Хошууч генерал Ч.Мижид нь 1895 онд Түшээт хан аймгийн Түшээт чин вангийн хошуу, одоогийн Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын нутаг Хурдан бумбат гэдэг газар төрсөн.
Багш нарыг бэлтгэх сургууль 1933-1934 онд ЗХУ-ын Москва хотод ДЯЯ-ны дунд сургуульд суралцаж төгсжээ.
Ч.Мижид 1920 оноос хошууны тамгын газар зарлага, туслах бичээч, эх зохиогчоор ажиллаж байгаад 1928 онд цэргийн албанд татагдан ирж 1 дүгээр морьт дивизэд цэрэг, 1929-1934 онд ДХГ-ын тусгай салаанд цэрэг, төлөөлөгч, тасгийн дарга, 1934 -1937 онд отрядын дарга, ДХГ-ын Төв сургуулийн штабын дарга, 1937-1939 онд Монгол тээхийн дарга, 1939-1941 онд МАХЦ-ийн Хуягт танкийн газрын дарга, 1941-1942 онд Хэнтий аймгийн дарга, 1942-1949 онд Улсыг батлан хамгаалах эвлэлийн тѳв зѳвлѳлийн дарга, Ардын ѳѳрийгѳѳ хамгаалах сайн дурын морьт отрядуудыг удирдах дарга, 1949-1950 онд ДЯЯ-ны аж ахуйн хэргийг эрхэлсэн орлогч сайдаар ажиллаж байгаад цэргийн албанаас бэлтгэлээр халагдан «Хараа» амралтын даргаар ажиллаж байв.
МАХН-ын Тѳв Хорооны Тэргүүлэгчдийн 1942 оны 2 дугаар сарын 24-ний ѳдрийн 19 дүгээр хурлын тогтоолоор «… эдүгээ үед улс орныг батлан хамгаалах олон түмний бүх ажлын гол зорилго нь тус улсын ард түмнийг аль болох олон тоогоор цэргийн эрдэм ба гартаа буу барьж эх орноо хамгаалж чаддаг болгон сургах» хэмээн үзэж Монголын аравт, тавьт, зуут, мянгат, түмт гэх зэрэг хуучны зохион байгуулалтыг дахин сэргээж Ардын ѳѳрийгѳѳ хамгаалах сайн дурын морьт отрядуудыг тѳв, орон нутагт байгуулж, түүнии бүхий л ажлыг удирдах үүргийг Улсыг батлан хамгаалах эвлэлиин тѳв зѳвлѳл ба ДЯЯ-нд даалгажээ. Энэ тогтоолоор Улсыг батлан хамгаалах эвлэлийн Төв зөвлөлийн дарга, Ардын өөрийгөө хамгаалах сайн дурын морьт отрядуудыг удирдах даргад Ч.Мижидийг томилсон байна.
Улмаар БНМАУ-ын Ардын Сайд нарын Зөвлөлийн 1942 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 9 дүгээр тогтоолоор Улсыг батлан хамгаалах Төв зөвлөлийн дарга Ч.Мижидэд өөрийгөө хамгаалах ардын сайн дурын отрядын жанжины алдар цол шагнажээ.
МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн товчооны 1944 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 36 дугаар тогтоолоор Ардын өөрийгөө хамгаалах сайн дурын отрядуудын мянгатаас дээш тушаалын орон тооны ажилчдыг цэргийн жинхэнэ албан хаагчдад тооцох болсон бѳгѳѳд тэднийг офицерийн адилаар үзэх болов. Эл шийдвэрийг үндэслэн БНМАУ-ын Ардын Сайд нарын Зѳвлѳлийн 1944 оны 7 дугаар сарын 8-ны ѳдрийн 73 дугаар тогтоолоор Ардын ѳѳрийгѳѳ хамгаалах сайн дурын морьт отрядын жанжин Ч.Мижидэд хошууч генерал цол хүртээжээ.
Ч.Мижид нь 1932 онд баруун аймгуудыг хамарч дэгдсэн зэвсэгт бослогыг дарах, 1939 оны Халхын голын, 1945 оны чѳлѳѳлѳх дайнд оролцсон ахмад дайчин юм. Тэрээр чѳлѳѳлѳх дайнд Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн сайн дурын морьт отрядуудыг удирдан оролцож Долнуурын чиглэлд байлдааны үүрэг биелүүлсэн юм.
Морьт отрядын жанжин, хошууч генерал Ч.Мижид нь БНМАУ-ын V-ІХ Их хуралд тѳлѳѳлөгчѳѳр оролцон Улсын Бага Хурлын Тэргүүлэгч гишүүнээр сонгогдож байсан бѳгѳѳд улс орныг батлан хамгаалах үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг нь төр засаг өндрөөр үнэлж Байлдааны гавъяаны улаан тугийн одонгоор 2 удаа, Байлдааны гавъяаны одон, Алтан гадас одонгоор 2 удаа болон бусад ойн медалиудаар шагнасан бѳгѳѳд тэрээр Тувагийн Хѳдѳлмѳрийн одон, ЗХУ-ын медалиудаар шагнагджээ.