Ардын хувьсгалын партизан, Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Гомбын Содном нь Хэнтий аймгийн Дархан сумын уугуул.
1932 оны 5 дугаар сард Намын Төв Хорооны тэргүүлэгч гишүүн, Худалдаа, аж үйлдвэрийн яамны сайд Гомбын Содномыг Архангай аймгийн Тариатын хүрээний босогчдын бүлгийг дарах ажлыг эрхлэх Засгийн газрын бүрэн эрхт комиссын даргаар томилон явуулжээ.
Г.Содном Архангай аймагт очиж байдлыг танилцаад Аймгийн цэргийн хорооны түр цэргээс 30-40 хүнтэй нэг салаа цэрэг, аймгийн албан хаагчдаас тийм хирийн хүн авч, бүгд 80 орчим хүнээр яаравчлан байгуулсан отрядыг удирдан авч явсан байна. Отрядын бүрэлдэхүүнд ДХГ-ын ерөнхий сургагч В.С.Кияковский, ДХГ-ын хэлтсийн дарга Цэдыпов (Норовжамц), тус аймаг дахь ДХ ангийн ажилд туслахаар очсон С.Галиндэв, төлөөлөгч Л.Аюушжав, сургуулийн багш Д.Даш, хүний эмч Немой зэрэг хүмүүс оролцсон байна. Ногоон малгайт Дамдинсүрэн тэргүүтэй босогчид 5 дугаар сарын 13-ны өглөө Содномын отрядтай байлдахдаа бүх цэргийг морьтой хүн командалж байлдаанд оруулсан ба хойноос нь лам нар орохоор хүлээн зогссон байжээ.
Содномын отряд 5 сарын 13-ны өглөөний 05 цагт Тариат руу давшиж, 1000 гаруй босогч нартай гурван цаг хагас хиртэй буудалцаад, хүчин мөхөсдөж, бут цохигдсон байна. Г.Содном тэргүүтэй 5 хүнийг байлдаан болсны маргааш нь 5 дугаар сарын 14-нд тамлан хороосон байна.
Г.Содномын гэргий Ма бээс хэмээх Магсаржавын Дулмаа (жинхэнэ нэр нь Лувсандулам) Нийслэл хотод түр сургууль төгсөөд, ЗХУ-д КУТВ-т суралцан тухайн цаг үедээ мэдлэг боловсрол, зүс царайгаараа Хүрээний хүүхнүүдийн сор нь болж шагшигдаж явсан нэгэн. Гэвч элдвээр гадуурхагдан, эрхэлсэн ажилгүй явсан түүнийг 1937 онд баривчлан “Их монгол улсыг байгуулах эмэгтэйчүүдийн бүлгэмийн толгойлогч” гэсэн ял тулгасан. Эцэст нь хэрэг хүлээлгэж чадахгүй болохоор халимаг сургагч гардан байцааж, хилс хэрэг хүчээр хүлээлгэн цаазалсан гэдэг.