Эх сурвалж: muls.edu.mn сайтын 2020-12-17 өдрийн нийтлэл
ХААИС-ийн анхны захирал, профессор Цэвэгжавын Жамьянжавын мэндэлсний 100 жилийн ойд зориулав
Миний өгүүлэх хөрөг дурсамжийн баатар бол энэ жил мэлмий гийснийх нь 100 жилийн ой тохиож байгаа ХААИС-ийн анхны захирал, профессор Цэвэгжавын Жамьянжав бөлгөө.
Тэрбээр Монгол орноо ардын хувьсгал мандахын урьд жил буюу 1920 онд одоогийн Хөвсгөл аймгийн Арбулаг сумын III багийн нутаг Эмтийн голд малчин ард Цэвэгжавын хоёрдугаар хөвгүүн болон эхийн хэвлийгээс мэндэлжээ.
Эцэг, эхийн уугуул нутаг гэвэл Арбулаг сумтай зах залгаа Цагаан-Уул сумынх юм. Жамьянжав хүүгийн унасан газар усны түүх сөхвөөс Халхын хоёрдугаар богд Лувсандамбидонмэг төрүүлсэн ээж Баярт ахайн унасан газар угаасан ус болой.
Малчин Цэвэгжавын хоёрдугаар хөвгүүн болбоос хөдөөгийн хөх бууцанд хөлбөрч, адуу малын зах харж, хүйтэнд хөрч, халуунд халж, арван насандаа Жалханзын хүрээнээ суух садангийн ламд шавилан жил хэр болоод байтал нэгэн өдөр ламбугайнд ирсэн хүмүүнд багш нь хүүг ой сайтайг нь шагшиж, номоо шалгуул гэснээс үүдэн ламын зам нь номын замаар солигдохын үүдийг нээсэн гэлтэй.
Жамьяанжавын ном эрдэмд шамдсан хичээл зүтгэлийг нь “шалгасан” багш, багшийнх нь хэлсэн ой тойны нь сайныг магтах ялдамд хүүд аминчлан:
-За хүү минь манайх энүүхэнд буй. Нэг яваад очоорой гэж. Хүү ч нэг өдөр заасан айлд очвол өнөөх танил нь :
-Хүү минь ном ч сурвал сурмаар юм байна. Гэхдээ хүрээний горломд биш, гэрээр монгол бичгийг сур. Би хичээлийн чинь эхлэл болгож монгол бичгийн цагаан толгойн хэдэн үсгийг бичиж өгье. Хожим номтой хүмүүн болсон хойноо намайг монгол бичиг заасан багш минь гэж бодож яваарай.
-Хэд хоногийн өмнө садангийн чинь ламбугайн гэрт чамд яагаад хэлээгүй вэ гэхээр ийм үг сонсвол ламбугайг уурлах болов уу гэж санасан юмаа. Цаашдаа ч энэ хүрээ хийд чиний байх газар биш шүү гэж хэлсэн нь тэртэй тэргүй аав, ээжээ бодож, даага, сарвааны давхиаг санаж тогтож ядаж байсан хүүгийн бодлыг шулуутгаж гэртээ ирээд тэр өдрөөс хойш хүрээ газар зүглээгүй ч харин монгол бичгийг бие даан шамдахаа орхисонгүй. Хичээнгүйлсээр ойр зуурын юмыг бичдэг, уншдаг болж улмаар номын амтанд орох гээч болж ойр төрлийнхөндөө захиа дууддаг, үеийн залуусын захиаг бичдэг бичигтэн болжээ. Нэг удаа багийн хуралд аавыгаа төлөөлөн очиход сумаас ирсэн төлөөлөгч хуралд ирэгсдээс дэлхийн байдал, улс төрийн мэдлэгийг шалгахад хариулах хүмүүн гарсангүй. Энэ үед Жамьянжав суудал зэрэгцэж суусан бүсгүйдээ, энэ сэдвийг би ч хариулах л юм байна гэв. Үүнийг сонссон бүсгүй:
-Хөөе, миний хажууд наад асуугаад байгааг чинь мэддэг хүн байна гэж хэлэхэд төлөөлөгч гайхах мэт Жамьянжав руу ширтсэнээ:
- За чи тийм сүрхий юм бол миний түрүүний тавьсан асуултуудад хариулаад орхи гэж шахамдуулжээ. Жамьянжав ч хүний өмнө гарч үг хэлж яваагүйн учир бяцхан тэвдсэн ч асуулт бүрийг тов тодорхой хариулсан тэр мөчөөс номтойд тооцогдож, айл саахалтынхаас аваад нэг багийнхан номтойн тоонд оруулж, үеийн залуус битгий хэл ахмад хүмүүс хүндэлж эхлэв. Энэ үеэс эцэг, эхийн гар дээр дураараа янзтай байснаа татаж, монгол бичгийг шамдан суралцсанаар нэг л өдөр сумд дуудагдаж багийн даргыг гурван сар орлох шийдвэр гарджээ.
Энэ бол түүний эрдмийг дээдлэхийн эхлэл байлаа. Энэ хэдэн сард төр, засгийн ажлын давчуу шахууг гадарлаж, баг, сумын ажилд дайчлагдах болжээ.
Яг ийм үед сумаас дуудлага ирж үеийн нөхөр Р.Донгиндоотой хамт Улсын нийслэлийг зорих болж өртөө шуудангаар дамжсаар Мал тариалангийн яаманд очвоос үе тэнгийн 22 залууг Зөвлөлтийн Эрхүү хотноо Мал эмнэлгийн сургуульд явуулах хуваарь сонсгожээ.
Хөдөөгийн хөдсөн дээлтэй залуус тухайн үеийн төр, засгийн шийдвэрээр Эрхүү хотын Мал эмнэлгийн техникумд суралцах томилолт гарджээ. Бага, бүрэн бус дунд боловсрол ч үгүй, дөрвөн аргын тоо, монгол бичгийг гадарлахаас өөр боловсролгүй залууст орос хэл сурах, ерөнхий эрдэм, мал эмнэлгийн тусгай дунд мэргэжил, мэдлэгийг эзэмшихэд хэчнээн хөдөлмөр, зүтгэл гаргасныг тоочих нь энд илүүц буй за.
1939–1942 он хүртэл Эрхүү хотод суралцахаар ирж байснаа бодоход уйгагүй хичээл зүтгэлийн үрээр орос хэлээр хэнтэй л бол хэнтэй ярих чадвар эзэмшиж, мал эмнэлгийн шинжлэх ухааны талаар тусгай дунд сургуулиар овоглосон, мэргэжлийн хэмжээнд ном хэлэлцэх чадвартай болоод байсан үед Жамьянжавын бие өвдөж эмнэлэгт үзүүлбэл сүрьеэ өвчний шинж тэмдэг илэрсэн тул нутаг буцааж илаарьшуулах шийдвэр гарчээ. Нутгийн агаар салхинд хэдэн сар болоход эрүүл мэнд нь ч сайжирч ЗХУ-д суралцсан залуу мэргэжилтэнийг техникумд хамт суралцсан Р.Донгиндоогийн хамт “Фронтод бэлэглэх агт комислох” ажилд дайчилснаар төр, улсын ажилд хүчээ гаргахын эхлэл тавигджээ.
Энэ тухайд профессор Ц.Жамьянжавын унаган шавь Монгол Улсын Төрийн шагналт, Шинжлэх Ухааны Гавьяат Зүтгэлтэн Профессор Доржийн Дандийгийн дуртгалд:
-Эх орны дайны үед Жамьянжав багш, Донгиндоо гуай хоёул Монголын ард түмнээс Зөвлөлтийн улаан армид туслах бэлгийн агт морьдыг шалган тэнцүүлэх ажил хийж байсан юм гэж буй.
Эх орны дайны хат шалгасан шалгууртай зэрэгцэн Монгол Улсад их сургууль байгуулах ажил ид өрнөсөн үед Ц.Жамьянжав элсэлтийн шалгалт өгсөнөөр малын их эмч болох алтан шар зам нь нээгджээ.
Эрдэмд шунасан залуугийн нэг онцгой чанар нь бүхнийг эхнээс нь дэс дараалалтай үзэж суралцах, уг үндсийг нь олох чин халуун эрмэлзэл байлаа. Тэрбээр энэ хүсэлдээ хөтлөгдөж,суралцах эрхийн жаргалд нойр, хоолыг умартан зүтгэснээр МУИС-ийн Сүхбаатарын нэрэмжит цалинт оюутан, МУИС-ийн анхны төгсөгч малын их эмч мэргэжлийн дипломыг хүндэтгэлтэй гардсан юм.
Тиймээс нас сүүдэр нь зуутай зэрэгцэж байгаа энэ их эрдэмтэн, профессорыг нэг гол усны хүний хувьд дурсахдаа аливаа анхдагч бол хаана ч анхдагч байдаг.
Тиймээс Ц.Жамьянжав бол Арбулагийн эрдэмтдийн алтан түүчээ гэж нэрлэж байгаа юм. Үнэхээр Хөвсгөл аймгийн Арбулаг сумаас Ц.Жамьянжаваар магнайлуулаад Р.Донгиндоо, Ж.Бадраа, Ш.Доржжадамба, Д.Дандий гээд Ардын хувьсгал мандсан Монгол улсын шинжлэх ухааны цоо шинэхэн байгууллагын нэг нэг салбарыг толгойлсон аваргууд төрснийг их эрдэмтний мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэж байгаа энэ өдөр байтугай ирэх он цагуудад ч хийсэн бүтээл, байгуулсан гавьяаг нь мартахын учиргүй билээ.
Ц.Жамьянжав Хөдөө аж ахуйн Дээд сургуулийн захирлаар 24 жил ажиллахдаа дээвэр нь цоорхой цэргийн дунд сургуульд зориулсан байшингийн дээвэр туургыг хамт олныхоо хүч зоригтой хавсран бүтэн болгохоос эхлээд анхны оюутныг элсүүлэх, МУИС-д байсан Зоо- Мал эмнэлгийн салбарыг тэр үеийнхээ шаардлага зорилгод нийцүүлж, эрэлт хэрэгцээ нь болсон олон салбарт элсэх оюутан суралцагсдыг бэлтгэх, багшлах боловсон хүчнээр бэхжүүлж эрдмийн хамт олныг бүрдүүлэх гээд залуу идэр насны эрч хүч, оюун ухаанаа зориулсныг ХААДС-ийн үе үеийг бүтээгчид, шинэчлэн хөгжүүлэгчид цаг үргэлжид санан дурсаж явах учиртай болов уу.
Ус ундарганаасаа. Эрдэм эхээсээ гэдэг. Дурдахын учир:
Ц.Жамьянжав болбоос БНМАУ-ын 9 дэх эрдэмтэн, МУИС-ийн 4 дэх эрдэмтэн, Мал-эмнэлгийн шинжлэх ухааны 2 дахь эрдэмтэн, Мал эмнэлгийн шинжлэх ухааны анхны профессор, 1958 онд сонгогдсон Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн жинхэнэ гишүүн хүн.
Тэрбээр саруул тунгалагтаа үр хойчдоо хандаж үлдээсэн тэмдэглэлийн дэвтрийн хуудаснаа Манай хөдөө аж ахуйн салбарын бүх эрдэмтэд “Багшаа гэж дууддагт баярлаж явдаг” гэж бичсэн нь буй.
Тэгэлгүй яахав, Ц.Жамьяжав Профессор бол ХААДС-ыг үндэслэгч, удирдан зохион байгуулж хөгжүүлэгч, сурган хүмүүжүүлэгч эрдэмтэн хүмүүн.
Монгол Улсын Төрийн шагналт, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжавын алдарт “Багш” найраглалд гардагчлан профессор Ц.Жамьянжав бол:
“Ус мөрнийг далайд үдээд
Байрандаа үлддэг уулс” -ын нэг юм. Тэрбээр эгэл даруу, гүндүүгүй, нэг үгээр хэлбэл итгэж болох хүн байлаа. Профессрыг сайн мэдэх үеийнхэн нь:
-Жамьянжав багш үгүй ээ мөн эгэл хүн байж билээ. Биднийг үдийн цайгаа уух гэж бужигналдаж байхад нэг мэдэхэд захирал маань ирчихсэн:
-Алив наадахаа нааш нь явуулаач гээд хонины толгойг жигтэйхэн сайхан мөлжиж байдаг сан гэлцдэг. Тэр үед их, дээд сургууль хуруу дарам байсан. Тэгэхэд тэр сургуулийн захирал нараас багш ажилчидтайгаа үдийн цай уугаад явж байсан хүн үгүй дээ.
Жамьянжав гуай мэргэжлийн ном эрдмийг заан сургахааас гадна хамт олныг соён гэгээрүүлэх, гоо зүй, биеийн тамирын боловсролд бусад их, дээд сургуулийн удирдлагаас онцгой анхаардаг байсан нь юм юмнаас харагдаад байдаг. Багш, оюутанд уран зохиолын ном уншиж үлгэрлэхээс гадна өөрөө ч бас шүлэг зохиол оролддог байсныг түүний бичсэн нэгэн шүлгээр жишээлье.
ХӨДӨӨ АЖ АХУЙН ДЭЭД СУРГУУЛЬ
Туулын голын мяралзаанд
Түмэн дүрсээ тольдсон
Тунгалаг хөх тэнгэрийн цэлмэгт
Одон тэмдгээ гялалзуулсан
Тансаг олон цэцэрлэгээр хүрээлүүлсэн
Таван хошуу малын барималтай
Харанхуй шөнөд ч гэрэлтэй
ХААДС гэдэг ордон сүндэрлэнэ.
Хаанаас нь ч харсан ханхар сүртэй
Хажууд нь суухад сэтгэл булаам
Оюун билгийн ундаргатай
Олонд алдартай сургууль минь
Аавын олон хүүхдүүд
Алтан босгыг нь алхаж ороод
Ангаахай мэт бужигналдан байж
Алсад нисэн далиа гүйцээдэг ээ
Энэ ордонд олон хүн соёлжиж
Онол, эрдэмд шамдаж
Оюун ухаан нь гийж
Оргилд гарах хүчээ авдаг аа
Эрдэм ухааныг өвөртөлсөн залуус
Эх орны дөрвөн зүг, найман зовхисыг барьж
Ухаан билгээ уралдуулж
Улс орноо хөгжүүлдэг ээ.
Эрдмийн гэрэлт ордныг сүндэрлүүлэхэд
Энэ биеэр оролцсондоо бахархнам
Эрдэмтэн, мэргэжилтнийг төрүүлэхэд
Эрч хүчээ зориулсандаа баярланам.
Энэ бол ахмад эрдэмтэн, удирдан зохион байгуулагчийн аагтай залуу нас, эрдэм ухаанаа араас ирэх хойч үедээ зориулсны дуулал чин сэтгэл юм. Дээрх шүлгийг нэг их гаргууд сайхан бүтээл гэхээсээ өмнө ХААДС-ийг үүсгэхэд зүрх сэтгэлээ зориулсан хүний хувиар хоёргүй үнэн сэтгэлийг үг, хувиршгүй үнэн сэтгэлийн илэрхийлэл гэж үзмээр байна.
Ер нь хүмүүн гэгч өөрийн эрийн сайнаар ч, өрөөлийн тус дэмээр ч бол буурай дорой явснаа санана гэдэг бол бусдад сургаал, өөрт хүн чанарын илэрхийлэл юм.
Ц.Жамьянжав багшийг Академич, шинжлэх ухааны доктор болоогүй юм уу гэж гайхаж байж болох юм.
Тийм ээ, энэ бүхнийг хийх цаг хугацааг ХААДС-ыг удирдан зохион байгуулахийг хойч үеийн эрдэмтдэд зориулаад өөрийн эрхээр бус, цагийн жамаар жаргасан зул юм.
Түүнээс биш гуч шүргэх насандаа “Сарлагийн эргүү өвчний эмнэл зүйн шинж” сэдвээр дэд эрдэмтний зэрэг хамгаалаад энэ талаар нээлт хийлээ гэж шуугиулж явсан эрдэмтэнд, ХААН мэргэдийг төрүүлсэн эрдмийн зөвлөлийн даргад энэ бол сэтгэлд багтсан ажил л байсан юм.
Бас энэ хүний бүтээлийн тал хагас нь эрх мэдлээр дарангуйлагч нэг, хоёр хүний бахинд хавчигдсанаас түүний энгэрт “Алтан гадас”, “Хөдөлмөрийн гавьяа”-ны одон гэрэлтсэнээр бүтээлч ажил үйлсийнх нь тал хувь дарагдаж өнгөрснийг хэлэхэд гэмгүй байх. Хэн гэдэг эрх мэдэлтэн хохироож байж вэ? гэдгийг дараа үеийнхэн хүсвэл тодруулах биз ээ.
Яагаад гэвэл салбарын ч бай, улсын ч бай түүхэнд үнэн үлдэх ёстой.
Арбулагийн эрдэмтдийн алтан түүчээгийн тухай ангиртай нуурынх нь нэгний хувьд нэгэн хоёр санааг хөндөв. Хэлэх үгээ ааг омог, амьдралынхаа замналын талаар авьяасаа сорьсон “Өлгий нутгийн дуулал” шүлгээр нь өндөрлөюү.
ӨЛГИЙ НУТГИЙН ДУУЛАЛ
Аяа, миний амьсгал авсан ариун агаар
Ангир чуулсан аршаан уст – Дэлгэр мөрөн
Эхийн алтан хэвлийгээс хүй тасран ойчихдоо
Элгээрээ анх Таныг л тэвэрсээн.
Энэ чинь минийх л гэхдээ
Эр хонгор дуугаар чарлаж ирсээн.
Аяа, миний бойтогны мөртэй эрдэнийн шороо
Аавын гэрийн буурин тамгатай Мандал
Хөлд орж хүмүүн болох гэж
Хөрсөн дээр тань унаж, ойчиж өссөндөө
Аяа, миний ухаан өдлөсөн эрдмийн талбар
Арбулаг сумын төв – бяцхан суурин
Сардаа гурван удаа хонины хишиг тааруулж
Саахалтын жаахан түүнтэй болзож явсан газар.
Шаагих бороонд хоргодон хадны нөмөрт ханьсаж
Санчиг үсийг нь илбэхдээ хайраа эдлэн жаргасан даа.
Аяа, миний урмыг бадраасан төрсөн нутаг
Амьдрах насны мөнхийн дагуул Арбулаг минь.
Ажил төрлөөс хойш суун амиа аргацааж
Алдар нэрийг тань гутааж яваагүйн учир
Аль нутаг вэ? гэж хүмүүсийн асуухад
Арбулаг аа, гэж ам бардам хариулж явдаг даа
гэж төрсөн нутгийнхаа тухай сэтгэлийн халгилаар бичсэн шүлгээр “Арбулагийн эрдэмтэдийн алтан түүчээ”-г өндөрлүүлье.
Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, “Монгол –Америкийн” Соёл, хүмүүнлэгийн үйлстэн шагналт, Яруу найрагч, Доктор, Профессор “Ээж хадныхан” -ы Хотогойд Ч.Дагвадорж.
2020 – 11 – 10-ны өдөр
Эх сурвалжийн холбоос: ҮЗЭХ