"На" багш хэмээн олны дунд алдаршсан нэрт газарзүйч, соён гэгээрүүлэгч, Газарзүйн шинжлэх ухааны доктор, профессор Очирын Намнандорж нь Халхын Түшээт хан аймгийн Мишиг гүний хошууны Түмэнтэй жонон гэдэг тайжийн албат, харц ард Очирын 2-р хөвгүүн болон 15-р жарны цагаан хулгана жилийн өвлийн эхэн-зул сарын 25-нд мэндэлжээ.
Энэ нь өнөөгийн Төв аймгийн Дэлгэрхаан сумын нутагт Ямаат гэдэг газар 1900 оны 11-р сарын 25-нд тохирч байгаа юм.
Бага насаа эцэг эхийн хамт өнгөрүүлж, хоосон ядуу амьдралтайн улмаас эцэг эх, ах эгчийнхээ хамт нутгийн харъяат ноён ба тайж нарын хурдны морийг унах, аргал түүх зэрэг ажлыг нь хийж, малыг нь хариулж зарцлагдан амьдарч яваад, бага насандаа өнчирчээ. 1921 онд лам болохоор эхээрээ овоглон хүрээ орсон ах Цэндийн Лувсангомбынхоо хойноос Да хүрээг зорьжээ.
Хүрээнд ирээд Сангийн яамны сайд Довчин бэйсийнд сууж гэрийн ажилд нь туслан бичиг ном заалгаж сураад 1922-1924 онд хэвлэлийн хороонд үсэг өрөгч, цэргийн гаражид бичээчийн ажил хийж явжээ.
1924-1928 онд Монголоос гадаадад явж сурах болсон анхны 18 хүний тоонд орж Санкт Петербург хотноо Янукедзегийн нэрэмжит Дорно дахиныг судлах институтэд очиж суралцан төгсөж иржээ. Эргэж нутагтаа ирээд Жолоочийн сургууль, Сүхбаатарын сургуульд багшилж мөн хотын хоршоонд нарийн бичгийн дарга, Монгол тээхэд орчуулагчийн ажлыг тус тус хийж байжээ. 1935-1938 онуудад Москвад зам гүүрийн дээд сургуульд оюутан, Монголын элчин сайдын яаманд мэргэжилтэн зэрэг ажил албыг хашиж байгаад Улаанбаатарт эргэж ирэн Худалдааны техникум, Холбооны техникум, 10 жилийн 1-р дунд сургууль зэрэгт багшилж байв.
Ажиллах хугацаандаа 1949-1952 онд Багшийн дээд сургуулийг оройгоор, 1952-1954 онд МУИС-ийн Газарзүйн ангийг эчнээгээр суралцаж төгсжээ.
Тэрбээр ерөнхий боловсролын болон тусгай мэргэжлийн сургуулиудад багш, 1945 оноос Гэгээрлийн яамны Заах аргын хэлтэст мэргэжилтнээр томилогдон ажиллаж байгаад 1948 онд Шинжлэх ухааны хүрээлэнгийн Газарзүйн тасагт шилжин ирж 1989 онд насан өөд болтлоо 40 гаруй жил эрдэм шинжилгээний ажлыг тасралтгүй хийж Монголын газарзүйн шинжлэх ухааныг хөгжүүлэх үйл хэрэгт хүчин зүтгэсэн хүн юм. Түүнийг газарзүйч төдийгүй өргөн хүрээт байгаль судлаач, шинжлэх ухааныг сурталчлагч гэж хэлэх нь зөв байх гэж академич Ш.Цэгмид дүгнэсэн байдаг. Үнэхээр О.Намнандорж агсан бол газарзүйч, байгаль хамгаалагч, суртал нэвтрүүлэгч, сурган хүмүүжүүлэгч хүн байлаа.
О.Намнандорж нийт 80 гаруй ном, зрхиол, 2000 орчим эрдэм шинжилгээний болон сурталчилгааны өгүүлэл туурвиж, тэр нь гадаад, дотоодод хэвлэгджээ. Үүнээс 6 бүтээл нь англи, франц, орос хэлээр хэвлэгдсэн байна. Газарзүйн сургалт, бүх нийтийн газарзүйн боловсролд зориулсан бүтээл туурвилаас нь дурьдвал ерөнхий физик газарзүйн чиглэлээр Уулын тогтоц, Орчлонт ертөнцийн тогтоц, Тивүүдийн физик газарзүйн чиглэлээр Австрали, Антарктид 2 тив зэрэг ном бичиж хэвлүүлсэн байна. Мөн Гадаад орны эдийн засгийн газарзүй, Одон орон судлал зэрэг сурах бичгийг 1952 онд орчуулж хэвлүүлсэн байдаг. Энэ дашрамд дурдахад Намнандорж 1983 онд хэвлэгдсэн Хүүхэд залуучуудын нэвтэрхий толийн 1-р ботийн зохиогчийн нэг. Энэ тольд монгол орны уул нурууд, үзэсгэлэнт газрууд болон дархан газрын талаар олон арван өгүүлэл бичсэн байна.
Газарзүйн шинжлэх ухааны бүхий л салбар чиглэлээр бичсэн хэдэн зуун өгүүлэлийн талаар дурдахгүй байж болохгүй. Эдгээр өгүүлэлд үзэсгэлэнт байгаль, уул, ус, газар шороогоо хайрлан хамгаалах болон байгалийн өвөрмөц тогтоц, бүрдэл хэсгүүдийн дотоод холбоо, газарзүйн онцлогийг нарийн тусгахыг зорьсон байдаг. Мөн эдгээр өгүүллэгүүд нь тухайн чиглэлээр асуудал хөндсөн, шинэ санаа агуулсан зөвлөмж, саналаар дүүрэн байдаг онцлогтой. Үүний нэг илрэл нь “Монголд муссон нөлөөлж байна” гэдэг эрдэм шинжилгээний өгүүлэл юм. Энэ өгүүлэл нь судлаачдад шинэ санаа өгсөн, цаашид нарийвчлан судлах ажлын эхлэлийг тавьсан гэж болно.
Газарзүйн шинжлэх ухаан болон байгалийн салбарын бусад шинжлэх ухааны аль алинд нь хамаарах өргөн хүрээтэй асуудал бол байгаль хамгаалал юм. Энэ бол Намнандоржийн бүтээл туурвилын 2 дахь том салбар байлаа.
О.Намнандоржийн туурвисан томоохон бүтээлүүд гэвэл “Монгол орны газарзүйн гайхам сонин”, “БНМАУ-ын дархан газар, цаазтай амьтан”, “Монгол орны физик газарзүй” номын Монгол орны газарзүйг судалсан байдал бүлэг, “БНМАУ-ын рашаан”, “Жуулчдын замнал, үзэх зүйлсийн тайлбар”, “Газарзүйн толь бичиг”, “Говийн их дархан газар”, “Монгол орны байгалийн дурсгалт зүйлс”, “Монголын байгалийн үзэсгэлэнт газар” зэрэг бүтээлийг дурьдаж болох юм.
Эдгээрээс физик газарзүйн салбарт томоохон байр эзлэх бүтээл бол 1967 онд МХЗЭ-ийн ээлжит сургуулийн сонсогчдод зориулан бичсэн “Монгол орны газарзүйн гайхам сонин” хэмээх ном юм. Энэ ном нь Намнандорж гуайн хэллэгээр бол баялаг сайхан эх орныхоо байгалийн дурсгалт онцлог сонин, гоо үзэсгэлэнг уран яруу хэллэгээр тод томруун бичиглэн үзүүлсэн нэг ёсны “үгээр илэрхийлсэн уран зураг” юм. Энэ бүтээлдээ Намнандорж 1956, 1961 онуудад бичигдсэн “Монгол орны байгалийн дурсгалт зүйлс”, “Монголын байгалийн үзэсгэлэнт газар” товхимол болон бусад өгүүллэгүүдийн үндсэн санааг дэлгэрүүлэн тусгасан байна.
Энэ номонд газарзүйн салбар ухаанууд болох геоморфологи, ландшафт судлал, ус зүй, ургамлын газарзүй, амьтны газарзүй, эртний газарзүй, газар усны нэр судлал, агуй судлал, түүхэн газарзүйд хамаарах өргөн хүрээтэй асуудал тусгагджээ. Энэ номын бүлэг хэсгүүдэд Монгол орны мөнх цас, мөс бүхий Монгол Алтай, Сийлхэм, Хархираа, Түргэний уулс, хадат бэрх Хасагт Хайрхан, Ёлын ам, Тэнгэр уулын тогтолцоонд хамаарах салбар уулс болон Хангай, Хэнтий, Соёны хөвч тайга бүхий үзэсгэлэнт уулс, Дорнодын ээрэм тал, Хянганы уулс, Дарьгангын галт уулын район зэрэг Монгол орны хотгор гүдгэрийн үндсэн хэв шинжийг төлөөлөх өвөрмөц муж, нутгууд болон өмнийн шаргал говь, багширсан төгөлт баянбүрд, хүнгэнэн шуурах дуут манхан, гайхам сонин галт уулс зэрэг байгалийн өвөрмөц хослолт газрууд, номин цэнхэр ногоон цав, цайран харагдах цагаан суврага, улайран харагдах улаан суврага, бахдам сонин баганан хүрэм, агуй хонгил зэрэг байгалийн өвөрмөц тогтоц, оволзон урсах олон гол горхи, хүрхрээ, боргио, гүн цэнхэр нуурууд, анагаах ачтай рашаан булаг, гунхсан сайхан гуалиг ой, шугуй, ан амьтны талаар нүдэнд харагдаж чихэнд сонсогдохоор уран яруу хэллэгээр магтан илэрхийлсэн байна. Мөн энэ номонд газар усны гайхам нэрс, тэдгээрийн хошин холбоо хэллэгийн тухай нэг бүлэг бий. Энэ бүлэгт манай орны аль ч газар уул, усныхаа нэрийг толгой холбон өгүүлсэн байх нь түгээмэл байдгийг олон жишээгээр гаргажээ. Мөн энэ номонд Хөгнө хааны магтаалын өөрийнх нь засамжлан найруулсан хувилбар орсон байдаг.
“Монгол орны газарзүйн гайхам сонин” гэдэг энэ ном бол өвөрмөц бичлэгтэй, уран яруу үг хэллэгтэй, Монгол орны газарзүйг сонирхон судлагч хэн бүхний ширээний ном болсон гайхамшигт бүтээл юм.
Тэрээр Мөнх хааны гэрэлт хөшөөг нээн олж түүнийгээ тайлан уншиж, Ховд аймгийн Гурван цэнхэрийн агуйгаас хадны дүрсийг анх олж, Түрэгийн Тоньюкукийн булшнаас хазаар хударган алтан товруунууд, Архангайн Хашаатаас Хүннүгийн үеийн том ваар олсон. Монголчуудын удам гарлын нэр томьёог улбаалан Америкийн индиануудыг бидний мах цусны тасархай мөнийг өгүүлж угсаатны зүйн мэдлэгийг маань өргөтгөж, “Монголын нууц товчоон”-д гарах бүх хүний нэрийг жагсаан бүртгэж тайлбарлаж түүхийн шинжлэх ухаанд чухал хувь нэмэр оруулжээ.
О.Намнандорж эрдэм мэдлэг, эх орноо сурталчлагч их соён гэгээрүүлэгч хүн байв. Тэрээр давхардсан тоогоор 10,040 удаа 2,1 сая гаруй хүнд лекц яриа хийж байснаас тодорхой харагдана.
О.Намнандоржийн энэ хугацаанд төвийн сонин, сэтгүүлд туурвисан өгүүлэлүүдийг том охин Н.Дэнсмаа нь 2003-2006 онд эмхэтгэн О.Намнандорж гэсэн 5 боть бүтээл болгон хэвлүүлжээ.
1989 онд 89 насандаа насан өөд болжээ.
2010 онд О.Намнандоржийн мэндэлсний 110 жилийн ойг МУИС-ийн Геологи-Газарзүйн факультет, ШУА-ийн Газарзүйн хүрээлэн хамтран ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлсэн ба энэ ойд зориулан “О.Намнандоржийн амьдрал, ажил үйлс” гэсэн эмхтгэлийг гаргасан байна.
О.Намнандоржийн гавьяа зүтгэлийг үнэлж Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одонгоор гурван удаа, Чөлөөлөх дайны “БИД ЯЛАВ” медаль, Чөлөөлөх дайны ялалтын 30 жилийн ойн медаль болон ойн медалиудаар шагнаж, Төв аймгийн Дэлгэрхаан сумын ЕБС-ийг түүний нэрэмжит болгон төрсөн газар Ямаатад дурсгалын хөшөө босгож алдар гавьяаг нь мөнхөлжээ. МЭДН-ээс “О.Намнандоржийн Алтан медаль”-ийг бий болгож, түүнийг эрдэм дэлгэрүүлэх үйлсэд хувь нэмэр оруулсан хүмүүст олгодог болжээ.