Монгол улсын Гавьяат эдийн засагч Жигжидийн Цэрэннадмид 1948 онд Архангай аймгийн хуучнаар Мөрөн сумын Царгиагийн хөвөө гэдэг газар төрсөн. Аав ээжээсээ дөрвүүлээ, бүгд охин байсан бөгөөд багадаа өнчирч хоцорсон учраас буурал эмээгээрээ өсгүүлжээ.
Улаанбаатар хотын 24 дүгээр сургуулийг 1966 онд төгссөн. Долдугаар ангиа төгсөөд, Гутлын ТМС-д орохоор саналаа өгчихсөн байтал Санхүүгийн техникумд нэг эмэгтэй хүүхдийн хуваарь иржээ. Ж.Цэрэннамид тухайн үед долдугаар ангиа онц төгссөн байсан учраас шалгалтанд нь тэнцээд, ТМС-ээ болиод, Санхүү эдийн засгийн техникумд 1966 оны намар бүртгүүлж, 1969 онд сургуулиа төгсжээ.
Ингээд 1969 оныхоо долдугаар сард Аж үйлдвэрийн комбинатын том хаалгыг туршилтын нягтлан бодогчоор татан орж, үүнээсээ дамжиж Шиврэдийн үйлдвэрт Базаррагчаа гэх ерөнхий нягтлан бодогчийн дагалдангаар очсон. Тэндээ нэг жилийн хугацаанд дипломоо онц дүнтэй хамгаалаад, буцаад Аж үйлдвэрийн комбинатдаа уригдан ажиллаж байгаад 2005 онд өндөр насныхаа тэтгэвэрт гарчээ.
Энэ хугацаанд тооцооны нягтлан, нярав, ахлах нягтлан бодогч, эдийн засагч, ерөнхий нягтлан бодох гээд л ажлуудыг нэг дор хийсээр 35 жил тасралтгүй ажилласан байдаг.
Гавьяат эдийн засагч цол тэмдгийг тэтгэвэрт гарсан хойноо буюу 2016 онд авчээ.
Гавьяатынхаа найрыг хийгээд, цугласан мөнгөнөөсөө нэг төгрөг ч хэрэглэлгүй хадгалж байгаад, Архангай аймгийнхаа Тариат /хуучнаар Мөрөн/ сумын нутагт өрхийн эмнэлэг байгуулж өгсөн юм.