэгтэй. Шинжлэх ухаан техник дээр гүйцэж байхад, урлаг дээр бид гүйцээж болно. Монгол зургийн тухайд их юм бодох хэрэгтэй, чимэх чимэглэх урлагийн чанартай юм болчих гээд байна гэжээ.
Зураач, зохиолч, доктор, Соёлын Гавьяат Зүтгэлтэн Ж.Саруулбуян
Эх сурвалжийн холбоос: https://sonin.mn/news/enews/121400