Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, Говь-Алтай аймгийн Цогт сумын “Хүндэт иргэн”, Цогт сумын “80 жилийн 8 алдартан”-ны нэг, Дархан-Уул аймгийн “100 Эрхэм”-ийн нэг, Монголын Хэрэглэгчдийн Удирдлагын Академийн “Шилдэг бүтээлийн академич”, Монголын Хэрэглэгчийн “Итгэлт бизнемен”, Монгол Улсын чанар стандартын “Онцлох хүн” өргөмжлөлт, Монголын Хөгжмийн Зохиолчдын холбооны болон Монголын зохиолчдын Эвлэлийн шагналт хөгжмийн зохиолч, яруу найрагч Маамуугийн Хунлиуз миний бие 1949 оны 5 дугаар сарын 9 нд Говь-Алтай аймгийн Цогт сумын Төгрөг багийн нутаг Цахиурт хүрэн гэдэг газар төрсөн.
Эцэг Гомбо маань намайг төрөхөөс өмнө бурхан болсон бөгөөд өмнө нь гарсан эрэгтэй хүүхэд нь тогтдоггүй учир төрөнгүүт эх барьж авсан хүйн ээж болох хажуу айлын Өлзий-Оршихын Маамуу гэдэг ганц бие эмэгтэйд үрчлүүлжээ.
Үрчилж авсан ээж маань нутгийнхаа заншлаар тогтдоггүй хүүхдэд удаан бодож байж хүнд байдаггүй нэр олж өгсөн нь энэ гэдэг. Нэрний цаад учир тайлагдаагүй.
Би бага насаа бусдын хүүхдийн адил ээжүүдийнхээ гар дээр гэр орны ажил, мал ахуйд тус дэм болон өсч 1957-1962 онд Цогт, Захуй, Бигэр сумдын бага сургуульд томилолтоор шилжсэн нагац ахынхааныг дагаж дамжин суралцаж бага сургуулиа төгссөн.
Өөрийн ээж, өргөмөл ээж хоёр маань насан туршдаа хамт эгч дүүгийн тангарагтай амьдарч, өргөмөл ээж маань өвөлд тэмээ бодын ая дагаж говьд нутгалдаг, төрсөн ээж Пунцаг хярд нэгдлийн төллөх 500 гаруй ямаа маллан хүн бүл муутай цутруу өвөлждөг байсан тул ээждээ туслах зайлшгүй шаардлагаар сургуулиас гарсан юм.
Би бага сургуульд байхдаа дууны аварга болж, пионерын үнэн сонинд “Авьяаслаг сурагч” нэртэйгээр зурагтайгаа нийтлэгдэж, сумуудын пионерын бүлгүүдээс талархалын захидал авч ихээхэн урамшиж байсан нь урлагт дурлах нэгэн шалтгаан болсон юм.
Бэргэн эгчээрээ мондалин хөгжим заалгаж, МХЗЭ-ийн үүрээс олгосон гармонь хөгжмийг сонсголоороо бие даан сурч улмаар сумын уран сайханчдын концертонд оролцох болж, дуулахын зэрэгцээ сумын улаан буланд Хүмүүн төрөлхтөн зэрэг цөөн хэдэн аяар нийтийн бүжгийн хөгжим тоглодог болж байсан үе.
Мөн 1963 онд манай суманд МАХН-ын Төв Хорооны суртал ухуулгын бригад очиход тэдэнд зориулан сумын уран сайханчдын концертыг үзээд бригад ахлаж очсон МУГЖ Цэрэндэндэв /Арслан тайж/ гуай концертонд мондалин хөгжим тоглож оролцсон нүцгэн толгойтой жаал хүү буюу миний толгойг илээд, "Урлагаа битгий орхиорой миний хүү" гэж хэлсэн захиас үг аавгүй өссөн надад их дотно санагдаж, цээжинд хадгалагдаж үлдсэн юм.
Миний ид мал маллаж, ноос ноолуур, сааль сүү гэх мэт ашиг шимийн буюу нэгдлийн үйлдвэрлэлийн даалгавар, төлөвлөгөөгөө бүрэн биелүүлж хичээл зүтгэлтэй ажиллаж нутгийн олны хүндэтгэл хүлээж эхэлж байсан үе буюу 1964 онд Гадаад Явдлын Яамны Сайд агсан, нэрт эх оронч, манай сумын уугуул Содномын Аварзэд гуай өөрийн сум, нэгдлийн даргаар томилогдон ирсэн юм.
Аварзэд дарга очсоноор сум орны амьдрал, соёл урлагийн хөгжилд эргэлт гарсан юм. 30-аадхан хүний багтаамжтай улаанбуланд 1965 оны шинэ жилийг тэмдэглэхдээ Аварзэд дарга, ирэх жилээс бүгдээрээ сайхан соёлын ордонтой болно оо гэж бардамхан амлаж, олон түмнээ баярлуулж байсан үгэндээ хүрч 1965 онд тохилог сайхан клуб бариулж ашиглалтанд оруулсан юм.
Клуб баригдаж байх хугацаанд хөдөө мал дээр малчин, саальчинаар ажиллаж байсан намайг аймгийн соёлын ордны дэргэдэх клубын хөгжмийн багш бэлтгэх 3 сарын курст явуулж суралцуулсанаар би шинэ клубынхээ анхны хөгжмийн багш, эрхлэгчээр 16 настайдаа томилогдон ажилласан юм.
Сумын намын хороо, захиргааны шийдвэрээр аймгийн төвд урлаг, спортын 5 хоногоо зохион байгуулж сум орон нутагаа сурталчлах шийдвэр гарч амжилттай зохион байгуулж хэрэгжүүлсэн нь хөдөөгийн сумуудаас анхдагч болон бусдыг уриалан дуудсан ажил болсон юм.
Энэ ажилд зөвлөхөөр болон багшаар ажилласан гавьяат жүжигчин Д.Лувсаншарав /Тэр үеийн цол/, хөгжмийн зохиолч Задгай, Сандаг нараас их зүйлийг сурч, дээрхи хүмүүсийн зөвлөлгөө сургамжинд сэтгэл зүрхээ зориулсан их замын эхлэл эндээс тавигдаж, улмаар 1968 онд ардын цэргийн албанд эр бие тэнцэн, мордсон.
Бага ангиа төгсөөд мал аж ахуй дээр гарсан миний бие армид ирж алба хаагаад, офицер болон дэвшин ажиллах хугацаандаа оройгоор 10-р анги, Улс төрийн их сургуулиудыг төгсөж цэргийн, энгийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад ажилласаар гавьяаныхаа амралтанд гарсан.
Ажилласан байдал:
1. 1965-1968 он Цогт сумын клубын эрхлэгч
2. 1968-1971 онд АА-ийн 119 дүгээр ангид хугацаат цэргийн алба хаасан
3. 1971-1977 он Дархан хот дахь Барилгын цэргийн 017 дугаар ангид клубын дарга, хөгжмийн удирдаач.
Цэргийн ангийнхаа удирдлагын идэвхитэй дэмжлэг, өөрийнхөө хичээл зүтгэлээр богино хугацаанд клубынхээ бүхий л ажил, түүний дотроос урлаг, уран сайхны ажилд хүч анхаарлаа төвлөрүүлж, БНМАУ-ын Соёлын Яаманд хүсэлт захиалга өгч иж бүрэн, ардын болон цахилгаан хөгжмийн зэмсэгтэй болж, уран сайханчиддаа дугуйлангаар зааж сурган 50 иад хүний бүрэлдэхүүнтэй байнгын концерттой болж 1974 онд Монголдоо 4 дүгээрт тооцогдох цахилгаан хөгжмийн “Алдар” чуулгыг байгуулж цол мандатаа авч, цэргийн анги салбарууд болон Дархан хотынхоо хөдөлмөрчид, аймаг орон нутгуудад урлаг уран сайхнаар тогтмол үйлчилж, армийн 52 клубээс ажлаараа тогтмол түрүүлэн, армийн 5 удаагийн “Тэргүүний клубын дарга”-аар шалгарч, 3 жил дараалан хугацааны өмнө цол шагнагдсан АА-ийн бэлтгэл хошууч цолтой.
4. 1977-1979 он. Дархан хотын Тэжээл тээврийн 26 дугаар авто баазад хэсгийн дарга. Хэсгийн даргаар ажиллах хугцаандаа Автобаазын удирдлагын хүсэлт дэмжлэгээр Тээврийг Удирдах Газрын системийн байгууллагуудын уран сайханчдыг нэгтгэн зохион байгуулж мөн иж бүрэн, ардын найрал хөгжмийн зэмсэг олж бүрдүүлэн, дугуйлангаар зааж сурган 1978 онд 42 хүний бүрэлдэхүүнтэй “Тээвэрчдийн золбоо” ардын чуулгыг байгуулж, Улсын үзлэгт тэнцэж БНМАУ-ын Соёлын Яам, МҮЭТөв зөвлөлийн хамтарсан шийдвэрээр цол мандатаа аван Дархан хотдоо бас нэг урлагийн чадварлаг хамт олон бүрдүүлж, хөдөлмөрчин олон түмэндээ урлаг уран сайхнаар тогтмол үйлчлэн, ажил хөдөлмөрт уриалан дуудах, амжилт бүтээлийг нь алдаршуулахад ихээхэн үүрэг гүйцэтгэж ирсэн юм.
5. 1980-1985 он Дархан хотын Орон Сууц Нийтийн Аж Ахуйг удирдах Газрын харъяа Ус сувгийн товчооны ариутгах татуургын ангийн дарга.
6. 1985-1991 он: Тусгай Үйлчилгээний автобаазын гараашийн дарга ерөнхий механик:
Намайг 1980 онд хотын намын хорооны товчооны шийдвэрээр Дархан хотын Ус Сувгийн товчооны “Сувагжуулах анги”-ийн ажлыг сайжруулах даалгавар өгч томилон ажиллуулсан бөгөөд тус ангийн даргаар ажилласан 4 жилийн хугацаандаа хариуцсан ангиа хот болон байгууллага, системийн “Тэргүүний”, “Соёлч” анги хамт олон болгож даалгавараа амжилттай биелүүлж, 1985 онд Орон Сууц Нийтийн Аж Ахуйн Системийнхээ харъяа Тусгай Үйлчилгээний автобаазын ажлыг сайжруулах хоёр дахь даалгавар авч автобаазын гараашийн дарга, ерөнхий механик буюу ерөнхий инженерийн албан тушаалд томилогдсон юм.
Үндсэн ажлынхаа хажуугаар урлаг уран сайхныг хөгжүүлэх ажилд нөөц бололцоогоо бүрэн дайчлан ажиллахын зэрэгцээ уран бүтээлийн ажлаа ч орхигдуулаагүй.
Энэ системд ажиллах хугацаандаа мөн л Ус Сувгийн товчоо болон Орон Сууц Нийтийн Аж Ахуйг Удирдах газрын удирдлагуудын хүсэлтээр урлаг уран сайхны хамтлаг байгуулах ажил 1981 онд Социалист хөдөлмөрийн Ус Сувгийн товчооны 15 жилийн ойн баярын концерт бэлтгэхээс эхэлж Ус сувгийн товчооны материалаг бааз, уран сайхнчид дээр түшиглэн, системийн харъяа байгууллагуудын авъяастнуудаар өргөжүүлэн хичээл дугуйлангаар бүжиг, дуу хөгжмийн дугулан хичээллүүлж 50 хүний бүрэлдэхүүнтэй “Ундраа" ардын чуулгаа байгуулж цол мандат авхуулсанаар Дархан хотдоо “Ардын чуулга” 3 ыг байгуулж улсын хэмжээний 52 ардын чуулга, театруудын үзлэг уралдаануудад ямагт эхний байруудыг эзлэн Дархан хотынхоо нэрийн хуудас болсоор ирсэн юм.
Чуулгуудаа ажлын бус чөлөөт цагаараа зэрэгцүүлэн удирдаж, Уран сайхны удирдагч найруулагч, хөгжмийн багш, найрал дууны багшийг өөрөө бие даан хийж ирсэн ба “Ундраа” ардын чуулга 1986 онд, “Тээвэрчдийн золбоо” ардын чуулга 1989 онд нийслэл хотод соёл урлагийн өдрүүдээ амжилттай зохион байгуулж нийслэлчүүддээ Дарханчуудынхаа ая дуу, амжилт бүтээлийн дээжийг өргөн дэлгэр хүргэж, Монголын телевиз радиогоор эх орон даяар өргөн дэлгэр сурталчилагдсан юм
Энэ хугацаанд нийтийн дуу 120 гаруй, дууны шүлэг 60 гаруй, Бүжгийн ая, хөгжмийн гоцлол зэрэг дан хөгжмийн зохиолууд 30 гаруйг бичиж, МҮОН-ийн Радиогийн фондод 60 гаруй нийтийн дуу хадгалагдаж, МҮОНТВ-ийн алтан санд “Нутаг таньдаа”, “Уянгын хорвоо”, “Дуундаа жаргаж дуулна би”, “Сэтгэлийн урсгал” зэрэг кино концертууд, 10 гаруй дууны клип хадгалагдан үзэгч сонсогч түмнийхээ сонорыг мялааж байгаагийн дээр хэд хэдэн ном, CD, цомогуудаа хэвлүүлж үзэгч, уншигч, сонсогчдынхоо хүртээл болгосон юм. Үүнд:
1.“Сэтгэлд ургасан улиас” шүлэг яруу найргийн түүвэр
2.“Сүүн сэтгэл” шүлэг яруу найргийн түүвэр
3.”Босоо заяатай монгол” дуу, дуу шүлгийн түүвэр
4. “Дуундаа жаргаж дуулна би” дуу шүлгийн түүвэр
5.”Алтайд хөглөгдсөн аялгуу” дуу шүлгийн түүвэр
6-“Нарлаг Дарханы дуулал” дуу шүлгийн түүвэр
7.”Бид нэг бүлийнхэн” баримтат цуврал 4 ботио хэвлүүлж
“Босоо заяатай монгол”, “Дуундаа жаргаж дуулна би”,”Алтайд хөглөгдсөн аялгуу” зэрэг AUDUO, DVD цомогуудаа гаргасан.
Уран бүтээлийн тайлан тоглолт:
1. “Зүүдэнд учирсан хүслийн хурай” Дархан хот Залуучууд театр /1999 он/
2. “Босоо заяатай монгол” Улаабаатар хот Улсын цирк /2001 он/
3. “Дуундаа жаргаж дуулна би” Дархан хот Залуучууд театр /2014 он/
4. “Эх орон эгэл түмнээ дуулмуу”1 USA Kolorado Denver монголчуудад /2016-04-30/
5. Эх орон элгэн түмнээ дуулмуу”2 USA Kolorado Denver монголчуудын хүсэлтээр /2017-03-18/
Миний уран бүтээлээс үг аятай нь зохиосон “Босоо заяатай монгол” дуу маань Ардын хувьсгалын 80 жилийн ойн Төрийн концерт, Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын хүндэтгэлийн концерт Төрийн ордон /2001 он/, БНАСАУ-д зохиогдсон “Хаврын баяр” олон улсын урлагийн наадамд тоглосон Монгол улсын нэгдсэн концерт /2001 он/, Их Монгол Улс байгуулагдсаны 2223, Ардын хувьсгалын 93 жилийн ойн /2014 он/ Төрийн концерт эхлүүлэн Төрийн түүхэнд мөнхлөгдсөн бүтээл тул уул дуунд зориулсан Хүндэтгэлийн хөшөөг 2018 онд Дархан хотын төв талбайд бүтээн сүндэрлүүлсэн юм.
7. Улс орон зах зээлийн харилцаанд шилжиж эхэлсэн он жилүүдэд хувийн хэвшил, бизнесийн салбарт хөл тавьж, амжилтаар дүүрэн он жилүүдийг үдсэн.
1991 онд ажиллаж байсан автобаазаасаа өөрөө буулгагч авто машин хувьчлан авч “Аянчин” нэртэй Хувиараа эрхлэх аж ахуй нэг гишүүнтэйгээр байгуулж, Дархан-Уул аймгийнхаа үйлдвэр албан байгууллагын технологийн хог хаягдлыг тээвэрлэх ажил үйлчилгээ гүйцэтгэж эхэлсэн боловч шилжилтийн жилүүдэд албан байгууллагууд эдийн засгийн хүндрэлд орж, тээврийн хөлсөө төлөх чадваргүй болж эхэлсэн юм.
Энэ үед Сэлэнгэ аймгийн Хушаат сумын “Энхтал” ХК-ний хүсэлтээр нэгэн намрын будаа хураалтанд ажиллаад, тээврийн хөлсөнд 17 тн улаанбуудай авсан.
Улс орон даяар хүнсний хангамж хүрэлцээгүй, ялангуяа гурил ихээхэн хомсдолтой хүнд цаг үе байсан тул банкнаас зээл авч “Гурилын жижиг үйлдвэр” байгуулан, тээврийн хөлсөнд авсан буудайгаараа анхныхаа гурилыг үйлдвэрлэж эхэлсэнээс хойш үйлдвэрээ жил дараалан өргөтгөж, Хувиараа эрхлэх аж ахуйгаа “Цогт-Аян” ХХК болгон өргөжүүлсэний дээр үйлдвэрлэлийнхээ өртөг зардлыг бууруулах зорилгоор Сэлэнгэ аймгийн Хушаат сумын нутагт газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэн түүхий эдийнхээ хэрэгцээний багагүй хэсгийг өөрөө хангадаг болж, компаниасаа хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр “Хайрхан-Цогт”, Уянга-Цогт”, “Мичин хад” зэрэг 3 нөхөрлөлийг бие даан гаргаж, зах зээлийн хүнд хэцүү жилүүдэд 60 гаруй хүнийг, түүний дотроос орон нутгаас зорьж ирсэн 40 гаруй хүнийг ажлын байр, амьдралын баталгаагаар хангасаар ирсэн.
Цогт-Аян ХХК нь Дархан-Уул аймгийн бизнесийн ууган компаниудын нэг бөгөөд ажлынхаа амжилтаар олон жил Дархан-Уул аймгийнхаа нэрийн хуудас болж, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээгээ улс орон даяар түгээн хүргэсэн бахдам амжилт бидэнд бий.
Газар тариалангийн салбартаа тогтвортой амжилт гаргаж 1998 онд нэг га-гаас хураан авсан ургацаараа Сэлэнгэ аймагтаа эхний байрт шалгарч, “Уринш 2001” Засгийн Газрын болзолт уралдаанд 2 механикжуулагч шалгаран сайхан амжилт гаргасан юм.
Монгол улсад “Хүнсний Аж Үйлдвэр” үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойгоор /2000 он/ хүнс үйлдвэрлэгч “Шилдэг 6 ” үйлдвэрийн нэгээр шалгарч Хүнс үйлдвэрлэгч “Улсын тэргүүний үйлдвэр” үүрд хадгалагдах цом өргөмжлөлийн эзэн болсон.
Манай хамт олон энэ хугацаанд “Хэрэглэгчдийн найдвартай түнш”, “Найдвартай татвар төлөгч”, “Үйлдвэр орчны Эрүүл байгууллага” зэрэг олон цол шагналын эзэн болж намтраа зузаалсан бөгөөд шагналынхаа нэр хүндийг өндөрт өргсөөр ирсэн хамт олон юм.
Би 1967 онд Билэгтийн Юмчинсүрэн гэдэг нэг нутгийн эмэгтэйтэй гэр бүл болж, 6 хүүхэд төрүүлж өсгөн мэргэжил боловсрол, өв тэгш хүмүүжилтэй иргэд болгон төлөвшүүлсэн хүндэтгэл хүлээж 1999 онд Дархан-Уул аймгийн анхдагч “Тэнгэрлэг-9 гэр бүл”-ийн нэгээр, 2000 онд нийслэл Улаанбаатар хотод 1000 ээжийн баяраар зохиогдсон Монгол улсын “Шилдэг-21”, “Шилдэгийн шилдэг-3” гэр бүл шалгаруулах арга хэмжээнд уригдан оролцож “Шилдэгийн шилдэг 3 гэр бүл”-ийн нэгээр шалгарсан маань бидний болон уугуул суугуул нутгийнханы маань бахархалт үйл явдал болсон юм.
Хөдөлмөрийн амжилт гаргаж, алдарших үндсэн шалтгаан бол миний хувьд төрж өссөн нутаг орон, төрүүлж өсгөсөн эх эцгийн нэрийг аль болохоор сайнаар дуурсгаж, ачийг нь хариулах юмсан гэсэн чин сэтгэл дээр тулгуурлаж явсаан.
Ороо бусгаа он жилүүдэд нутгаас гараад хол газар амьдарч яваа нутаг нэгтнүүдийнхээ тархай бутархай байдлыг хараад, миний нутгийнхан унаган нутгаа орхиод, удам судраа ч төөрүүлээд, нэг л буруу хандлагаруу орж байнадаа гэх бодол төрсөн учраас Дархан, Сэлэнгийн районд ажиллаж амьдарч байгаа нутгийнхныхаа бүртгэл судалгаа гаргаж “Нутгийн зөвлөл” санаачлан , санал нийлсэн хамт олонтойгоо олон жил уйгагүй зүтгэсний хүчинд нутгийнхнаа нэгтгэж, зохион байгуулалтанд оруулсанаар, нэгдмэл сайхан хамт олныг бүрдүүлж, уламжлал болсон олон сайхан арга хэмжээг хэвшүүлэн залуу үедээ хүлээлгэж өгсөн юм.
Одоо Нутгийн зөвлөлөө сайхан залуу, хойч үедээ өвлүүлэн үлдээсэн тул орон нутгийн зүгээс ч анхаарч, дэмжиж байвал сайн байна. Манай нутгийн зөвлөл бие даасан шагналуудтай, бие даасан цуврал номтой, хэвшил болсон тодорхой ажлуудтай, сумын доторхи сум шахам болсон амжилт бий.
Хамгийн гол нь хүний нутагт төрж өссөн хойч үеийг эцэг эхийн ураг төрөл, тэдний болон нутаг усны түүх соёлтой танилцуулж, түүхээ зөв мэдэж, өвөг дээдсийнхээ нутаг орны хөгжил дэвшилд сэтгэл оюунаа хандуулах үзлийг төлөвшүүлэх зорилгыг агуулсан юм.
Сонгуульт ажил:
1. Дархан-Уул аймгийн ИТХ-ын төлөөлөгч /2000-2004 он/
2. Монголын Тариаланчид, Гурил Үйлдвэрлэгчдийн Холбооны Удирдах Зөвлөлийн Гишүүн /1996-2000 он/
3. Монголын Хэрэглэгчдийн Үндэсний Холбооны Удирдах Зөвлөлийн Гишүүн /2000-2006 он/
4. Дархан-уул аймгийн Хэрэглэгчдийн Эрх Ашгийг Хамгаалах Нийгэмлэгийн Тэргүүн /1998-2008 он/
ГАВЬЯА ШАГНАЛ:
1991 он: Алтангадас одон
2005 он: Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одон
2016 он: Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн
Ардын хувьсгалын 60, 70, 80, 90, 100 жилийн ойн медалиуд
1991 он: Монгол Улсын Соёлын Тэргүүний ажилтан
1999 он: Хөдөө Аж Ахуй Хүнсний Үйлдвэрийн Тэргүүний ажилтан
1992 он: Монгол Улсын Чанар Стандартын “Онцлох хүн”
1999 он: Монголын Хэрэглэгчийн “Итгэлт Бизнесмен”
2003 он: Цогт сумын ”Хүндэт иргэн”
2004 он: Цогт сумын 80 жилийн “Найман алдартан”-ны нэг
2008 он: Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбооны шилдэг уран бүтээлийн “Эрхэм дээд” шагнал
2013 он: МЗЭ-ийн “Утга зохиолын төлөө” хүндэт шагнал
2019 он: Монголын Хэрэглэгчийн Удирдлагын Академийн “Онцгой бүтээлийн Академич”
2024 он: МЗЭ-ийн шагнал
Дархан хотын шагнал:
1986 он: “Найрамдлын Дархан” медаль /Тэргүүн шагнал/
2001 он: Дархан-Уул аймгийн Тэргүүний ажилтан
2003 он: Дархан-Уул аймгийн Тэргүүний тариаланч
2015 он: “Дархан-Уул аймгийн 100 эрхэм”-ийн нэг
2021 он: Дархан-Уул аймгийн “Хүндэт дэвтэр”-т бичигдсэн
2022 он: Дархан-Уул аймгийн ИТХ-ын дээд шагнал “Дархан” одон