Эх сурвалж: ergelt.mn сайтын 2022-03-09 өдрийн нийтлэл
-Аав минь биднийг тэжээхийн тулд үхсэн малын мах ханандаа хавчуулж, хатаачихаад чанаж өгдөг байсан-
Хүүхдүүдээ өлсгөхгүйн тулд үхсэн ишиг, хурганы зовлого ханандаа хатаачихаад буцалгаж өгдөг байсан аавын сэтгэл, түүнийг нь “Амт гэж янзын” гээд амтархан хүртдэг байсан хүүхдүүдийнх нь гэнэн цагаахан дүр тэртээх он жилүүдэд түүх болон үлджээ. Тэрбээр "Хүн үхсэн малын зовлого, өмхийрсөн мах идээд үхдэггүй л юм билээ дээ" хэмээн үзэж, туулсан цаг үеийн тарчигхан амьдралын нэгээхэн хэсгийг өгүүлсэн юм. Амьдрал, хувь заяаны эрхээр Хөдөлмөрийн баатар Ч.Ванхүү гуай тавхан настайдаа ээжээсээ өнчирч, хоёр эгч, өлгийтэй дүү, аавынхаа хамт дахин өөр амьдрал эхлүүлэхээс аргагүй болж. Тэрбээр хүнд муу хэлүүлж, муухай явахгүйн тулд өөртөө эцэж, цуцах ганц ч шалтгаан олголгүй чадах бүхнээ хийж, ажил, хөдөлмөрийн төлөө бие, сэтгэлээ бүрнээ зориулжээ. Багаасаа л аавынхаа хийх бүхнийг, хийсэн бүхнийг дуурайсаар, бүтээсээр Хөдөлмөрийн баатар болж, аавынхаа захиасыг, хүслийг гүйцээсэн гэхэд хилсдэхгүй болов уу. Тэрбээр “Аав минь миний нэр, мөр бүтэн, тарган, цатгалан амьдрах амьдралын дардан замыг бүтээлцсэн баатар шүү дээ” хэмээн эцгийнхээ хөдөлмөрч, тэвчээр хатуужилтай эрхэм чанарыг бахдан дурссан юм.
Хөдөлмөрийн баатар гэдэг үг хэн бүхний чихэнд сонсголонтой сайхан, сэтгэл сэргээсэн үг юм аа. Хүн бүрийн амьдралын замнал өөр ч гэлээ Хөдөлмөрийн баатар хэмээх эрхэм хүндтэй шагнал хүртэж, баатар болсон хүн бүрийн амьдрал шагналынхаа нэр шиг дардан, эрхэмсэг байгаагүй л болов уу гэж бодогдоно. Ч.Ванхүү гуай бага, залуу наснаасаа л бүхнийг үзэж, туулж, алдаж, онож явсан тухай дээр дурдлаа. Түүнийг хөдөлмөрийн баатар хэмээн шагнуулаад зогсож байхад хүү нь “Аав минь шагналаа авч чадахгүй байж мэднэ” гээд эмнэлэгт байгаагаа ч дуулгаагүй гэдэг. Мөн түүний хань Ч.Ванхүү гуайг Хөдөлмөрийн баатар болтол нь хоёр хөлийнхөө завсраар хонь, ямаа гарахаар болтол маажийтлаа ингэ саасан гээд бодоход амьдралын хоолой хэрчим бэрхшээл бүрийг юу ч болоогүй юм шиг чимээгүйхэн туулдаг мянга мянган хөдөлмөрийн баатрууд тэдний ард бат найдвартай зогсож байдаг нь гарцаагүй юм. Халуунд халж, хүйтэнд хөрж, хөдөлмөрийнхөө үр шимийг ээлж дараалан хүртсэн Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын нэг ангийн гурван хөдөлмөрийн баатрын нэг тэмээчин баатар Чогсомын Ванхүүтэй ярилцлаа. 80 настай буурай бурхан болсон аав, ээж, ханыхаа хойноос буян үйлдэж, өдөр бүр чадах, мэдэх маани, мэгзэм, ном судраа уншиж сууна.
-Нэг ангийн гурван хүүхэд Хөдөлмөрийн баатар болсон ховор, сайхан тохиолдол бий. Та гурав хүүхэд байхдаа хэрхэн нөхөрлөж, юу ярьдаг байв?
-Бид гурав сургуульд байхдаа зодолддог, хэрэлддэг, эвлэрдэг хүүхдүүд байсан. Хүүхэд байсан болохоор алийг тэр гэхэв дээ. Бид хэн нь ч Хөдөлмөрийн баатар болно чинээ санаж, бодож, зүүдэлж ч яваагүй юм билээ. Харин хүний дор орохгүй амьдрах юм сан гэж л бүгдээрээ хичээж, бодож, зүтгэж явсан. Хамгийн анх Б.Төмөр тэмээчин баатар, дараа нь Д.Самдан ямаачин баатар, би сүүлд нь мөн тэмээчин баатар болж байлаа. Тэгээд гурвуулаа баатар болчихоод л бөөн баяр болцгоож байсан сайхан үе саяхан мэт санагдаж байна. Бидний нэг өнгөрсөн намар бурхан болсон. Гурван баатар хэмээн олонд хэлэгдэж сурсан болохоор ч тэр үү нэг маань үгүй болохоор сэтгэл эзгүйрэх юм даа. Б.Төмөр бид хоёр ойрхон нутагладаг, сайн нийлдэг, хэн хэнийхээ тэмээ малыг усалчихдаг байлаа. Харин Д.Самдан маань биднээс хол нутагладаг байсан болохоор төдийлөн уулзалдахгүй байсан юм.
-Та багаасаа тэмээ хариулж өсөв үү. Бага насныхаа тухай ярьж өгөөч?
-Би эцэг, эхээс дөрвүүлээ. Хоёр эгч нэг дүүтэй. Ээж минь намайг таван настай байхад бурхан болсон. Би ээжийгээ ийм, тийм хүн байсан гэж хэлж мэдэхгүй. Ээж минь нэг намар хүүхдүүддээ хоол хийж өгчихөөд гадаа их бөөлжиж байсан. Тэгээд намайг “Миний хүү тэрлэг аваад ир” гэхээр нь аавд хэлээд дээлийг нь аваачиж өгөөд, аав толгойг нь дөнгөж түшиж амжсан уу үгүй юу. Гэрийн гадаа дорхноо бурхан болсон. Их л ханиалгадаг хүн байсан юм. Ямар өвчинтэй байсан юм мэдэхгүй. Тэгээд л аав минь дөрвөн хүүхэдтэйгээ амьдрах гэж хичээж эхэлсэн дээ. Том эгч минь 13 настай, дүү минь өлгийтэй хоцорсон юм. Тэгээд л нэгдлийн мал маллаж, хавшгайчуудын ажил хийж хороо, худаг бүх муу, хэцүү ажлыг хийж эхэлсэн дээ. Хорвоогийн жам ёсоор нас биед хүрч, 10 эгч эмэгтэйтэй гэр бүл болж, дөрвөн хүүхэдтэй болсон. Харин түүнийг маань ах, эгч нь хот руу авч явахаар болсон юм. Тухайн үед би бүх мал, эд хөрөнгө, гэр орноо өгч явуулаад, хувцастайгаа үлдэж байсан. Тэр маань энэ жил 91 настайдаа бурхан болсон.
Тэгээд дараагийн ханьтайгаа учирч, аавынхаа 20 орчим тэмээнд түшиглэж нэгдлийн тэмээ маллахаар болсон юм. Тухайн үед хүмүүс намайг маллаж чадахгүй гэж боддог байсан. Гэхдээ өмнө нь тэмээ хариулж үзсэн болохоор өөртөө итгэсэн юм. Тэгээд л говийн гурван сайхны нэг тэмээ бидний амьдралыг тэтгэсэн шүү дээ. Харин хувьчлал тарах үед би гурван ботгоо чононд идүүлсэн. Гэхдээ яах вэ нэгдлийн тэмээнээс өргүй салж, 60 орчим тэмээтэй үлдсэн. Тэмээний буянд өнөөдрийг хүртэл сайхан амьдарч байна. Одоо надад 20 орчим тэмээ үлдсэн байна. Тэмээ, малаа танихаа байтал өтөлсөн байна даа.
-Та хэчнээн тэмээ хариулж байв. Хаагуур нутагладаг байсан юм бэ?
-500 тэмээ маллаж байсан. Тэмээ нутаг сайтай бол явдаггүй юм. Харин олон газар ус үзүүлж, тэнэмэл болгох юм бол явдалтай хэцүү. Би Загийн худагт гурван жил тэмээгээ малласан. 1982 онд аймгийн сайн малчин болж, 1986 он Идрэнгийн нуруугаар тэмээгээ хариулсан даа. Тэнд ус элбэг сайн байсан юм. Одоо ямар болсныг мэдэхгүй юм. Миний тэмээ муу зан сураагүй усандаа ирдэг байсан.
-Тэмээгээ сургаж, сааль сүүг нь авч, эдэлж хэрэглэхэд хүн бүл хэрэгтэй шүү дээ. Та хүүхдүүдээ ч тэмээ маллахад сургаж, малч ухаанаа өвлүүлсэн байх?
-Тэмээг номхруулах, сааль сүүг нь авах гээд ажил ихтэй шүү дээ. Ингийг өвлийн хүйтэнд өглөө, оройн жавраар саадаг, хэцүү ажил шүү дээ. Нялх хүүхэдтэй байхад ингэ саана гэдэг хэцүү л байсан. Хавар тэмээ ноослох ч амаргүй ажил. Би дөрвөн хүүхдээ малчин болгосон. Бүгдээрээ нутагтаа байгаа. Мал маллах ухааныг ч одоо мэддэг, хийж үзсэн хүн ховор болж дээ. Бүгд хот бараадаж амьдарч байна.
-Ингэнд ботго авхуулна гэдэг хэцүү юү?
-Тэмээгээ ойрхон маллаж байвал ингэ ботгоо голно гэж байхгүй. Гэхдээ анх төллөж буй бага насны ингэ отгоо хаяад явдаг тохиолдол бий. Би хоёр ингэнд ботго авахуулж байсан. Зөөлөн аргаар хөөслөөд, ботгонд нь нохой ойртуулахаар нохойноос их харамладаг юм. Тэгээд эвлүүлэхэд амархан авдаг, уяхан авдаг. Тэмээтэй ширүүн харьцах юм бол яхир. Харин их зөөлөн харьцах юм бол хүний аясаар зөөлөн амьтан шүү. Одоо өөрийнхөө тэмээг ч танихгүй болтлоо өтөлсөн байна шүү дээ.
-Та 31 жилийн өмнө Хөдөлмөрийн баатар болж байжээ. Тухайн үед танд юу бодогдож байв?
-Тэр үедээ үнэхээр сайхан байсан. Анхны Ерөнхийлөгч П.Очирбатаас шагналаа авсан. Хүн амьдрахын төлөө хийж, бүтээж, ажилладаг байсан. Тэр бүхний шагнал гэж бодогдож байсан шүү. Амьдрахын төлөө үнэхээрийн их зүтгэсэн. Тийм учраас л өлсөж үхээгүй гэж боддог.
-Таны аав дөрвөн хүүхдээ өсгөх, хүний дайтай болгох гэж зүтгэсэн юм байна. Тухайн үед аавыгаа өрөвдөж байсан уу?
-Аав минь өлгийтэй хүүхэдтэй хоцорсон гээд л бод. Яг үнэндээ бид их ядуу байсан. Үхсэн ишиг, хурганы мах хананд хавчуулж, хатааж байгаад чанаж идэхээр амттай сайхан байсан үе бий. Мөн үхсэн тэмээний арьс хуулаад махыг нь идэж байлаа. Өмхий мах идсэн гээд хүн үхдэггүй л юм билээ. Хүн өлссөн үедээ арай л хүний мах идэхгүй байх. Бусдыг нь бол иднэ шүү дээ. Биднийг хүүхэд аав минь ингэж л хооллож байсан. Аавыгаа өрөвдөх, сэтгэл үймрэх үе зөндөө тохиолдож байсан. Гэлээ ч биднийг өсгөж, хүмүүжүүлж, ажилд сургаж, намайг Хөдөлмөрийн баатар болгосон хүн бол миний аав гэж боддог. Тэгж бодохоор энэ цагийн хүүхдүүд ямар тансаг байна вэ. Хуучин цай, хоолоо идэхгүй асгаж байна. Үүнд би их харамсдаг. Дэлхийн гуравдугаар дайн хэзээ нэгэн цагт заавал болно. Бидний эцэг, эх бол хэцүү амьдарч байсан юм шүү дээ. Үүнийг мартаж болохгүй гэдгийг залуучуудад анхааруулж хэлмээр санагддаг юм.
Эх сурвалжийн холбоос: ҮЗЭХ