Эх сурвалжийн холбоос: Sonin.mn сайтын 2020-12-11 өдрийн нийтлэл


Цагаан морин жилийн ардчилсан хувьсгалын анхны цуглааны үе л дээ. Радио сонсож байсан чинь нэг нѳхѳр “Би Тосонцэнгэлийн сахилгагүй нѳхдийн нэг нь байсан. Гэхдээ одоо тэр хамаагүй, би одоо бол эх орныхоо тѳлѳѳ тэмцэж байна” гэж хэлэхийг сонсоод Тосонцэнгэлийн хэдэн залуу багш нар, хэн болохыг нь таних гэж зѳндѳѳ нэр дэвшүүлэн таамаглаж билээ. Тэр нѳхѳр Дарь.Сүхбаатар байсныг хэсэг хугацааны дараа мэдээд би лав гайхсан.

Дарь.Сүхбаатар маань 1984 онд Германаас ирж, Завханы Тосонцэнгэлийн 10 жилийн сургуульд багшилж эхэлсэн цагаас бид найзалж байгаа. Орос хэлний багшаар ажиллаж байсан Г.Гүнчинсүрэн агсан бид 3 арай дотно найзууд байв. Боловсролын салбарын шинэчлэл, нийгэм улстѳр, шүлэг яруу найраг бидний ярианы сэдэв байлаа. Залуу байсан болохоор юу эсийг хийх билээ. Онгиргон хѳѳрүү насны араншингаар сайдаж муудалцаж, бас хѳгжилдѳж явсан нь зѳндѳѳ.

Цалингаа буухаар ганц “шил юм” аваад манайд сууж мѳрѳѳдлѳѳ хуучилцгаана. Сургуулийн багш нарын концертод “хоор”-онд зогсон дуулж, шүлэг уншиж, хаврын ажил, намрын хадланд хамт явж жаргал зовлонгоо хуваалцаж байсан нь бидний нѳхѳрлѳлийг ойртуулсан. Тэр үед биднийг удирдаж байсан Ж.Нацаг захирал биднийг ажилд сургаж, сайн багш нар болгон тѳлѳвшүүлж байсан юм. Бас хамт олон ямар байх ёстойг ч сайн ойлгуулсан.
 
 
Хэдэн жилийн дараа Дарь.Сүхбаатар маань Улаанбаатар руу сургуульд явлаа. УБДС-д суралцаж байхдаа ардчилсан хувьсгалд анхнаас нь оролцож, “Залуу уран бүтээлчдийн Улсын зѳвлѳлгѳѳн” дээр МоАХ байгуулагдсаныг зарлаж байсныг санаж байна. Дотоод сэтгэлд нь бадамлаж байсан итгэл үнэмшилийн үнэт зүйл нь түүнийг хѳтѳлсѳн гэдэгт би  итгэдэг. Залуус бид ардчилалыг дэмжиж байсан атлаа болгоомжилж байсан тэр цаг үед Дарь.Сүхбаатар маань эр зориг гарган бүхний тэргүүнд шантралгүй явж байсанд бид бахархаж байсан. Тэр үед мань хүн улстѳрийн “ОД” болсон байсан ч бидэнтэй цаг гарган уулзаж амждаг байв.
 
1996 оны УИХ ын сонгуулиар түүнийг тѳрсѳн нутаг болох Завханы Тосонцэнгэлдээ нэр дэвших байх хэмээн хүлээж байсан ч Улаанбаатар хотоос нэр дэвшсэн. Хамтран зүтгэгчид нь улстѳрийн ѳндѳр албан тушаалууд дээр очиж байхад энэ бүхэнд тэгтлээ улайран шуналгүй, ѳѳрийнхѳѳрѳѳ үлдсэнд одоо ч гайхдаг. Түүнд ѳѳрийн гэсэн үнэ цэнэ байсан юм болов уу? гэж хожим эргэцүүлсэн л дээ.
 
Хэдийгээр олны танил болсон байсан ч бидний хувьд мѳнѳѳх Тосонцэнгэлийн сургуульд багшилж байхдаа үерхэж байсан харилцаагаа тэрээр хэзээ ч ѳѳрчлѳѳгүй. Хэрэгтэй цагт найзууддаа дэм болж, асуудал шийдэх болоход ѳѳрийн боломжоороо тус болж чаддаг байсан нь түүний мѳн чанар. Хааяа ганц шил юм хувааж уун ярилцаж суухад түүний сэтгэл дотор омголон дэврүүн, худалдагдахгүй бардамнал, үнэнч үлдсэн үнэт зүйлийн “үнэр” мэдрэгдээд байдаг юм. Магадгүй албан тушаал эрх мэдэлд шунаж, ѳѳртѳѳ олдсон боломжоороо хувийн сонирхолоо гүйцэлдүүлээд явсан бол ѳнѳѳдѳр тэр биднээс холдож одох байсан ч магадгүй. 36 жилийн дараа ч “Муу анд минь” гэж дуудаж, сэтгэлээ уудлан ярилцах найзтай байна гэдэг сайхан. 30 жилийн ѳмнѳ ардчилалын түүчээ байсан Дарь.Сүхбаатар анд минь юуны тѳлѳѳ ѳѳрийгѳѳ зольж байснаа эргэцүүлж л байгаа байх. Түүний хүссэн ардчилал мѳн эсэхийг ѳѳрѳѳсѳѳ асууж л байгаа байх. Ямартай ч Дарь.Сүхбаатар анддаа Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн баяр хүргэе. Алт удах тусмаа чанаржиж, бас ѳнгѳ орон гялалздаг гэх юм билээ.
 
Г.Галбадрах
 
Эх сурвалжийн холбоос: ҮЗЭХ
 
Буцах