Эх сурвалж: Sonin.mn сайтын 2018-04-27 өдрийн нийтлэл
1937.10.07-ны пүрэв гарагийн шөнө маршал Х.Чойбалсангийн ажлын өрөө рүү орохоор урт хонгилын модон шалан дээгүүр одон медалиа гялалзуулан, хром гутлаа толийтол тосолсон нэгэн залуу цэргийн жанжин яаран алхаж явлаа. "Маршал таныг дуудаж байна. Бүх одон медалиа зүүгээд даруй Улаанбаатарт ир" гэсэн тушаал аваад алхаж яваа нь энэ. "Японы милитаристуудын дайралт эхэлсэн юм болов уу. Надад их л чухал даалгавар өгөхөөс гарцаагүй" гэсэн бодол тээсээр маршалын өрөөнд ороод тэв хийтэл ёслон номхон зогсов. Гэвч тэр өрөөнд маршал байсангүй, харин буутай цэргүүд баривчлах тушаал үзүүлэн түүнийг шорон руу ачив.
"Та нар чинь юу хийгээд байна. Надад үйлдсэн гэм нүгэл байхгүй" гэхэд харгалзагч цэргүүд "Таныг улс төрийн хэргээр баривчилж байна. Удахгүй бүх зүйл тодорхой болно. Та тайван байхтун" гэв. Улсынхаа төлөө балчир наснаас эхлэн хоёргүй сэтгэлээр зүтгэж, гавьяа шагналыг нь ч харамгүй хүртсэн корпус командлан захирагч ийнхүү нэг л шөнийн дотор улс орноосоо урвасан төрийн дайсан болох нь тэр. Монголын ард түмний түүхэнд үлдсэн арилашгүй хар толбо, их хэлмэгдүүлэлтийн он жилүүд тэр л цагаас эхэлсэн түүхтэй. 1930-аад оны дунд үе гэхэд манай улсын дорнод хил хязгаар байнгын түгшүүртэй, Японы милитаристуудын зэвсэгт түрэмгийлэгчдийн халдлага удаа дараа гараад байсан үе байлаа. Халхын голын дайны эхлэл тавигдаж байсан тэр л цаг үед Монгол орны тусгаар тогтнолд Г.Дамба шиг залуус ус агаар мэт хэрэгтэй байсан нь лавтай.
Тэрбээр 1902 онд Өвөрхангай аймгийн Бүрд суманд төрсөн. Богд хааны засагт 16 наснаас харуулын цэргийн үүрэг гүйцэтгэж, хүүхэд наснаасаа цэргийн амьдралын хатууг мэдсэн хүн байж ээ. Г.Дамба Хиагтаас баруун тийш Цагаан-Усын I харуулын цэгээс Хатгал боомтын XII харуулын цэгийг дамжин Баян булаг хүртэлх газар нутгаар гэр харуулын үүрэг гүйцэтгэж, амь залгуулдаг байжээ. Тухайн үед Октябрын хувьсгал, Барон Унгерн, зэвсэгт хувьсгал, гамин цэрэг гээд олон үйл явдлын хамрах хүрээ Монголын газар нутгийг тойроогүй учир Богд хаан хүүхэд гэлтгүй хүн бүрт эх нутгийнхаа газар шороог хамгаалах эрхэм үүрэг хүлээлгэдэг байв.
Г.Дамба "Баруунаас зүүн харуулын цэг Хавтгайгаас Ордог хүрдэг байлаа. Тэр үеийн харуулын алба олбог жинсээр даан ч хомсхон. Хилийн штабтаа харуул, бэлэн байдлаа шалгуулаад хэрвээ "Сайн" гэж тооцогдвол 3 жил тутамд нижгээд хос нарийн хөх даалимба, цай, шар тамхи олгодог байв. Гэвч бие цуцаж, хувцас ноорч, хөрөнгө сүйдэхийн гарз бидэнд үлэмжхэн байсныг өгүүлье" гэж хүүхэд ахуй насаа дурсан ярьсан байдаг. Ингээд тун удалгүй 1921 онд улс оронд өөрчлөлт ирж, ардын засаг байгуулагдан хэмжээт эрхт хаант төртэй болов. Жанжин Д.Сүхбаатар хойд хилийн харуулуудаас Ардын журамт цэрэгт залуусыг элсүүлэх ажлыг эхлүүлж, улмаар орон нутаг даяар идэр сайн эрсийг элсүүлж байлаа. Ардын нам, түр засгийн газрын тэрхүү албаны хүмүүстэй Г.Дамба уулзаж, өөрийн хүсэлтээр тус оны 2 дугаар сараас эхлэн цэрэгт алба хааж эхлэсэн байдаг. Тэр үед Монгол оронд хятад гамин, цагаантны түйвээн, дээрэм нэн гаарч байлаа. Тэрбээр энэ тухай "Бид Ханын хөндийд хуарагнав. Ардын журамт цэргийн сургагч нар жагсах, ёслох, буудах, сэлэмдэх гээд цэрэг хүн заавал эзэмших эрдмийг бидэнд хэдэн сар тасралтгүй заав. Ингэсний эцэст гамин цэргээс Хиагт хотоо чөлөөлөх их тулалдаанд оролцов. Хэт давуу хүчтэй бид тун ч ширүүн тулаан хийсэн дээ. Дараа нь 1921 оны намар нөхөр Х.Чойбалсангийн командласан баруун замын ангид багтаж, Зөвлөлтийн Улаан армийн жанжин Щетинкиний цэрэгтэй хүч хавсран Монгол Хавтгай харуулын Зүлэгтэй/одоогийн Булган аймгийн Тэшиг сумын нутагт буй/, Сайн ноён хан аймгийн Итгэмжит гүний хошуу /одоогийн Булган аймгийн Хутаг-Өндөр сум/-ны Намнан уул, Гуртын тавилан, мөн аймгийн Мэргэн гүний хошуу /одоогийн Хөвсгөл аймгийн Рашаант сум/-ны Ацат тавилан, Түшээт хан аймгийн Ахай гүний хошууны Дух нарс /Одоогийн Булган аймгийн Сэлэнгэ сум/ зэрэг газраар хэрэн байлдаж, цагаантны цэргийг мөрдөн хөөж, нөхдийн хамт булаан эзлэгчдээс эх орноо цэвэрлэж байлаа" гэж бичжээ. Баруун замын тулалдаанд ядарч сульдсан цэргүүд нийслэл Хүрээнээ буудаллаж, Г.Дамба үргэлжүүлэн ардын цэрэгт алба хаах болсон юм.
Ингээд цэрэгт бага даргын сургууль, ерөнхий сургуульд дарга нарын давтан курст тус тус суралцан цэргээс бага, дунд, дээд албан тушаалд хүртэл хүрч ажилласан. Түүнийг 1930.04.02-ны өдөр Улсын бага хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор Буянтын хошууны зэвсэгт хөдөлгөөнийг дарахад гавьяа байгуулсны учир "Цэргийн гавьяаны I одон"-гоор шагнажээ.
Мөн 1936.02.07-ны өдөр корпус командпан захирагч цол олгон мөн оны долоодугаар сард Батлан хамгаалах, улс төр, эдийн засаг, соёлын хэрэгт онц бүтээлтэй ажилласны учир “Алтан гадас" одонгоор шагнажээ. Түүнтэй хамт мөр зэрэгцэн тулалдаж явсан нөхөд нь "Г.Дамба бол шударга, зарчимч, цэргийн эрдэмд ялангуяа буудах, сэлэмдэхдээ даан ч гаргууд хүн байсан. Ямар ч тулалдаанд орсон залуу хүнд баймгүй их зориг түүнд байдаг байлаа. Аргагүй л цэрэг байхаар заяагдсан хүн байжээ" хэмээн дурсан ярьсан байдаг.
Ассан гал шиг дүрэлзэж, эх орныхоо бууны жад, сэлэмний ир болж явсан тэр залуу даан ч хорвоо дээр 35-хан жил амьдрах хувьтай байж. Исгэрэх сумны өөдөөс сөрж зогсоод үхээгүй атлаа элэг нэгт Монгол хүний гарт амиа алдана гэж яахан санах билээ. Түүнийг Дорнодын II корпусын даргын албыг хашиж байхад нь хилс хэргээр баривчилсан юм. Улмаар 1937.11.02-ны өдөр ДЯЯ-ны комиссын хурлаар түүнийг ийнхүү яллажээ. "Г.Дэмидийн эсэргүү бүлэгт анх гишүүнээр элссэн. Монголын хувьсгалыг устгаж, Хаант засаг байгуулахын тулд бослого гаргахаар бэлтгэж байсан. Г.Дэмидийн даалгавраар ДЯЯ-ны нэр хүндийг сулруулж, ажилд нь саад учруулсан. Мөн корпусын байлдааны хүчийг сулруулахаар агт зүтгэх хүчийг цөөрүүлж, 6,7,8 дугаар дивизээс 600 гаруй цэргийг үхүүлсэн ялтай төдийгүй 5-6 цэргийг гадаадад урвуулсан. Манжуурын хэлэлцээрт явахдаа японы төлөөлөгч Хувиландайд эсэргүү мэдээ дамжуулсан учир шүүх цаазын бичгийн дагуу... дугаар зүйлээр Г.Дамбыг шагнасан бүх одон, медалиудыг хүчингүй болгож, цэргийн цол, МАХН-ын гишүүний батлах, хөрөнгө зэргийг хураан авч, түүнийг буудан алсугай" гэсэн байна.
Ийнхүү 1937.11.02-ны өдөр түүнийг хуулийн дээд хэмжээгээр шийтгэж мөн сарын 4-нд ялыг гүйцэтгэсэн. Тэр өдөр Г.Дамба ч гэлтгүй Монголын төрийн өндөр албан тушаал хашиж байсан сэхээтнүүд, эх орончид ч буудуулсан юм.
Тэдний дотор БНМАУ-ын Ерөнхий сайдын орлогч, Гадаад явдлын яамны сайд Г.Самбуу, МАХН-ын Төв хорооны тэргүүлэгч гишүүн Р.Мэнд, Д.Яндаг, Цэргийн яамны I орлогч сайд Л.Дарьзав, Жанжин штабын дарга Ж.Малж, Жанжин штабын орлогч дарга Т.Дашзэвэг, Ардыг гэгээрүүлэх яамны сайд Ц.Баттөмөр, Эрүүлийг хамгаалах яамны сайд Д.Өлзийбат, Дотоодыг хамгаалах газрын дарга асан Д.Намсрай, Архангай аймгийн дарга Н.Гонжоон, Үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлийн дарга Элээ, Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Д.Ламжав, дивиз командлан захирагч Б.Гончигшарав. Улсын худалдааны газрын дарга Ө.Равдан, Гандан хийдэд суух засгийн газрын төлөөлөгч Лувсанжамба зэрэг 115 хүн баривчлагджээ.
Өвөр эгнээнд Цэргийн явдлын яамны сайд, Бүх цэргийн жанжны II орлогч, корпус командлан захирагч Г. Самбуу, ар эгнээнд зүүнээс МАХЦ-ийн жанжин штабын дарга Ж.Малж, корпус командлан захирагч Г.Дамба
Эд бол үхэлд хөтлөх нэрсийн жагсаалтад багтсан хүмүүс. Шүүхийн шийдвэр гарч зэвсэг агссан цэргүүд тэдгээр хүмүүсийн гарыг ард нь хүлж, ачааны бүхээгтэй машинуудад ачиж аваад өмнө, хойно нь олон машины цуваа үүсгэн явсаар Сонгино хайрханы нэгэн аманд тулж очин буулгаад нэг нэгээр нь буудсан гэдэг. Г.Самбуу, Ж.Малж, Г.Дамба гээд тэнд амиа алдаж байсан эх орончид "Бид хэрэг хийгээгүй, хилс үхэж байна. Та нар ялаа эдэлж, үнэнийг мэдэх цаг ирнэ ээ, үүнээс хойш ийм хилс хэрэг битгий хийгээрэй. Бидний үнэн зөвийг хойч үеийнхэн гэрчилнэ. Монгол Улс мандтугай" гэж хашгиран буудуулсан тухай яриа ч ард түмний дунд байдгийг энд дурдах нь зүйтэй.
ДЯЯ-ны төлөөлөгч Л.Содов хожим "Ж.Малж хамгийн сүүлд үлдээд "Монгол Улс мандтугай" гэж хашгираад 2-3 удаа буудуулж байж үхсэн гэж мэдүүлжээ. Хилс хэрэгт хэлмэгдэн буудуулсан тэдгээр Монгол эрсийн хамгийн ахмад нь нэрт тагнуулч Ц.Өлзий 57 настай, хамгийн залуу нь МАХЦ-ийн хуягт бригадын дарга Д.Жамьянжав 32 настай, ихэнх нь 33-37 настай идэр залуус байв. Үнэхээр ч "Бидний үнэн зөвийг хойч үеийнхэн гэрчилнэ" гэж хэлж байсан нь ёсоор болж, Г.Дамбыг БНМАУ-ын Дээд шүүхийн 1967.04.28-ний өдрийн тогтоолоор хилс хэрэгт хэлмэгдсэн болохыг тогтоож, түүний цэргийн цол, МАХН-ын гишүүнийг сэргээн тогтоосон. Халхын голын дайн, Чөлөөлөх дайн, цаашлаад Монгол Улсын хөгжил цэцэглэлтэд корпус командлан захирагч Г.Дамба хичнээн их хувь нэмэр оруулах байсан тухай бодох төдий л зүрх эмтрэх юм.
Ахлах дэслэгч М.Мөнхзориг
Эх сурвалжийн холбоос: ҮЗЭХ