Эх сурвалж: Gogo.mn сайтын 2008-03-25 өдрийн нийтлэл
Монголын кино урлагт “Зэрэг нэмэхийн өмнө” гэсэн инээдмийн төрөлдөө топ кино байдгийг хүмүүс андахгүй. Циркийн жүжигчин Батын Содном гуай тайзны өвөрмөц содон дүрүүдээс гадна энэ киноны Боролдойн дүрээр үзэгчдийн сэтгэлд мартагдашгүй хоногшин үлдсэн билээ. Түүний хүү МҮОНТ-ийн зураглаач С.Цолмонтой ярилцлаа.
-”Зэрэг нэмэхийн өмнө” киноны зураг авалтын үеэр та аавтайгаа ойр байв уу. Ямар дурсамж танд үлдээ бол?
-Би бага байхдаа аавыгаа дагаж кино зураганд их явдаг байлаа. “Зэрэг нэмэхийн өмнө” киноны зураг авалтад арав хоног хамт явсан санагдана. Тэгэхэд ардын жүжигчин Жамьянжав, Доржсүрэн гуай, аав энэ гурав тусдаа нэг майхантай явсан. Хүүхдүүдтэй их ойр дотно байдаг, бидний найз нь Жамьянжав гуай байсан юм. Жамьянжав гуай тэр үед Болгарт Консерваторт сурч байсан болов уу. Тэгээд Даргомыжскийн зохиолыг нотыг нь харж байгаад дуулна, “Русалка”-г дуулаад л бас бидэнд зав гаргаад хөлбөмбөг тоглодог, хүүхдэд их ойр дотно явдаг байлаа. Тэр кинонд чинь Монголын киноны бүх л томчууд явсан. Ерөнхий оператор нь Дэмбэрэл гуай, ерөнхий найруулагч нь Чимид-Осор гуай байсан. Одоо бодоход их том групп цугларчихсан байж. Тэр үед чинь Доржсүрэн гуай Хөгжим бүжгийн сургуулийн багш байсан байх аа. Маш цэвэр цэмцгэр хүн явдаг байсныг одоо ч би мартдаггүй юм. Тусдаа эвхдэг ортой, тэгээд мааюур, маахуур боов шоов юу байдаг юм тэр болгон нь тусдаа нэг саванд, тамхи тариа нь хүртэл хүнтэй тамхилдаг тамхи нь нэг өөр, өөрөө татдаг тамхи нь нэг өөр, их цэмцгэр хүн байлаа. Тамхи гуйсан хүнд Болгарын “Балкан” гэдэг тамхи өгнө, өөрөө болохоор “Солнце” гэдэг тамхи татна. Хүүхдийн нүдээр харахад тэр үед натур дээр их сонин үйл явдлууд болдог байж дээ. Тэр хэд маань өдөр шөнөгүй ажиллана л даа. Зураг авалт амжилттай болоод эргээд цуглахаараа хөзөр энэ тэр тоглодог байсан санагддаг юм. Жамьянжав гуай, аав хоёр болохоор тийм юманд нь оролцохгүй л дээ. Дэмбэрэл гуай, Чимиддорж гуай эд нар хөзрөө тоглоод, салют бууддаг буугаараа буудна шүү дээ. Тэр л миний санаанд их тод үлдсэн байдаг юм.
-Тэр үед та хэдэн настай байв?
-Арван гурав юм уу, арван дөрөвтэй байсан юм уу даа. Ямар ч байсан тав, зургадугаар анги төгсчихсөн байсан санагдана. Яагаад гэвэл, тэр киноны нээлт болсон Хүүхэд, залуучуудын театр нээгдээд удаагүй байсан цаг. Тухайн үедээ тэр киног ерөнхийдөө хаачихсан байхгүй юу. Үзэл суртлынхаа хувиар ч юм уу аливаа нэгэн талаас нь л хаасан болов уу. Би тэгэхэд хүүхэд байсан болохоор юугаа мэдэх вэ. Киноны дараа уран бүтээлчдэд шагнал гэж юм байдаг. Гэтэл тэр киног бүтээсэн хүмүүст тийм юм ер нь олдоогүй байх аа. Дараа нь Жамьянжав гуайгаас бусад нь бурхны орондоо оччихсон. Киноны зохиолч нь аугаа их Лодонгийн Түдэв, зураач нь Үржнээ. Тэгээд ардын домог ярианаас аваад хийчихсэн кино гэдэг шүү дээ. Тэгээд киноны талаар манай радиогийн диктор байсан Цэвээндорж гэдэг хүн “Утга зохиол, урлаг” сонинд том хэмжээний шүүмж бичиж гаргаж байсан юм. Миний ойлгосноор бол Түдэв гуай өмнө нь хэлсэн нэг үг байдаг юм. “Энэ бол ард түмний дунд яригддаг явган шог. Ард түмэн зохиосон юмыг би сийрүүлсэн юм” гэсэн утгатай их гоё үг байдаг юм. Би нэг бүрчлэн сайн санахгүй байна.
-Таны бага нас ер нь голдуу натур дээр өнгөрөв үү?
-Үгүй. Би аавыгаа хөдөө бригадаар явахад нь голдуу хамт явдаг байлаа. Тэгэхэд би бүр жаахан хүүхэд байсан юм. Тэр үед чинь урлагийнхан бригадаар 45 хоногоор л явна шүү дээ. Улс орон даяар атар газар эзэмшинэ гэж байсан цаг. Циркийнхэн бас ихэнх нь тракторчин, жолооч болчихсон хөдөө гадаа тарчихсан, циркийн бригад явна. Үтрэмийн том байран дээр очиж гадаа тоглоно шүү дээ.
-Энэ бүхэн таныг теле оператор болох замд хөтөлсөн юм болов уу?
-Хүүхэд байхад аавыгаа дагаад л явна. Газар орон бүх юмтай танилцаад явахад хүнд хамгийн сайхан байдаг л даа. Тэр үед чинь ямар буудал гэж байсан биш бригадаар явахад гадаа хононо, тэгж явахдаа л хөдөө газрын амьдралтай танилцаж байсан даа. Гэхдээ “Паз” автобусаар явдаг байсныг бодоход би бол сүүлийн үед нь л явж байсан шиг байгаа юм. Тэгээд циркийн бригадынхан хамгийн сүүлд хаалтаа Төв аймгийн Баянчандмань суманд хийдэг байсан юм. Дөчин хэд хоног явчихсан хүмүүс чинь бас алжаалаа тайлна, боодог энэ тэр хийнэ шүү дээ.
Тэр үед циркийн морь мал, амьтад нь Баянчандманьд байдаг байсан юм. Хараа голын эрэг дээр байсан санагддаг юм. Миний бага нас аавтайгаа их гоё өнгөрсөөн. Аавыг бол хаана ч явсан хүн болгон танина.
-Содном гуай Монголын анхны кино хальсанд дүрээ үлдээсэн цөөхөн хүний нэг гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй байх. Тэр киноных нь талаар танд өмнө нь сонсдож дуулдаагүй мэдээ байна уу?
-Миний аав байна шүү дээ, Монголын хамгийн анхны кинонд тоглосон хүн байгаа юм. “Тарваган тахал” гэж кино байдаг юм. Гучин хэдэн оны кино л доо. Энэ киноны нэг, хоёрдугаар анчин гэж байдаг, аав маань түүний хоёрдугаар анчинд тоглосон юм. Би тэр киног нь үзээгүй л дээ. Архивт байж л байгаа болов уу. Чухамдаа уран сайхны кино юм уу, эсвэл тарваган тахлаас сэрэмжлүүлсэн кино юм уу гэдгийг би мэддэггүй юм. Дараа нь “Баатар Гонгор” гэдэг кино байдаг шүү дээ. Тэр кинонд япон офицерын дүрийг бүтээсэн. Циркийн уран бүтээлийнхээ хажуугаар тэр дэлгэцийн олон дүрийг хэдийдээ амжуулдаг байсан юм бол гэж би гайхдаг юм. “Сүхбаатар” кинон дээр морьтой давхиж ирээд нэг уриа лоозон уншдаг хүн бий дээ, тэр бас миний аав. Ерөөсөө ямар нэгэн кинонд тоглоод л яваад байдаг юм юманд их хүртээмжтэй хүн байж дээ. Харин бүрэн хэмжээний уран сайхны кино нь “Зэрэг нэмэхийн өмнө”. Театрт, кинонд дүрээ үлдээчихсэн, энэ бүхэнд би ааваараа маш их бахархаж явдаг.
-Та Оросын кино урлагийн дээд сургуулийн аль үед нь сурч байлаа?
-Би Москвад гурван жил сурсан. Анх би 1971 онд телевизэд теле киноны курс гэж байгуулагдахад орж суралцаад, 1975 он хүртэл телевизэд гэрэлтүүлэгчээр ажилласан юм. Тэр он жилүүд бол миний хувьд ёстой л хорвоотой танилцсан түүх гэдэг шиг Монгол орноороо аялсан мартагдашгүй үе байсан. Тэр үед чинь плёнкоор зураг авдаг, гэрэл байхгүй бол зураг байхгүйтэй яг адилхан нөхцөлд бид ажиллаж байлаа. Монгол орныхоо хамгийн сайхан газраар, хамгийн сайхан хүмүүстэй хамт зураганд явдаг байж.
Ерөөсөө л гэрэл гэдэг чинь намайг энэ телевизийн бүх юмтай холбож өгсөн шүү дээ. Тэгээд дараа нь Орост сурч ирээд 1981 оноос өнөөг хүртэл оператороо хийж байна даа. Өмнө нь гэрэлтүүлэгч, ассисент найруулагчаар ажиллаж байхдаа би оператор л болох ёстой гэсэн бодолтой л гүйж байсан хэрэг шүү дээ. Тэр үед 18 аймгаар явж бэлтгэдэг “Алтан зул” гэдэг нэвтрүүлэг байсан юм. Соёлын яамнаас бүх аймгийн Соёлын ордон, театруудын дунд уралдаан зарлачихсан байлаа. Түүнийх нь дагуу манай Ж.Бадраа гуай тэргүүтэй уран бүтээлийн групп явж нэвтрүүлэг бэлтгэнэ.
Баруун аймгуудаар явах группыг Бадраа гуай, бусад аймгаар явах группыг Дагвадорж найруулагч ахалж нэвтрүүлгээ бэлтгэж байсан юм. Хоёр оператортой, нэг нь би, нөгөө нь Бямбадорж. Бид өдөр нь гадаа байгалийн сайханд зургаа авна, нар жаргангуут тайзан дээр зургаа авна. Ерөөсөө өдөр шөнөгүй зураг авалт явагддаг байсан юм.
Биднийг тэгж явахад Сүхбаатар аймагт Чимэдцэеэ, Булганд Үенч гэхчилэн одоогийн ардын жүжигчин, гавьяатууд аймгуудын театрт дуулж байлаа. Тэр үед бид анх тэднийг ард түмэндээ таниулж өгсөн гэж боддог. Үүгээрээ манай телевизийн ажил бахархалтай л даа. Бид чинь их адал явдалтай явна шүү дээ. Нэг удаа Баян-Өлгий аймагт явж байгаад томилолтын есөн мянган төгрөг, бусад зардал мөнгө, хамаг юмтай цүнхээ хүний цүнхтэй сольж бариад явчихдаг юм байна. Тэр чинь гурван аймаг дамжих зардал байхгүй юу. Дараагийн газар Говь-Алтайд очиход хүмүүс Баян-Өлгий аймагт алдсан юм олддог гэж тайвшруулж байсан. Тэгэхэд хөгжмийн зохиолч Баатарсүх Говь-Алтай аймгийн чуулгын уран сайхны удирдаач байсан юм. Тэр оройдоо бид Баатарсүхтэй баахан пижигнэж байгаад онгоцыг бараг нэг цаг хүлээлгэсэн юм даг. Тэр үед чинь телевиз гэдэг их нэр хүндтэй байснаас тэр юм уу даа. Тэндээсээ Баян-Өлгийд эргээд буудалд буугаад байтал нэг казах хүн нөгөө цүнхийг маань барьчихсан ирлээ. “За энэ та нарын цүнх мөн үү, дотор нь юу юу байгааг хэл” гээд л шалгааж байгаад өглөө. Онгойлгоод үзсэн чинь бүх юм тоо ёсоороо байж байна. Таныг шагнана аа гэсэн чинь үгүй, би юм авахгүй гэж байна. Тэр чинь наян хэдэн он, зах зээлд шилжээгүй байсан үе болохоор ч тэр үү хүмүүс маш үнэнч байсан юм. Мянган төгрөг оллоо ч гэсэн цагдаад аваачаад өгчих жишээтэй, хүний чанар их сайхан байсан цаг. Мөнгөнд шунаад байхгүй, нийтээрээ ер нь тэгш хэмэндээ л амьдардаг байсан цаг байх.
-Гучаад жил камер үүрсэн Монгол телевизийн оператор нэвтрүүлгээс гадна том уран бүтээл нэлээдийг хийгээ байлгүй. Тоймтойгоос нь нэрлэвэл юу юу байна. Улсын наадмын бичлэг бол тоогоо алдсан биз?
-За, би жүжиг нэлээд бичсэн дээ. “Эдлэх ёсгүй эрх”, “Үүрийн шаргал туяа” гээд олон бий. Алийг нь гэж тоочих вэ. Сар болгон эфирт гаргадаг инээдмийн жүжиг, хошин шогийн хөтөлбөрийг бид хийдэг байлаа. Тэр хөтөлбөрт голдуу Дорлигжав ах, муухай Пүрэвээ хоёр тоглоно. Энэ чинь манай телевизийн нэг брэнд байлаа л даа. Нөгөө хэдэн жүжигчдээ олж ирэх гэж бас их үйлээ үзнэ. Жүжиг бичнэ гэдэг бол жижиг хэрэгслээс өгсүүлээд бүх л юмыг гаднаас олж авчирна. Туслах байхдаа тэр бүгдийг кино үйлдвэрээс үүрээд ирдэг байлаа. Ер нь янз бүрийн юм хийсэн дээ. Гэхдээ тэр бүхэн миний бахархал. Наадмын тухайд 1984 оноос хойших бүх наадмыг алгасаагүй. Өнгөрсөн жил л наадам бичээгүй юм байна. Цэнгэлдэхэд миний тавцан байдаг шүү дээ. Яг индрийн хажуу талын тавцан чинь минийх юм. Тэр тавцан дээр гучаад жил зогссон.
-Цолмонгийн тавцан гэж нэршсэн ч болохоор юм аа?
-Кино үйлдвэрээс нэг хүн, тэгээд Цоомоо зогсдог байсан юм. Бусдыг нь тэр рүү гаргадаг ч үгүй байсан шүү дээ. Сүүлийн хэдэн жилд олон телевиз бий болоод бараг хүн болгон гардаг болжээ.
-Урлаг соёлын салбарт таны хамтарч ажиллаагүй, харьцаж яваагүй хүн гэж ер нь бий юу?
-Бараг үгүй гэж болох байх аа. Ер нь хаана ч явсан энэ салбарт намайг үнсдэггүй хүн гэж лав байдаггүй юм. Яагаад гэвэл, миний аав тэр хүмүүсийн найз. Тэгээд ч би телевизэд хэдэн жил ажиллалаа. Хөдөө явж байхад хүмүүс энэ чинь нөгөө алиа Содномын хүү байна гээд таньж л байдаг. Тийм болохоор би боддог юм, би чинь юу хийж бүтээлээ дээ гэж. Энэ олон түмний сайхан сэтгэлд хүрэх би ер нь хэн билээ гэж бас санаа зовох үе байдаг.
-Содном гуай тайз, дэлгэцэн дээр гардаг шигээ тийм наргианч хүн үү, үгүй юу?
-Аав минь их дөлгөөн хүн шүү дээ. Ер нь номхон. Гэр орондоо, үр хүүхдүүддээ нэг их алиалж хошигноод байх нь юу юм. Жаахан ёж үгтэй л хүн байсан. Миний аавд хоёр, гурван удаа ардын жүжигчин цол олгохоор тодорхойлж байсан юм. Тэгээд авч чадаагүй. Уг нь бол тийм хүндэтгэл аавд минь байх л ёстой гэж би боддог. Юун дээрээ тээглэчихээд байсан юм мэдэхгүй. Манай аав бас жаахан задгай хүн. Намын талаасаа ч юм уу, нөгөө талаасаа ч юм уу ямар ч байсан болоогүй л юм даг. Тэгээд тэр нь сэтгэл санаанд нь бас нөлөөлсөн байж магадгүй гэж боддог юм.
-Жамьянжав гуай сая ардын жүжигчин болчихлоо шүү дээ?
-Жамьянжав гуайг ардын жүжигчин цол авахад нь би асар их баярласан. Яагаад гэвэл би багадаа аавтайгаа, энэ хүнтэй натурт хамт явж байснаас гадна, дуурь бүжгэн жүжиг үргэлж үздэг байлаа. Миний найзууд ч дуурийн театрт ихэнх нь ажиллаж байсан. Балетчид ч байсан, найрал дуучид ч байсан.
-Сүүлийн үед театраар орж байна уу, та?
-Ер нь орж байгаа л даа. Гэхдээ ажлын шаардлагаар л орж байгаа болохоос хуучин шигээ яг жүжиг үзэх гэж очихоо бараг больж дээ. Одоо бол хааяа Сүхбаатарынхаа дэглэсэн бүжгийг үзээд, Баатарынхаа жүжгийг үзээд явж байна. Тэднээрээ би үнэхээр бахархана. Баатар маань сая гавьяат авлаа. Сүхээ маань төрийн соёрхолт болсон. Бид нар чинь Орост сурч байсан нэг үеийн оюутнууд юм. Хойно хамт сурч байсан олон хүн бий дээ. Би бол олон сайхан найзуудтай. Доржсамбуу, Цэвээнравдан гээд сайхан эрчүүд байлаа. Бид бас гэмгүй сайхан үерхдэг байсан. Надаас бусад нь бүгд мундаг шүү дээ. Миний хувьд гучаад жил камераа үүрч явна. Залуу насны эрч хүч гэж өөр байдаг байхгүй юу. Одоо бол яахав дээ, заримдаа халшраад байх болж.
-Одоо танай телевизийн операторууд хэр хүчтэй залуус байна?
-Манай телевизийн хувьд сайхан залуучууд гарч ирж байна аа. Манай Нямсүх, Отгоо, Хэрлэн гээд авьяастай, мэдрэмжтэй олон залуу оператор бий. Эд нар маань хийж бүтээдэг ид насан дээрээ, нойр, хоол бүх юмаа умартаад хамаг цагаа уран бүтээлд зориулж яваа. Тавь гарчихсан бид мэт нь одоо үнэхээр ядрах тал руугаа орж эхэллээ. Манай Машка (оператор Машбат) эд нар бол мундаг л даа. Гэхдээ энэ чинь насны онцлог гэж байна, хүн ядарна, Сүхбалсан ч бай, Машка ч бай, би ч бай энэ залуучуудаас дутахгүй л гэж үзээд байгаа болохоос би өөрийгөө бодоход л үнэн хэрэгтээ тэднээс дутуу байгаа юм шиг санагдах болж. Энэ залуучууд бол Монголын үндэсний телевизийг аваад явах сайн операторууд гэж би бахархаж байгаа юм. Монгол телевиз бол босго сайтай газар. Эндээс олон телевиз өрх тусгаарлаж гарлаа. Тэр олон телевизэд ажиллаж байгаа уран бүтээлчид дотор манайд ажиллаагүй нэг ч хүн байхгүй. Бод л доо, TҮ-9-ийн Соёлт сая гавьяат авлаа, Донров оператор байна, эд бүгд тэр телевизүүдийг хөл дээр нь босгож өгч байгаа. Тэгээд бусад телевизэд нь Батнягт нь байна уу, хэн нь байна бүгд Монгол телевизээс гарсан үр хөврөлүүд. Тийм учраас театраар жишиж ярихад манай телевиз бол академик телевиз гэж би нүүр бардам бодож байгаа шүү.
-Та чинь ганц хүүтэй билүү?
-Тийм. Миний хүү энэ жил 18 нас хүрч байна. Инженер болно. Нэг хэсэг жүдо бөхөөр барилдаж байсан. Дараа нь усан спорт сонирхож хэсэг явлаа. Энэ жилээс бодибилдингээр хичээллэх болсон. Одоо ТИС-ийн нефтийн ангид сурч байгаа. Яваандаа үүнээс өөр чиглэлийн инженер болох санаатай ч юм ярьж байна лээ. Өөрөө мэднэ байх. Би хүүгээ дураараа л яваг гэж боддог юм.
-Ээж тань одоо нас сүүдэр хэд хүрч байна?
-Миний ижий Чойжилжав гэж одоо ная гарчихсан хүн байна. Би ингээд тавь гарлаа. Ижийтэйгээ өдий болтол хамт амьдарч байгаадаа би баярладаг. Заримдаа ээждээ загнуулаад зэмлүүлээд сууж байхдаа ч би өөрийгөө их азтай гэж боддог. Миний үеийнхний ээж, аав олонхи нь бурхныхаа оронд явчихсан. Би бол ээжийгээ магтахаас өөр зам байхгүй. Бид эхээс зургуулаа. Хэдэн хүүхдээ өсгөж өндийлгөж өдий зэрэгт хүргэж, ач зээгээ хүртэл өсгөлцөж одоо болтол авч яваад нь би үнэхээр баярладаг юм. Ер нь тэгээд жүжигчний ар гэр гэдэг их хэцүү л дээ. Яагаад гэвэл миний аав гэрээсээ хавар гараад их удаж байж ирнэ шүү дээ. 45 хоногийн бригад, тоглолт гэж явсаар гэр орондоо байх нь их ховор. Энэ хооронд ээж минь хэдэн хүүхдээ, амьдралаа бүгдийг нь авч явсан. Ижий, аав гэдэг агуу хүмүүс. Хэдэн хүүхдээ өсгөж өндийлгөх гэж яаж зүтгэж амьдралын жаргал зовлонг туулав гэдгийг хүн хожим нь ухаардаг юм байна. Нөгөөтэйгүүр хүний амьдралд эцгийн нэр гэж том юм байдаг. Нэг талаар тэр нэрээр бид амьдарч яваа гэсэн үг шүү дээ. Магадгүй би Содномын хүү биш өөр хүний хүү байсан бол намайг тэр болгон хүн тоогоо ч уу, үгүй ч үү. Миний аав чинь Монгол Улсын 18 аймагт ороогүй сум, баг гэж үгүй, аавыг таньдаггүй хүн гэж бараг байхгүй шүү дээ. Тэгээд намайг нэвтрүүлгээр хөдөө явж байхад хаана ч очсон Содномын хүү байна шүү дээ гээд бүгд таньж байдаг. Тэгэхээр аав минь сайн хүн байж, алдартай хүн байж. Гэтэл би юу билээ гэж бодохоор заримдаа өөрөөсөө санаа зовдог юм.
Н.Пагма
Эх сурвалжийн холбоос: ҮЗЭХ