Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, эрдэмтэн, зохиолч, Соёлын Гавьяат зүтгэлтэн, ард олноо "Өвгөөдэй" хэмээн алдаршсан Цэндийн Дамдинсүрэн нь Сэцэн хан аймгийн Далай дархан Тунгалаг бэйл Барайширын хошуу, шинэ нэрийдлээр Хан Хэнтий уулын хошуу, Хан Хэнтий сум, одоогоор Төв аймгийн Мөнгөнморьт сумын эзэмшил нутаг, Хэрлэн Тэнүүн Зүлэгтий голын Бага тохой гэдэг газар 17-р жарны эр модон буюу хөх хулгана жил (1912 онд) эцэг Цэндийн ууган хүү болон төржээ.
Аав Цэнд нь төрийн албат хар хүн, угаас гэр ядуу, амьдрал, амь зуултдаа нөхвөр хийхийн тул хөвчийн хангайн анчин сайчуудыг дагаж, нэрд гарсан мэргэн бууч, сайн анчин нэршсэн, мал маллах, нутаг бууц шилэн олох, отор нүүдэл хийх, жил жилийн зүг чигийг эс эндэх ажигч гярхай, гэр тэрэг, хувин сав тэргүүтнийг үзэмж хийц нийлэмж бүхий бөх бат хийдэг гарын хийц ур дүй сайтай хүн байжээ.
Ээж Цэрэндулам нь ч гэсэн тарчиг татуу анч-малч амьдрал гаралт Балин гэгчийн ганц охин болж 1886 онд төржээ. Цэндтэй гэр бүл болоод өрх гэрээ өөд татах, үр хүүхэд биднийгээ өсгөж өндийлгөн хүн зэрэгт хүргэлцэхийн тул өөр бусдын ба жас жавын мал маллах, сааль саах, оёдол үйл мэтгэх, утас ээрэх нийтгэх, дээс томох хийгээд, арьс нэхий элдэх гарамгай, мөн мангир мэхээр, самар жимсгэнэ юухныг боловч цэвэр нямбай боловсруулан хэрэглэдэг ажилч нягт хүн байв.
Ц.Дамдинсүрэн найм естэйдөө нутгийн эрхэм зэрэг монголч Балган бичээчид шавь орж, монгол бичиг үсэг суралцсан бөгөөд арван хоёртойдоо 1924 онд Хан Хэнтий уулын аймгийн яамны дэргэдэх бага (одоогийн Хэнтий аймгийн төв Өндөрхаан хотын бүрэн дундад) сургуулийн танхимын анхных нь хорин таван хүүхдийн нэгэнд багтаж суралцав. Тус сургууль нь 1926 онд тавин сурагчтай болж өргөжжээ.
Бага сургуулийг 1928 оны хавар төгсгөв. 1928 оны намар Улаанбаатар хотын Багшийн сургуульд ирж суралцав. 1929 оны хавар Нийслэлийн гуравдугаар хорооны Аравдугаар хорин (арвын клуб ч гэнэ)-ы үсэг бичгийн дугуйланд багшилж дадлага хийв. Мөн оны зун, нам эвлэлийн гишүүдийг бичиг үсэг сургах багшид томилогдож тэр үеийн Хантайшир, одоогийн Завхан аймагт очсон.
1929 оны зун хөдөө ажиллаад намар нь ирмэгц Богд хан уулын аймгийн Дэлгэрцогт уулын хошуу, одоогийн Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын бага (одоо дунд) сургуулийн захирал багшаар тохоогдон очиж ажиллажээ. 1930 оны хавар зун, сургууль хичээллэлтийн завсарлага болж тус хошуун дахь Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн товчлох хорооны нарийн бичгийн даргад сонгон ажиллуулав. 1931 оны эхээр хошуудыг татан буулгаж, аймгууд зохион байгуулагдахад Өмнөговь аймгийн Эвлэлийн хорооны тэргүүлэгч гишүүнд сонгогдож, Дэлгэрцогтоос шууд тийшээ шилжин очив. 1933 оны 9 сард Улаанбаатар хотноо шилжиж, МАХН-ын Төв хороонд ажиллав. 1935 оны 9 дүгээр сарын сүүлчээр Дорнод аймгийн Намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар томилогдон ажиллав. 1937 оны 9 дүгээр сарын сүүлээр намын “Үнэн” сонинд хариуцлагатай эрхлэгчээр томилогдов. 1938 оны 9 дүгээр сарын сүүлчээр БНМАУ-ын Мал тариалангийн яамны дэд сайдад тохоогдон ажиллав. Мал тариалангийн яамны дэд сайдаар ажиллаж байх үедээ 1939 оны 10 дугаар сарын таванд Дотоод явдлын яаманд гэнэт баривчлагдав. Улс төрийн хэрэгт хилс тулгагдаж, хатуу харгис мөрдөн байцаалт, хүнд хүчир хөдөлмөрт бүтэн зургаан жил хоригдон туйлдаж, 1945 онд суллагджээ.
1945 оны намраас Улсын хэвлэлд монгол үсгийн номын редактор болов. Дараа нь “Үнэн” сонины сурвалжлагч, утга зохиолын ажилтан, “Хөдөлмөр” сонины тасгийн эрхлэгч, эргээд Хэвлэлийн үйлдвэрт хянагч байв. 1956 оноос Зохиолчдын хорооны “Утга зохиол” сонин гаргагч, мөн сонины “Цог” сэтгүүлийн нарийн бичгийн дарга, мэргэжлийн зохиолчоор ажилласан юм. 1969 оны 5 дугаар сараас өндөр настны тэтгэвэртээ суужээ.
1991 онд БНМАУ-ын Соёлын Гавьяат зүтгэлтэн цолоор шагнуулсан байна.