Эх сурвалж: Baabar.mn сайтын 2016.04.05 өдрийн нийтлэл
Зохиогч
ДЭМИДИЙН ҮХЭЛ
Монголд тун удахгүй Японы талыг баримтлагчид төрийн эргэлт хийх гэж байна хэмээн Ежовоос Сталинд танилцуулсан нь ачир дээрээ маршал Дэмидийг хэлсэн бололтой. Зөвлөлтийн цэрэг Монголд ирж байрлахыг эсэргүүцэж байсан хүн нь Гэндэн, Дэмид нар. Гэндэн “эмчлүүлэхээр” Хар далай руу ачигдсан, Дэмид болохоор Монголын нийгэмд ихээхэн нэр хүндтэй нэгэн. Тэгээд ч Москвагаас томилогдсон Чойбалсантай түнжин муу, тиймээс ч “ажлыг” нь хийлгэдэггүй саад болж байдаг. Иймээс түүнийг замаас зайлуулах ёстой.
Зөвлөлтүүд ч ард олны дундахи Дэмидийн нэр хүндийг бодолцоод 1934 онд Кировыг хороосон жүжгээ давтан тоглохоор шийдэв бололтой. Маршал Дэмидийг Ворошилов цэргийн хээрийн сургуульд урьж оролцуулахаар дуудсан ёсоор 1937 оны 7 дугаар сарын 23-нд Улаанбаатараас хөдлөв. Дөнгөж Алтанбулаг хүрэнгүүт араас нь Чойбалсан, Лувсаншарав нарын гарын үсэгтэй яаралтай дуудлага иржээ. Дайчлан баривчилж хоморголон устгах үйл ажиллагааны төлөвлөгөөнд ямар нэг өөрчлөлт орж түр хойшлуулах хэрэгцээ гарсан бололтой. Юу гэвэл Дэмид үүнээс хойш бараг сарын дараа дахин хойшоо явсан ба энэ хооронд 1937 оны 8 дугаар сарын 10,11-нд Ленинградын Дорно дахины судлалын хүрээлэнд ажиллаж байсан Цэвээн Жамсрано, Хар далайн Форост “амарч” байсан Гэндэн, Ленинградад Жамсранотой хамт ажиллаж байсан мэргэн гүн Гомбожав нарыг зэрэг баривчиллаа. Мөн Дэмидийн зөвлөх Вайнер, Зөвлөлт Холбоот Улсаас Монголд суугаа Бүрэн эрхт төлөөлөгч В.Х.Таиров, сургагч Иванов, Тарханов, Аж үйлдвэрийн конбинатын дарга Пүрэв, Цэргийн тагнуулын газрын офицер Очирбат, Өлзий зэрэг хүн бараг зэрэг баригдав.
Дэмид 1937 оны 8 дугаар сарын 18-нд Улаанбаатраас гарч 22-нд Сибирийн Тайга хэмээх төмөр замын өртөөнөө хоолны хордлогоор эгшин зуур үхжээ. Хамт явагсдын зарим нь үхэж зарим нь амь гарсан байна. Шарилыг Новосибирскт задлан шинжилгээ хийгээд “нууц үедээ байгаа 2 дугаар үеийн тэмбүү, архаг хумхаа*, гол ба титэм судасны хатуурал, төрөлхийн жижиг дусал хэлбэртэй зүрхтэй байсан нь нас барахад нь голлон нөлөөлжээ” гэсэн акт тавьжээi. 37 настай цэргийн идэр хүнд яаруу сандруу акт тавихдаа ямар ч логик уялдаа бодож чадсангүй, ер нь ч хэрэгцээ ч байсангүй. Учир нь актыг цааш нь бүрмөсөн нууцалжээ.
Гэтэл сүүлд илэрсэн баримтаар Монголд томилолтоор мордсон Фриновский, Миронов нар очих замдаа Эрхүүд буудаллан Дэмидийг алах ажиллагааг зохион байгуулсан ажii. Дэмидийг Улаан-Үдээс Эрхүүд ирэхэд нь Фриновский, Миронов нар галт тэрэгний буудал дээр биечлэн угтаж авчээ. Богоон цааш хол явсанүй, Тайга өртөөнд ирэхэд маршал Дэмид, Бүх цэргийн их бууны газрын дарга Г.Жанцанхорлоо нар учир битүүлгээр үхсэн байв. Тэр үед ТАСС гаргасан мэдээндээ:
Галт тэргэнд лаазтай хоол идсэний улмаас Г.Дэмид, Г.Жанцанхорлоо нар нас барсныг шүүх эмнэлэгийн комисс тогтоов. Хамт явсан Москва дахь элчин төлөөлөгчийн газрын нарийн бичгийн дарга Гомбосүрэн, хэлмэрч Доржиев, Дэмидийн эхнэр Навчаа нарт эмнэлэгийн тусламж үзүүлж амийг нь аврав. Ийнхүү хордсон бүх байдлыг илрүүлэн гаргах мөрдлөг зогсоогүй байнаiii.
Дэмид, Жанцанхорлоо нарыг нас барсан даруйд нь шарилыг нь үзсэн хүн бол эхнэр Б.Навчаа нь юм. Тэрээр “Дэмид нүүрэн тус газраа шарх олсон байв. Ямар нэг юман дээр унасан, эсвэл юмаар цохиулсан байх. Ер нь царай нь ихэд шаналж зовсон шинжтэй байсанiv” гэжээ.
Дэмидийг зориудаар хороосон гэх яриа тэр дороо цэргийн дарга нарын дунд ихээхэн тарав. Нас бараад ердөө гуравхан хоносны дараа Үнэн сонинд “Нөхөр Дэмид наснаас нөхчсөн нь ихэд сэжиглэлтэйv” гэж бичсэн байна. Дэмид нарын шарилыг цааш богоонд тээн явсаар 8 дугаар сарын 27-нд Москвад авчирхад галт тэрэгний буудалд Зөвлөлт, Монголын далбааг бөхийлгөн угтжээ. Угтагсад нь ГЯЯ, Батлан хамгаалах яамны дэд сайд нар болон иргэний дайны баатар маршал Будённый нар байлаа. Шарилыг буцааж Монгол руу аваачих хүсэлтийг эхнэр нь шаргуу шаардсан боловч зөвлөлтүүд яаравчлан чандарлаад чулуун савтай үнс хүлээлгэн өгчээ. Гашуудлын ёслолын тухай баримтат киног Зөвлөлтийн тал бүтээн Монголын талд нэг хувийг өгөхөөр амлав. Гашуудлын арга хэмжээ зэрэгцээд Улаанбаатар даяар болов. Гавъяат нөхрийн дурсгалыг байгуулах асуудлыг нэн даруй төлөвлөхийг Ерөнхий сайд Амарт МАХН-ын ТХ-оос даалгажээ.
Харин тун удалгүй 10 дугаар сарын 2-нд УБХ, Сайд нарын зөвлөлийн хамтарсан хурлын тогтоолд “Эх орноосоо урваж Монгол улсыг Японы түрэмгий этгээдэд элсүүлэх гэсэн Гэндэн, Дэмид, Ёнзон хамба нарын хэрэг... гэсэн өгүүлбэр багтжээvi. Дэмидийг эсэргүү гэж зарлангуут мөнөөх чулуун савтай чандрыг хээр аваачиж хаялаа. Дэмидийн нэрэмжит газруудыг хүчингүй болгож, ном зохиолыг нь шатаасан төдийгүй хэдийнээ нас барсан түүнийг МАХН-ын гишүүнээс хөөвvii.
Дэмид Москваг зорьж явахаас өмнөхөн эсэргүү хэрэгт орон баривчлагдсан хүмүүсээс түүний эсрэг мэдүүлэг гаргуулсныг үзэхэд залуу маршал ирээдүйн “Гэндэн-Дэмидийн хэргийн” толгойлогчоор хэдийнээ “томилогдсон” байсан байж болох. Эсвэл ажилбарын төлөвлөгөө явцдаа өөрчлөгдсөн ч байж магадгүй л юм.
* Оросоор милария гэж бичжээ
I Агваан.Ш. Маршал Дэмид (Улаанбаатар 1994) х-66,71
II Павлюков.А.Е. Ежов: Биография (Москва 2007)
III Дашдаваа.Ч. Бүрэн эрхт төлөөлөгч Сергей Миронов (Архивын ерөнхий газар 2014) х-21
iv Дашдаваа.Ч. Бүрэн эрхт төлөөлөгч Сергей Миронов (Архивын ерөнхий газар 2014) х-22
v Үнэн сонин 1937.8.25 №95
vi Үнэн сонин 1937.10.18 №117
vii Дашдаваа.Ч. Бүрэн эрхт төлөөлөгч Сергей Миронов (Архивын ерөнхий газар 2014) х-29
Баабар
Мэдээллийн эх сурвалжийн холбоос: http://baabar.mn/article/7698