Монгол Улсын Уулын спортын Гавьяат тамирчин, ОУХМ, Дэлхийн долоон ноён оргилд гарсан анхны Монгол хүн SEVEN SUMMITEER, Дэлхийн зулай Эверест болон K2 оргилд гарсан анхны Монгол эмэгтэй. Уулын спортыг хөгжүүлэхэд үнэт хувь нэмэр оруулсан спортын зүтгэлтэн Марчин овогт Бадамгаравын Гангаамаа Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн. Түүний аав З.Бадамгарав, ээж Д.Долгор нар Завхан аймгийн Их-Уул сумын Хонгор багийн хүмүүс. Аав нь айлын ганц хүү. Насаараа аж ахуйн ажил хийж сампин цохиж, тоо бодож амьдарсан нэгэн. Өнөөдөр, маргааш юу хийх бүтээхээ сампингийн эрхэнд найдаж амьдарсан хүн гэж ч болохоор алдаа гаргаж яваагүй нэгэн. Нутгийнхан Тоочин Бадамгарав гэдэг байжээ. Харин ээж нь айлаас хоёулаа аж.
Тэрбээр анх Их-Уул сумын сургуульд элсэн орсон ч гуравдугаар ангиасаа Тосонцэнгэл суманд шилжин суралцаж тэндээ 10 дугаар анги дүүргэсэн байна. Тэгээд ЗХУ-д нийгмийн ухааны чиглэлээр суралцахаар конкурст орсон ч яг урдуураа улаан шугам татуулжээ. Дараа жил нь конкурст даагаа нэхэх боломж байсан ч хоёр салаа зам Гангаамаагийн өмнө байв. Нэг нь конкурст орох, нөгөө нь уулын спортыг сонгож Хархираагийн оргилд авирах. Тэгээд л Гангаамаа уулчин болох замыг сонгожээ. Аравдугаар ангид байхдаа уулчдын дунд багтан явж нутгийнхаа шүтээн уул Отгонтэнгэрт авчирсан нь энд нөлөөлжээ. 1989 онд Хангай нурууны ноён оргил Отгонтэнгэр ууланд болсон Монголын уулчдын цугларалт, авиралтад оролцож оргилд гарснаар уулын спортод анх хөл тавьж байсан.
2006 оны Эверестийн оргилд гарах багийг анх зохион байгуулан удирдсанаар өндөр уулын авиралт удирдах, хөтөч хийх гараагаа эхэлж байсан.
Тэр айлын 11 хүүхдийн долоо дахь нь юм. Дөрвөн ах, хоёр эгчтэй, нэг эрэгтэй, гурван эмэгтэй дүүтэй. Эр хүн шиг эрэлхэг, зориг тэвчээртэй занг эмэг эхээсээ олж авсан гэж ярьдаг. Түүний аав Бадамгарав гуай 11 хүүхдийнхээ хоёрыг нь өөрийн ээжийн гар дээр өсгөсөн. Түүний нэг нь Гангаамаа аж. Эмэг эх Нанзад нь залуудаа ихээхэн зовлон үзсэн болоод ч тэрүү чанга хатуу гэхдээ их ухаалаг хүн байсан гэдэг.
Тэрбээр Анагаах ухааны дунд сургуульд суралцаж микробиологич мэргэжил эзэмшсэн бөгөөд Орхон аймгийн мэргэжлийн хяналтын газар есөн жил ажилласан байна. Түүнчлэн 2017 оны хавар МУБИС-ийг дасгалжуулагч мэргэжлээр төгсчээ.
Уулын спортын амжилтаас:
- 2010 онд Европ тивийн ноён оргил Эльбрус /5642 м/
- 2011 онд Ази тивийн ноён оргил Эверест /8848 м/
- 2012 онд Африк тивийн ноён оргил Килиманжаро /5895 м/
- 2015 онд Хойд Америкийн ноён оргил Денали /6194 м/
- 2016 онд Өмнөд Америк тивийн ноён оргил Аконкагуа /6962 м/
- 2016 онд Австрали тивийн ноён оргил Карстенс /4884 м/
- 2016 онд Антарктид тивийн ноён оргил Винсон массив/4897м/
- 2018 он долдугаар сарын 23 нд Чогори /К2-8611 м/-т тус тус гарсан юм.
Тэрбээр Дэлхийн долоон тивийн ноён оргилд гарсан анхны монгол хүн. Харин Дэлхийн хамгийн өндөр Эверест /8848 м/ оргилд гарсан хоёр дахь Монгол хүн буюу анхны эмэгтэй хүн болсон.
Монгол Улсын ноён оргил Алтай таван богдын Хүйтэн ууланд 1998 онд анхны авиралтыг хийсэн. Тэрбээр эх орныхоо ноён оргилд хамгийн олон гарсан хүн билээ. Тус оргил уруу 34 удаа авиралт хийснээс долоо нь амжилтгүй болсон. Харин Очирваань хайрхан уруу таван удаа гарчээ.
К2 уулын оргилд Гангаамаатай хамт нийт 31 уулчин нэг дор хамт гарсан нь нэг ёсны рекорд амжилт аж. К2 нь хамгийн хүнд бөгөөд хамгийн аюултай уулын нэгд зүй ёсоор тооцогддог бөгөөд Италийн уулчид Ахиль Компаноьори (Achille Compagnoni) ба Лино Ласедели (Lino Lacedelli) нар анх 1954 онд K2 уулын оргилд хөл тавьснаас хойш 337 уулчин тус оргилд гараад байна гэсэн бүртгэл байдаг бөгөөд энэ хугаацаанд 84 уулчин авиралт хийж байгаад амь насаа алдсан байдаг.