Хөдөлмөрийн баатар тэмээчин Банзрагчийн Эс нь 1904 онд Дундговь аймгийн Хулд суманд төрсөн. Дундговь аймгийн Хулд сумын “Талын цэцэг” нэгдлийн тэмээчин байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол 1961-10-27-ны өдөр хүртсэн. Ингэснээрээ Дундговь аймгийн анхны Хөдөлмөрийн баатар болжээ.
1957 онд нутгийн ардуудтай хамтран нэгдэл санаачлан байгуулж, анх 140 тэмээ хүлээн авч хорогдолгүй маллан дөрвөн жилд 215 ингээс 216 ботго бойжуулж, тэмээ бүрээс дунджаар 5,1-5,8 кг ноос, ингэ бүрээс 100-120 литр сүү сааж байлаа.
Нэгдэлчдийн хоёрдугаар их хуралд төлөөлөгчөөр оролцжээ. Сүхбаатарын одонгоор хоёр удаа, “Алтан гадас” одонгоор шагнагджээ.