Эх сурвалж: Рашаант сумын веб сайт
Ж.Цэрэн нь 1908 онд Хөвсгөл аймгийн Рашаант суманд төрсөн. 1928-1930 онд сумын нарийн бичгийн дарга, 1930-32 онд цэрэг бага дарга, 1933-1934 онд цэргийн ерөнхий сургуулийн дарга нарыг бэлтгэх сургуульд суралцаж салааны даргын туслах, 1934-1939 онд 7 дугаар морьт дивиз, 20 дугаар морьт хорооны штабын дарга,19 хорооны даргаар томилогдлон ажиллаж байгаад халх голын байлдааны эд үед Монголын Ардын Хувьсгалт Цэргийн жанжин штабын даргаар томилогдон эх орныхоо дархан хил хязгаарыг харийн түрэмгийлэгчдээс чөлөөлөх үүргийг нэр төртэй биелүүлж ялалтанд хүргэхэд жинтэй хувь нэмэр оруулсан төдийгүй дайн дуусмагц дайнд оролцогсдын судалгааг нарийвчлан гаргаж архивлах, армийг өргөтгөн зохион байгуулж бэхжүүлэх тухай, армийн бие бүрэлдэхүүнийг бүтээн байгуулалтанд оролцуулах зэрэг олон тушаал 1939-1940 онд гаргасан нь армийн төв архивт хадгалагдаж байна. Тэрээр Ж. Лхагвасүрэн жанжингийн байрны доод давхарт/одоогийн Вьетнам элчингийн байр / амьдарч байжээ. Хожим түүний эхнэр асан Дариймаа дурсахдаа : “Хүнийг бага гэхгүй аливаа зүйлд сургахыг их хичээдэг нийцтэй хүн байсан. Би тэр хүний хажууд байж их юм сурч,ойлгож авсан. Баривчилгаа явагдаж эд хөрөнгийг хурааж авсны дараа гэрийн дотор үлдсэн эд зүйл,хувцас хунар эмх замбараагүй болсныг цэгцэлж байхад миний гар цүнхэнд байсан зүйлийг бүгдийг гаргаж хаясан ч цүнхний буланд нөхрийн минь надад бэлэглэсэн “алтан сүхэн зүүлт ” үлдсэн байсан. Түүнийг зах дээр гаргаж зараад гэр бусад зүйлийг худалдан авч билээ” гэж түүний төрсөн дүү асан Дарь/эцэг ондоо, эх нэг/ - даа ,ахыг жанжин штабын дарга байхад би гэрт нь тусгай өрөөнд байдаг байсан. Би өрөөнд нь зоргоороо орж чаддаггүй бөгөөд хоол идэх үед л нэг дороо гал тогоондоо цуглардаг байсан хэмээн дүү Д. Лхагважав ахыгаа дурсан ярьж байна. Эхнэр Дариймаа Халх голын байлдааны үед Байшинтад арын албанд шинэ үсэгийн багшаар ажиллаж,дайны дараа нийслэлийн сургуульд шинэ үсэг, латин үсгийн багшаар ажиллаж байсан боловсрол сайтай бүсгүйчүүдийн нэг байжээ.
Дүү Цэрэндорж нь Сүхбаатарын сургууль / офицерийн сургууль /-д суралцаж байсан , дүү Дарь Ардын Дуу Бүжгийн Чуулгад ажиллаж байгаад эсэргүүний үлдэгдэл хэмээн гадуурхагдаж хоёул нэг өдөр сургууль ,ажлаас нь хөөж хэлмэгдүүлсэн.
Төрсөн дүү Цэрэндорж нь дурсахдаа : хүүхдүүд нэг өдөр Цэрэндоржийн ах эсэргүү гээд яриад байхаар нь ахындаа гүйгээд иртэл ахыг баривчлаад явсан байсан гээд дурсаад ярьж байв. Эхнэр Дариймаа болон дүү Дарийг дагуулан нутагтаа ирж амьдарцгаасан байна. Дариймаа нь Хөвсгөл аймагт ирж Готов /маарамба/ гэдэг хүнтэй сууж 2 охин төрүүлж өсгөжээ. Дүү Дарь нь Дэжидийн Дашдоржтой ханилж 6 хүүхэд төрүүлж өсгөжээ.
Ж. Цэрэн оюун билэг төгөлдөр, авир ялдам зохион байгуулах асар их авьяастай эцэг өвгөдийн сургааль, захиасийг ягштал баримталдаг цэрэг ардыг ачлах эрдэмд боловсорсон Монголын ардын армийн удирдах бүрэлдэхүүнүүдийн сор болсон жанжин байсан.
Ялангуяа байлдааны цагийн байдлыг зөв үнэлж давшилтын тактик төлөвлөгөөг маш нарийн зөв хийдэг цэрэг эрс дарга нараа амь шигээ хайралдаг тэдний хамгийн сайн нөхөр, хамгийн сайн зөвлөх, хамгийн сайн удирдагч байсныг дайнд оролцож явсан олон ахмад дайчид бишрэн хүндлэн дурсан ярьж байна.
1932 оны Монгол орны гадаад байдалд Зөвлөлт Японы харилцаа онцгой чухал байсан бөгөөд Япончууд хойд Хятад, өвөр монголыг эзлэн авч Манж Го улс байгуулагдсанаар энэ нь ЗХУ-д бодит аюул занал болсон бөгөөд гадаад дотоод нөхцөл тайван бус тул монголчуудыг урьтан бүр мөсөн гартаа оруулах Монголын газар нутаг Оросын хувьд Ази дахь бамбай халхавч,Японы хувьд алс дорнод,Манжуур байгалын раионд нөлөөний хүрээгээ тэлэх стратегийн нэн чухал орон зай гэж тооцогдож байлаа.
Япон Хятадын зүүн хойд хэсэг Манжуурт түшиц газартай болох улмаар БНМАУ-ын нутгаар дамжин ЗХУ-д довтлох нь гарцаагүй болсон тэр нөхцөлд Манжууртай дүүцэхүйц стратегийн орон зай болсон Монголын газар нутаг улам чухал ач холбогдолтой болсон.
Японы дотоод улс төрийн амьдрал Хятадтай дипломат харилцаа тогтоох бодлого төдийлөн амжилтанд хүрээгүй учир сөрөг хүчний нам Сэйюки,түүний гол төлөөлөгч Мацуока Ёскэ 1931 оны эхээр парламентад хэлсэн үгэндээ: “Манжуур,Дотоод Монгол бол манай орны амьдрах орон зайн тэргүүн шугам мөн”гэж мэдэгдсэн байдаг. Япончууд өвөр Монголыг ихэд дэмжиж талархалыг нь хүлээхүйц олон арга хэмжээ авч Хятадуудаас өвөр монголыг хамгаалах бодлого явуулсан нь хэний ч сонирхлыг татахгүй байхын аргагүй байлаа.1932 оны 3-р сарын 1-нд байгуулагдсан Манжго улс нь “ Таван үндэстний төгс зохицолдоо (Хятад,Япон,Солонгос,Манж,Монгол) гэдэг лоозонг ашиглан үндэстэн бүрийн эрх ашгийг дээд зэргээр харгалзан хамгаална” гэсэн амлалт өгч байлаа.
Японы цэрэг мөн оны 3-р сард Хятадын Жэхэ мужруу цөмрөн орж түүнийг Манжго-д нэгтгэсэн байна.1935 оны 12-р сард Хятадын умард мужууд болох Хэбэй,Чахарт улс төрийн хяналтаа тогтоосноор Япон улс азийн бүс нутаг эх газарт түшиц газар түшиг улстай болсон бол БНМАУ гурав дахь хөрштэй болов.1905 оны Орос Японы дайнд ялсан Япончууд эх газар дахь стратегийн дайсан их Оросын хаяанд айлсан буусан нь оросын эрх ашигтай шууд мөргөлдсөн юм.
Монголын цэрэг дайчид дайн байлдаанд оролцоогүй, командлалын бие бүрэлдэхүүн удирдах дарга нарын ихэнх нь залуу байсан учир ихээхэн бэлтгэл шаардлагатай байсан бөгөөд Халх голын байлдааны бэлтгэлийг хангахад өөрийн бүхийл хүч анхаарлаа зэвсэгт хүчний бэлэн байдлыг хангахад чиглүүлсэн байдаг.
Японы армийн бүрэлдэхүүн Хятадын нутагт дайн байлдаанд оролцсон, удирдах бүрэлдэхүүн нь Орос улсад боловсрол эзэмшсэн. 1905 оны Орос Японы дайнд ялалт байгуулсан харьцангуй туршлагатай болохыг тагнуулын мэдээ, олзлогдогсодын мэдүүлгээс сайтар мэдсэн учир зөвлөлтийн армитай нягт харилцан ажиллагаагаар бие биенээ дэмжин давших ерөнхий төдлөвлөгөөг боловсруулахад жинтэй хувь нэмэр оруулсан. Японы давших төлөвлөгөө, хугацааг урьдчилан мэдэж дайсны давшилтаас урьдчилан японы төлөвлөгөөг тасалхад гол анхаарлаа хандуулан дайсныг ядарч сульдтал нь давшуулаж хүчийг нь барж байгаад сүүлд нь цохилт өгөх төлөвлөгөөг хэрэгжүүлсэн нь ялалтын үндэс болсон байдаг.
Дивиз командлан захирагч Ж.Цэрэн Халхын голд байлдааны ажиллагаа зогсоосны дараа байлдаанд хоёр талаас амь үрэгдэгсдийн цогцос болон олзлогдсон дайчдыг харилцан солилцох хэлэлцээрт Монголын талыг төлөөлөн оролцсон байдаг.Тэрбээр уг ажлын явц байдлын талаар маршал Х.Чойбалсанд бичсэн илтгэх хуудас архивд бий.
“Зөвлөлт ба Монголын цэргүүд болон япон ба манжуурын талаас томилогдсон комиссуудын тус хоёр улсын хоорогд байлдааны ажлыг зогсоож үхсэн хүний цогцос болон олзлогдсон хүмүүсийн биесийг харилцан солилцсон хэлэлцээний ажлын товч мэдээ”гэсэн гарчигтайгаар маршөл Х.Чойбалсанд илгээсэн илтгэх хуудастаа тэрбээр хоёр талын комиссын 1939 оны есдүгээр сарын 17-29 ны өдрүүдийн үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй өгүүлжээ.Энэхүү түүхэн баримтаас толилуулъя.
1939 оны есдүгээр сарын 17
Энэ өдөр тус фронтын эрх баригчдын заавар ёсоор Зөвлөлт ба Монголоос монголын цэргийн талаас томилогдсон комиссын дарга гишүүд нөхөр бригадын командлан захирагч Потанов,бригадын комиссар Горохов,дивиз командлан захирагч Цэрэн миний бие бусад нөхдийн хамтаар оройн 16 цагт хоорондын завсрын газар болох Номон-Хан,Бүрд-Овоогоос урд зүгт нэгэн хонхорт хүрэлцэн очив.Ийнхүү бидний комиссын төлөөлөгч болох цэргийн офицер,дэд хурандаа Танакатай харилцан уулзаж маргаашийн 18-ны өдрийн 15 цагт мөн газраа хоёр талын цэргийн төлөөлөгчид харилцан уулзаж байлдаан зогсоох ба үхсэн хүний цогцос болон олзлогдсон хүний биесийг солих тухай хэлэлцээг эхлэн явуулахаар зөвшөөрөлцөж тарсан билээ.Энэхүү япон офицер Танакаас хэлэлцээ хийх майхан гурвыг тавьж болох эсэхийг бидний комиссоос асуусанд уул майхнуудыг тавиулахаар зөршөөрсөн билээ.
Есдүгээр сарын 18-ны өдөр
...Манай талын коммиссын дарга,бригадыг командлагч нөхөр Потаповын бие өөрийн нөхдүүдийг дагуулан очиж Японы цэргийн талын комиссын дарга болох хошууч генерал Бузимототай гар барилцан мэндэлцэж улмаар хэлэлцээ хийхээр тавьсан тэдний майханд орж уул хэлэлцээгээ эхлэн явуулсан билээ.
...Москва хотноо болсон Холбоот улсын Гадаад явдлын ардын комиссар нөхөр Молотовоос Японы элчин ноён Токотой харилцан ярилцаж Монгол ба Манж улс хоёрын хоорондын хил хязгаар дээр болсон дайн байлдааны будлианыг зогсоох тухай ярилцаж тогтсоны ёсоор хоёр талын засгийн газрын шийдвэр ба цэргийн эрх баригчдын зааврыг баримталж дайн байлдааны алив нэгэн ажлыг 1939 оны есдүгээр сарын 16-ны өдрийн манай цагаар өглөөний долоон цагаас, японы цагаар өглөөний найман цагаас хойш тус тус зогсоож, есдүгээр сарын 15-ны өдрөө Москвагийн цагаар өдрийн 13 цагт эзлэн байсан газраас газрын хүч нь урагш үл давших ба нэмэгдэл хүчийг татан илрүүлэх явдлыг зогсоох,мөн агаарын хүчин хоорондын хил хязгаарт арван км-ээс нааш ойртож ирэхгүй ба 500 метрээс доогуур нисэхгүй хэмээн шийдэрлэн зөвшөөрөлцнөөс гадна өөрийн ангийн эхний шугамын пост харуул,застав зэргийг газрын зураг дээр тэмдэглэн өгөлцөх тухай ярилцсан байна.Үүний нөгөөтэйгүүр байлдаанд алагдсан хүмүүсийн цогцсыг ба олзлогдсон хүмүүсийн биесийг хоорондын завсрын газраа бие биедээ шилжүүлэн өгөлцөх ба авалцах тухай үндсэндээ зөвшөөрөлцөн ярилцсан билээ.
Есдүгээр сарын 19-ний өдөр
Энэ өдрийн 15 цагт мөн газар бидний төлөөлөгчид хүрэлцэн очоод дээрх асуудлыг хэрхэн ажиллаж гүйцэтгэх,хэрхэн гардан авалцах ажиллагааны талаар хоёр талаас өөр өөрсдийн саналыг гаргаж аль аль талаас татгалзах явдалгүй хэвээр батлав.
Алагдсан хүний хүүрийг солилцох асуудлын талаар хоёр талаас Японы цэргийн комиссоос бидний өмнө тавьж хүссэн зүйлүүд нь:
а. Танай байрлан буй газар дээр газрын цэргийн 5000 шахам офицер ба байлдагч нарын цогцос байх бөгөөд эдгээр хүмүүс наймдугаар сарын 19-өөс хойш алагдсан болох ба мөн манай цэргийн ар тал болох Халхын голын баруун эргээр агаарын хүчний 80 шахам нисэгчийн хүүр байна гэжээ.
б. Эдгээр 5000 шахам цогцсыг бидний цэрэг зэвсэггүйгээр ачааны машиныг хэрэглэн танай газар очиж өөрсдийн гараар цуглуулж авах зөвшөөрөл олгоно уу.Учир нь манай ёсонд ба самуурайн ёсны заншил болон шашин мөргөлийн талаар байлдаанд алагдагчдыг өөрсдийн гараар авах явдал амь үрэгдэгсдийг дээд зэргээр хүндэтгэсэн хэрэг болох бөгөөд манай цэргийн зэвсэг нь зөвхөн жад,дарга нар нь сэлэмтэй явах болно.
Мөн тэд нараас цааш гуйхдаа манай улсын ёсонд эцэг,эх нь хүүхдийнхээ ясыг гардан авах заншилтай бөгөөд иймийн учир манай цэргийн хороо буюу суман нэгэн гэр бүл мэт байдаг учир ийнхүү байлдаанд алагдагсдын хүүрийг өөрсдийн гараар авбал туйлын сайн хэрэг болох учрыг танайд мэдэгдэж,өмнө хүссэн зүйлийг татгалзахгүй зөвшөөрч өгнө үү гэжээ.
Иймийн учир манай Зөвлөлт ба Монголын цэргийн комиссоос тэдний хүсч гуйсан зүйлийг үл зөвшөөрөн тэдний алагдсан самуурай самуурай нарын хүүрийг цуглуулах хугацаа нь есдүгээр сарын 21-ний өдрөөс 25-ны өдрийг дуустал өглөөний арван цагаас оройн 18 цаг хүртэл ажиллаж бүтэн таван өдөр гүйцэтгэхээр хугацаа тогтоож зөвшөөрөлцөн тогтсон билээ.Ийнхүү алагдсан хүмүүсийн цогцсыг солилцохдоо хилийн шугам дагуу өгөлцөж авалцах газар тавыг байгуулан ажиллаж гүйцэтгэх бөгөөд энэхүү газруудыг улаан,цагаан туг тавьж тэмдэг болгохын гадна хоёр улсын цэргийн талаас тус тус тусгай хүмүүсийг томилон гаргаж уул ажлыг хариуцан удирдаж акт бичиг байгуулан тоо бүртгэлийг тодорхойгоор тэмдэглэн гүйцэтгүүлхээр ярилцсан билээ.
Олзлогдсон хүмүүсийг солилцох тухай Японы цэргийн комиссын талаас гаргасан санал нь:Танай талаас манай цэрэгт олзлогдсон хүмүүс 50 шахам болох бөгөөд эд нар нь хүнд,хөнгөн шархтай ба манай цэргийн ар талд ихээхэн хол байх учир тодорхой бүртгэл нэрс болон тоо зэргийг энэ удаа танай комиссын өмнө мэдэгдэн хэлж үл чадна.Үүнийг түргэн цагийн дараа нэрсээр бүртгэн ирүүлэхийг шаардаж тусгай хүн явуулсан болох тул удахгүй ёсоор гүйцэтгэнэ.
Харин хүнд шархтай хүмүүсийг бидний ч талаас болон мөн танай талаас тус тус агаарын онгоцоор Номон-Хан,Бүрдэн Овооны ойролцоо газар тээвэрлэн авч ирж өгөлцөж авалцах,хөнгөн шархтай ба эрүүл хүмүүсийг ачааны машинаар хэлэлцээ хийж байгаа энэ газар тээвэрлэн авч ирж өгөлцөж авалцахыг гол болгон хүсэх бөгөөд ерөөс манай улсын заншил ёсонд олзлогдсон ба алагдсан хүмүүсийн хувийн эдлэл болох дэвтэр харандаа,цэргийн дугаар бүхий төмөр пайз,мөн жад сэлэм,хувцас хэрэглэлийн зэрэг зүйлүүдийг хураан авахгүй хэвээр шилжүүлэн өгхийг ихэд гуйх юм гэжээ.
Үүнд манай Зөвлөлт ба Монголын цэргийн комиссоос хариулсан нь:Олзлогдсон хүнд шархтай хүмүүсийг дээрх газраа онгоцоор авч ирж солилцох ба хөнгөн шархтай,эрүүл хүмүүсийг хэлэлцээ хийж байгаа газраа машинаар тээвэрлэн авч ирж солилцох тухай зөвшөөрсөн билээ.Харин тодорхой данс бүртгэлийг энэ өдөр солилцон авалцаж чадаагүй ба манай цэрэгт олзлогдсон хүмүүс хичнээн болохыг хэлээгүй билээ.
Есдүгээр сарын 20-ны өдөр
Энэ өдрийн тогтсон 15 цагт бидний комисс хүрэлцэн очиход Японы цэргийн комиссын дарга болох хошууч генерал Бузимотогийн бие бидний өмнөөс өөрийн офицеруудыг нэг эгнээгээр жагсаан зогсоож угтан ирээд манай комиссын даргатай гар барин мэндэлж хэлсэн нь:Бид нар хоёр улсын цэргийн өмнөөс томилогдсон комиссын гишүүд,бусад ажилчдын хамт нэг дор сууж зургаа авхуулахыг хүсч байна.Иймийн учир бидний хамт сууж зургаа авхуулна уу гэсэнд манай Зөвлөлт ба Монголын цэргийн комиссын дарга,бригадыг командлан захирагч нөхөр Потаповоос японы генералын гуйсан зүйлийг зөвшөөрч тэдний комиссын гишүүдийн хамтаар зургаа авхуулсан билээ.Үүний дараагаар хэлэлцээ хийдэг майхандаа орж өнгөрсөн өдөр ярилцсан зүйлийг дахиж ярихаар манай комиссын дарга,нөхөр Потановоос санал оруулж хэлсэнд японы цэргийн комиссоос шууд зөвшөөрсөн билээ.Манай комиссын даргаас оруулсан санал нь:
а/.Байлдааныг зогсоох тухай дээр ярилцаж зөвшөөрсөн зүйл дээр татгалзах асуулт байхгүй бөгөөд гагцхүү энэ өдрийн хурал дээр өөр өөрийн хориглон буй ангиудын эхний шугамын пост харуул,застав зэргийг хийхийн тулд шалгаж үзэх хэрэгтэй байна хэмээн хэлхэд Японы цэргийн комиссоос тэмдэг бүхий зургуудыг гэртээ аваачиж шалгахаар солилцсон байна.
б/.Алагдсан хүний хүүрийг солилцох тухай өчигдөр хэлэлцэж зөвшөөрсөн зүйлийг манай цэргийн дээд эрхийг барих командлах газраас өөрчилж таны хүссэн ёсоор болгохыг шийдвэрлэсэн байна.Юу гэвэл Япон улсын ёс заншил,шашин мөргөлийн ёс болон түүний журмыг зөрчихгүй хоорондын найрамдал ёсыг бодож таны хүссэнийг ёсоор болгох гэсэн юм.Танай цэргүүд арван команд болж тасраад команд бүрийг 20-100 хүртэлх хүнтэй,таваас арав хүртэл ачааны машинтайгаар байгуулж зэвсэггүй цэргүүдийг өөрийн даргаар удирдуулан манай хориглон буй газар орж байлдаанд алагдсан өөрийн хүний цогцсыг таван хоногийн дотор өөрсдийн гараар цуглуулан авахыг зөвшөөрсөн байна.Мөн агаарын хүчний нисэгчдийн цогцсыг Халх голын баруун эрэг дээр гарч цуглуулан авахыг бас нэгэн адил зөвшөөрсөн байна.Оройн зургаан цаг 30 минутын үед манай комиссын даргаас хэлсэн нь:
-Японы цэргийн талаас томилогдсон комиссын гишүүдийг хүндэлж аяга цай бэлдсэн байна хэмээн урьж хэлэхэд японы офицерууд энэ учрыг мэдэхгүй ихээхэн цочиж “санагдаагүй хэрэг байна” хэмээн хэлж сандран бужигналдаж өөрсдийн сэлмийг биеэс мултлан салгаж өөрийн цэргүүдэд шилжүүлэн өгөөд ямар ч зэвсэггүй эв найрамдлын журамтайгаар манай бэлтгэсэн жижиг будаалгыг идэхээр уул бэлтгэсэн газраа хүрэлцэн ирэв.Энэхүү будаалга дээр японы талаас генерал майор Бузимото тэргүүтэй хурандаа нэг,хошууч хоёр эдгээр зургаан хүн ирсэн билээ.Энэхүү будаалга 20 минутын дотор үргэлжилж эвтэй найрамдалтай болж өнгөрсөн бөгөөд мөн японы генералаас хундгыг өргөхдөө зөвлөлтийн цэрэг улмаар бадрахын төлөө хэмээн лозун тавьж уусан ч зүйл бий. Энэ 20-ны өдрийн яриа хэлэлцээ ба цай будаалгыг манай талаас хийсэн учир Японы цэргийн комиссууд ихээхэн сандарсан ба учрыг мэдэхгүй мэт болон үнэхээр манай баатарлаг цэргийн хүчинд ихээхэн ялагдаж сүр нь дарагдсан нь тодорхой илэрч байсан юм. Юу гэвэл цэргийг өөрийн хориглон буй газраа оруулахыг зөвшөөрсөн ба будаалуулсан хэрэг байдлууд нь манай Монголын хувьсгалт цэрэг,Холбоот улсын үйлдвэрчин тариач ны эрэлхэг баатарлаг улаан цэргүүд өөрийн баатар хүчинд хатуу найдаж эрэлхэг дархан байдалтай байгаа нь тодорхой гэрчлэгдэж,ямар ч дайснаас айхгүй,сүр хүчин үлэмжхэн их болохыг хатуу баталсан хэрэг билээ.
Есдүгээр сарын 21-ны өдөр
Энэ өдрийн 12 цагт манай комиссын гишүүд мөн газраа хүрэлцэн очиж японы цэргийн талаас томилогдсон комиссуудтай урьдын нэгэн адил уулзаж хэлэлцээгээ үргэлжлүүлсэн бөгөөд энэхүү яриан дээр онц нэмэгдсэн зүйлгүй урьдын ярилцсан зүйлүүдийг хэвээр шийдвэрлэн тогтоосон бөгөөд гагцхүү хэрхэн ажиллах тухай жижиг асуултуудыг ярилцан шийдвэрлэсэн билээ.
Мөн урьд хэлэлцсэн газрын зураг ба олзлогдогсдын нэрс бүртгэлүүдийг аль ч талаас бэлтгэж амжаагүй байсан учир солилцож эс чадав. Харин японы зураг дээр тэмдэглэсэн тэдний цэргийн хориглолтыг жинхэнэ байгаа газраас зарим ангиудыг хязгаар тийш ойролцоогоор зурсан байсан тул түүнийг жинхэнэ байдлаар нь болгох тухай ярилцаж ёсоор болгон гүйцэтгэсэн билээ.
Есдүгээр сарын 22-ны өдөр
Энэ өдрийн 17 цагт манай комиссын гишүүд мөн газраа хүрэлцэн очиж урьд өдрүүдэд ярилцаж байсан зургийн тухай зарим зүйлүүдийг тодорхойлсон бөгөөд энэ нь японы цэргийн газрын зураг хоёрыг авч үзэхэд ус голын нэрс адил бус байсан бөгөөд жишээлбэл нэгэн зураг нь Нөмрөгийн гол хэмээн бичсэн учир Халх гол хоёр болсон мэт амой. Үүнийг Японы цэргийн комиссоос асуувал Нөмрөгийн голыг Халх гол хэмээн бичсэн зураг нь хуучин зураг бөгөөд Нөмрөгийн голыг Халх-Нөмрөгийн гол хэмээн тайлбарласан. Гэтэл манай хилийн шугам Халх голын дагуу байх бөгөөд японы цэрэг Халх голын баруун эрэгт буюу Нөмрөгийн голын зүүн эрэг дээр байрлан хориглосон байна. Хэдий тийм боловч манай комиссууд хил хязгаарыг тогтоох эрх үүрэггүй болох учир уул зүйлийг хэвээр орхисон болно.
Энэ өдөр хоёр улсын цэргийн хоорондын завсар газар байгаа цогцосыг өглөөний 10 цагаас эхлэн хоёр талаас харилцан уулзаж түүвэрлэн авах ажлыг эхэлсэн. Мөн манай цэргүүдийн хориглон буй газар байгаа японы хүүрийг цуглуулах тухай бэлтгэл туршлага ажлыг японы цэргүүд богино цагийн дотор ажиллаж үзсэн бөгөөд энэхүү ажил нь ерөнхийдөө хангалттай өнгөрсөн билээ. Мөн энэхүү туршлагаас хоорондоо харилцан ярилцаж японы цэргийн хүүр цуглуулах команд нэг бүрт суудлын машин нэгийг тус бүр нэмэгдүүлэхээр манай комиссоос хүссэн ёсоор зөвшөөрсөн ба бас японы нисэгч нарын хүүр цуглуулах японы цэргийн команд зургаан ачааны машинтай явахаар урьд ярилцсаны дээр нэг ачааны машиныг майхан зэргийг тээвэрлэх явдалд хэрэглэхийн тулд нэмэгдүүлэх зөвшөөрлийг манай комиссоос олгосон бөгөөд учир нь тэднээр японы цэргүүд манай цэргийн ар талд нэлээд хол газар явах учир оройтвол хонож болох нөхцөл тохиолдох ахул түүнийг зөвшөөрсөн учир ийнхүү майхан хэрэглэх болсон амой. Эдгээр бүх ажлуудыг гагцхүү манай дарга цэргүүдийн хяналт заавар удирдлагын дор хатуу харуул манаатайгаар ажиллаж гүйцэтгэх болно.
Есдүгээр сарын 23-ны өдөр
Энэ өдрийн 17 цагт манай комиссын гишүүд Японы цэргийн комисын гишүүдтэй дахин уулзаж хэлэлцээгээ үргэлжлүүлсэн бөгөөд үүнд ямар ч шинэ асуулт нэмэгдүүлэн гаргаж ярьсан зүйлгүй, гагцхүү хүүр солилцох тухай асуултын талаар бага зэрэг жижиг асуултуудын харилцан ярилцсан билээ. Жишээлбэл , Японы цэргийн комиссын дарга генерал биднээс команд нэг бүрийг тус бүр таван офицертой болгож өгөхийг гуйсныг манай комиссоос зөвшөөрөөгүй болно. Мөн Японы цэргээс байлдаанд алагдагсдын цогцос цуглуулах өдрүүдэд хоёр талаас тус тус нэг нэг хүнийг томилон хэлэлцээ хийж байгаа газраа үргэлжлэн байлгаж аль жижиг асуултыг шийдвэрлэн гүйцэтгэж байхаар тогтсон болно. Энэ өдөр урьд ярилцаж байсан газрын зураг дээр гарын үсэг зурах ба олзлодогсдын нэрс бүртгэлийг бас солилцож чадаагүй билээ. Ийнхүү яриагаа төгсгөж завсарласан билээ.
29 /1939/ оны есдүгээр сарын 24, 25,26 -ны өдрүүдэд хэлэлцээний ажлыг явуулаагүй өнгөрсөн бөгөөд энэ өдрүүдэд японы цэргийн талаас байлдаанд алагдсан өөрсдийн хүмүүсийг манай газар дээрээс цуглуулж авах ажил хэвээр үргэлжилсэн байна.
Есдүгээр сарын 27-ны өдөр
1.Энэ өдрийн 12 цагт Зөвлөлт ба Монголын комиссын дарга, гишүүд хэлэлцээ хийдэг газраа хүрэлцэн очиж Японы цэргийн комиссын гишүүдтэй уулзаж хэлэлцээгээ үргэлжлүүлсэн бөгөөд анхдугаар асуудал нь зураг солилцох ёстой байсан атал дотроо бага зэрэг зөрөлдсөн учраас уул зургуудыг солилцож чадсан билээ. Юу гэвэл японы талын этгээд нар эл зургууд дээр Дорнод хязгаао дахь бзхий л цэргийн ангиудыг хоёр талаас байлдаан болсон ба болоогүй газрыг ялгахгүйгээр зураг дээр тэмдэглэх хэрэгтэй хэмээн шаардсаныг манай комиссоос уул шаардлагыг зөвшөөрлгүй хариулсан нь:
- Эл зургууд дээр цэргийн эхний шугамын байгууллыг зөвхөн Эрс уулын овооноос Буйр нуур хүртэлх байлдаан болсон газруудыг тэмдэглэвэл зохино гэхэд японы талын этгээд нараас үл зөвшөөрөн зургууд солилцох ажлыг бүр мөсөн зогсооё хэмээн хэлэхэд манай комиссын гишүүдээс зөвшөөрөн уул зургуудыг ба үүнтэй холбогдсон акт бичигт гарын үсэг зурж солилцох явдлыг түдгэлзсэн билээ.
2.Дараагийн асуулт нь хүмүүсийг солилцох тухай ярилцаж тус тусын талаас олзлосон хүмүүсийн биесийг хоорондын завсрын газар оройн 6 цагийн үест тээвэрлэн авч ирж нэрс дуудан шалгаж солилцсон бөгөөд мөн хүнд шархтай этгээд нарыг Номхон- Хан, Бүрд-Овооны орчим газар онгоцоор авч ирж солилцсон билээ. Үүнд японы талаас нийт 88 хүнийг бидэнд хүлээлгэн өгсөн бөгөөд үүний хоёрыг нь онгоцоор авч ирсэн, 86-г нь машинаар авч ирж хэлэлцээ хийж байгаа газраа бидэнд шилжүүлэн өгсөн. Үүний дотор монгол хүмүүс арав байх бөгөөд нэг нь ардын дайсан болох Намхайн бие ирсэн билээ. Харин бидний талаас 64 хүнийг хүлээлгэн өгсөн бөгөөд үүний 32-ыг агаарын хоёр онгоцоор тэвээрлэн аваачсан болно. Үлдэх 32-ыг машинаар авч ирж хэлэлцээ хийж байгаа газраа нэгэн адил шилжүүлэн өгсөн билээ.
Үүнд тэмдэглэвэл зохих нь:
Бидэнд олзлогдсон японы цэрэг офицерүүдыг тэднээс олзлон авсан хувцсаар бүрэн гүйцэд хувцаслуулсан ба биеийг нь угаах хийгээд үсийг нь авах зэргээр улсын бодлогыг нарийнаар баримталж ариун цэвэр бөгөөд журам зохистойгоор хүлээлгэн өгсөн болно. Харин японы талаас бидэнд шилжүүлэн өгсөн хүмүүс нь хувцас хунаргүй, малгай,гуталгүй зэрэг үзэмжгүй байдалтай байсан бөгөөд зарим нь дотуур цамцтай ба япон шаахайтай зэрэг туйлын дорой байдалтайгаар өгсөн байна.
3.Японы талаас өөрсдийн хүүрийг цуглуулж авах явдлыг амжаагүй учраас 28-ны өдрийг нэмэгдүүлэн өгнө үү гэсэнд манай талын комиссоос зөвшөөрсөн байна. Ер нь японы талын этгээд нараас 27-ны өдрийг дуустал өөрсдийн алагдсан 5800 хүний хүүрийг цуглуулан авсан бөгөөд 28-ны өдрөө үргэлжлэн цуглуулах учир нэлээд олон хүний хүүр нэмэгдэх болно. Үүнээс гадна Буйр нуураас баруун зүг болох Ар булаг гэдэг газар Манжго-гийн цэргүүдээс алагдсан хэсэг хүүрийг авч болох уу хэмээн японы талаас хүссэн тул уул асуултад бидний комиссоос зөвшөөрч 29/1939/ оны Есдүгээр сарын 29-ний өглөөний 10 цагт Ар булагийн орчим газраа харилцан уулзаж тэдний хүүрийг өгөхөөр тогтсон билээ.
Энэ өдрийн хэлэлцээ эл асуултуудаар төгсөж оройн 7 цагийн үед Японы цэргийн комиссын талаас бидэнд аяга цай бэлтгэж бага зэргийн будаалга хийсэн бөгөөд ийнхүү будаалга дээр японы хошууч генерал Бузимотогоос хундага өргөж Зөвлөлтийн цэргийн комиссын дарга,гишүүдийн эрүүл мэндийн тул хэмээн хэлэх зэргээр уусан байна. Мөн Зөвлөлтийн цэргийн эрх баригч,командлах хүмүүст баярыг хүргэн,манай хэлэлцээ ихээхэн амжилттай өнгөрсөн тул ихээхэн баярлаж байна хэмээн хэлсэн. Үүний хариуд манай комиссын даргаас мөн нэгэн адил тэдний эрх баригчдад баярыг хүргэнэ үү хэмээн хэлсэн билээ. Үүнээс гадна манай комиссын гишүүдээс Япон улсын ард түмэн ба Холбоот улсын ард түмэн бэхэжтүгэй гэх зэргээр хариу хундага өргөсөн болно.
Үүгээр Зөвлөлт ба Монголын цэргийн комиссын ба япон манжийн хоорондын хэлэлцээ яриа нь төлөв дууссан болохыг товч илтгэе хэмээжээ.
Халх голын байлдаанд Японы түрэмгийлэгчдийг бут цохисон нь Хятадыг золиосонд гаргаж Монголыг байлдааны талбар болгох гэсэн Японы түрэмгийлэлийн чигийг Зөвлөлт Холбоот Улс болон социлист орнуудын эсрэг хандуулах гэсэн Англи, Америк, Францын эрх баригчдын хэтийн бодолтоор улс төрийн төлөвлөгөөг биелэшгүй зүйл болгосон. Түүгээр ч үл барам Монгол зөвлөлтийн армийн ялалт дэлхийн II дайнд японы нэгдэн орох явдлыг бүтэн 2 жил хагасаар хойшлуулсан. 1941 онд Герман ЗХУ-д довтлох тэр үед Халх голын аниагүй шарх Японыг зөвлөлтийн алс дорнодоор байлдааны ажиллагаа явуулахад татгалзахад хүргэсэн. 1941 оны намар фашистууд Москвагийн босгонд тулж ирээд байхад Токио суугай Германы элчин сайд генерал Фон Отт японы эрх баригчдын эргэлзээг тайлбарлаж “Японы армийнхан одоо болтол Халх голын тухай мартаагүй байна” гэж Герман руу мэдээллэж байжээ. М. Новиков Победа на Халхы голе. Москва 1971 ст 105
Японы эзлэн түрэмгийлэгчдийн эсрэг хятадын ард түмний чөлөөлөх тэмцэлд шинэ эрч хүч нэмж Хятад улсын тусгаар тогтнох нөхцөл бололцоог бүрдүүлсэн юм.
Дайны дараа 1940 оны 11 сарын 11 нд хэлс хэрэгт холбогдуулан баривчалж хэлмэгдүүлжээ.Долдугаар дивизийн дарга байхдаа 1938 оны 7-р сард дивизийг шалгахаар очсон дэслэгч жанжин Г.Дамбын хувсгалын эсэргүү байгууллагад элсэж,хорлон сүйтгэх ажил явуулж байсан гэсэн хэлс хэргийг түүнд тулган Дотоод явдлын яамны тусгай комиссын 1941 оны аравдугаар сарын 8-ны өдрийн 6-р хурлаар хуулийн дээд хэмжээгээр шийтгэж,мөн сарын 11-ны өдөр гүйцэтгэжээ.
Ж.Цэрэн өөрт тулгасан хилс хэргийг зөвшөөрөхгүй эсэргүүцэн үнэний төлөө мятрашгүй тэмцсээр ял тулгагдан улс төрийн хилс хэргээр шийтгүүлсэн хатан зоригт дайчин билээ.
Чингисийн академийн академич, профессор Ц.Мягмар
Эх сурвалжийн холбоос: ҮЗЭХ