Сайд нарын зөвлөлийн 1-р орлогч, Цэргийн явдлын яамны сайд, Бүх цэргийн жанжин, Монгол Улсын анхны маршал Гэлэгдоржийн Дэмид нь 1900 онд Сайн ноён хан аймгийн Сэцэн чин вангийн хошуу (1726 онд байгуулсан) буюу одоогийн Архангай аймгийн Их Тамир сум (хуучнаар Их тэнгэр сум), Хан-Өндөр багын нутагт, Тамирын голоос урдхан уулын сайхан бэлд, элстэй толгодын хажууд, Алтан тэвш нэрт газар, (Шар булан гэсэн бий), малчин ард Чойсүрэнгийн Гэлэгдоржийн дунд хүү болон мэндэлжээ.
БАГА НАС
Тэрээр багаасаа ухаалаг сэргэлэн цовоо, ой сайтай хүү байсан учир 10 орчим настай байхад нь тэднийх Хан-Өндөрийн хүрээнд нүүн ирж, хүүгээ сайн лам болгохыг зорьсон боловч лам болсонгүй. Дэмид тус хүрээнд амьдарч ажиллаж байсан Хятад, Орос, Төвд, Дани, Монгол лам хуварга худалдаачин, түшмэл, бичээч зэрэг таван хэлийн олон янзын хүмүүсийн дунд орж, тэдэнд үйлчилж, арилжаа наймаа, худалдаа үйлчилгээ, үзэл санаа, зан чанарыг өөрийн нүдээр үзэж, биеэр мэдэрч өөрөөр хэлбэл олон янзын хүмүүсийн дунд орж, ажилласан нь тухайн үедээ, тэр үеийн Монгол орны нийгмийн амьдралыг танин мэдэж авсан нь ирээдүйн улс төр, цэрэг арми, нийгмийн зүтгэлтэн болох мэдрэмжийг нь нээж өгчээ.
Г.Дэмидийг 17 настай байхад Хан-Өндөр уулын хошууны төвд Наянт вангийн гутгаар хүү Артаасэд Бээжингээс ирж Монгол бичгийн сургууль "Тэнхим" байгуулсан нь түүний холыг харах, алсыг ухааруулах, билгийн нүдийг нээжээ. Тэнхимийн "Эрдмийг суръя гэвэл бичгийг сур. Эрүүлийг хүсвэл цэврийг сахь" гэсэн уриа дуудлага нь Дэмид хүүгийн сэтгэлд яв цав тохирч, бичиг үсгийг шамдан сурч, алсын замд гарч холыг зорих эрдмийн аянд баттай дөрөөлүүлжээ.
Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр багийн Хан-Өндөрийн бага сургууль 1919 онд байгуулагдсан, 1921 оноос Монголд байсан ууган сургуулийн нэгэн билээ. Тус бага сургуулиас өрлөг жанжин Г.Дэмид, цэргийн зүтгэлтэн Дашчирав, С.Гиваапил, Дудрайн Бадамхатан , одон оронч С.Нинжбадгар нар төржээ.
Г.Дэмид 21 настайдаа 1921 онд шинэхэн үүсэж байсан ардын журамт цэрэгт ах Надмидынхаа оронд сайн дураараа элсэн орж, гадаадын түрэмгийлэгчдийг эх орноосоо хөөн зайлуулж, ардын хувьсгалын ялалтыг хангах үйл хэрэгт, амь бие үл хайрлан, идэвхтэй оролцож явсан аж. Ардын хувьсгалын партизан Г.Дэмид 1921 онд Алтанбулаг хотод МАХН-д гишүүнээр элсжээ. Дэмид багадаа хурдан морь унадаг, ажнай хүлгийн уяачдынхаа тоосонд хийморь сэргэдэг байсан нь хожим нь моринд дуртай болгож цэргийн жанжин болсон үедээ ч тэр хүслээ хөглөсөн. 1926 онд Зөвлөлт Орос улсын Тверь хотын морин цэргийн сургууль онц дүнтэй үлгэр жишээ суралцсан байдаг.
Цэргийн зөвлөлийн гишүүн Г.Дэмидэд Англи Улсаас морин цэргийн сайхан эмээл бэлэглэсэн байдаг. Энэ эмээл болон түүний эдэлж хэрэглэж байсан цэргийн дүрэмт хувцас Монгол цэргийн музейн үзмэрт бий.
УЛС ТӨРИЙН НАМТАР
1921 онд Алтанбулагт жин тээж очихдоо ардын журамт цэрэгт элсч 1922 онд Улаанбаатарт Их даргын сургуулийг амжилттай дүүргэн тэндээ сумангийн даргаар ажиллаж байгаад 1926-1929 онд ЗХУ-д Тверийн морин цэргийн сургуульд суралцаж ирээд 1929 онд Цэргийн Ерөнхий Сургуулийн захирал, 1930 онд Улсын Бага Хурлын тэргүүлэгч гишүүн, МАХН-ын Төв хорооны тэргүүлэгч гишүүн, 1932 онд Сайд нарын зөвлөлийн 1-р орлогч Цэргийн явдлын яамны сайд, Бүх цэргийн жанжин, Монгол Улсын анхны маршал болж 1932 оны зэвсэгт бослого, 1934 оны Оспаны дээрэмчдийн халдлагыг дарахад оролцож, 1936 оны эхээр тус улсын дорнод хязгаараар цөмрөн орж ирсэн Японы цэргийн түрэмгийллийг няцаах байлдааны ажиллагааг биечлэн удирджээ.
1926-1929 онд (26-29 нас) ЗХУ-д Тверийн морин цэргийн сургуульд сурсан.
1928 онд (28нас) Намын дотор баруун зүүнтний нугалаа тэмцэл ихэсч эх орондоо дуудуулсан.
1930 онд (30нас) МАХН-ын VIII Их хурлаас Намын төв хорооны гишүүн, тэргүүлэгч гишүүнээр сонгогдсон.
1930 онд (31 нас) 4 сараас 1931 оны 1 сар хүртэл 50 гаруй хууль дүрэм боловсруулахад биечлэн оржээ.
1936 онд (36 нас) Монгол улсын маршал цолоор шагнуулсан.
БНМАУ-ын маршал цолыг Г.Дэмид, Х.Чойбалсан нарт 1936 онд олгосноос 43 жилийн дараа 1979 онд АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга, МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбалд олгожээ. Ингээд Монгол Улс 3 маршал цолтонтой болсон юм.
1937 онд ЗХУ-ын Кемеров мужийн Тайга өртөөнд бусдад хорлогдон идэр жавхаа бүрдсэн гучин долоон насандаа цогтой Монголын хүүгийн цохилох зүрх зогсчээ.
Хууль завхруулахын эсрэг тэмцэж байсан цөөн зүтгэлтний нэг. ДЯЯ хууль ёсыг ноцтой зөрчиж, хилс хэрэгт олон зуун хүнийг хэлмэгдүүлж байгааг эхнээс нь зоригтой шүүмжилсэн монголын хуруу дарам цөөн удирдагчын нэгэн. Мал ахуйг өсгөх, цэргийн хүчин чадлыг дээшлүулэх, лам нарын хэрэг, хэлмэгдлийн үнэн зөв байдлыг олох талаар тууштай тэмцсэн. Нэр хүнд нь ард түмний дунд асар хүчтэй өсөж байжээ.
Тэрбээр улс орныг батлан хамгаалах хүч чадлыг бэхжүүлэх ажлыг гардан удирдахдаа Монгол Ардын Хувьсгалт Цэргийг өөрчлөн шинэчилж, эхний ээлжинд механикжсан морьт цэрэг, улмаар орчин үеийн арми болгох зорилтыг дэвшүүлж байв. Түүний санаачилгаар 1930-аад оны дундуур Монгол Ардын Хувьсгалт Цэрэгт техникийн цэргийн эзлэх хувийг нэмэгдүүлж их буу, холбоо, хуягтын тусгай хороодыг бие даан байгуулснаар Монгол Ардын Хувьсгалт Цэргийн байлдааны бэлэн байдал, байлдах чадвар эрс өсчээ. Ийм учраас судлаачид Г.Дэмидийг “техникжсэн морьт цэргийн онолыг үндэслэгч”, “цэргийн шинэчлэлийн анхдагч” хэмээн дүгнэдэг. Г.Дэмид Монгол, Зөвлөлтийн цэргийн харилцаа, хамтын ажиллагааг бүрэн эрхт тусгаар тогтносон улсын зарчимд тулгуурлан харилцан ашигтай хэлбэрээр хөгжүүлэх, зөвхөн дайны цагт Зөвлөлтийн цэргийг Монголд оруулах, бусад үед техник-эдийн засгийн тусламж авах тухай байр суурийг баримталж байв.
Маршал Г. Дэмид 1937 онд албан ажлаар ЗХУ-руу зочилж яваад замдаа учир битүүлгээр амь насаа алдсан төдийгүй 1937-1940 оны хэлмэгдэл маршалын гэр бүл, төрөл саданг ураг удмаар нь устгасан. Маршалыг нас нөгцсөний дараахан эхнэр Навчаа нь жирэмсэн байхдаа Японы тагнуул гэсэн зүйл ангиар хилс хэрэгт тулгагдан 1938 онд цаазаар авхуулсан бол Г.Дэмидын аав Ч.Гэлэгдорж, төрсөн ах Г.Надмид, төрсөн дүү Г.Ойдовпунцаг нарыг мөн адил хилс хэрэгт гүтгэн буудан хороосон.
Маршал Г.Дэмидийг 1962 онд цагаатгажээ.