Хөдөлмөрийн баатар, Гавьяат малчин Дүгэрийн Лхагва нь Ховд аймгийн Чандмань сумын уугуул.
Арав гаруйхан настай балчир хүү дунд сургуулийн сурагч байхаас татгалзаж, малчин болжээ. Хонины наагуур, цаагуур шогшуулж, аргал хомоолхон хормойлж, ижийдээ тусалсаар тэр малчны амьдралд эргэж буцахгүйгээр хөл тавьсан гэнэ. Эрийн цээнд хүрч, эр цэргийн алба хаахдаа малын захаас холдсоноос өөрөөр тэр малаа орхиж үзээгүй юм.
Түүнийг найман настай байхад нь аав нь бурхны оронд оджээ. "Өсөж яваа хүүхдүүдэд аав нь байхгүй болчихоор хүүхэд нас гэж байхгүй болчихдог юм байна лээ. Ааваасаа хойш ах, дүү бид гурав мал дагаж, ижийдээ хань бараа болж, хоосон хонохгүй гэсэндээ хичээж амьдарсан. Ингэж л миний хүүхэд нас өнгөрсөн” хэмээн дурссан байдаг.
Д.Лхагва 30 гаруй жил нэгдэлд адуу малласан. Харин нэгдэл тарснаас хойш голчлон хонин сүргээ өсгөж, үржүүлж, үйлдвэрт нь анхаарч иржээ. Мал аж ахуйн салбарт 50 гаруй жилийн хөдөлмөрөө зориулахдаа мал маллах уламжлалт арга туршлагыг бүтээлчээр хэрэгжүүлэн отор, нүүдлийг үр дүнтэй зохион байгуулж, эр хонины амьдын жинг 74 кг, эм хонийг 65 кг хүргэн мал сүрэгтээ тарга хүчийг авахуулж, малын зүй бус хорогдол гаргалгүй, төл малыг 100-110 хувь бойжуулж, малаас гарах түүхий эдийн төлөвлөгөөгөө тогтмол давуулан биелүүлж, сумынхаа залуу малчдын зөвлөх багшаар 40 гаруй жил ажиллаж, олон арван сум, аймаг, улсын аварга малчдыг төрүүлэн, малч ухааныг өвлүүлж, малын бэлчээрийг зохистой ашиглах, усалгаажуулахад идэвх санаачилга гарган ажилласан байна. Түүний энэ их хөдөлмөрийг төр үнэлж, 1991 онд Улсын аварга малчин, 2001 онд Монгол Улсын Гавьяат малчин цол тэмдгээр шагнаж байжээ.
Мөн тэрбээр бэлчээрийн ашиглалт болон малын үүлдэр угсааг сайжруулах, ашиг шимийг дээшлүүлэхэд мэдлэг туршлагаа дайчлан ажиллаж, жигд цайвар өнгийн нарийн ноолууртай “Бумбын улаан” шинэ омгийн ямаан сүргийг бий болгож, жил бүр 50-100 толгой шилмэл хээлтүүлэгч бойжуулан сүргийн чанарыг сайжруулж, орон нутгийн иргэдийг малжуулахад онцгой анхаарч, мал аж ахуйн үйлдвэрлэлийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулжээ.
2023 онд 81 насандаа Монгол улсын Хөдөлмөрийн баатар цол хүртсэн юм.
Түүний 11 хүүхдийн 9 нь мал маллан Улсын болон Аймгийн аварга малчид болж гэр бүлээрээ хөдөө аж ахуйн салбарт бахархам түүхийг бүтээж яваа.