БНМАУ-ын Гавьяат жүжигчин, ард олондоо "Алиа" Содном нэрээр алдаршсан Батын Содном нь 1910 онд малчин ард Батын гэр бүлд Түшээт хан аймгийн Жонон гүний хошуу “Түнжин” отгийн нутагт “Тосонгийн гол гэдэг буюу одоогийн Төв аймгийн Заамар суманд төржээ. Содном багадаа их алиа зүггүй хүүхэд байлаа. Үхэр сүүлдэж хөлийг нь боогоод ээж, ааваасаа айхдаа бага гэрт нуугдаж байсан гэдэг.
Тэр 13 насандаа өнчирсөн ч хотод ирж Хүүхэд Залуучуудын Эвлэлийн дэргэдэх бичиг үсгийн дугуйланд суралцжээ.
1932 онд лам нарт бичиг үсэг заах багш болов. 1933 оноос сайн дураараа Марзан Шарав гуайн дагалдан зураач болж байжээ. Улмаар соёлын ордны жүжигчин, туслах ба жинхэнэ найруулагч, орлогч дарга хүртэл дэвшин ажиллаж байв.
1934 онд төв Цэнгэлдэх хүрээлэнгээс зарласан шалгаруулалтад тэнцэж уртын дуучин болж байв.
1940 оноос Ховд, Увс, Баян-Өлгий аймгуудийн театр, соёлын орднуудад найруулагч бүжигчнээр 1943 онд Улсын циркийн инээдмийн жүжигчин, 1948-1953 он хүртэл Завхан аймагт найруулагчаар тус тус ажиллаж байжээ. 1953 оноос эргэж Улсын цирктээ орж Ж.Данзантай “Толь” антре тоглосноор алилагчийн уран бүтээлээ эхэлсэн бөгөөд 1984 он хүртэл буюу насан эцэслэтлээ ажилласан байна.
Б. Содном нь жүжигчин, жүжигчнээс найруулагч болсон бөгөөд түүгээр ч зогсохгүй театрын орлогч дарга ч болж ажилласан хүн юм.
Б.Содном циркийн алиалал, драмын жүжгийн уран чадварыг гойд сайн эзэмшсэн хосолмол авъяастан байлаа. Ардын жүжигчин Ж.Данзантай хоршин тоглосон Юндэн, Нансалмаа, Отелло, Дездемон, Чөлөөт бөх, Согтуу тэмээ, Гэрлэлтээ бүртгүүлсэн нь зэрэг бүтээлүүд нь манай үзэгчдийн зүрх сэтгэлд хоногшин үлдсэн билээ.
Б.Содном “Бүтэлгүй дарга”, “Мэргэн буудагч”, “Усчин”, “Анчин”, “Лектор”, “Ухаантай чоно”, “Бантан” зэрэг 100 гаруй шог гараа циркийн олон үзэгдлүүд найруулан тоглож, олон кинонд өөрийн гэсэн өвөрмөц дүр бүтээснийг үзэгчид өнөөг хүртэл бишрэн дурссаар явна.
Тоглосон кинонууд:
Б. Содномыг 1965 оны "Зэрэг нэмэхийн өмнө" киноны Боролдойн дүрээр Монголын ард түмэн андахгүй. Түүнээс гадна нэлээд хэдэн дэлгэцийн бүтээлд дүрээ мөнхөлсөн байдаг.
Үүнээс дурдвал:
- 1940 он "Тарваган тахал" анчин
- 1940 он "Анхдугаар хичээл" цэрэг
- 1956 он "Бидэнд юу саад болж байна" нэгдлийн гишүүн
- 1965 он "Хүний мөр" архичин
- 1970 он "Хүргэн хүү" бригадын өдөрлөгт жүжиг тоглогч
зэрэг дүрүүдийг бүтээжээ.
Б.Содномын урлаг соёлын хөгжилд оруулсан гавьяа зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Улс хувьсгалын ойн хүндэт медалиуд ба БНМАУ-ын гавьяат жүжигчин цолоор 1958 онд ту тус шагнагджээ.