Эх сурвалж: Gogo.mn сайтын 2020-10-06 өдрийн нийтлэл
Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харьяат өдгөө 98 настай “Фронт” хэмээн алдаршсан С.Цэгмидэд ОХУ-ын Төрийн дээд шагнал “Бүх ард түмнүүдийн найрамдлын одон”-г гардууллаа.
С.Цэгмид гуай 1942 оны арван хоёрдугаар сард 18 настайдаа Зөвлөлтийн улаан армид бэлэг хүргэх төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж, Свердловск орчмын фронтын тэргүүн шугам дээр очиж байсан юм.
Тэрээр одонгоо гардаж авсныхаа дараа сэтгэгдлээ ийн илэрхийлсэн юм.
ТЭР ҮЕИЙН БИДНИЙ БЭЛЭГ ХҮРГЭЖ ӨГӨХ ҮЕД БОЛСОН ҮЙЛ ЯВДАЛ, ЯРИА МИНИЙ ТАРХИНД БАЙДАГ. ЭНЭ ЖААХАН ТАРХИ ИХ ЮМ ХАДГАЛДАГ ШҮҮ
Найрамдлын одон хүртсэн С.Цэгмид гуай "Өнөөдөр миний дээд баяр болж байна. Орос, Монголын найрамдлын дээд одон авч байгаадаа баярлаж байна. Манай Монгол Улс малаа малласаар байгаад ийм сайхан гавьяанд хүрдэг юм байна. Ийм өндөр насанд маань ийм сайхан хүндэтгэл үзүүлж байгаад маш их баяртай байна. Төрийнхөө дээд шагнал бүрийг авч байна. Төрдөө баярлаж байна, ийм сайхан зүйлийг үзсэн биедээ баярлаж байна.
Мал малласаар байгаад энэ зэрэгт хүрлээ. Таван хошуу малын буян гэж сайхан зүйл байдаг юм байна.
Та бүхэндээ сургаалаа яриад суух тэнхээтэй хүн юм аа бий. Төрийнхөө дээд шагнал бүгдийг авах хачин сайхан хувь заяанд төржээ би.
Манай хоёр орны найрамдалт харилцаа улам бүр батжин бэхжих болтугай. Улам л их наслах юмсан гэж бодож байна. Ийм насан дээр та бүгдтэй уулзаж байгаадаа баярлаж байна. Би ч нэг их юм хийсэн хүн биш ээ. Миний өчүүхэн хөдөлмөрийг үнэлж байгаад баярлаж байна. Манай хоёр улсын найрамдалт харилцаа үргэлж үргэлжилж байх болтугай. Орос, Монгол хоёр бол сайхан найрамдалтай. Орос Улс манай улсад их тус хүргэсэн. Монгол Улс эх орны хоёрдугаар дайнд буйгаараа оролцсон. Оролцоогүй хүн гэж үгүй. Орос улсыг ядарч байх үед манай Монгол их тус хүргэсэн. Сталин гэдэг хүн “Нөхрийн чанар нөхрийг ядрахад танигддаг” гэж хэлж байсан юм. Тэр үеийн бидний бэлэг хүргэж өгөх үед болсон үйл явдал, яриа миний тархинд байдаг. Энэ жаахан тархи их юм хадгалж байдаг юм.
Энэ сайхан төрийн дээд шагналыг өөрөө ирж хүртье гээд давхиад ирлээ. Бие эрүүл сайхан байна" хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцлаа.
С.Цэгмид гуай хоёр орны төрийн дуулал сонссоныхоо дараа "Халуун элгэн нутаг" дуугаар ирсэн зочдод мэндчилгээ дэвшүүлсэн юм.
Эх сурвалжийн холбоос: https://gogo.mn/r/qqkkv