Хөдөлмөрийн баатар Чогсомын Ванхүү нь Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын уугуул. Аав ээжээс дөрвүүлээ бөгөөд хоёр эгч, нэг дүүтэй. Ээж нь түүнийг таван настай байхад бурхан болж, аав, эгч, дүү нарын хамт хэцүү бэрх амьдралыг туулж эрийн цээнд хүрчээ. Том эгч нь 13 настай, дүү нь өлгийтэй байжээ.
Хожим тэрээр дурсан ярихдаа: Ээжийг маань бурхан болоход аав минь өлгийтэй хүүхэдтэй хоцорсон гээд л бод. Яг үнэндээ бид их ядуу байсан. Үхсэн ишиг, хурганы мах хананд хавчуулж, хатааж байгаад чанаж идэхээр амттай сайхан байсан үе бий. Мөн үхсэн тэмээний арьс хуулаад махыг нь идэж байлаа. Өмхий мах идсэн гээд хүн үхдэггүй л юм билээ. Хүн өлссөн үедээ арай л хүний мах идэхгүй байх. Бусдыг нь бол иднэ шүү дээ. Биднийг хүүхэд аав минь ингэж л хооллож байсан. Аавыгаа өрөвдөх, сэтгэл үймрэх үе зөндөө тохиолдож байсан. Гэлээ ч биднийг өсгөж, хүмүүжүүлж, ажилд сургаж, намайг Хөдөлмөрийн баатар болгосон хүн бол миний аав гэж боддог. Тэгж бодохоор энэ цагийн хүүхдүүд ямар тансаг байна вэ. Хуучин цай, хоолоо идэхгүй асгаж байна. Үүнд би их харамсдаг. Дэлхийн гуравдугаар дайн хэзээ нэгэн цагт заавал болно. Бидний эцэг, эх бол хэцүү амьдарч байсан юм шүү дээ. Үүнийг мартаж болохгүй гэдгийг залуучуудад анхааруулж хэлмээр санагддаг юм." гэжээ.
1991 онд хөдөлмөрийн баатар болж Монгол улсын анхын Ерөнхийлөгч П.Очирбатаас шагналаа гардан авч байв.