Цэрэндоржийн Минжүүр нь 1912 онд Засагт хан аймгийн Сэцэн Сартуул хошуу буюу одоогийн Завхан аймгийн Завханмандал сумын Мандал багийн нутаг Гашууны худаг хэмээх газар төржээ.
Тэрбээр найман настайдаа Тэгшийн хүрээнд шавилан сууж буддын сонгодог урлал, бурханы тэг зургийн арга, их бага арван ухаанд суралцаж эхэлсэн байна. Түүнчлэн балин тахил хийхээс гадна бурханы гуу, гүнгэрвааг угалзаар чимэхийн сацуу хожмоо Човомбын (Буддын шашны ямарваа нэгэн тахилга, зан үйл, ёслолын үйл ажиллагааг удирддаг мяндаг тушаалтан) үүрэг гүйцэтгэх болжээ.
1939 онд хүрээ хийд нь татан буугдахад шар шувтлан хар болсон тэрбээр гар хумхин зүгээр суусангүй. Аж амьдралын мөр хөөн арслантай авдар хийж, гэрийн мод хээлж хуарлахын зэрэгцээ алт мөнгөн бөгж, ээмэг, бугуйвч, эхнэр хүний толгойн боолт, мөнгөн аяга зэргийг урлаж явсан аж. Бас ч заримдаа ах дүүсийн захиалгаар нууцаар бурхан бүтээж явсан түүнийг нутгийн олон нь "Хүнгийн голын уран Минжүүр” хэмээн алдаршуулсан байна.
Ц.Минжүүр нь 1940 оноос шинэ үсгийн багш, улаан булангийн эрхлэгчийн ажил хийх болжээ. 1950 онд Завхан аймгийн төвд нүүн ирснээс хойш аймгийн артель, Урчуудын эвлэлийн салбарт ажиллаж байгаад 1959 онд Улаанбаатар хотод шилжин Поошигны артельд будагчнаар ажилд орсон байна. Удалгүй тэндээсээ Шаазангийн артельд шилжин аяга таваг, ваар савны хээ угалз цоолборлох ажил хийж байжээ. Тэрбээр 1961 оны дөрөвдүгээр сараас Төв музей, Чойжин ламын музей, Богд хааны ордон музейг сэргээн засварлахад оролцож алт мөнгөн суврага, бурхан тахилын хэрэглэл зэргийг урлан бүтээж байжээ. Улмаар 1961 оны есдүгээр сараас МУЭ-ийн хороонд шилжсэн байна.
Зураач Ц.Минжүүр нь 1963 оноос БНМАУ-ын шинэчлэгдсэн мөнгөн тэмдэгт зурах ажилд томилогджээ. Тэрбээр НАХЯ, Улсын Банкны Ерөнхий Хорооны хатуу чанд хяналтын дор 1, 3, 5, 10, 25, 50, 100-тын дэвсгэртүүдийн эх загварыг (УГЗ Д.Цэрэнпилийн хамт) зохион урласан юм.
Ц.Минжүүр нь 1969 оноос Гандантэгчинлэн хийдэд бурханч, зураач болжээ. Тэрбээр энд ажиллаж байхдаа Гандангийн их гэрийн доторхи ширээ сандал, эд хэрэглэлийн дотоод сийлбэрийг урласан байна. Мөн уран хэмээх Данзан лам (Сүхбаатарын хөшөөг бүтээсэн 8 хүний нэг)-тай хамтран Гандан хийдийн баруун талын хоёр том Богд ламын дүрийг (5-6 метр өндөр) бүтээжээ.
Зураач Ц.Минжүүр нь олон арван уран зураг бүтээсэн бөгөөд "Нүүдэл”, "Багануур”, "Нэгдэл” зэрэг гурван зураг нь өдгөө Уран зургийн галерейн алтан сан хөмрөгт буй бол "Отгонтэнгэр”, "Хот айл”, "Өндөр хангайн нэгдэл, аж ахуй” зэрэг зарим зураг нь үр хүүхдийнх нь гар дээр хадгалагдан байна.