Монгол Ардын Хувьсгалт Цэргийн Жанжин штабын дарга, Дивиз командлан захирагч Жамсрангийн Цэрэн нь Сайн ноён хан аймгийн Мэргэн гүний хошуу, Цэцэрлэг мандлын аймгийн Рашаант уулын хошуу-Хөвсгөл аймгийн Рашаант сумын нутаг Тусгалтын голд ард Жамсран, Цэндхүү нарын 12 хүүхдийн хоёр дахь нь болон 1908 онд мэндэлсэн.
Тэрбээр өөрийн намтарт нас 21. Хөвсгөл аймаг, Рашаант сум. Бага даргын сургууль төгссөн. Монгол бичиг мэднэ. Гэрийн дотор ам бүл гурав, эх Цэндхүү, дүү Цэрэн 20 настай. Малаар амьдарна. Орлогын төгрөг 100. Урьд эдүгээ ял шийтгэлгүй. Цагааны цэрэгт яваагүй. Эдүгээ долоодугаар хорооны нэгдүгээр салааны дарга. Гавьяа шагнал 4 удаа авч байсан. 1934 онд цэргийн яамнаас Нагаан буу, Халх голын байлдаанаас бүр өмнө 1936 онд улсын 15 жилийн ойгоор “Алтан гадас” одон, 1939 оны наймдугаар сарын 31-ний БНМАУ-ын бага хурлын тэргүүлэгчдийн хуралдсан 58 дугаар хурлын тогтоолоор Цэргийн гавьяаны улаан тугийн нэгдүгээр зэргийн одон тэмдгээр шагнагдсан” гэж бичжээ.
Ж.Цэрэн 1930 оны аравдугаар сарын 15-нд цэргийн албанд татагдаж “Гурван Баян”-д байсан тавдугаар морьт хороонд цэрэг, бага даргын сургуульд суралцаж төгсөөд тэндээ салааны даргын туслах, гуравдугаар салааны даргаар, XIV хороонд салаан даргаар шилжин ажиллаж байгаад мөн оны арванхоёрдугаар сараас 1934 оны зургаадугаар сар хүртэл Цэргийн ерөнхий сургуулийн дарга нарын давтан сургуульд зургаан сар суралцаж төгсөөд XV морьт хороонд пулемёт сумангийн даргаар томилогджээ.
1938 оны дөрөвдүгээр сард VII дивизийн 20 дугаар хорооны дарга, дивизийн штабын дарга 1939 оны долоодугаар сарын дундуур МАХЦ-ын Жанжин штабын даргаар томилогдсон байна. Ж.Цэрэн нь морин цэргийн сургууль, хүнд пулемёт, тактик, буудлага гэсэн дөрвөн зүйлийн цэргийн эрдэмд мэргэшжээ.
Жамсрангийн Цэрэнд Цэргийн явдлын яамны сайд, Бүх цэргийн жанжны 1938.07.11-ний өдрийн 93 дугаар тушаалаар бригад командлан захирагч мөн жанжны 1939.07.10-ны өдрийн У116 дугаар тушаалаар дивиз командлан захирагч цолыг тус тус олгосон.
1933 онд Баянтүмэнгийн XIV хорооны хоёрдугаар сумангийн МАХН-ын үүрт намын гишүүнээр элсч, 1935-1936 оны арванэгдүгээр сар хүртэл XIV морьт хорооны, 1937-1938 онд XX хорооны, 1938 оноос VII дивизийн намын товчооны тэргүүлэгч гишүүнээр тус тус сонгогдон ажилласан. 1940 оны МАХН-ын аравдугаар их хуралд төлөөлөгчөөр оролцож намын Төв Хорооны гишүүнээр сонгогджээ.
Дайны дараа 1940 оны 11 сарын 11 нд хэлс хэрэгт холбогдуулан баривчилж хэлмэгдүүлжээ. Долдугаар дивизийн дарга байхдаа 1938 оны 7-р сард дивизийг шалгахаар очсон дэслэгч жанжин Г.Дамбын хувсгалын эсэргүү байгууллагад элсэж, хорлон сүйтгэх ажил явуулж байсан гэсэн хэлс хэргийг түүнд тулган Дотоод явдлын яамны тусгай комиссын 1941 оны аравдугаар сарын 8-ны өдрийн 6-р хурлаар хуулийн дээд хэмжээгээр шийтгэж, мөн сарынхаа 11-ны өдөр гүйцэтгэжээ.
Хожмоо Улсын Дээд Шүүхийн цэргийн коллегийн 1989 оны тавдугаар сарын 9-ний өдрийн 31 дүгээр магадлалаар түүнийг цагаатгасан юм.