Монгол улсын Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, Үндэсний бөхийн Дархан аварга, Олимпын мөнгөн медальт тамирчин Жигжидийн Мөнхбат 1941 оны могой жилийн 6 дугаар сарын 1-нд Төв аймгийн Эрдэнэсант суманд "Хадан" хошуу гэдэг газар эцэг Чанцал, эх Хажид нарын 12 хүүхдийн 10 дахь хүү болж төржээ.
Хүүг төрөөд удаагүй байхад нагац ах Жигжид нь үрчилж авжээ. Эрдэнэсант сумын 7 жилийн дунд сургууль төгсөөд Санхүүгийн Техникум улмаар Эдийн засгийн дээд сургуульд сурсан байна. 1960 онд Санхүүгийн Техникумд сурч байхдаа сумын заан болоод л дараа жил нь 60 жилийн ойгоор улсын заан цол хүртэж байжээ.
Чөлөөт бөхийн амжилт:
Ж.Мөнхбат Монгол улсын чөлөөт бөхийн тамирчдаас олимп, дэлхийн АШТ-ий анхны медалийг эх орондоо авчирсан. 1967 онд Энэтхэг улсын Шинэ Дели хотноо болсон чөлөөт бөхийн ДАШТ-ээс 87кг жинд хүрэл медаль хүртсэн (олимпын аварга Хасан Гюнгёрыг ялав) бол дараа жил нь Мексикийн Мехико хотод зохиогдсон зуны олимпын наадмаас 87кг жиндээ өрсөлдөж мөнгөн медалиар энгэрээ мялаажээ.
Үндэсний бөхийн амжилт:
Ж.Мөнхбат үндэсний их баяр наадамд 6 удаа (1963-1967, 1974) түрүүлсэн. 1963 онд улсын арслан У.Мижиддоржийг орхин түрүүлж улсын арслан цол хүртсэн. 1964, 1965 онуудад Бээжин аварга, Баянмөнх нарыг арслан заан цолтой байхад нь орхин түрүүлж улсын аварга цол хүртсэн. 1966, 1967 онуудад дархан аварга Д.Дамдин, Дархан аварга Х.Баянмөнх нарыг орхин түрүүлсэн. 1974 онд дархан аварга Х.Баянмөнхийг орхин сүүлчийн удаа түрүүлсэн. Анхны цагаан сарын барилдаанд 1963 онд түрүүлсэн. Цагаан сарын барилдаанд нийтдээ 6 удаа түрүүлж бүх бөхчүүдээс 3-т орох амжилт үзүүлжээ. Түүний өмнө Б.Бат-Эрдэнэ, Х.Баянмөнх нар л зогсдог билээ. Улсын их баяр наадамдаа нийт 23 удаа шөвгөрч мөн л 3-т орох амжилт үзүүлсэн билээ. Хамгийн сүүлд 1994 онд 53 насандаа 6 даван шөвгөрч улсын заан Р.Гансүхэд унасан билээ.
Цол ахисан он жил:
- 1961 он Улсын заан
- 1963 он Улсын арслан
- 1965 он Улсын аварга
- 1966 он Дархан аварга
Улсын наадмын барилдааны амжилт:
- Түрүүлсэн 6 (1963, 1964, 1965, 1966, 1967, 1974 онуудад)
- Үзүүрлэсэн 4 (1972, 1975, 1978, 1980 онуудад)
- Шөвгөрсөн 23 удаа
Цагаан сарын барилдааны амжилт:
- Түрүүлсэн 6 (1963, 1964, 1968, 1973, 1976, 1981 онуудад)
- Үзүүрлэсэн 4 (1966, 1974, 1975, 1978 онуудад)
1994 онд Хөдөлмөрийн баатар цол хүртсэн.
Түүнийг 2018 оны 4 дүгээр сарын 9-нд таалал төгсөхөд Спортын ордонд салах ёс гүйцэтгэж талийгаачийн шарилыг “Алтан-Өлгий”-д оршуулжээ. Салах ёс гүйцэтгэх ёслолд төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүд, спорт холбоодын удирдлагууд болон үндэсний бөхийн дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ, А.Сүхбат, Г.Өсөхбаяр, аварга О.Балжинням, Г.Эрхэмбаяр, Ч.Санжаадамба, С.Мөнхбат нар энгүй хүчит аваргаа сүүлчийн замд нь үджээ.
Түүний хүү М.Даваажаргал мэргэжлийн сумо бөхийн Ёкозуна /Аварга/ цолтой бөх.