Эх сурвалж: Mnb.mn сайтын 2017-12-12 өдрийн нийтлэл


/Тэргүүн хэсэг/

-Бичгийн их утгач Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн Өвгөөдэй Цэндийн Дамдинсүрэнгийн 105 жилийн ойд зориулав-

Өвгөөдэйн яг толгойн орой дээр нэг хэсэг нүд халтирам шарх байдаг байлаа. Тэр шарх түүнийг насан туршид нь шаналган үйл тамыг нь үзсэн. Тэр шархнаас салах гэж үзүүлээгүй эмч, хэрэглээгүй арга чарга, түрхэж шавшиж буюу уугаагүй эм тан байгаагүй. Гэвч тэр шарх эдгээгүй. “Одоо бодоход миний энэ шарх намайг шоронд хоригдож байхад түүний л намайг тамлаж, шааж, сийчиж байсан төмөр үзэгний хор юм гэж би боддог. Өөр юу байх вэ” гэж Өвгөөдэй минь өгүүлдэг байсан. Тэр үг нь бас миний сэтгэлийг эмзэглүүлж хөөрхий Өвгөөдэйгөө өрөвдөн хайрлаад нулимс минь гарсан хэрэг... Өвгөөдэй Цэндийн Дамдинсүрэн номын 130 дугаар талд байх “Бидний буурал Өвгөөдэй” дурсамж, Ардын уран зохиолч, Соёлын Гавьяат Зүтгэлтэн Бөхийн Бааст. 

Хорьдугаар зууны манай их утга зохиолын ертөнцөд хоёр Цэндийн Дамдинсүрэн байжээ. Тэдний эхнийх нь зууны манлай эрдэмтэн, Монгол Улсын төрийн гурван удаагийн шагналт, Ардын уран зохиолч Цэндийн Дамдинсүрэн бол удаах нь Соёлын Гавьяат зүтгэлтэн, бичгийн их утгач Өвгөөдэй Цэндийн Дамдинсүрэн болой. Бидний нийтлэлийн гол баатар бол Өвгөөдэй Цэндийн Дамдинсүрэн юм. Хачин юм шүү. Нэг цаг үед, нэг орон зайнд овог нэг, нэр нэг хоёр хүн байна гэдэг байж боломгүй. Гэхдээ л байж. Ардын Уран Зохиолч Сэнгийн Эрдэнэ баавай түүнийг их Дамдинсүрэнгээс ялгахын тулд “Өвгөөдэй” гэдэг нэрийг анх өгсөн юм байна лээ. Гэхдээ Сэнгийн Эрдэнэ баавай тэр үед идэр залуухан зохиолч байсан төдийгүй Өвгөөдэй Цэндийн Дамдинсүрэнг багшаа хэмээн дээдэлж, “Хөх хулгана жил” туужаа ариутган шүүлгэснээс хойш энэ их хүмүүний Монгол хэл бичгийн үнэн төгс эрдэм ухааны өмнө мэхийн ёсолж, түүнд шавилжээ. Энэ тухайгаа Ардын Уран Зохиолч Сэнгийн Эрдэнэ Өдрийн сонины 1999 оны тавдугаар сарын тавны дугаар 49-д нийтэлсэн “Диваажинд суугаа Өвгөөдэйд” дурсамждаа ихэд дэлгэрэнгүй бичсэнийг хойно онцолж, чухал сонирхолтой хэсгийг марталгүй оруулах болно.

“Миний эцэг Цэнд эхээсээ нэгэнт бутач төрсний тул өвөг дээдсийн намтар явдал гэж хэлэх, мэдэх зүйл үнэндээ байхгүй. Эцгийн эх Тамжав гэгч тарчигдуу эгэл жирийн малчин, үйлчин явсан гэнэ билээ...” Өвгөөдэй өөрийн гурван үеийн намтраа бичиглэхдээ ингэж эхэлсэн байна. Үүнээс үзэхэд бичгийн их хүмүүн Өвгөөдэй Цэндийн Дамдинсүрэн өвөг эцэг, түүний эцэг, элэнц, хуланцын тухай юуг ч эс олж мэдсээр нэгэн насыг илээгээд, бурхандаа буцжээ. Харин түүний эцэг Цэнд нь 1884 онд хуучнаар Сэцэн хан аймгийн Шүхэр Засаг, үе залгасан нь Далай дархан Тунгалаг бэйл Барайширийн хошуунд төрсөн бол эх Балингийн Цэрэндулам нь 1886 онд мэндэлжээ. Тэдний нутгийг Хэрлэн тэнүүн, Зүлэгтий гол гээд хэлчихвэл учир мэдэх хүмүүс аанай л толгой дохиж, тэр газрын үүх түүх, байгалийн гоо сайхан, сүр хүчний тухай үг дэлгэх нь дамжиггүй. Гэвч энэ удаа Хэрлэн тэнүүн, Зүлэгтий голын тухай бичиглэхээ түр азнаад гол жанжин шугамаа алдалгүй цааш нэхье. Цэнд, Цэрэндулам хоёр хураасан хөрөнгө, дарсан бэл бэнчин үгүй чөдрийн ганц морь, саалийн хоёр сарлагтай л байв. Эл учир үр хүүхдүүдээ тэжээж тэтгэхийн тулд Цэнд ан гөрөө хийж, айл нүүлгэж, мал тууж, засгийн хүнд бэрх ажлыг нугалж, гэр, тэрэг, агар бортого, сав суулга тэргүүтнийг бөх бат, үзэмж төгс үйлддэг байсан бол Цэрэндулам эр нөхрийн хамт жас, жавын мал маллаж, сааль хийж, оёдол үйл мэтгэж, утас ээрч, дээс томж, арьс нэхий элдэж ёстой л эрвийх дэрвийхээрээ зүтгэсэн байгаа юм. Гэтэл зовлонгийн хүндийг үүрсэн тэднийхийг гурван удаа юу ч үгүй цөлмөн, дээрэмдэж байсан нь цагаан цаасан дээр хараар бичигдээд үлдчихжээ. Юу болсон гэхээр тэр цагийн зарим нэг ноёдын тэнэглэл хэрээс хэтэрч, тэр үйл лайг нь жирийн ардууд эдэлдэг жамтай байжээ. Зовсон олон аймаг, хошууны алба гувчуур гэж нэг тамын татварыг арай гэж даваад амсхийж байтал тайж ноёдын мөрийтэй тоглоом, наймаа, эрүүл согтуудаа бусдад тавьсан өр шир гэж өөр нэг тонуул гарч ирэн ардын хотонд майлах ганц нэг хонь, уналгын морь, саалийн үнээ, өнгөтэй өөдтэй эд өлөг, тэр бүү хэл, татлага, сур, хом шат, ташуур, хазаар юу л байна цөмийг хуу цөлмөөд арилж өгдөг байж. Тэгээд ард нь гахай явган, нохой нүцгэн ардууд хятад данжаадуудад хамаг арилжаа наймаа, эдийн засгаа атгуулчихсан, хомхой Манж чин улсад эзлэгдээд хоёр зуун жил болсон хов хоосон улс оронд амьдралаа дахин дахин шинээр эхлүүлдэг байжээ. Цэнд гуай, Цэрэндулам гуай хоёр энэ зовлон, зүдгүүрийг гурван удаа амссан юм билээ. Чингээд 1912 оны XY жарны модон хөх хулгана жилтэй золгоход Сэцэнхан аймгийн Далай дархан Тунгалаг бэйл Барайширийн хошуу, хожмын шинэ нэрийдлээр Хан Хэнтий уулын хошуу, Хан Хэнтий сум, одоогийнхоор бол Төв аймгийн Мөнгөнморьт суманд хамаарах нутаг, Хэрлэн Тэнүүн Зүлэгтий голын Бага тохой гэдэг газар Цэндийн даруухан бор гэрт ууган хүү Дамдинсүрэн нь мэндэлсэн болой.

Дамдинсүрэн арван хоёр насыг хүртэл эцэг, эхийн гар дээр өсч өндийн, тэгэхдээ мал маллах, хадлан хадах, самар, жимс түүх зэрэгт идэвхийлэн суралцаад найм, есөн насандаа нутгийн эрхэм зэрэгт Балган бичээчид шавилан Монгол бичиг, үсгийн дөр суужээ. Балган бичээч бол нутаг хошуундаа нэртэй бичгийн хүмүүн байсан агаад “эрхэм зэрэгт” гэдэг нь түүний эрдэм, ухааныг гэрчилсэн хуучны бичгийн хүнд өгдөг нэг ёсны хэргэм зэрэг бололтой. Тэгж байтал 1921 онд Ардын хувьсгал ялж гамин чанд руу, Барон Унгернтай хэд хэдэн удаа хүчтэй үзэлцэж дайснаа дараад 1922 онтой золгожээ. Энэ онд тэдний хошуунд өдгөө Монгол Улсын Их Сургуулийн Хоёрдугаар байрны зүүн өмнө зүгт байх Залуучуудын Холбооны загалмайлсан эцэг болох тэр үеийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн үүр бий болоход дөнгөж арван настай Цэндийн Дамдинсүрэн түүнд элсэн, ард, олны дунд нам төр, залуучуудын эвлэлийн ажлыг чадах чинээгээрээ сурталчилж явжээ. 1923 оны намар засаг захиргааны нэгжийг өөрчлөх ажил эхэлж, арван гэрийн даргач нар хэмээх хүмүүсийг орон нутагт томилж, задарсан ноёдыг хазаарлаж эхлэхэд Цэнд гуай нэг бүлэг арван гэрийн даргачаар томилогдож Дамдинсүрэн бас ч бичиг үсгийн зах зухтай болсон учир эцэгтээ туслах болов. Дахиад нэг жил өнгөрөхөд Хан Хэнтий уулын аймгийн яамны дэргэдэх бага сургууль үүд хаалгаа нээлээ. Энэ нь өнөөгийн Чингис хотын ууган бүрэн дунд сургууль хийгээд Өвгөөдэй Цэндийн Дамдинсүрэн тус сургуулийн анхны хорин таван сурагчийн нэг болжээ.

“Тэгж явсан завшаанаар Ардын үндэсний эрх чөлөөний төлөө цогтой тэмцэгч Ард Аюуш лугаа уулзаж, түүний тэмцлийнх нь намтар явдлаас тэмдэглэн нэгэн хувийг өөрт нь үлдээж, нөгөө хувийг Судар бичгийн хүрээлэнд авчирч өгсөн билээ” Өвгөөдэй Цэндийн Дамдинсүрэн нэгдүгээр ботийн 17 дугаар тал...

Өвгөөдэй Цэндийн Дамдинсүрэн 1928 онд бага сургуулийг дүүргээд улмаар Улаанбаатар хотноо Багшийн сургуульд суралцахаар иржээ. Чухамдаа Монгол нутгийн зүг бүрээс шалгарч ирсэн хөвгүүд, охид энд гурван жил ном үзэхдээ алдарт бичгийн хүмүүн Авирмэд гүн, Жамьян гүн, Шагж багштанаар нүүдэлчний язгуурын бичиг соёл, эрдэм ухаан заалгадаг байв. Мөн өнгөрсөн зууны аргагүй их соён гэгээрүүлэгчдийн нэг яах аргагүй мөн болох Мөрдэндэвийн Ядамсүрэн тэдэнд шашин ба шалгадаг ухаан, уран зохиолын хичээл зааж байжээ. Гэвч Өвгөөдэй Багшийн сургуулийн гуравдугаар дамжаанд шалгалт өгөөд шууд төгсөх ангид орчихсон байдаг. Уг нь 1931 онд сургуулиа төгсөж, багш болох ёстой байсан Дамдинсүрэн 1929 онд нам засгийн даалгавраар Цэргийн ерөнхий ба Багшийн сургуулийн хэдэн нөхдийн хамт Хантайшир уулын аймагт очив. Хантайшир уулын аймаг гэдэг нь одоогийн Завхан аймгийн суурь агаад түүнд бас Ховд, Баянхонгор, Говь-Алтай аймгууд нийлж, ихээхэн том газар нутгийг эзэлдэг байж. Өвгөөдэй нөхдийн хамт зам гудсын бартааг эс огоорон зүтгэсээр Бүсхайрхан уулын хошуу буюу эдүгээгийн Ховд аймгийн Цэцэг суманд очиж, Цэцэг нуурын хөвөөгөөр нутагтай цогтой тэмцэгч Ард Аюуштай учран золгож түүний шударга ёсны төлөөх тэмцлийн түүхийг бичиглэж, хоёр хувилаад нэгийг нь өөрт нь үлдээсэн нь одоо үр удамд нь байдаг болов уу гэж бодогдоно. Харин нөгөөг нь судар бичгийн хүрээлэнд авч ирсэн нь эрх биш хадгалагдаж байдаг байх. Яг энэ цаг үе дор гэтэл намын YII хурлын шийдвэр гарч, баяд, ноёд, сүм хийд, жасын далай их хөрөнгийг хурааж, үгээгүй ядууст ижил, тэнцүү хуваарилах ажил эхлэв. Ийм сургаар зарим нэг хомхой ноёд хөрөнгө, хуйгаа нуун дарагдуулах явдал ч бас өдий, төдий гарчээ. Өвгөөдэй эл учрыг сайтар ухаарсан тул нам, эвлэлийн гишүүн, идэвхтэн Ард Аюуш өвгөн зэрэг итгэлтэй хүмүүст тийм явдал гарвал даруй мэдэгдэхийг хүссэн нь хэргээ бүтээж, Сономоо бэйс гэгч зовлонт ардыг дээрэмдэж хураасан олон арван мянган лан мөнгөө газар булж байгаад баригдав. Өвгөөдэй нөхдийн хамт эргэж ирээд байтал 1930 оны аравдугаар сарын 5-нд түүнийг Богд хан уулын аймгийн Дэлгэрцогт уулын хошуу одоогийн Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын бага сургуулийн захирлаар томилжээ. Эндээс энэ их хүмүүн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын нам, төрд зүтгэж эхэлсэн түүхтэй. Дэлгэр цогт уулын хошууны бага сургуулийн захирал Цэндийн Дамдинсүрэн Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн ажилд давхар зүтгэж, залуусыг бичиг үсэгтэй, нийгэм цаг үедээ идэвхи, зүтгэлтэй хүмүүс болгохыг зорьсон нь үр өгөөжөө өгсөөр байлаа. Энэ завсар тэрбээр олон хошуудын залуучуудын эвлэлийн үүрийг байгуулалцав. Ингэж байтал 1930 оны сүүлч, 1931 оны эхээр хошуудыг татан буулгаж, аймгуудыг байгуулжээ. Чухамдаа Манж чин улсын Монголыг тархай, бутархай хүчгүй, дорой байлгахын тулд олон хошуу болгон хуваасан засаг захиргааны нэгжийг сая халсан нь энэ болжээ. Гэтэл цөвүүн цаг хаяанд ирчихсэн, хил хязгаарын ард олныг үймүүлж, улмаар улс гэрээс нь санаатайгаар халиан гаргаж, харийн хоол болгох гэж байсныг хэн санах билээ.

Өвгөөдэй Цэндийн Дамдинсүрэн  Нэгдүгээр ботийн 18, 19 дүгээр хуудсанд 1931, 1932 онд болсон оргодол, нүүдэл, бослого тэмцлийн тухай дэлгэрэнгүй өгүүлсэн байна. Түүнд өгүүлснээр бол Хүрмэн, Баяндалай сумдад Алагнамнан, Өндөрбөө гэгчдийн дэгдээсэн оргодол, нүүдэл, муу цуурхал зэрэгт ард олон ихэд цочирдож, тэдний зарим нь Хятадын нутаг руу олноороо нүүсэн тухай өгүүлсэн байна. Харин энэ нүүдлийг зогсоож, хязгаарын ардыг эх орон, элгэн нутагт нь үлдээх, ингэхдээ тэдэнд хүч хэрэглэхгүй, яриа ухуулаг хийж, буцаан нүүлгэх ажлыг Баян-Овоо, Номгон, Жавхлант, Цогтцэций сумдад байнга байрлаж, харуул манаанд гарч байсан Өвгөөдэй нөхдийн хамт хийж явжээ. Чингэтэл нэг жилийн дараа буюу 1932 онд байдал бүр ч дордож Дэл хөнжлөөр нутагтай Дэлэгсамба, Ганжуурва хувилгаан гэгчид өөрсдөө мөрөөрөө тонилохын оронд бас л баахан ардыг сэнхрүүлэн дагуулж, Хятадад дагаар орохыг завдлаа. Завдахаар барахгүй хэсэг Монгол айл өрх  шөнө, оройгоор хил даваад сэм нүүчихсэн байв. Ганжуурва хувилгаан гэгч нь дээрэмчин Дэлэгсамбын багш болоод шавийнхаа балдам зэрлэгт баахан эрдэж, Түвдэнгийн Бор тэргүүт Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн гишүүдийг хөнөөсөн нүгэлтнүүд... Өвгөөдэй Ц.Дамдинсүрэн хязгаарын буюу хилийн цэргийн дарга Чансан, Надмид комиссар нарын хамт нэгэн салаа цэрэг авч гартаа зэвсэг бариад Дэлэгсамба, Ганжуурва хувилгааны дээрэмчидтэй тулалдаж, тэдний савраас буруу замаар будаа тээж явсан олон ардыг салгаж авчээ.

 “Уг хөдөлгөөнийг зогсоож, нүүдэлчдийг эргүүлсний дараа тэдгээрийг сум суманд нь төвхнүүлэх, сарнисан бутарсан гэр хогшил, мал хөрөнгийг эмхлэх, түүнийг эздэд нь буцаан олгохыг залган гүйцэтгэж, аль хавар эрт гурав, дөрөвдүгээр сард гарсан бид үстэй хувцсаа ч солих завдалгүй явсаар тавдугаар сарын сүүлч, зургаадугаар сарын эхээр аймгийн төвдөө буцаж ирсэн билээ” Өвгөөдэй Цэндийн Дамдинсүрэн нэгдүгээр боть, 19 дүгээр тал.

 “Өөрөөр хэлбэл, уг өвчний гаралт тэр жилээс хойш зогссон хэрэг. Зөвхөн би өөрөө гардаж гурван зуугаад хүнд тарилга хийсэн билээ...” Өвгөөдэй Цэндийн Дамдинсүрэн нэгдүгээр боть, 20 дугаар тал.

МАХН-ын Төв Хороо, Намын Төв хянан байцаах комиссын хавсарсан 1932 оны III онц бүгд хурлаар “Зүүнтний” алдаа завхрал гэгчийг арилгаж, Шинэ эргэлтийн бодлогыг олон түмэнд сурталчлан таниулах гэж өөр нэг ажил гарч иржээ. Өвгөөдэй ч энэ ажилд хамгийн түрүүнд томилогдон, Намын Төв хороо, Засгийн Газрын Бүрэн эрхэт комиссын дарга нөхөр Хорлоогийн Чойбалсан нараас заавар авч, бас л хөдөө хөхөрч, гадаа ганджээ. Өгсөн үүрэг даалгаврыг нэр төртэй биелүүлж, алдаа мадаггүй ажилласан түүнийг 1932 оны сүүлчээр аймгийн эвлэлийн хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар дэвшүүлэв. Өвгөөдэй хэзээ ч улаан хувьсгалч Дорж, эсвэл Самдан багш байсангүй. Тэрний нэгэн жишээ бол 1933 онд Цагаан бурхан буюу цэцэг өвчин дэлгэрч, их, бага, хөгшин, залуу хэн байна өвдөж, зовж, эмнэлгийн наад захын туламж авч чадалгүй өнгөрөх тохиолдол багагүй болжээ. Эл учир аймаг, орон нутгийн иргэдийг энэ хөнөөлт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг Өвгөөдэй ахалж, Эвлэлийн гишүүдийг богино хугацаанд сурган, гол ажилдаа орсон байна.

Өвгөөдэй Өмнөговьд гурван жил суугаад 1935 оны есдүгээр сарын 20-ны өдөр Дорнод аймгийн намын хорооны нарийн бичгийн даргаар томилогдон алс зүүн хязгаарыг зорьжээ. Тухайн цаг үед манай улсын зүүн хил хязгаар туйлын түгшүүртэй байсан агаад хил залгаа Манжуурын нутгийг Японы харгис цэрэг эзлэн суугаад Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Хил рүү өдөөн хатгалга, халдлагыг удаа дараалан хийж, дайн гаргах нөхцөл байдлыг үүсгэхээр эрчимтэй чармайж байлаа. Өвгөөдэй Цэндийн Дамдинсүрэн хэзээ хэзээгүй дайн эхэлж мэдэх түгшүүртэй бүс нутагт онц чухал алба хашиж, хил хязгаараа хамгаалах ариун үйлсэд гар бие оролцож эхлэв.

Үргэлжлэл бий...

Нийтэлсэн: О.Цэнд-Аюуш

Эх сурвалжийн холбоос: ҮЗЭХ

Буцах