Эх сурвалж: Dnn.mn сайтын 2015.06.09 өдрийн нийтлэл
Монгол Улсын гавьяат жүжигчин, нэрт алиалагч Батын Содном агсныг бид “Зэрэг нэмэхийн өмнө” киноны Боролдойгоос аваадолон дүрээр нь мэдэх билээ. Алиа Содномын хүү, зураглаач С.Цолмонтой ярилцсанаа хүргэе.
-Алиа Содном гуайн дэлгэцэнд болоод циркийн тайзнаа бүтээсэн дүрүүд хүмүүсийн сэтгэлд ойр байдаг. Хувь хүн талаасаа ч бусдыг татсан олонтой нэгэн байжээ?
-Аав маань 13 настайдаа эцэг эхээсээ өнчирч үлдсэн юм билээ. Тэгж л бага залуугаасаа хат сууж, халуун чулуу атгасан хүн л дээ. Би аавыгаа амьдралыг ялан дийлсэн хүн гэж боддог. Ялан дийлснийх нь илэрхийлэл бол Монголын тайз дэлгэцэнд бүтээсэн дүрүүд нь юм. Ард түмний хайртай жүжигчдийн нэг болсон хувь тавилан нь юм. Циркийн жүжигчин болтлоо янз бүрийн ажил хийж явсан байдаг.Гандангийн дэнжийн ойролцоо байгуулагдсан анхны урлагийн сургуульд бичиг үсгийн багшаар ажиллаж байсан. Төгссөн сургууль соёл гэхээр сүртэй юм байхгүй. Ерөөсөө байгалиасаа заяасан авьяасаараа хоолоо олж идсэн хүн шүү дээ.
-Хамгийн анх тайз дэлгэцэнд ямар дүр бүтээсэн бэ?
-Манайхан тэр бүр сайн мэддэггүй л дээ. “Тарваган тахал” гэж анхны уран сайхны кино байв. Уг киноны гол дүрийг бүтээсэн.Мөн “Сүхбаатар”, “Бидэнд юу саад болж байна”, “Хүргэн хүү” гээд олон кинонд циркийн жүжигчнийхээ хажуугаар дүр бүтээсэн байдаг. “Хүргэн хүү”-гийн дүрийг санаж байгаа байх. “Нэгдэлжих хөдөлгөөний сурталчилгааны өдөрлөг”-т зориулсан жүжгийн хэсэг гардаг даа. Аав хадланд явахгүй гэсээр таягтай ирээд, сүүлдээ таягаа хаяж ухасхийгээд, буруу хөлөө өвдсөн гэж хэлээд олны инээдийг хүргэдэггүй юу. Дэлгэцэнд бүтээсэн энэ олон дүрээс үзэгчдийн сэтгэлд хамгийн их хүрсэн нь “Зэрэг нэмэхийн өмнө” киноны Боролдойгийн дүр. Аавын алиа марзан төрх, байгалиасаа заяасан хошин авьяас нь Боролдойгийн дүрд илүүтэй гарсан байдаг. Манай гэр бүлийнхэн, үр ач нар нь “Зэрэг нэмэхийн өмнө”-ийн Боролдойгийн дүрд нь илүү хайртай. Аав маань жүжигчнээс гадна театрын найруулагч хүн байсан. Ардын жүжигчин Л.Цогзолмаа гуайн дурдатгалын номонд тэр тухай тодорхой орсон байдаг. “Залуу үе” театрын найруулагч, даргаар нь ажиллаж байсан юм билээ. Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан зэрэг баруун аймгуудын театр киноны хүрээлэнд найруулагчаар ажиллаж байлаа. Тэгээд дараа нь цирктээ алиалагчаар орсон түүхтэй.
-Циркт хэдэн онд жүжигчнээр орсон бэ?
-Дөчөөд оны дундуур орсон гэдэг. Их залуухнаараа буюу дөч гаруйхан насандаа гавьяат болж байлаа. “Аав нь аливааг хийж бүтээх уран бүтээлийн ид жагсаж яваа насандаа төрийн өндөр дээд цол хүртлээ” гээд ихэд баярлаж байсныг нь санаж байна.
-Содном гуайн ус нутаг гэвэл хаанах вэ?
-1910 онд одоогийн Төв аймгийн Заамар сумын нутаг дахь Тосонгийн гол гэдэг газар төрсөн. Заамар сум хуучин Галтбадрах гэж нэртэй байсан юм билээ. Төв аймгийнхан ихэнх нь боржигон овгийн хүмүүс. Манай аав ч боржигон овгийн хүн. Харин би “алиа” гэсэн овог авсан. Ах дүү нар маань, тэдний үр хүүхдүүд бүгд ийм овог авсан. Алиа гэсэн овогтой болсны гол учир нь бидний үр хүүхэд бүгд өвөг эцгээ дурсаж, Монголын алдартай алиалагч байсныг нь санаж яваг гэж бодсон хэрэг.“Аавтайгаа өнгөрүүлсэн үеэ дурсахгүй юу” гээд хүмүүс их асуудаг. Сүүлд бодоод байх нь ээ аав зуны хэдэн сар урлагийн бригдаар хөдөө явчихна. Намар гэрийн бараа харна. Тэр хугацаанд мэдээж их санана. Хамт байснаас илүү аавыгаа санасан цаг хугацаа нь надад бодогдоод байдаг юм. Харин арваад нас хүрсэн үедээ аавыгаа дагаж хөдөөгүүр ганц нэг удаа явж байсан. Хөдөө суманд тоглолт хийсний дараа аавыг хүн бүр бүчээд авна даа. “Содном гуай манайд очиж цай уу” гээд хүн бүр гэртээ урина. Энэ үед “Би чинь олон түмэнд хүндлэгдсэн аавтай хүн шүү. Миний аав нэртэй жүжигчин” гэж бодогдож байгаа хэрэг.
-Гэртээ урьж залж аваачсан олныд ихэвчлэн хошин марзан яриа өрнүүлэх үү?
-Хошин зүйл ярилгүй яахав. Гэхдээ нэг их учиргүй алиалаад байхгүй. Энгийн л байна. Харин уртын дуу сайхан дуулдаг байлаа. Бөмбөгөр ногоон театрт анх уртын дуучнаар шалгуулж орсон гэдэг шүү. Уртын дууг гайхалтай дуулдаг байсан, алдарт Ж.Дорждагва гуайн гарын шавь байсныг нь хүмүүс тэр бүр мэддэггүй. Мэддэг хүмүүс аавын уртын дууных нь торгон шуранхайг сонсох гэнэ. Радиогийн алтан фондонд дуулж үлдээсэн дууг нь хайгаад олохгүй байгаа юм.
-Та эхээс хэдүүлээ вэ?
-Бид ах дүү зургуулаа өссөн. Бидэнд “Хүн ийм байх ёстой” гэж цэцэрхсэн сургасан зүйл аав хэлэхгүй. Ихэвчлэн алин марзан байдлаар ярина. Тэгэхдээ үгийн завсар үг хавчуулж ухаан бодолд минь шигтгэж өгдөг байв. Хүнийг үл хүндэтгэх, дорд үзэхийг тэвчдэггүй хүн байсан. Хөгшин залуу, дарга сайд, гуйлгачин ядуу гэлгүй дээд зэргээр хүндэтгэнэ. Хүнд хэтэрхий хайртай, дэндүү зөөлөн нэгэн байсан.
Мөн ч олон нөхөдтэй байжээ. Дорнын их найрагч Б.Явуухулан, С.Эрдэнэ гуай, хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа, Л.Мөрдорж гээд аваргууд, урлагийн алтан үеийнхэн, циркийн үе үеийн авьяастнууд бүгд л манайхаар орж гарч, ууж идэж явжээ. Миний бие аавыгаа бурхан болтол дэргэд нь байсан. Аливаа юманд хэмжээ хязгаар гэж байх ёстой гээд 50 хүрээд тамхи татахаа, 70 хүрээд архи амсахаа больчихож билээ. Нэг зүйл миний санаанаас ер гардаггүй юм. 20 нас хүрчихсэн их л мундаг амьтан найз нөхөдтэйгээ Их дэлгүүрийн үүдээр явж байтал аавтай таарчихав. Манай найзууд “Сайн байна уу Содном гуай. Та хаа хүрч яваа юм” гэхэд “Наад нэг нялх амьтанд чинь тоглоом аваад гээд” тор дүүрэн хүүхдийн тоглоом барьчихсан зогсч байв. Тухайн үед найз нараасаа ямар их ичсэн гэж санана. Аав гэдэг хүн үр хүүхдээ хэзээ ч том болчихож гэж боддоггүйг хожим ухаарч билээ. Циркийн алтан босгоор алхах болгондоо аавыг санадаг аа.
Ө.МАНЛАЙ
Эх сурвалжийн холбоос: ҮЗЭХ