БНМАУ-ын Ерөнхий сайдын орлогч, Гадаад явдлын яамны сайд Г.Самбуу нь Хэнтий аймгийн Баян-Адарга сумын уугуул, Монголын цэргийн анхны генералуудын нэг юм.
1936 оны хоёрдугаар сарын 21-нд хуралдсан БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчид ба Ардын Сайд нарын Зөвлөлийн гишүүдийн хамтарсан 14-р хурлаас “МАХЦ-ийн дарга, улс төрийн ажилчдад алдар цол олгох” тогтоолд: “ … анх 11-р (1921) онд ардын партизан цэргийг байгуулсан цагаас эхлэн удаа дараа байлдан тэмцэж, туйлын их цусан гавъяаг байгуулснаар үл барам он удтал цэргийн удирдах тушаалыг хүлээж, Ардын цэргийн зохион байгуулалтыг бэхжүүлэн өргөтгөж, цэргийн байлдааны ба техникийн хийгээд улс төрийн сүр хүчийг удирдан зузаатгаж, энэ 15 жилийн дотор ба одоо хүртэл тус улсыг гадаад, дотоодын дайсан самуунаас батлан хамгаалах цэргийн хэрэгт олон гавъяатайгаар зүтгэж буй нөхдөд зохих алдар цолыг сайшаан шагнаж олгох нь чухал хэмээн үзэж, Улсын бага хурлын Тэргүүлэгчид ба Ардын Сайд нарын Зөвлөлөөс Ардын Сайд нарын Зөвлөлийн Ерөнхий сайдын 2-р орлогч, цэргийн яамны сайд, Бүх цэргийн жанжин Г.Дэмид, Ардын сайд нарын зөвлөлийн Ерөнхий сайдын 1-р орлогч Х.Чойбалсан нарт “БНМАУ-ын маршал” (Өрлөг жанжин) цол, Цэргийн яамны сайд, Бүх цэргийн жанжны 1-р орлогч О.Дашчиравт Цэргийн ерөнхий комиссар цол, Цэргийн яамны сайд, Бүх цэргийн жанжны 2-р орлогч Г.Самбуу, Жанжин Штабын дарга Ж.Малж нарт корпусын захирагч цолыг” шагнаж олгожээ.
Энэхүү бригад командлан захирагчаас дэслэгч жанжин хүртлэх цол нь тухайн үеийн армийн жишгийн дагуу манай зэвсэгт хүчинд хэрэглэгдэж байсан генерал цол болно. Харамсалтай нь генерал цолтонтой дүйх эдгээр цэргийн дарга нарын ихэнх нь 1937 оны их хэлмэгдүүлэлтийн шуурганд үрэгдсэн гашуун түүхтэй ба хэлмэгдүүлэлт энэ хүмүүсээс эхэлсэн гашуун түүхтэй. Улсын өрлөг жанжин Г.Дэмид, дэслэгч жанжин О.Дашчирав, Г.Дамба, Д.Өлзийбат гурвуулаа, корпус командлан захирагч, түүнтэй адил цолтон 15 хүн бүгдээрээ, дивиз командлан захирагч, түүнтэй адилтгах цолтон 26 хүний 22 нь, бригад командлан захирагч 47 хүний 36 нь улс төрийн их хэлмэгдүүлэлтэд өртөн, хилс хэргээр амь насаа алдаж, цөөнх нь олон жил шорон гянданд хоригдон үрэгджээ. Дашрамд дурдахад 1939 оны Халх голын дайнд Монгол-Зөвлөлтийн армийг командалсан дэлхийн алдарт жанжин Г.К.Жуков Г.Самбуу гуайн адил корпус командлагч цолтой байсан юм.
Монголын Ардын армид өөрчлөлт хийсэн нь Зөвлөлтийн улаан армид өөрчлөлт хийсэнтэй холбоотой байв. 1935 оны 11 сарын 23-нд Зөвлөлтөд анх маршал цолыг бий болгож, таван хүнд шагнасан байв. И.В.Сталин Улаан армид цэвэрлэгээ явуулахдаа, Улаан армийн анхны таван маршалын гурвыг буюу К.Е.Ворошилов, С.М.Будённый хоёроос бусдыг В.К.Блюхер, А.И.Егоров, М.Н.Тухачевский нарыг цаазлан хороосон нь Монгол Ардын армид явуулсан харгис цэвэрлэгээний урьдач нөхцөл байсан юм. Тухайн үед Монгол Улсын дорнод хязгаар үймээнтэй, Японы милитаристууд 1932 оны 2 дугаар сарын 19-нд тоглоомын “Манж-го” улсыг байгуулж, Монгол Улсын хил хязгаарт өнгөлзөж байв.
Г.Самбуу агсан зүүн хязгаарын будлианыг зохицуулах, дайнаас сэргийлэх зорилгоор Япон, Манжго улстай хийсэн Манжуурын гурван талт хэлэлцээрт БНМАУ-ын төлөөлөгчдийг тэргүүлж оролцсон байна. Хэлэлцээрт Монголын талаас Самбуу, Догсом, Дамба, Догсүрэн нар, Манжгогийн талаас Ли Жин, Японы талаас Сакурай, Сайто, Иногучи нар оролцож 1935-1937 онд таван удаагийн уулзалт болсон байна. Аман мэдээгээр Ерөнхий сайд П.Гэндэн “Орос Япон нь хоёр байлддаг л юм байгаа биз, Монгол, Манж хоёр эвийг сахих ёстой” гэж зааварчилсан гэдэг. Монголын талын төлөөлөгчид баривчлагдан цаазлуулсны адил Манжийн төлөөлөгч Ли Жинийг Япончууд баривчлан буудан хороосон байна. Бага буурай улсуудын энх амгалан орших эрмэлзэл их гүрнүүдэд хамаагүй байжээ. Ийнхүү их гүрнүүдийн дайны бэлтгэл их хядлагаар эхэлсэн байна. Манжуурын хэлэлцээр таслагдаж, Монгол-ЗХУ харилцан туслалцах гэрээ байгуулснаар хожим Халх голын дайн эхэлсэн билээ.
Г.Самбуу агсныг баривчилахад Д.Дэнсмаа гуай охин С.Мааяагийн хамт үлджээ. С.Мааяа гуай бол Монголын анхны эмэгтэй хөгжмийн зохиолч, Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбооны анхны нарийн бичгийн дарга, манай хөгжмийн урлагийн нэрт зүтгэлтэн болсон билээ.