Хөвсгөл аймгийн Арбулаг сумын үүсгэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойд зориулав

Мал эмнэлгийн ухааны доктор, профессор Цэвэгжавын Жамьянжав нь Монгол орноо ардын хувьсгал мандахын урьд жил буюу 1920 онд одоогийн Хөвсгөл аймгийн Арбулаг сумын III багийн нутаг Эмтийн голд малчин ард Цэвэгжавын хоёрдугаар хөвгүүн болон эхийн хэвлийгээс мэндэлжээ.

Эцэг, эхийн уугуул нутаг гэвэл Арбулаг сумтай зах залгаа Цагаан-Уул сумынх юм. Жамьянжав хүүгийн унасан газар усны түүх сөхвөөс Халхын хоёрдугаар богд Лувсандамбидонмэг төрүүлсэн ээж Баярт ахайн унасан газар угаасан ус болой.

Малчин Цэвэгжавын хоёрдугаар хөвгүүн болбоос  хөдөөгийн хөх бууцанд хөлбөрч, адуу малын зах харж, хүйтэнд хөрч, халуунд халж, арван насандаа Жалханзын хүрээнээ суух садангийн ламд шавилан жил хэр болоод байтал нэгэн өдөр ламбугайнд ирсэн хүмүүнд багш нь хүүг ой сайтайг нь шагшиж, номоо шалгуул гэснээс үүдэн ламын зам нь номын замаар солигдохын үүдийг нээсэн гэлтэй.

Жамьяанжавын ном эрдэмд шамдсан хичээл зүтгэлийг нь “шалгасан”  багш, багшийнх нь хэлсэн ой тойны нь сайныг магтах ялдамд хүүд аминчлан:

-За хүү минь манайх энүүхэнд буй. Нэг яваад очоорой гэж. Хүү ч нэг өдөр заасан айлд очвол өнөөх танил нь :

-Хүү минь  ном ч сурвал сурмаар юм байна. Гэхдээ хүрээний горломд биш, гэрээр монгол бичгийг сур. Би хичээлийн чинь эхлэл болгож монгол бичгийн цагаан толгойн хэдэн үсгийг бичиж өгье. Хожим номтой хүмүүн болсон хойноо намайг монгол бичиг заасан багш минь гэж бодож яваарай.

-Хэд хоногийн өмнө садангийн чинь ламбугайн гэрт чамд яагаад хэлээгүй вэ гэхээр ийм үг сонсвол ламбугайг уурлах болов уу гэж санасан юмаа. Цаашдаа ч энэ хүрээ хийд чиний байх газар биш шүү гэж хэлсэн нь тэртэй тэргүй аав, ээжээ бодож, даага, сарвааны давхиаг санаж тогтож ядаж байсан хүүгийн бодлыг шулуутгаж гэртээ ирээд тэр өдрөөс хойш хүрээ газар зүглээгүй ч  харин монгол бичгийг бие даан шамдахаа орхисонгүй. Хичээнгүйлсээр ойр зуурын юмыг бичдэг, уншдаг болж улмаар номын амтанд орох гээч болж ойр төрлийнхөндөө захиа дууддаг, үеийн залуусын захиаг бичдэг бичигтэн болжээ.  Нэг удаа багийн хуралд аавыгаа төлөөлөн очиход сумаас ирсэн төлөөлөгч хуралд ирэгсдээс дэлхийн байдал, улс төрийн мэдлэгийг шалгахад хариулах хүмүүн гарсангүй. Энэ үед Жамьянжав суудал зэрэгцэж суусан бүсгүйдээ, энэ сэдвийг би ч хариулах л юм байна гэв. Үүнийг сонссон бүсгүй:

-Хөөе, миний хажууд наад асуугаад байгааг чинь мэддэг хүн байна гэж хэлэхэд төлөөлөгч гайхах мэт Жамьянжав руу ширтсэнээ:

- За чи тийм сүрхий юм бол миний түрүүний тавьсан асуултуудад хариулаад орхи гэж шахамдуулжээ. Жамьянжав ч хүний өмнө гарч үг хэлж яваагүйн учир бяцхан тэвдсэн ч асуулт бүрийг тов тодорхой хариулсан тэр мөчөөс номтойд тооцогдож, айл саахалтынхаас аваад нэг багийнхан номтойн тоонд оруулж, үеийн залуус битгий хэл ахмад хүмүүс хүндэлж эхлэв. Энэ үеэс эцэг, эхийн гар дээр дураараа янзтай байснаа татаж, монгол бичгийг шамдан суралцсанаар нэг л өдөр сумд дуудагдаж багийн даргыг гурван сар орлох шийдвэр гарджээ.

Энэ бол түүний эрдмийг дээдлэхийн эхлэл байлаа. Энэ хэдэн сард төр, засгийн ажлын давчуу шахууг гадарлаж, баг, сумын ажилд дайчлагдах болжээ.

Яг ийм үед сумаас дуудлага ирж үеийн нөхөр Р.Донгиндоотой хамт Улсын нийслэлийг зорих болж өртөө шуудангаар дамжсаар Мал тариалангийн яаманд очвоос үе тэнгийн 22 залууг Зөвлөлтийн Эрхүү хотноо Мал эмнэлгийн сургуульд явуулах хуваарь сонсгожээ.

Хөдөөгийн хөдсөн дээлтэй залуус тухайн үеийн төр, засгийн шийдвэрээр Эрхүү хотын Мал эмнэлгийн техникумд суралцах томилолт гарджээ. Бага, бүрэн бус дунд боловсрол ч үгүй, дөрвөн аргын тоо, монгол бичгийг гадарлахаас өөр боловсролгүй залууст орос хэл сурах, ерөнхий эрдэм, мал эмнэлгийн тусгай дунд мэргэжил, мэдлэгийг эзэмшихэд хэчнээн хөдөлмөр, зүтгэл гаргасныг тоочиход бэрх биз ээ.

1939–1942 он хүртэл Эрхүү хотод суралцахаар ирж байснаа бодоход уйгагүй хичээл зүтгэлийн үрээр орос хэлээр хэнтэй л бол хэнтэй ярих чадвар эзэмшиж, мал эмнэлгийн шинжлэх ухааны талаар тусгай дунд сургуулиар овоглосон, мэргэжлийн хэмжээнд ном хэлэлцэх чадвартай болоод байсан үед Жамьянжавын бие өвдөж эмнэлэгт үзүүлбэл сүрьеэ өвчний шинж тэмдэг илэрсэн тул нутаг буцааж илаарьшуулах шийдвэр гарчээ. Нутгийн агаар салхинд хэдэн сар болоход эрүүл мэнд нь ч сайжирч ЗХУ-д суралцсан залуу мэргэжилтэнийг техникумд хамт суралцсан Р.Донгиндоогийн хамт “Фронтод бэлэглэх агт комислох” ажилд дайчилснаар төр, улсын ажилд хүчээ гаргахын эхлэл тавигджээ.

Энэ тухайд профессор Ц.Жамьянжавын унаган шавь Монгол Улсын Төрийн шагналт, Шинжлэх Ухааны Гавьяат Зүтгэлтэн Профессор Доржийн Дандийгийн дуртгалд:

-Эх орны дайны үед Жамьянжав багш, Донгиндоо гуай хоёул Монголын ард түмнээс Зөвлөлтийн улаан армид туслах бэлгийн агт морьдыг шалган тэнцүүлэх ажил хийж байсан юм гэж буй.

Эх орны дайны хат шалгасан шалгууртай зэрэгцэн Монгол Улсад их сургууль байгуулах  ажил ид өрнөсөн үед Ц.Жамьянжав элсэлтийн шалгалт өгсөнөөр малын их эмч болох алтан шар зам нь нээгджээ.

Эрдэмд шунасан залуугийн нэг онцгой чанар нь бүхнийг эхнээс нь дэс дараалалтай үзэж суралцах, уг үндсийг нь олох чин халуун эрмэлзэл байлаа. Тэрбээр энэ хүсэлдээ хөтлөгдөж, суралцах эрхийн жаргалд нойр, хоолыг умартан зүтгэснээр МУИС-ийн Сүхбаатарын нэрэмжит цалинт оюутан, МУИС-ийн анхны төгсөгч малын их эмч мэргэжлийн дипломыг хүндэтгэлтэй гардсан юм.

ХААИС-ийн түүхэн замналын эхний хуудсыг нээж, хөгжлийн шанг татсан хүн бол Мал эмнэлгийн ухааны доктор, профессор Ц.Жамьянжав юм. Тэрбээр МУИС-аас 1958 оны 4-р сарын 15-нд Мал эмнэлэг, Мал зүй, Агрономи гэсэн үндсэн 3 салбартайгаар бие даан гарах бүхий л ажлыг удирдаж, Хөдөө аж ахуйн дээд сургуулийн захирлаар нь тасралтгүй 25 жил ажилласан нэрт сурган хүмүүжүүлэгч байлаа. Ямар сайндаа МУИС-аас салгаж бие даасан сургууль байгуулах гэж судалгаа хийн, тэр үеийн ЗХУ-ын мэргэжилтнүүдээс туршлага солилцон, хөөцөлдсөөр зорьсондоо хүрч олон хүүхдийг ХААДС-д элсүүлэхэд билгүүн номч Б.Ринчен их дурамжхан аястай монгол хэлээ судлагсад нь цөөрч, малын хошного үнэрлэгчид олшрох нь дээ хэмээн ёжилж байсан гэх. Үнэндээ Ц.Жамьянжав агсны нэр мартагдах шахсан хэдий ч байгуулсан гавьяа, үлдээсэн мөр нь түүхийн шаргал хуудаснаас хусавч үл арилахаар тодоор бичигдсэн юм.

Тэрээр нэрт сурган хүмүүжүүлэгчээс гадна дэлхийн шилдэг эрдэмтэн байлаа. Олон улсын мал эмнэлгийн чиглэлийн шилдэг эрдэмтэдийн бүтээлийн жагсаалтын дээгүүрт түүний туурвил эрэмбэлэгддэг. “Сарлаг” үхрийн тархинд мэс засал хийж, эмгэгийг авч, сэргийлэх аргыг дэлхий дахинд анх удаа нэвтрүүлж эрдмийн чансаагаа бататгасан гэдэг. 

Ц.Жамьянжав багш бөхөд нугасгүй нэгэн байсан учир ХААДС-ээс олон бөх төрдөг байв. Барилддаг, ноцолддог хүүхдийг дэмжиж, за хөө нэг сайхан дэвээд зүлэг ногоон дэвжээнээ зодоглож нутаг орныхныгоо төдийгүй сургуулийнхаа нэрийг гаргана шүү хэмээн захидаг байжээ. Тэр үед Монгол Улсын арслан Л.Сосорбарам, Далай даян дархан аварга Х.Баянмөнх гээд ХААДС-аар овоглосон олон хүчит бөхчүүд төрсөн юм. Барилдах шинжтэй, сургуулийнх нь оюутан хүү омголон зангаасаа болоод төрийн цагдаатай гөжилдөж хоригдох болоход хөөцөлдөж гүйсээр суллуулж нэг сайн зандарч өгөөд бэлтгэлд нь гаргаж байсан гэдэг. Ийм л задарсан нэгэнд нь эцэг шиг нь хатуухан зэмлэдэг, ядарсан нэгэнд нь урмын үг хэлж, сэтгэлийг нь өргөдөг, тэмүүлэлтэй нэгэнд нь дэмжлэг үзүүлж сурах жигүүр “ургуулдаг” эгэл атлаа эрхэмсэг хүмүүн байсан ажгуу.

Ц.Жамьянжав болбоос БНМАУ-ын 9 дэх эрдэмтэн, МУИС-ийн 4 дэх эрдэмтэн, Мал-эмнэлгийн шинжлэх ухааны 2 дахь эрдэмтэн, Мал эмнэлгийн шинжлэх ухааны анхны профессор, 1958 онд сонгогдсон Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн жинхэнэ гишүүн хүн.

Тэрбээр саруул тунгалагтаа үр хойчдоо хандаж үлдээсэн тэмдэглэлийн дэвтрийн хуудаснаа Манай хөдөө аж ахуйн салбарын бүх эрдэмтэд “Багшаа гэж дууддагт баярлаж явдаг” гэж бичсэн нь буй.


Энэхүү товч намтрыг Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, “Монгол –Америкийн” Соёл, хүмүүнлэгийн үйлстэн шагналт, Яруу найрагч, Доктор, Профессор “Ээж хадныхан” -ы  Хотогойд Ч.Дагвадоржийн 2020.11.10-ны өдөр ХААИС-ийн анхны захирал, профессор Цэвэгжавын Жамьянжавын мэндэлсний 100 жилийн ойд зориулан бичсэн нийтлэлээс хэсэгчлэн авав.

Алдартны нийтлэлүүд

Эх сурвалж: muls.edu.mn сайтын 2020-12-17 өдрийн н... ...