Эх сурвалж: 24tsag.mn сайтын 2021-6-30 өдрийн нийтлэл
1967 он. Ардын хувьсгалын 46 жилийн ойн баяр наадам юм. Тэр жил алдарт бөх Ж.Мөнхбат тав дахь түрүүгээ хүртэж, Х.Баянмөнх үзүүрт шалгарч билээ. Тухайн наадамд Ж.Мөнхбат аварга ам бөхөө амлахаар бөхийн нэрс сонсож нэлээн удаж гэнэ. Тэгсэн Наадмын комиссын гишүүн, тухайн үеийн Дээд шүүхийн дарга Ц.Лувсаншарав гуай хүрч ирээд "Мөнхбат аа, чи хурдан амаа ав, наадамчин олон, нам засгийн удирдлагуудыг чилээж гүйцлээ" гэж зандрангуй хэлжээ. Үгний хариу хоосон буцаах дургүй Ж.Мөнхбат аварга "Намайг үзэх гэж найман мянган хүн ирсэн болохоос чамайг үзэх гэж ганц чавганц ч ирээгүй. Дахиад нэрээ унш" гэсэн гэдэг.