Эх сурвалж: Medee.mn сайтын 2017.07.26 өдрийн нийтлэл


Архангай аймгийн Мөрөн суманд удам угсаагаараа амьдарч ирсэн энэ буурай 2016 оны сүүлээр Монгол улсын Гавьяат эдийн засагч болж  цолныхоо найрыг хийж, цугласан бүх мөнгөөрөө сумандаа өрхийн эмнэлэг барьж өгсөн байна.

Нийт 4000 гаруй хүн амтай суманд эмнэлэг гэдэг яах аргагүй тулгамдсан асуудал. Тийм болохоор ч нээгдсэн өдөр нь эмнэлгийн гадаа хол, ойроос унаа тэрэг хөлөглөж ирсэн 100 гаруй хүний дараалал үүссэн байжээ. “Нэг ажлын ард гарчихсан. Суманд маань шатахуун түгээх станц хэрэгтэй байгаа юм гэсэн, чадал минь хүрвэл бариад л өгнө дөө”гээд инээж суугаа энэ буурайг Жигжидийн Цэрэннадмид гэдэг.

-НУТАГТАА САЙХАН ЗҮЙЛ БҮТЭЭХСЭН ГЭЖ ЯВСААР 70 НАСАНДАА БИЕЛҮҮЛЛЭЭ-

Сайхан зусаж байна уу? Та өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?

Сайхаан, сайхан зусаж байна уу. Би 1948 онд Архангай аймгийн хуучнаар Мөрөн сумын Царгиагийн хөвөө гэдэг газар төрсөн. Бид аав ээжээсээ дөрвүүлээ, бүгд охин байлаа. Гэвч багадаа өнчирч хоцорсон учраас буурал эмээгээрээ өсгүүлж, өдий зэрэгтэй 70 хүрч явна даа. Би хар багаасаа яагаад ч юм нутгийнхаа байгаль орчин, уул усыг шүтэж, эрдэмтэй хүн болчихоод нутагтаа нэг сайхан зүйл бүтээхсэн гэж сэтгэлдээ бодож явсаар 70 насандаа үүнийг биелүүллээ дээ.

Таны сургууль соёлд суралцаж явсан түүхээс хуваалъя. Та ерөнхий боловсролын сургуулиа хаана төгсөж, мэргэжлээ хэрхэн сонгож байв аа?

Би Улаанбаатар хотын 24 дүгээр сургуулийг 1966 онд төгсөж байлаа. Долдугаар анги төгсөөд, Гутлын ТМС-д орохоор саналаа өгчихсөн байтал Санхүүгийн техникумд нэг эмэгтэй хүүхдийн хуваарь ирсэн. Би тухайн үед долдугаар ангиа онц төгссөн байсан учраас шалгалтанд нь тэнцээд, ТМС-ээ болиод, Санхүү эдийн засгийн техникумд 1966 оны намар бүртгүүлж, 1969 онд төгсөж байлаа.

Ингээд 1969 оныхоо долдугаар сард Аж үйлдвэрийн комбинатын том хаалгыг туршилтын нягтлан бодогчоор татан орж, үүнээсээ дамжиж Шиврэдийн үйлдвэрт  Базаррагчаа гэх ерөнхий нягтлан бодогчийн дагалдангаар очсон. Эндээ нэг жилийн хугацаанд дипломоо онц дүнтэй хамгаалаад, буцаад Аж үйлдвэрийн комбинатдаа уригдан ажиллаж байлаа. 2005 онд өндөр насныхаа тэтгэвэрт гарсан. Ийм л түүхтэй дээ. Энэ хугацаанд тооцооны нягтлан хийнэ, нярав хийнэ, ингэж явсаар ахлах нягтлан бодогч, эдийн засагч, ерөнхий нягтлан бодох гээд л ажлуудыг нэг дор хийсээр 35 жил тасралтгүй ажилласан байдаг юм.

Дандаа онц сурч, уригдаж ажиллаж байж дээ, та?

Онц уу? Тийм ээ. Гэхдээ техникумыг дунд зэргийн төгссөөн (инээв. сур). Гэхдээ хүн хичээж, мэрийх юм бол мэргэжлийнхээ дагуу сурдаг л юм байна.

Саяхан та Гавьяат эдийн засагч болсон шүү дээ. Энэ мэдээг та анх хэрхэн дуулж, хэрхэн хүлээн авсан бэ?

Гавьяат эдийн засагч цол тэмдгийг тэтгэвэрт гарсан хойноо авлаа. Яах вэ, үнэнчээр хөдөлмөрлөж, нэг сэтгэлээр зүтгэсний ач гавьяа гарсан юм болов уу. 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн үдээс хойш “Танд баяр хүргье. Гавьяат эдийн засагч цол хүртэж байна. Маргааш 12:00 цагт Засгийн газрын ордны шагналын танхимд ирж шагналаа аваарай” гэсэн. Тэр өдөр нь л очиж Гавьяат эдийн засагч цолоо авсан даа.

Гавьяатынхаа найрыг хийж, түүнээс олсон мөнгөөрөө нутаг усандаа буян хийсэн гэсэн. Юу хийж бүтээсэн талаараа та манай уншигчдад танилцуулахгүй юу?

Гавьяатынхаа найрыг хийгээд, цугласан мөнгөнөөсөө нэг төгрөг ч хороолгүй хадгалж байгаад, Архангай аймгийнхаа хуучнаар Мөрөн сумын нутагт өрхийн эмнэлэг байгуулж өгсөн юм. Мөрөн сум маань одоо олон баг болж хувирсан. Ул суурь нь бол Мөрөн баг. Дунд сургуультай, Хаан банктай, гандантай, цэцэрлэгтэй, эмнэлэгтэй байсан. Гэхдээ эмнэлгийн хувьд байр байршил нь муу болчихсон шиг санагдсан. Ер нь эрүүл мэндийн газраас тэнд хүн төрүүлэхээ больчихсон, эмнэлэгт хэвтэхээ больчихсон ч гэсэн хөдөөний малчид маань сайхан цайгаа авч ирээд л цагийн тариагаа ч болтугай хийлгээд явбал тохитой юм болов уу гэж бодсон.

Уучлаарай, сумандаа өрхийн эмнэлэг барихад гарсан зардлын дүнг хэлж болох уу?

Хорь гаруй сая төгрөгт багтаагаад эмнэлгийн байр барьж, хүлээлгэж өгсөн. Эмнэлгийн байран дотроо зургаан ортой, зургаан сандалтай, хоёр ширээтэй, хоёр дуслын системийн хөл, нэг даралт үздэг аппарат, зүрхний цохилтын аппарат зэргийг авсан. Одоо тэр эмнэлэгт маань хоёр шүүгээ хэрэгтэй байгаа юм. Түүнийг нь захиалаад, сая мөнгийг нь явуулсан. Наймдугаар сарын сүүлээр багийн даргыг нь дуудаж байгаад өгчихнө гэж бодож байгаа.

Тэгэхээр зөвхөн эмнэлгийн байр барих биш, дотор нь техник хэрэгслүүд хүртэл авч өгсөн юм байна шүү дээ?

Тийм ээ. Найрныхаа мөнгөөс нэгийг ч зарлагадахгүй багийнхаа, сумынхаа ард иргэдэд зориулсан даа.

Сумынхан тань хэрхэн хүлээж авсан бэ?

Их сайхан хүлээж авсан. Архангай аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Р.Гандиймаа, Тариат сумын эмнэлэгийн дарга Т.Гэрэлтуяа, Тариат сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, сургуулийн захирал, Мөрөн багийн эмч гээд л бүгд маш их баяртайгаар хүлээн авсан. Тэдэндээ урт наслаж, удаан жаргахыг хүсэн ерөөе.

Та яагаад заавал эмнэлэг барина гэж зорьсон юм бэ?

Хүн эрүүл байхад эмнэлэг л чухал юм болов уу гэж дээр үеэс л боддог байлаа. Би уг нь эмч мэргэжилтэй болох хүсэлтэй байлаа. Мөрөөдөөд ч эмч болсонгүй, нягтлан бодох мэргэжилтй болчихсон. /инээв. сурв/ Би өөрөө хөгшнийгөө хараад олон жил гэртээ суугаа болохоор хүн тэвдсэн үед эмнэлэг л хэрэгтэй байдаг юм байна гэдгийг мэднэ. Үүнийгээ л хүүхдүүдтэйгээ зөвлөлдөөд тэр хөөрхөн жижиг, дөрвөлжин эмнэлэгээ барьж өгсөн дөө. Тэр баг маань 4000 хүнтэй гэж байна лээ. Цаашид хайрлаад, хамгаалаад аваад явбал будаг нь үнэртсэн шинэхэн сайхан л байшин барьчихсан байна лээ. Би хүлээлгэж өгөхдөө өөрөө очсон юм. Барилга барьж өгсөн хүүхдүүддээ баяр хүргэсэн, баярлуулсан. Ийм л ажил хийлээ дээ.

Одоо эргээд дурсахад танд Мөрөн багтай холбоотой ямар дурсамжууд байдаг вэ?

Би ч баг, сумандаа дурсаад байх зүйл ховорхон. Гэхдээ надаас дээш үе үеийн улсууд бүгд л энэ Мөрөн суманд амьдарч байсан. Аав ээж, аав ээжийн аав ээж, тэдний эмээ өвөө, ах дүү хамаатан садан гээд л. Тэр сайхан уламжилсан аав ээж, ах дүү нараа бодож үүнийг өөрөө сэтгэж бодсон юм. Би ч гурав дөрвөн настайгаасаа тэндээс гарсан, энэ жил л очиж байгаа юм. Цэвэрхэн сайхан сум байдаг.

Одоо эмнэлгийн ажил жигдэрчихсэн үү?

Жигдрээд сайхан байгаа гэсэн. Намайг хүлээлгэж өгдөг өдөр Архангай аймгаас таван мэргэжлийн эмч очсон. Тэгээд 100 гаруй хүний дараалал үүсчихсэн, бүгдээрээ үзүүлж байсан. Шүдний, эмэгтэйчүүд, дотор гээд л олон эмч ирээд багийнхан бүгдээрээ үзүүлсэн юм гэсэн шүү. Миний утсыг мэддэг зарим нэг хүмүүс залгаад “Баярлалаа” гээд хэлдэг юм.

Таны хийсэн энэ ажлыг үр хүүхдүүд тань хэрхэн дэмжсэн бэ? Мэдээж тэдний дэмжлэггүйгээр хийхэд хэцүү байх?

Би санаачлага гаргаад “Миний хүүхдүүд Гавьяат цолыг минь сайхан тэмдэглэж өглөө. Ээж нь энэ мөнгөөрөө багтаа эмнэлэг байгуулж өгмөөр байна” гэтэл “Өө тэгэлгүй яах вэ” гэсэн. Бүр том хүү маань тэр эмнэлэгт нэмж тавих зургаан ор, зургаан сандал, хоёр ширээний мөнгө өгсөн. Дунд охин маань өөрөө эмч болохоор зүрхний аппарат, даралтны аппарат хоёрыг нэмэрлэсэн. Бусдыг нь харин найрныхаа мөнгөөр хийсэн дээ (инээв. сурв).

Бүр эртнээс л танд энэ бодол уяатай явсан гэсэн. Ард нь гараад эмнэлгээ хараад зогсоход таньд юу бодогдож байв аа?

Яагаад ч юм хийнэ дээ л гэж бодсон. Хүүхэд байхын мөрөөдөж байсан мөрөөдөл минь биелэлээ гэж бас бодсон. Гэхдээ том газрын нягтлан олон жил хийж явсан болохоор тийм юм харахаар жижигхэн л юм шиг бодогдоод байна шүү. Манайх чинь 500 гаруй ажилтантай, тав зургаан давхар барилга, 7000м2 талбайтай байшин байлаа шүү дээ. Тэнд олон жил суучихсан болохоор жижигхэн эмнэлэгээ хараад тийм ч их ажил шиг санагдаагүй ч хүн болгон баярлаад байхаар нь дагаад л хөөрөөд байгаа юм. Сайхан санагдаж байна.

Одоо танд өөр төлөвлөсөн зүйл бий юу?

Надад хоёр, гурван хүн санал тавиад байгаа. Чадал байвал тэнд шатахуун түгээх станц л бариад өгчихмөөр байна. Тэгвэл тэнд дутах юм алга л юм гэнэ лээ. Санаж явбал бүтнэ дээ. Шатахуун түгээх станц гэж уг нь тийм ч нүсэр юм байдаггүй л юм байна лээ, хөөрхий. Одоогоор айлд л бензинээ зардаг гэсэн. Гэтэл хөдөө айл бүр л мотоцикль, портертой байна. Хүүхдүүдээ нэг цуглахаар нь саналаа хэлээд үзнэ дээ, зав олдохгүй л явна. Бие минь гайгүй, боломж нь гарвал бариад л өгнө дөө.

Таны мэргэжлийн талаар ярилцъя. Хэцүү дээ хэцүү, сайхан даа сайхан л байх?

Нягтлангийн ажил хэцүү дээ хэцүү. Тооны машин байхгүй тухайн үед тоог боловсруулах, бичих ажлуудыг дандаа гараараа хийнэ. Орос сампиндаа гараараа хийгээд л, орон бүрийг нь цаас наагаад л бичээд байдаг байлаа. /инээв. сурв/ Сүүлд 1987 онд билүү, “280” гэдэг компьютер орж ирсэн ч түүнийг нь эзэмшдэг хүн байхгүй. Санхүү эдийн засгийн техникумын нэг багшаар заалгаад л сурж байтал зах зээлд ороод л, бидний мэргэжил бараг хоцрогдох шахам л юм болж байлаа. Яг нягтлан бодох хүн гэдэг нүдээрээ харж, чихээрээ сонсож, гараараа бичиж байдаг. Эхлээд бид шоргоолжин үзгээр бичдэг байлаа, дараа нь шарикан балаар бичнэ, сүүлдээ ч замбараагаа алдсан. Ийм л ажил төрөлтэй байлаа.

Одоо цаг үед хүн хүний амьдралд туслах бүү хэл, өөрийнхөө амьдралыг авч явахад хэцүү байна аа гээд л ярьдаг. Гэтэл тэр хэдэн мянган хүний амьдралд тус дэмтэй зүйл хийлээ. Ер нь буян хийхийг та өөрийнхөө амьдралд хэр чухалд тавьдаг юм бэ?

Хүн өөрийгөө сайхан зөв авч явъя гэвэл дотроосоо сэтгэлээ цагаан болгож, хүнд хүнлэгээр хандах хэрэгтэй. Үнэхээр тэгж чадвал ажил төрөл дороосоо ундраад л бүтдэг. Тэр ингэчихсэн, энэ ингэчихсэн гэж бодоод л байвал хаагдаад л байдаг. Тиймээс сэтгэлээ мөнхийн цагаан байлгаж чадвал ажил төрөл дороо бүтнэ. Хүний сэтгэлийг юутай ч зүйрлэшгүй ундарга юм шүү дээ.

Таныг нэг замналаар Далай ламд хоол хийж өгч байсан гэдэг. Тэр талаараа бидэнд хуучлаач?

Манайх Шарга морьтын дээхэнтээ зуслантай байсан юм. Тухайн үед Далай ламтай Их тэнгэрийн аманд уулзалт хийсэн байсан юм. Далай ламын туслах Нэйчүн чойжин билүү дээ, би сайн санахгүй юм, тэр хүн манай хамаатны айлд айлчилж очдог юм байна. Гэтэл хамаатны эгч маань намайг ирж хоол унд хийж өг гээд, би ч очиж банштай цай, хуушуураа хийж өгсөн. Сүүлд тэр ламыг үдэж өгөхөд машинаасаа бууж ирээд нэг хүнийг дууддаг юм байна. Олон хүн зогсоод үдэж өгч байсан болохоор хүн бүр л “би юу, би юу” гээд байсан санагддаг юм. Би ч халууцаад юун өөрийгөө асуух манатай зогсож байтал ганцаараа үлдчихэв ээ. Тэгэхээр нь “би юу” гээд асуутал “тийм” гээд надад тэр олон хүн дундаас ганцааранд минь цагаан ясан эрхээ өгсөн юм даа. Тэгэхээр миний хоол хийж өгөхдөө гаргасан тэр их сэтгэл л нүдэнд нь харагдсан юм болов уу гэж баярладаг шүү. Би ч солгой гартай юм болохоор эрхээ буруу эргүүлэх вий гээд айгаад байдаг юм. Энэ хүн ирсэн сураг дуулдсан, үүнийгээ бариад очихсон.

Б.Гэрэл

Эх сурвалжийн холбоос: https://www.medee.mn/p/107523

Буцах