1902 онд одоогийн Өвөрхангай аймгийн Бүрд суманд төрсөн. Богд хаант засгийн үед 16 наснаасаа хойд хилийн харуулын цэргийн үүрэг гүйцэтгэж байгаад 1921 оны 2 дугаар сараас жанжин Сүхбаатарын Ардын журамт цэрэгт элсэж мөн оны намар Х.Чойбалсангийн командласан баруун замын ангид багтаж, цагаантны цэргийг мөрдөн хөөн байлдаж, эх орноо харийн булаан эзлэгчдээс цэвэрлэж байсан. Баруун замын байлдаанаас ирээд Г.Дамба бага даргын сургууль, ерөнхий сургуульд суралцан төгсөөд Буянтын хошууны зэвсэгт хөдөлгөөнийг дарахад оролцсон.
1936.02.07-ны өдөр Дорнодын II корпусын командлан захирагчаар дэвшин тус албыг хашиж байгаад 1937.10.07-нд маршал Х.Чойбалсангийн өрөөнд дуудагдан хилс хэргээр баривчилагдан 1937.11.02-ны өдөр ДЯЯ-ны комиссын хурлаар буудан алах ял тулгагдан цаазаар авхуулсан.
Г.Дамбыг БНМАУ-ын Дээд шүүхийн 1967.04.28-ний өдрийн тогтоолоор хилс хэрэгт хэлмэгдсэн болохыг тогтоож, түүний цэргийн цол хэргэм нэр төрийг сэргээн цагаатгасан.