Эхнэр: Гаадангийн Бадам /Монгол улсын Гавьяат багш/ НАМТАР УНШИХ
Том хүү: Дашзэвэгийн Жаргалсайхан /Чингис хаан хамтлагийн ахлагч, Ардын жүжигчин/ НАМТАР УНШИХ
Монголын Дүрслэх Урлагийн монументаль чиглэлийн томоохон төлөөлөгч, Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн, нэрт уран барималч, зураач, сурган хүмүүжүүлэгч Чимидийн Дашзэвэг нь 1930 онд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт төрсөн.
1940-1944 онуудад Хэнтий сумын бага сургууль дүүргэсэн. 1944-1947 онуудад Биндэр сумын бүрэн бус дунд сургуулийг төгсгөсөн.
1947-1948 онуудад Хэнтий аймгийн Баян-Адарга сумын бага сургуульд бичиг үсгийн багш, 1948-1954 онуудад Гурванбаян, Хэнтий, Баянхутаг сумын бага сургуулиудад багш, хичээлийн эрхлэгч, захирлын албыг тус тус хашиж байсан. 1954-1958 онуудад Улаанбаатар хотын Урлагийн сургуульд уран барималын анхны анги нээгдэхэд түүнд хамрагдан суралцаж амжилттай төгсгөжээ. 1958 оноос Монголын Урчуудын Эвлэлийн хороонд хуваарилагдан очиж тэтгэвэрт гартлаа ажиллаж байлаа.
Уран бүтээл:
Тэрээр 1958 онд Дэлхийн Ардчилсан Залуучуудын VI фестиваль, Москва хотноо нээгдсэн Ардчилсан орнуудын уран бүтээлчдийн үзэсгэлэн, Монголын Залуучууд Оюутны Анхдугаар Их наадамд зориулсан 1959 оны үзэсгэлэн, Октябрын Социалист их хувьсгалын удирдагч В.И.Лениний мэндэлсний 100 жилийн ойд зориулсан үзэсгэлэн, Москва хотноо нээгдсэн Социалист орнуудын уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэнд тус тус амжилттай оролцож өндөр шагнал гардан авч Монголын дүрслэх урлагийг сурталчилж байжээ.
Түүний босгосон том хөшөө дурсгалууд:
- 1963 онд Дорнод аймагт босгосон Ардын хувьсгалын партизан Д.Содномдаржаагийн хөшөө
- 1964 онд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд босгосон БНМАУлсын баатар Түвдэнгийн Борын хөшөө
- 1965 онд Ховд аймгийн Алтай суманд босгосон БНМАУлсын баатрууд Даваадорж, Тэгшээ, Лхагвадорж нарын нэгдсэн гэрэлт хөшөө
- 1966 онд Ховд аймгийн төвд бүтээсэн Үндэсний тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэгч Амарсанаа болон Ард олны хөдөлгөөний удирдагч Ард Аюуш нарын хөшөө
- 1966 онд Завхан аймагт төр нийгмийн нэрт зүтгэлтэн Элдэв-Очир-ын хөшөө
- 1967 онд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд босгосон БНМАУлсын баатар Хоролын Дамбын хөшөө
- 1968 онд Хөвсгөл аймгийн төвд босгосон БНМАУлсын баатар Даваадоржийн хөшөө
- 1969 онд Ховд аймгийн Чандмань сумын төвд босгосон БНМАУлсын баатар Тэгшээгийн хөшөө
- 1970 онд Булган аймгийн төвд босгосон БНМАУлсын баатар Лхагвадорж хөшөө
- 1972 онд Ховд аймгийн төвд ардын хувьсгалын партизан, эрэлхэг чекист Цогтын Гомбын дурсгалын хөшөө
- 1973 онд Увс аймгийн төвд босгосон БНМАУлсын баатар Бэгзийн Гивааны хөшөө
1991 онд Хэнтий аймгийн Баянхутаг сумын төвд босгосон Босоо хэмээх Монгол үндэсний бөхийн Самдан аваргын хөшөө зэрэг нь түмэн олны гэгээн мэлмийг баясган өнгөрсөн түүх, эрэлхэг баатарлаг хөвгүүдийн алдар гавьяаны билэгдэл болон сүндэрлэсээр байна.
Түүний уран бүтээлийн бас нэгэн онцлог бол Улаанбаатар хотын тохижилт, барилга чимэглэлийн тал дээр ихээхэн зүйлийг бүтээлцсэн явдал юм. Мөн монголын нүүдэлчин ахуй, ан амьтан, таван эрдэнэ болсон мал сүргийнхээ холбогдолтой бүтээл олныг хөдөө орон нутагт нь захиалгаар очиж хийсэн уран бүтээлч билээ. Энэхүү бүтээлүүдээс заримыг нь дурдвал:
- 1959 онд Улаанбаатар хотын Шаазан ваарны үйлдвэрийн захиалгаар Бууран гүц
- 1959 онд Өвөрхангай аймгийн төвд Алдарт хүлэг, Арвайхээр морь
- 1961 онд Тэрэлж амралтын газрын захиалгаар Анчин, Саальчин эмэгтэй, Тэрэлжмаа, Адуучин эр, Бух, Орсон буур
- 1965 онд Ховд аймгийн Алтай сум Таван хошуу эцэг мал
- 1969 онд Улаанбаатар хот 12 микрорайонд Дугар зайсан
- 1971 онд Өвөрхангай аймагт Сурчин, Янгир, Угалз
- 1972 онд Ховд аймгийн Дуут суманд Бөх, Саальчин,
- 1972 онд Ховд аймгийн Нэвт суманд Угалз, Янгирын тэх, Ирвэс, Тэмцэл
- 1972 онд Ховд аймгийн Манхан суманд Таван хошуу эх мал
- 1974 онд Улаанбаатар хот, 12-р микрорайоны 3-р хорооны орон сууцны өмнө Эмнэг сургагч
- 1975 онд Ховд аймгийн төвд Алтайн цагаан дагина
- 1975 онд Ховд аймгийн Дарви суманд Таван хошуу эцэг мал, Саальчин эмэгтэй
- 1976 онд Хүүхдийн урлан бүтээх төвийн гадна талбайд Володя буюу В.И.Лениний идэр нас
- 1978 онд Лениний музейн гадна чимэглэлийн хэсэг Маркс-Энгельс
- 1981 онд Улаанбаатар хотын Алтан-Өлгийд Монголын төр нийгмийн зүтгэлтэн Элдэв-Очирын цээж баримал
- 1983 онд Улаанбаатар хот Үндэсний соёл амралтын хүрээлэн Үлгэрч өвгөн
- 1987 онд Өвөрхангай аймгийн Хужирт амралтын газрын захиалга Хоёр тугалтай согоо
- 1988 онд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Хангал нуурын эрэгт Хандгай
- 1989 онд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Хангал нуурын эрэгт Манай бахархал
- 1990 онд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Хангал нуурын эрэгт Буга согоо
- 1994 онд Бэрээвэн хийдийн сүмд Манал бурхан зэрэг бүтээлүүд юм.
Чимидийн Дашзэвэг 2003 онд өөрийн уран бүтээлийн "Гэр музей"-г өөрийн төрсөн нутаг Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Баянзүрх багийн төвд байгуулсан нь Монголдоо анхных нь билээ.
Түүний бүтээн босгосон олон арван хөшөө дурсгалууд Монгол орны өнцөг буланд сүндэрлэж, ур хийц сайтай уран барималууд нь хот чимэглэлийн нэгэн хэсэг болохоос гадна орон нутгийн томоохон музейд тавигдсан юм.
Уран бүтээлийн онцлог:
Чимидийн Дашзэвэг нь өөрийн уран бүтээлийн гол үзэл санаа, үндсэн зорилго, чиг хандлагаараа тусгаар тогтносон Монгол улсаа харийн түрэмгий дайснаас хамгаалан тэмцэж явсан эрэлхэг эх оронч, баатарлаг охид хөвгүүдийн гэгээн дүр төрхийг ур ухаан, гарын дүй, авьяас билгээрээ хойч үедээ үлдээн мөнхлөхөд зориулж чадсан уран барималч хэмээн урлаг судлаачид үздэг.
Монголын нүүдэлчин ахуй, аж амьдралын онцлогийг харуулсан үндэсний онцлогийг илэрхийлсэн олон арван том жижиг чимэглэлийн барималыг монголын хязгаар нутгийн аймаг, сум, нийслэл хотдоо шавь нарын хамт бүтээн босгосон байдаг. Тэр өөрөө Монголын нэртэй сайн анчин байж Ш.Гонгор, Л.Лувсан нартай нэг гал болж Хэнтий Хан, Минжийн хангайд олон жил улсын бэлтгэлийн ан гөрөөнд явж байсан учраас ойн зэрлэг ан амьтны төрхийг өөрийн уран бүтээлдээ маш нарийн, сайн ур хийцтэйгээр дүрслэн гаргаж чаддаг гярхай хүн байлаа.
Мөн монгол морьны анатомыг түүн шиг нарийн хийцтэйгээр, бүхий л биеийн булчин шөрмөсийг нь хүртэл тод гаргаж урласан хүн одоогоор байхгүй гэж шавь нар нь 2008 онд тэмдэглэн үлдээсэн байдаг.
Хэвлүүлсэн ном:
- 2008 онд "Эзэн заяа" хэмээх өөрийн дурдатгалын номоо бичсэн.
Гавьяа шагнал:
- 1999 онд Монгол улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн /1999-08-05.№140/
- Алтан гадас одон
- Ойн болон бусад медалиудаар
Гэр бүл:
Чимидийн Дашзэвэгтэй 54 жил ханилсан Гаадангийн Бадам нь олон жил сургууль, хүүхдийн байгууллагад ажилласан Монгол улсын гавьяат багш хүн билээ.
Тэдний дундаас охин Энхтуяа, Жаргалсайхан, Батсайхан, Баярсайхан, Энхсайхан гэсэн 4 хөвгүүн төржээ. Том хүү нь Монголын софт-рок Чингис хаан хамтлагийн удирдагч, гоцлол дуучин Монгол улсын гавьяат жүжигчин, Ардын жүжигчин Дашзэвэгийн Жаргалсайхан юм.
Чимидийн Дашзэвэгийн гэр бүл 2008 оны Монголын Шилдэг тэргүүний гэр бүлээр шалгарч байснаас гадна 2007 онд түүнд Монголын Ачлал буянт Аав Хүндэтгэлийн өргөмжлөл хүртээж байжээ.
Бурхан ухаант уран барималч тэрбээр 2009 онд тэнгэрийн орноо заларчээ.