Ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг, Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Дарьсүрэнгийн ДарьСүхбаатар нь Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул.
1989 оны арванхоёрдугаар сарын өвлийн жавар ид тачигнаж байх энэ өдрүүдэд ээтэн гутал үстэй дээл үнэгэн малгайгаа өмсөж ардчилал эрх чөлөөний төлөө тэр үеийн коммунист төрийн машины эсрэг тэрслэн босож тэмцсэн чулуун зүрхтэй хэсэг хувьсгалчдын толгойлогч нь монгол түмний цөс ихт хөвүүн Дарь Сүхбаатар байлаа.
Дарь Сүхбаатарыг ардчиллын алтан хараацай, анхны арвангурвын нэг, ардчилсан холбоог үндэслэгч, анхны чөлөөт хэвлэлийг үүсгэн байгуулагч гэдэг ч тэрээр ардчиллын бялуунаас хуваалцалгүй олон жил ганцаардсан чоно шиг явсан нэгэн. Учир нь түүний ерэн онд хүсэн хүлээж байсан ардчилал нь авилга хээл хахуульд идэгдэн, анд нөхөд нь олигархи бүлэглэлд хуваагдан нийгэмд шударга ёс алдагдсан явдалтай тэр хэзээ ч эвлэрч байгаагүйн шинж.
Ямартаа америкийн алдарт Вашингтон пост сонин дээр өнөөгийн ардчилсан Монголд томилгоо бүр тогтсон ханштай Салбарын сайд 400000$ Агентлагийн дарга 120000$, ахлах мэргэжилтэн 4000$ үнэтэй гэх мэтээр тодоос тод дэлхий даяар зарлан тунхаглагдаж шившиг болж байхав.
Нэгэнтээ Дарь Сүхбаатар ард түмнийхээ итгэлийг алдсан журмын нөхдийнхөө бусармаг үйл ажиллагаанаас нүүр хийх газаргүй болж, ардчилалын хамсаатан төрөөс төрсөн тэрбумтан анд нөхдийнхөө нэрийн өмнөөс ард түмнээсээ уучлал хүлцэл өчин ганцаараа гүлдийж хоцорсон ч тал бий.
Дарь Сүхбаатарын ерээд оны тэмцлийн гол зорилго нь Монгол Улсаа Москва, Бээжин зэрэг гадны хэнээс ч хамааралгүй жинхэнэ тусгаар улс болгох, Монгол хүн бүрийг өөрийн гэсэн өмч хөрөнгөтэй болгох, Монгол хүн бүрт чөлөөт сэтгэлгээ олгох гэсэн гурван үндсэн зорилтыг зүрх сэтгэлийнхээ угт агуулж байсан ч яваандаа ганзага нэгт нөхдөөс нь эхлээд гадны корпорациудын гар хөл болцгоон, монгол хүн бүр тэгш хүртэх ёстой үндэсний баялаг хэдхэн олигархи гэр бүлийн гараар орсон зэрэгт сэтгэл гундуухан явдаг нэгэн.
Тэрээр барууны тэжээвэрүүдтэй хэзээ ч гар нийлж тэдний хөл гар дохио зангаа болж байгаагүй, зөвхөн улс монголоо гэсэн цэх шулуун зантай, чин зүрх сэтгэлтэй учраас л тойргийн гадна үлдсэн ч тал бий.
Дарь Сүхбаатар бол Болор цомд долоон удаа амжилттай оролцож, хаанахын ч хэний ч жагсаал цуглаан дээр очоод улс орныхоо язгуур эрх ашгийн төлөө хүний өөрийн нам улс төр найз нөхөд гэлтгүй хэнийг ч зад шүүмжилж байдгаараа ёстой нөгөө Шүлэг тэрлэж шүүрс алдах омог бардам монгол эрсийн нэг яах аргагүй мөн.
Дарь Сүхбаатар ерээд онд монголын ардчилсан холбооны анхны суурь болох Дэвшилтэт залуучуудын эвслийг нэр бүхий уран бүтээлч нөхдийн хамт байгуулж, анхны тэргүүнээр сонгогдон бүхэл бүтэн коммунист нам улс төрийн тогтолцооны эсрэг залуусыг уриалан дуудан босон тэмцэж чадсан, тухайлбал 1989 оны 11 сарын 28-ны өдрийн Залуу уран бүтээлчдийн Улсын II зөвлөгөөн дээр социализмийн далан жилийн түүхэнд анх удаагаа индэр дээрээс бүхэл бүтэн коммунист улс төрийн машин Улс төрийн товчоог ОГЦОР хэмээн зоригтойгоор хэлж чадсан, хэрэгжүүлж дийлсэн Дамдины Сүхбаатар лугаа адил хатан зоригт монгол түмний цөс ихт аавын хүү.
Монголчууд эрт дээр үеэс үйл хэргийнхээ төлөө өөрийгөө зольж галзуу барын аманд гараа хийхээс ч буцахгүй хүнийг Хараа ихт хар сүлд Цөс ихт монгол хөвүүн гэж зүйрлэн хэлж ирсэн түүхтэй. Тэрээр ерэн оны хувьсгалын хувь заяа хаашаа ч эргэж магадгүй байсан тэрхүү эгзэгтэй өдрүүдэд өглөө бүр гэрээсээ гарахдаа Орой гэртээ эргэж ирэхгүй байх шүү хэмээн олон удаа хэлж гараад өвлийн тэсгим хүйтэнд явган нүцгэн, ачааны тэрэгний дээр осгон алдаж хувьсгал хийж тэмцэж явсан цөөхөн хэдэн цөс ихт аавын хөвгүүдийн нэг.
Наяад онд Дарь Сүхбаатарыг Германд оюутан байхад нь тэр үеийн тэргүүний оюутан гэдэг утгаараа Монгол оюутнуудын Эвлэлийн үүрийн даргаар сонгогдсон түүнд холбогдох газраас /ойлгомжтой/ тэнд сурдаг оюутан, аспирантуудыг тагнаж чагнах мэдээлэх үүрэг өгснийг тэрээр эсэргүүцсэн тул зуны амралтаар ирэнгүүт нь буцаалгүй дөрвөн жил сурсан Герман улсын Карл-Марксын техникийн их сургуулиас нь хөөж Намын Төв хорооны заалтаар хөдөө барилгад дээр шаварчнаар гурван жил ажиллуулах үеэс л түүний улс төрийн тодорхой үзэл санаа нь төлөвшиж эхэлсэн гэдэг. Ингээд Монгол оронд Горбачёвын өөрчлөн байгуулалтын салхи ид шуурч байсан 1988 оны намар Багшийн дээд сургууль дээр Дарь Сүхбаатар нөхдийн хамт анхны чөлөөт хэвлэл болох “Цагийн толь” сонин гаргаж гурван дугаар гаргаад байтал Төв Хорооны даалгавраар НАХЯ-наас хааж байжээ.
Тэрээр Завхан аймгийн Тосонцэнгэл буюу эрх чөлөө тусгаар тогтнолынхоо төлөө цогтой тэмцэгч Хотгойдын Чингүнжавын өлгий нутагт өсөж торнисон аавын хүүгээс гадна үнэн үг, шударга зангаараа баруун таван аймагтаа алдартай, насаараа тээврийн жолоо мушгисан Дарьсүрэн гуайн ууган хүү болохоор агуу үйл хэрэгт нь герман боловсролоос гадна гол нь түүний аав ээж удам судар, мах цусан дахь монгол эх оронч ген нь ч нөлөөлсөн байх.
Дарь Сүхбаатар нь ерээд оны ардчилсан хувьсгалаас хойш албан тушаал хөөцөлдөж алдар цол гуйж гоншигонолгүй, ганцаардсан чоно шиг явсан хорин жилийн хугацаандаа гараа хумхиад зүгээр суусангүй, тэрээр 1990 оноос С.Баасан ламын хамт Монголын сүсэгтний холбоо байгуулж иргэдийн шүтэн бишрэх эрх чөлөөг сэргээх, Ц.Ганхуягийн хамт Монголын Ардын Аж Ахуйтны холбоо байгуулж малыг малчдад буцаан хувьчилах, Ц.Дашдондов гуай нарын нөхдийн хамт Монголын ардчилсан чөлөөт сэтгүүлчдийн эвлэл байгуулж хэвлэн нийтлэх эрх чөлөөг бий болгох, Жияндорж нарын нөхдийн хамт Монголын Ногоонтны хөдөлгөөнийг үүсгэн байгуулж байгаль дэлхийгээ эрхэмлэх монгол уламжлалт үйл хэргийг өрнүүлэх, Чой.Лувсанжав багштан нарын эрдэмтэн мэргэдийн хамт Монголын Нүүдлийн Соёл-иргэншлийн олон улсын нийгэмлэг байгуулж олон мянганы түүхтэй төр ёсоо сэргээх зэргээр монголын үндэсний ардчиллын суурь, үнэт зүйлд жинтэй хувь нэмрээ оруулсан юм.