Эх сурвалж: Mnb.mn сайтын 2017-12-14 өдрийн нийтлэл
/Дэд хэсэг/
-Бичгийн их утгач, Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн Өвгөөдэй Цэндийн Дамдинсүрэнгийн 105 насны ойд зориулав-
“Дорж оо! Ухаан санаа чинь эрүүл үү. Нэр зүс мэдэлцэхийн тухай хэдийнэ танил. Өчигдөр, уржигдархан ширээний бөмбөг тоглож инээж, ханиаж байгаагүйсэн билүү” гэв.
“Муу хар эсэргүүтэй олон үг ярихгүй ээ” гэж мангас Дорж хэлээд биеийн байцаалт хэдэн үг тэмдэглэж “Үүнийг одоохон чангалан хорионд хий” гэж хажуугийн нэгэнд тушаав. Хорин хэдэн ч билээ, нэг өрөөнд аваачиж түгжив. Яс арьсандаа тултал эцэж турсан хоёр хүн унтаж байна. Нэг нь Намын Төв Хорооны тэргүүлэгч гишүүн, Сангийн яамны сайд асан Довчин гуайг мөн үү, биш үү” гэж эргэлзэв. Нөгөөг нь эс танив. Сэрээж хэдэн үг ярилцъя гэснээ ядарсан амьтад унтаг! гэж өрөвдөн түдгэлзэв” Өвгөөдэй Цэндийн Дамдинсүрэн гурван ботийн нэгдүгээр дэвтэр, 43 дугаар талд ингэж бичжээ. Энэ бол 1939 оны аравдугаар сарын 5-6-нд шилжих шөнө болсон үйл явдал юм. Ингэж хэсэгхэн хугацааны өмнө Дорнод аймгийн намын хорооны даргаар ажиллаж аюул, түгшүүртэй байсан зүүн хязгаарт Монголын зэвсэгт хүчин, Зөвлөлтийн танк, нисэх онгоц, морин цэргийн ангиудын ар талыг бэхжүүлэх, шаардлагатай үед нам, эвлэл гишүүн, тухайн бүс нутгийн ард олныг зохион байгуулж, байлдааны тэргүүн шугаманд тулалдах үүрэг хүлээн тэр үүргээ ч амжилттай биелүүлэн дараа нь Улаанбаатар хотод татагдан ирж гуравхан сэтгүүлчийн бүрэлдэхүүнтэй байсан “Үнэн” сонины эрхлэгчээр томилогдон, нойр хоолгүй зүтгэж, тэгээд Мал, тариалангийн яамны орлогч сайд буюу нэгдүгээр нарийн бичгийн даргаар томилогдож нийгэм цаг үедээ үнэлэгдэж явсан Өгөөдэй Цэндийн Дамдинсүрэн хилсээр хэлмэгдэж, Дотоод явдлын яамны гав гинжинд дөнгөлөгджээ. Гэтэл үүнээс өмнө нэгэн сонирхолтой уулзалт болсныг энд бичихгүй өнгөрч болохгүй. Түүнийг нэхэн тодруулах аваас:
“Миний бие, манай Дотоод явдлын яам, Японы тагнуул төлөөлөгч болж эх орноосоо урван тэрсэлсэн ардын дайсан, хорлон сүйтгэгч ийм л этгээдүүдийг баривчилж гартаа атгалаа. Дорнод аймгийн холбооны дарга Баяраас гадна аймгийн дарга Шагдарыг баривчилсан. Энд түүний нэрийг бичиж амжаагүй л болов уу. Дамдинсүрэн чи юу бодож байна” гэж Чойбалсан асуугаад духайсхийн ажив.
-“Ердөө ч үнэмшиж итгэмгүй юм байна. Өчигдөр, уржигдархан үг зааврыг нь дагаж биелүүлж явсан ийм улсыг өнөөдөр эсэргүү, тэсэргүү дайсан болжээ гэхэд гоомой санагдана” гэж хэлэв. Миний тэр үгийг сонссон Чойбалсангийн царай харлан барайж өнөөх л эгдүү нь хөдөлж, шүд зуухаараа үзэгддэг ёозгүй аягаараа хуурамчхан инээх завдаж, нүд нь гурвалжлан үл мэдэг нулимс гүйлгэнэж “Эргэлзэх явдалгүй. Чойбалсан миний бие бүгдийг мэдэж байна” гэж хэлэв. Өвгөөдэй Цэндийн Дамдинсүрэн тэргүүн ботийн 40 дүгээр тал, “Цээжиндээ хөтөлсөн тэмдэглэгээ” дурсамж. Энд өгүүлж байгаагаар Мал, тариалангийн яамны дэд сайд Цэндийн Дамдинсүрэн, маршал Хорлоогийн Чойбалсантай уулзаж, ямар нэгэн жагсаалтын тухай ярилцсан болно. Тэр жагсаалтын тухай Өвгөөдэй цааш өгүүлэхдээ Чойбалсан өөрийн ширээний дунд талын шургуулганаас гаргаж ирэн унш гэхэд нь авч үзээд дотор нь хирдхийсэн талаар дурджээ. Тэнд нэр нь дурдагдсан бүх хүмүүсийг Өвгөөдэй таньдаг, мэддэг, заримтай нь хамтран зүтгэж, гэмгүй сайхан нөхөрлөж явжээ. Түүн дотор бас Самбуу даргын нэр байсан гэдгийг ч мартсангүй. Гэвч Өвгөөдэй яг энэ мөчид нөхөр Чойбалсанд сэжиг төрүүлсэн бололтой. Өөрөөр хэлбэл, хэлмэгдүүлэн шийтгэхээр төлөвлөсөн хүмүүсийг нь шуудхан л буруутгаж, хараан зүхэж, маршалыг эргэлзээгүй дэмжихийн оронд харин ч эсрэг байж, ял шийтгэл хүлээлгэхээр завдаж байгаа хүмүүсийг нь өмгөөлсөнд Чойбалсангийн дотор арзагнаж, Өвгөөдэйг сэжиглэж эхэлсэн мэт. Дээрх дурсамжаас Чойбалсангийн төрх байдал, хэлмэгдүүлэлт, завхралд хэрхэн хандаж байсан нь илэрхий байх мэт. Маршал зарим талаараа бидний боддог шиг хүн биш байсан юм шиг. Тэр гэмгүй номхон хүмүүсийг хэлсээр шийтгэхдээ өчүүхэн ч эс эргэлзсэн юм шиг. Баримт нотолгоо байгаа хойно ингэж бичихээс, ингэж санахаас өөр арга алга.
Суугаагаар үүр цайлгав. Өглөө нэг хуяг аяга хар цай оруулж шалан дээр тавиад “уу” гэж дохиод гарч явав. Түүнийг нь өшиглөж орхив. Удсан ч үгүй лам дүрмийн урагдаж салмарсан дээл барьсан нэг хүн орж ирэв.
-“Энэ чинь юун дээл вэ гэвэл “Буудуулсан хүнийх”-ээ гэж жишим ч үгүй хэлээд миний толгой дээгүүр нөмөргөн тууж гаргав. Мөн аанай мангас Доржийн өрөөнд орлоо” Өвгөөдэй Цэндийн Дамдинсүрэн нэгдүгээр дэвтрийн 44 дүгээр тал. “Цээжиндээ хөтөлсөн тэмдэглэгээ” дурсамж ингэж үргэлжилнэ. Гэтэл Өвгөөдэй Цэндийн Дамдинсүрэнг тийн баривчлах тушаал авсан комиссарууд тэднийд нэгжлэг хийх үеэр доорх зүйлсийг хураажээ. Энэ тухай Өвгөөдэй Цэндийн Дамдинсүрэн гурван ботийн тэргүүн дэвтрийн 31-32 дугаар талд их хүмүүний шавь, Соёлын Гавьяат Зүтгэлтэн Жүмбэрэлийн Саруулбуян ийн бичсэн байна.
“1939 оны аравдугаар сарын 5-ны өдөр Жамбалдоржийн баталсан ордероор төлөөлөгч Довдон, Шархүү нар Өвгөөдэй Цэндийн Дамдинсүрэнг баривчлаад гэрт нь нэгжлэг хийн эд зүйлсийг хураан битүүмжилж бүртгээд хамгаалж байхыг Цэнд гэгч хүнд хариуцуулсан бөгөөд нөгөөх Цэнд гарын үсгээ төлөөлүүлж хас тэмдэг зуржээ. Төлөөлөгчид Өвгөөдэй багшийнхаас юу, юу бүртгэн битүүмжлэн авсныг энэ цагт дурдахад сонирхолтой. Үүнд: 3916 тоот карбин буу, ширээний Герман цаг, калибр буу, 18 сумтай, бугуйн цаг, радиогийн хэрэгсэл, хятад төгрөг 6, хятад 50-тын мөнгө 3, 1500 грамм жинтэй хэсэг цагаан мөнгө, Монгол төгрөг, 76 мөнгө 14 ширхэг, арван таван жилийн ойн тэмдэг, альбом, элдэв бичгийн зүйл боодлоор, герман тонгорог, винтов бууны сум, минжин малгай, эсгий малгай, үстэй бор даавуу, ногоон торгон бүс, лоовууз, мөнгөн хэрэгсэл бүхий хутга, мөнгөн аяга, дан бүрээстэй таван ханатай гэр, дунд хэмжээний толь, 8 адуу, 30 үхэр хэмээн бүртгэн авч битүүмжлэн хураажээ. Тэр өдөр азаар Өвгөөдэй Цэндийн Дамдинсүрэнгийн эхнэр хүүхэд хөдөө байсан агаад харин аав Цэнд нь хүү Дамдинсүрэнтэйгээ хотод байв. Гачлант эцэг тийн шөнийн харанхуйд дайрч орж ирэн хамгийг хамж, хамхлан, сүйтгээд хүүг нь улаан нүдэн дээр нь баривчилж байхыг үзэж ихэд айж бэргэсэн байдалтай дуугүй орноос өндийн суужээ. Дамдинсүрэн гуай комиссаруудын “явъя” гэж бууныхаа жадаар хатгах зуур “байз” хэмээгээд галаа зэрэглэж, машид түргэн цай чанаад нэг аягыг эмтэрч суугаа эцэгтээ барьж, өөрөө нэг аягыг уугаад гарахдаа ингэж хэлжээ.
-За аав минь. Хүүгээ хэрэг хийж баригдлаа гэж бүү бодоорой. Миний өмнөх явдал ариун, зам мөр цагаан. Гэвч хүний гарт орсон хүүгээ амьд мэнд гарч ирнэ гэж тэгтэл битгий горьдоорой. Миний адил олон аавын хөвгүүд сүйдэж байгаа юм шүү. Бэр, ач хүүхдээ сайнаар асарч тэтгэж байгаарай. Баяртай аав минь...”
Гүтгэлэг эхэллээ. Өвгөөдэй Цэндийн Дамдинсүрэн тэргүүн дэвтрийн 45 дугаар тал. “Чингэж намайг Дорнод аймгийн Намын Хорооны дарга ахуйд Дотоод явдлын яамны аймгийн хэлтсийн удаа дараагийн дарга байсан Гомбо, Лосол нартай дараалан нүүрэлдүүлж “Дамдинсүрэнг бид, манай эсэргүү байгууллагын гишүүн гэж Намын төв хорооны дарга асан Лувсаншараваас сонссон юм аа” гэж бараг үгний зөрүүгүй гүтгүүлэв. Ингэж дээрх Лосол, Гомбо нар өөрсдөө мөн адил хэлмэгдэж, хэлсэдсэн хүмүүс байтлаа Өвгөөдэй Цэндийн Дамдинсүрэнг урвагч, Японы тагнуул болгон давхар хэлмэгдүүлжээ. Энэ нь тэдний ямар ч хамаагүй аргаар хэнийг ч хамаагүй золиосолж байж амьд гарах гэсэн оролдлого байсан биз. Дашрамд өгүүлэхэд, “Лосол гэдэг нь Дотоод явдлын яамны жинхэнэ орлогч сайд агсан” гэж Өвгөөдэй Цэндийн Дамдинсүрэн тэргүүн ботийн 45 дугаар хуудасны дээрээсээ 26, 27 дугаар мөр, мөнхүү номын 47 дугаар хуудасны дээрээсээ 37 дугаар мөрөнд “Лосол нь Дотоод явдлын яамны сайд Чойбалсангийн баруун гарын итгэмжит хүн байсан” гэж хаалтан дотор бичсэнээс үзэхэд энэ Лосол гэгч нь нөгөө анхны долоогийн нэг гэгдэх Лосол мөн байхаас зайлахгүй боллоо.
Гэлээ ч ямар ч хэлмэгдүүлэлт, хэлсдүүлэлтэд шалтгаан гэж нэг зүйл заавал байдаг байжээ. Гэхдээ Өвгөөдэй Цэндийн Даминсүрэнг барьж, хорьж, тамлаж, тарчлаах болсон шалтгаан нь өнөөгийн өнцгөөс харахад инээдтэй бас эмгэнэлтэй.
Түүнийг тодруулах аваас: Дотоод явдлын яамны мангас Дорж Өгдөөдэй Цэндийн Дамдинсүрэнг байцаахдаа “Дорнодын Намын хорооны даргаар ажиллаж байх үедээ хил хязгаарын түгшүүртэй байдлын үеэр Монгол, Зөвлөлтийн цэргийн анги, нэгтгэл, дивиз, бригадууд хэрхэн хуваагдаж, хаана байрласан, тэдний зорилго, үйл ажиллагааны чиглэлийг нэгд нэгэнгүй мэдэж, 1936 оны эхээр корпусын газар хийсэн хурлыг “Эсэргүү бүлгэмийн хурал” хэмээн мушгиж, тэр хурлын үеэр эл асуудлыг хэлэлцсэн, үүний хойно Сонгино дахь Биокомбинатын тогтоосон өдөр цагт шинжилгээнд хэрэглэх сарлагийн бярууг Хэрлэн нутгаас нааш туулгасан зам зуур малын халдварт өвчний сэжиг гарсан учир уг бяруунуудыг Богд уулын өврөөр даялуулан авчирсныг “Хүч чадлыг нь зориуд муутгах гэсэн”, хожим нь 1938 онд Туул голын харз, Сонгины дээдтэйгээс гэнэт газрын хөрсийг булга татан оргилж, халиатан түүний улмаас ямар ч хохирол амсаагүй Биокомбинатын хэсэг газрыг албаар усанд автуулсан нь чиний хийсэн цэвэр хорлон сүйтгэх ажиллагаа мөн” гэж дайрчээ.
Гэвч ингэж гүтгэж, доромжилж дайраад бүх зүйл дууссангүй. Нэгэнт хийгээгүй хэргээ Өвгөөдэй Цэндийн Дамдинсүрэн хүлээгээгүй учир ёстой тамлуулсан баримтыг доорх зүйлсээс бэлхэнээ харж болно.
Өгөөдэй Цэндийн Дамдинсүрэн тэргүүн ботийн 45 дугаар хуудасны дээрээсээ 30-аад мөрнөөс эхэлсэн дурсамж.
“Тэндээсээ дарцаалан мөрдөн байцаалтад хэдэн өдөр жижүүрлэгдэн шогшив. Хорин дөрвөн цагт гучхан минут унтах хэмжээ зааж байцаагдахаас бусад цагт боловч шоронгийн харгалзагчийн олон хоногийн тогшуур зандралтаар унтаж чадахгүй нойр ихэд алдав. Ухаан санаа элэрч, баларч, бие цогцос мэдээ алдав. Хазаж, чимхэж үзэхэд яс махны гүнд эрхбиш цочрол мэдрэгддэг байв. Мөрдөн байцаах ажилтны “Шоронгоос шоронд” гэж нэрлэснээр шүүгээ, саванд “аглагдан” чихэгдэж амьсгаа давхцан бөглөрөхөд дөхөхийг олонтой үзэв.
Шороо, хайрга, чулуу нь ил, ус нэвчсэн газар доорх нүх, шоронгийн төмөр шалтай өрөөнд гурав, долоо хоног, хагас сараар хоригдож тарчлахыг байн байн үзэв. Зодолт нүдэлтээр хавирга нуруу бэртэн, бичгийн чулуун даруулгаар шүдээ үйртэл, яйртал хэд хэдэн удаа цохиулж, эрүүнд гэм олсон явдал ч бий. Тамхины галаар энд, тэнд хайрч, түлж, модон ишт үзэгний төмөр хошуугаар хуйх толгойгоо сэглүүлэхийг бараг байцаалт болгонд үзэв. Түүнээс өдөгдөн насан турш эс эдгэх үрэвсэл олсны согогийг одоо ч гэсэн толгойдоо тээн эмзэглэж явна. Намайг тийнхүү тамлахыг Жамбалдорж тушааж, мангас Дорж өөрөө буюу зодооч, нүдээчиндээ турхирч хийлгэсэн хэрэг” гэжээ. Бурхан минь...
Өвгөөдэй Цэндийн Дамдинсүрэн хийгээд түүнтэй ижил бусад олон сайхан хүмүүсийг ийн тамлаж, тарчлааж хөнөөсөн ажлыг Дотоод явдлын яамны Жамбалдорж гэгч толгойлж, мангас Дорж гэгч гар биеэр үйлдсэн нь хөдлөшгүй баримтаар нотлогдоно. Бүтэн хоёр жил тамлуулсан хөөрхий Өвгөөдэйн хилсээр холбогдсон хэргийг 1941 оны хаврын эхэн сард шийдвэрлэсэн нэр зүүд, угтаа бол муухан найруулгатай жүжиг болж гэмгүй номхон түүнийг олон жил гянданд хорих лүндэн буулгажээ.
“Харамсалтай нь Мал, тарилангийн яамны жинхэнэ ба дэд сайд байгсдаас 1937, 1938, 1939 онд баривчлагдаж хэлмэгдсэн Б.Дамдинсүрэн, Ж.Дамдинсүрэн, Д.Ширнэн, За.Эрэнцэн, Зу.Пүрэвдорж, Б.Лувсанжамц нарын зургаан нөхөр нь амь сүйдэж, Өвгөөдэй багш ганцаар амьд үлдсэнийг сонсож мэдэх хэн боловч өрөвдөлтэй” Өвгөөдэй Цэндийн Дамдинсүрэн гуравдугаар ботийн 32 дугаар тал, Жүмпэрэлийн Саруулбуян.
Зовлон, зовлонгийн туйлыг амссан энэ их хүний шоронд өнгөрөөсөн амьдрал бас хачирхалтай. Өвгөөдэйн хэлмэгдүүлэлтийн эхэн үед Халхын голын дайн болсон бол шоронд хилс ялыг биеэр эдлэж эхлэх үед нь дэлхийн хоёрдугаар дайн эхэлжээ. Дэлхий үймж, доргиж байхад Өвгөөдэй гянданд зүгээр суусангүй. Тэрбээр оёдолчин болжээ. Өвгөөдэй Цэндийн Дамдинсүрэн гуравдугаар ботийн 32 дугаар талд Жүмпэрэлийн Саруулбуян энэ талаар бичихдээ “Өвгөөдэй оёдолчин оёдолчиндоо тэргүүний оёдолчин байсныг тэр үед оёдлын үйлдвэрийн дарга байсан Гончигжав, Дорж нар тодорхойлон бичиж үлдээсэн байдаг юм. 1941-1945 оны аугаа их эх орны дайны жилүүдэд улаан армид бэлэглэх нэхий дээл, хантааз, бээлий хийхэд жирийн үйлдвэрийнхээс нэг буюу хоёр дахин давуу оёдлын нормоо өдөр тутам 200 ба түүнээс дээш хувиар биелүүлж, олон удаа мянган хувьтны эгнээнд явж байсан юм. Мөн ердийн оёдлоос гадна “Сүхбаатар” киноны хувцас зүйл хийлцсэн удаа ч бий. Үүнийг бид гэрчилнэ” гэж 1972 оны хоёрдугаар сарын 2-нд Гончигжав, Дорж нар хувийн тодорхойлолт бичиж үлдээсэн түүхтэй” хэмээжээ. Энэ мэтээр Өвгөөдэй бүтэн дөрвөн жил оёдол хийжээ. “Шоронд хэдий амаргүй, хэцүү байсан ч гэлээ эх орны дайнд бага ч гэсэн өөрийн хувь нэмрээ оруулах боломж болсон юм” Өвгөөдэй Цэндийн Дамдинсүрэн.
Хуягуудад зодуулж, занчуулан, хараалгаж, зүхүүлж, ухсан нүхэнд шидүүлэхдээ нуруу нь хугарч, арай ядан гарч ирэхэд нь агсам хуяг дахин өшиглөж, нурууг нь нэг дор хоёр удаа хугалж, өвчин зовлонгийн хүнд хэцүүг үүрсэн Өвгөөдэй 1945 оны арван хоёрдугаар сард суллагдсан. Энэ цагаас хойш тэрбээр зөвхөн уран зохиол, сонин, хэвлэлийн салбарт ажиллаж, Монголын олон нэртэй зохиолчдод багшилж, тэдний зохиол бүтээлийн хэл найруулга, утга агуулгын алдаа мадгийг шүүн тунгааж, засч залруулан хэвлэлд шилжүүлж, сэтгүүлчдийн тэргүүн эгнээнд явж, үлгэр дуурайлал болж, өөрөө ч уран бүтээлийн олз омог дүүрэн амьдарчээ. Нэг үгээр хэлбэл, Өвгөөдэй Цэндийн Дамдинсүрэн гэдэг энэ их хүмүүн аялгуут сайхан Монгол хэлнийхээ манаанд их эрдэмтэн Цэндийн Дамдинсүрэн, Билгүүн номч Бямбын Ринчин, Лувсанвандан нартай мөр зэрэгцэн зогсож, тэр тусмаа Сэнгийн Эрдэнэ, Мишигийн Цэдэндорж, Бөхийн Бааст, Дэмбээгийн Мягмар, Жамбын Пүрэв, Зоопажингийн Баттулга, Намсрайн Банзрагч, Уламбаяр, Лодой, Тугалхүүгийн Баасансүрэн, Дашдэндэв, Султан, Чойжилсүрэн, Ж.Саруулбуян тэргүүтэй олон арван зохиолчдыг төрүүлж гаргасан, аргагүй бичгийн их утгач ажгуу. Өвгөөдэй...
Нийтэлсэн: О.Цэнд-Аюуш
Эх сурвалжийн холбоос: ҮЗЭХ