Монгол төрийн зүтгэлтэн Бат-ОчирынН Элдэв-Очир нь 1905 онд Засагт хан аймгийн Цогтой вангийн хошуу одоогийн Завхан аймгийн Нөмрөг суманд төрсөн.
Элдэв-Очир бага насандаа бичиг үсэг сурч, 15 настайдаа хошуу тамгын газарт бичээчээр ажиллаж эхэлсэн байна. 1922 оноос хувьсгалт залуучуудын үйл хэрэгт идэвхтэй оролцож 1925 онд МАХН-д элссэн. 1924-1925 онд Намын төв сургууль, 1925-1928 онд ЗХУ-ын Дорно дахины хөдөлмөрчдийн коммунист их сургуул /КУТВ-Коммунистическом университете трудящихся Востока/- ийг төгссөн.
1928-1930 онд МАХН-ын Төв Хороонд хэлтсийн орлогч эрхлэгч, нарийн бичгийн дарга, 1930-1932 онд ДХГ-ын даргаар томилогдон ажиллаж байв. 1932-1937 онд МАХН-ын Төв Хорооны тэргүүлэгч гишүүн, нарийн бичгийн дарга, Улсын Бага Хурлын гишүүнээр сонгогдож байжээ. 1937 онд өвчний учир нас барсан.
Б.Элдэв-Очир эх орон, ард түмний өмнө байгуулсан гавьяаг үнэлж Байлдааны гавьяаны одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ.
Б.Элдэв-Очирын гэгээн дурсгалыг мөнхжүүлж Нөмрөг сумын 11 жилийн сургууль, Улиастай хотын 1-р арван жилийн сургууль, Улаанбаатар хотын Хүүхдийн кино театрыг түүний нэрэмжит болгож, төрсөн нутагт нь дурсгалын хөшөө босгожээ.