Өмнөговь аймгийн ууган Хөдөлмөрийн баатар Даваасүрэнгийн Жижээ нь 1922 онд Мандал-Овоо сумын нутаг Хоромсого гэдэг газар ядуу ард Даваасүрэнгийн 4 дүгээр охин болон төрж бага наснаасаа эхлэн тэмээ маллажээ.
1957 онд тэр үеийн Мандал-Овоо сумын Хөдөлмөр нэгдэлд элсэн орж тасралтгүй 30 шахам жил тэмээн сүргээ адгуулан маллаж, мал сүргээ өсгөх, ашиг шимийг нь нэмэгдүүлэх талаар гарамгай амжилт гаргаж улс, аймаг, сумын аварга малчнаар удаа дараалан тэргүүлж амжилт үзүүлж байлаа.
Түүний тэмээн сүргийн арчилгаа маллагаа, ботго бойжуулах, ашиг шимийг нь авч ашиглах талаар гаргасан хөдөлмөр бүтээлийн их амжилтыг өндрөөр үнэлж 1962 онд БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар цол олгож Сүхбаатарын одон, Алтан соёмбо медалиар шагнасан нь аймаг сумандаа анхных байлаа.