Ард олноо "Фронт" Цэгмид хэмээн алдарсан Гавьяат малчин, ахмад дайчин Сүрэнхорын Цэгмид нь 1923 оны 12-р сарын 6-нд Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутаг Дэлгэрхангай уулын бэлд төржээ.
Айлын ганц охин С.Цэгмид багаасаа олон эрэгтэй хүүхдийн дунд эршүүд өсөж, ямар ч эмнэг, хангал тэмээг сургаад унадаг байсан гэнэ.
Өвгөдийнхөө малчин удмыг залгамжилсэн тэрбээр ердөө 18-хан насандаа Улсын сайн малчин болжээ. Зургаан ханатай гэрт 50 шахам ботго тэжээн, онд оруулж, нэгдлийн 500 хонь төллүүлсэн зэрэг олон гавьяаг нь төр үнэлсэн юм. Түүгээр ч үл барам Улсын сайн малчин болохдоо Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулсныг нь Маршал Х.Чойбалсан гардуулжээ.
Нэг удаа С.Цэгмид нэгдлээс 500 хонь хүлээн авчээ. Гэртээ туугаад иртэл 503 байж. Тэгэхэд гурвыг нь улсад буцаан өгсөнд хүмүүс ихэд олзуурхан, үнэлсэн юм билээ. Улмаар 18-хан насандаа Улсын сайн малчин болсон, хөдөлмөрч, дайчин чанар нь түүнийг их гүрний ахан дүүсэд тусламж хүргэх түүхэн үйл явдлын гэрч болоход нь их нөлөөлжээ.
Учир нь ОХУ руу бэлгийн цуваа хүргэх төлөөлөгчдийг Х.Чойбалсан өөрөө сонгосон юм. Ингэснээр С.Цэгмид 19 насандаа хойд хөршийг зорьж, түүхэн үйл явдлыг бүтээлцсэн юм.
Дэлхийн хоёрдугаар дайнд Монголчууд оролцоогүй ч ОХУ-аас юугаа ч харамлаагүй. Дээл, гутал, морь, малнаас авхуулаад өгч болох бүхнээ харамгүй бэлэглэсэн. Монгол түмний тэр сайхан сэтгэлийн хандивыг хүргэж өгөх буянт үйлсийг хүргэж өгөх цуваа 1942 оны арваннэгдүгээр сарын 26-нд Монголоос хөдөлжээ. Манай улсаас илгээсэн 236 вагон бэлгэнд 9 сая 252 мянга 343 төгрөгийн үнэ бүхий зүйлс багтсан юм.
Монголын төлөөлөгчид фронтод очсоныхоо орой нь их бууны ангиар оржээ. Дайн ид үргэлжилж, дарийн утаа суунаглаж байсан үе. Тэгэхэд Монголоос очсон төлөөлөгчдийн гурав нь их буугаар буудсаны нэг нь С.Цэгмид. Тэрбээр эх орноо болон очсон эмэгтэйчүүдээ төлөөлөөд бууджээ.
Маргаашийнх нь сонины дугаарт “Монголын гурван төлөөлөгчийн буудсан сум 32 герман цэрэг, дөрвөн их буу сөнөөжээ” гэж нийтлэгдсэн юм. Тэгж С.Цэгмид төдийгүй Монголын төлөөлөгчид дэлхийн хоёрдугаар дайнд “оролцсон”, дайснаа сөнөөлцсөн түүхтэй.
2020 онд аугаа их ялалтын 75 жилийн ой тохиосон бөгөөд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний зарлигаар тус улсын хүндэт шагнал, “Найрамдал” одонгоор С.Цэгмидийг шагнасан юм. ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Мерген Владимирович өөрийн биеэр энэхүү шагналыг түүнд гардуулан өгч, хүндэтгэл үзүүлсэн юм. Ингэснээр Оросын арми Монгол малчин бүсгүйн гавьяаг үнэлэв.
С.Цэгмид гуайн үр хүүхдүүд ээжийгээ ахмад дайчнаар бүртгүүлэх хүсэлт тавьж байсан бөгөөд улмаар Батлан хамгаалахын сайд Н.Энхболд 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр тушаал гаргаж, хувьсгалт Монгол Танкийн цуваа болон Монголын Ард түмний чин сэтгэлийн бэлгийн цувааг хүргэж өгснийг үнэлэн Ахмад дайчны үнэмлэх, Батлан хамгаалах салбарын “Эх орны төлөө-1” медаль, нэг удаагийн мөнгөн урамшуулал олгов.
Мөн 2021 онд Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Гавьяат малчин болсон юм.